Өнөөдрийн УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт “УИХ-ын Ёс зүйн дэд хороог хуралдуулах хэд хэдэн шаардлага үүсээд байна. ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудал үүссэн бөгөөд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал, хариуцлага хүлээлгэх асуудлыг хөндсөн өргөдлийг иргэн н.Алтангэрэл манай дэд хороонд хаяглан ирүүлсэн. Мөн нэр бүхий хуулийн фирмээс дээрхтэй агуулгын хувьд яг адил саналыг ирүүлж, уг асуудлыг хэлэлцсэн талаарх Ёс зүйн дэд хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлтийг ирүүлээд байна. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас нэр холбогдсон гишүүд, сайд нарын асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэх шаардлага ирүүлсэн. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Оюунчимэг нар утга ижил мэдэгдэл хийлээ. Ерөнхийдөө ЖДҮ-ийн зээлийн асуудалтай нэр холбогдсон УИХ, Засгийн газрын гишүүдийн асуудлыг авч хэлэлцэнэ үү гэдэг хүсэлт, шаардлага, өргөдөл, мэдэгдэл Ёс зүйн дэд хороонд ирсээр байна.
Мөн УИХ-ын 27 гишүүнээс уг асуудлыг хэлэлцэх үеэр ашиг сонирхолын зөрчил үүсэх тул нэр холбогдсон гишүүдийг санал хураалтад оролцуулах эсэхээр шийдвэр гаргана уу гэдэг шаардлагыг ирүүлээд байна. Эдгээр асуудлыг хэлэлцэх шаардлагатай учир Ёс зүйн дэд хороог хуралдуулах зайлшгүй нөхцөл үүсээд байна. Ёс зүйн дэд хороог хуралдтал чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж өгнө үү" гэсэн санал тавьсан. Үүний дагуу чуулганы хуралдааныг завсарлуулсан ч Ёс зүйн хорооны ирц бүрдээгүй тул 14.30 цаг хүртэл хойшлуулжээ.