УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газрыг огцруулахгүй байх шийдвэр гаргасан. Үүний дараа бүлэг хуралдаж, хуралдаанд оролцсон 35 гишүүн 100 хувийн саналаар Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн. Иймээс би бүлгийн албан ёсны шийдвэрийг танилцуулж байна. Манай бүлгийн 21 гишүүн гарын үсэг зурсан шаардах бичиг ирүүлсэн. Шаардлага нь “ЖДҮХС-гийн зээлтэй холбогдсон сайдуудыг бүлэг, удирдах зөвлөлийн хуралд оруулахгүй, санал өгүүлэхгүй байх” гэсэн санал юм. Саналыг бүлэг дээр хэлэлцээд Монгол Улсын Үндсэн хуульд шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэний ч эрхийг хасч болохгүй. Хоёрдугаарт ЖДҮ-тэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа. Зээл зориулалтын дагуу олгогдсон эсэх, зарцуулалт нь ямар байгаа. Үүнд УИХ-ын гишүүд болон өндөр албан тушаалтнууд оролцсон уу гэдгийг шалгаж байгаа. Одоогоор УИХ-д нэг л хүний асуудлыг оруулж ирсэн. Бусдыг нь хэвлэлээр л бичиж байна. Тиймээс ийм асуудал оруулж ирээгүй байхад бид нэгнийгээ ЖДҮ-чин гэж ярих эрх зүйн үндэс байхгүй. Бүлгийн хуралд зарим гишүүн орж ирээгүй. Гэсэн ч бүлгийн хурал хуулийн дагуу гишүүдийн олонх нь буюу 64 гишүүнээс 35 нь ирсэн учраас асуудлыг хэлэлцсэн. Хуульд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаас өмнө нам, бүлгийн хурлаар дээрх асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргах ёстой. Иймээс бид цаг хугацаанд шахагдаж бүлгийн шийдвэрээ гаргасан” гэв.
Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бүлгийн хуралд суугаагүй ч байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Бүлгийн хурал болон МАН-ын удирдах зөвлөлийн хурал эхлэх үед Ерөнхий сайдыг огцруулахад санал нэгдсэн УИХ-ын 27 гишүүн ЖДҮ-тэй холбоотой сайдуудыг хуралд оролцуулахгүй байх шаардлагыг бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд хүргүүлсэн. Шаардлагыг хүлээж авсан тохиолдолд бид бүлгийн хуралд оролцохоо мэдэгдсэн. Харамсалтай нь шаардлагыг хүлээж авсангүй” гэсэн юм.