Цагаан сарын бэлтгэл базаахаар “Бөмбөгөр”, “Нарантуул”, “Дүнжингарав” худалдааны төвөөр явлаа. Түм түжигнэж бум бужигнаж байна. Гар дээрээс, ил задгай худалдаа эрхлэгч гадна, дотногүй энд тэнд буурь засжээ. Шинэ, хуучин гэж ялгамгүй өмд, цамцнаас эхлээд цахилгаан бараа, аяга, таваг, Орос, Америкийн гэсэн шошготой хүнсний бүтээгдэхүүн худалддаг явуулын цэг хаа сайгүй. Ёстой л ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь байх аж. Тэр дундаа цагаан идээний төрөлжсөн худалдаа энэ жил бүр өргөжжээ. Бусад бүтээгдэхүүнээс эрэлттэй байна ч гэж жигтэйхэн.
Үнээний сүү литрийг нь 2000-2500, сарлагийн хөлдөөсөн сүүг 3000 төгрөгөөр борлуулж байна. Хөвсгөлийн хорхой ааруул кг нь 15 000, Архангайнх 14 000-16 000, Баянхонгорынх 12 000-13 000 төгрөгийн ханштай. Хэвтэй ааруулаар 3-5 үе таваг засахад багадаа 60-90 мянган төгрөг шаардлагатай. Цагаан идээ борлуулагчид бүтээгдэхүүнээ аль нутгийнх гэдгийг дуудаж алдаршуулахаас гадна цэвэр, хольцгүй гэж сурталчилна. Зарим нь бүр том гэгч цаасан дээр танилцуулга бичээд наачихаж.
“Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадаа “Портер”-ын тэвшээр лангуу хийж, сүү, цагаан идээ борлуулах Н.Мягмартай цөөн хором хөөрөлдөхөд “Манайх Долоон буудал, “Хүчит шонхор” захын наймаачдад Партизанаас цагаан идээ нийлүүлдэг. Баяр ёслолын үеэр өөрсдөө давхар борлуулдаг. Өмнөхийг бодвол энэ жил борлуулалт маш сайн байна. Задгай (литрийн) сүү, тавгийн идээ өдөртөө дуусдаг” гэв.
Монголчууд уламжлалт Сар шинийн баяраараа элдэв янзын чихэр, жимс гэхээсээ илүүтэй цагаан идээгээр ширээгээ чимж, таваг засах нь сүүлийн жилүүдэд нийтлэг үзэгдэл болсон. Их идээний тавгаа ч чихрээр бус хорхой ааруул, ёотон зэрэг цагаан өнгийн идээгээр чимдэг. Энэ нь нэг талаар Цагаан сар хэмээх баярын бэлгэдэлтэй, нөгөөтээгүүр монголчуудын идээ ундааны уламжлалтай уялдаатай гэж судлаачид тайлбарладаг. Гэвч орчин цагт цагаан идээ болгон нэр шигээ цагаан, цэвэр байхаа больсон тул энэ төрлийн бүтээгдэхүүнийг сонгохдоо тахиа, гахайны махнаас ч дутахааргүй шинжиж, таньж авах шаардлагатайг учир мэдэх хүмүүс хэлэх болов.
Бид цагаан идээ шиг эрүүл, аюулгүй хүнс байхгүй гэж ярьдаг. Тэгж ч итгэдэг. Сүүн бүтээгдэхүүн нь кальциар баялаг учир хүүхдийн өсөлт хөгжилд гойд сайн, ааруул нь шүдний бат бэх чанарыг сайжруулж, шүд цоорохоос сэргийлдэг, гүүний саам эхийн сүүг орлох хэмжээний төрөл бүрийн амин дэмээр баялаг. Цагаан идээний ач холбогдлыг энэ мэтээр дурдвал дуусашгүй их. “Монголиан гайд тур” компанийн захирал Ч.Буянбаядрахын “Монгол орны лавлах” номын “Цагаан идээ” хэмээх бүлэгт “Таван хошуу малын сүүг маш олон төрлөөр боловсруулж, хүнсэнд хэрэглэдэг угсаатан Монголоос өөр хаана ч байхгүй. Хөдөө нутгийн зон олны бие нь эрүүл, шүд нь яралзсан цагаан байдаг нь малчид цагаан идээг хүнсэндээ өргөн хэрэглэж ирсний ач тус. Судлаач Я.Цэвэлийн тэмдэглэснээр, монголчуудын хоол хүнсийг ерөнхийлсөн нэрээр авч үзвэл цагаан идээ ба цагаан хоол 130 гаруй байдаг аж” гэжээ. Сүү, цагаан идээ монголчуудын хувьд хэр чухал хэрэгцээ болох, энэ төрлийн бүтээгдэхүүн хүний биед ямар ашигтай гэдгийг цөөн өгүүлбэрээр ийн тодотгожээ. Хамгийн харамсалтай нь, цаг хугацаа өнгөрөх хэрээр цагаан идээний энэ ашигтай чанар нь үгүй болж, улам бүр бүдгэрсээр байгааг судлаачид хэллээ. Үүнд мэдээж хүмүүс буруутай.
Фэйсбүүк хэрэглэгч нэгэн эмэгтэй “Эмийн ургамал сонирхогчид” группэд саяхан энэ талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл оруулсан юм. Тэрбээр “Пробиотик буюу эрүүл мэндийг дэмжигч ашигтай бактериуд нь тараг, айраг, ээзгий зэрэг уламжлалт цагаан идээнд их хэмжээгээр агуулагдаж, дархлааг нөхцөлдүүлдэг, уураг, кальциар баялаг хүнс төдийгүй эм юм. Сүүлийн жилүүдэд элсэн чихэр, түүхий гурил хольсон ааруул, савласан хуурамч сүү, тараг, дрожж буюу түргэн исгэгчээр исгэсэн айргийг монголчууд цагаан идээ хэмээн андууран хэрэглэж байгаа нь үндэстнийг доройтуулах шалтгаан болов. Хувьсгалаас өмнө манай оронд сүрьеэ, шар, хорт хадвар, тархины даралт, зүрх, судасны эмгэг, бухимдлаас үүдэлтэй сэтгэцийн өвчин бараг байгаагүй талаар гадаад, дотоодын судлаачид тэмдэглэн үлдээсэн байдаг. Яс сийрэгжих гэсэн ойлголт ч байгаагүй. 10 хүүхэд төрүүлсэн эмэгтэйн гэдэс нь жавхгар, хөнгөн шингэн, бие сайтай байсан. Харин одоо эсрэгээрээ. Энэ нь хоол хүнстэй сашгүй холбоотой” хэмээн бичжээ.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны мэргэжилтэн Н.Тэгшсүрэн ч ийм зүйл ярилаа. “Цагаан идээний ашигтай чанар үгүй болсон гэдэгтэй санал нийлэх үү” гэж түүнээс асуухад “Цэвэр, ямар нэг нэмэлт бодис, бүтээгдэхүүнээр хачирлаагүй цагаан идээ байлгүй яах вэ. Олж авахад л бэрх. Зах, худалдааны төвүүдэд цагаан идээ борлуулдаг хүмүүс арвижуулж, баяжуулах нэрийдлээр элдэв нэмэлт бүтээгдэхүүн хольж байна. Ингээд өнөөх ашигтай найрлагыг нь өөрчилчихдөг. Сүү, цагаан идээнд угаас пробиотик байдаг. Гэтэл томоохон үйлдвэрүүд элдэв жимс, чихрээр баяжуулчихаад түүнийгээ “Пробиотиктой” гээд худалдаж буй нь иргэдийг хууран мэхэлж байгаагаас ялгаагүй” гэв.
2017 онд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхимийнхэн “Цагаан идээний ашигт чанарын өөрчлөлт” судалгаа хийжээ. Хөдөөнөөс шууд нийлүүлсэн болон зах, худалдааны төвд борлуулж буй сүү, цагаан идээг харьцуулахад пробиотик чанар нь ихээхэн зөрүүтэй гарсан байна. Өөрөөр хэлбэл, нийслэлд худалдаж байгаа цагаан идээний ашигт найрлага нь 30-40 хувиар багассан байж.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан ч энэ төрлийн бүтээгдэхүүн худалддаг газруудад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт байнга хийдэг аж. Хольцтой буюу нэмэлт орцтойгоос гадна эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд худалдсан, хадгалах горим алдагдсан зэрэг зөрчил түгээмэл илэрдэг гэнэ.
“Танайх аль үйлдвэрийн гурилтай ааруул авсан бэ”, “Ааруул авбал ямар гурилтай нь дээр вэ” гэх хошигнол зүгээр ч нэг бий болчихоогүй аж. Хүнсний томоохон үйлдвэрүүд нь хүртэл гурван цагаан хорын нэгд багтдаг элсэн чихрээр сүү, таргаа баяжуулж, зах, худалдааны төвийнхөн ч гурилтай ааруул, аарц, ус хольсон сүү нийлүүлэх болж. Хөдөө өссөн, “ориг” сүү, тараг, ааруул идээ ямар байдгийг гадарлах хүмүүс нь хольцтой, эсэхийг нь дорхноо мэддэг бол хотод өссөн, сүү, тараг эрүүл мэндэд сайн гэхээс илүүг мэдэхгүй хүмүүс цагаан идээний цагаан өнгөнд хууртсаар байна. Дээрх зах, худалдааны төвөөр явахад ч олонх иргэн ааруул авахдаа өнгө, хэлбэрийг шинжиж, сонгож байгаа харагдав. Угтаа бол гадна харагдах байдал бус, амт, чанар нь чухал юм.
Хэрэв та цагаан идээ өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг бол ядаж л элсэн чихэргүйг сонгохыг чухалчлаарай. Учир нь, элсэн чихэр нь хүний биед ашигтай кальци, магни, төмөр зэрэг эрдсийн “хулгайч” гэдгийг судлаачид анхааруулж байна. Ядаж л хаанаас, хэнээс худалдан авч буйгаа нягтлахад гэмгүй. Ялангуяа цагаан идээ их хэмжээгээр борлуулдаг баярын энэ өдрүүдэд хүнсээ сонгохдоо онцгой анхаарах хэрэгтэй.
Бэлтгэсэн: Ж.Сувд