АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар З.Баасанням "“УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хууль хяналтын байгууллагууд М.Энхболд гэдэг хүнийг хамгаалахаар өчигдрөөс бөөнөөрөө ажиллаж эхэллээ гэсэн утга бүхий мэдэгдлийг хийсэн. Харин манай байгууллага дээр ЖДҮ-г хөгжүүлэх сангаас зээл авсан гэх асуудалд нэр холбогдсон гишүүд болон тэдний хамаарал бүхий хүмүүсийг хууль бусаар зээл авсан эсэхийг шалгаж байгаа. Хамгийн гол нь гишүүд өөрсдийн улстөржсөн үйл ажиллагаандаа хууль хяналтын байгууллагуудыг татан оролцуулахаар гүтгэлэгийн шинжтэй худал мэдээллийг олон нийтэд мэдээлж байгааг зогсоохыг шаардаж байна.
АТГ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс заавар зөвлөгөө өгч оролцож байгаа зүйл байхгүй. Хуульд заасан үйл ажиллагаагаа бид хуулийн хүрээнд хэрэгжүүлж байгаа" гэв.
АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаяр ""ЖДҮ-г хөгжүүлэх сангийн асуудлаар 2018 оны аравдугаар сард Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж АТГ-т шилжүүлсэн бөгөөд бид арваннэгдүгээр сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татсан. Жишээлбэл, Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг яллагчаар татаж, мэдүүлэг авсан. Тус ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа. Иймд мөрдөн шалгах ажиллагаа бүрт Прокурорын байгууллагаас хяналт тавьж ажиллаж байгаа тул улстөрчдийн ямар нэгэн нөлөөллөөр бусдыг баривчилсан, цагдан хорьсон зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Улс төрд нөлөө бүхий этгээдүүд болон тэдний хамаарал бүхий хүмүүс ЖДҮХС-гаас зээл авсан эсэхийг шалгаж байгаа. Өчигдөр Нийслэлийн прокурор мэдээлэл өгсөн учраас та бүхэн тодорхой мэдээлэлтэй байгаа байх.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮ-г хөгжүүлэх сангаас зээл авсан асуудал шалгагдаж байгаа. Түүнээс биш гишүүд, улстөрчдийн ар гэрийнхнийг хоморголон байцаагаад, цагдан хорьсон зүйл байхгүй" хэмээлээ.