Засгийн газрыг огцруулахыг шаардсан гишүүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тухайлбал, нэр бүхий 27 гишүүн Засгийн газрын тэргүүнд маш тодорхой шаардлага хүргүүлсэн ч ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон сайд нартаа хариуцлага тооцож чадахгүй байгаа учир УИХ-ын дарга, Улсын Ерөнхий прокурор, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, АТГ-т шаардлага хүргүүлж байгаа аж. Тус шаардлагад Ерөнхий сайдыг огцруулах тухай хэлэлцүүлэгт тэдгээр сайд нар оролцож, санал өгөх эрхгүй хэмээн үзэж байгаагаа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлэхдээ “МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Удирдах зөвлөлийн гишүүн Я.Содбаатар, М.Оюунчимэг, Ж.Энхбаяр, Г.Солтан нар ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан нь тогтоогдож байгаа. Тиймээс албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүс Удирдах зөвлөлийн хуралд оролцож, санал өгөх эрхгүй гэж үзэн албан шаардлага хүргүүлж байна" гэлээ.