Хэдхэн хоногийн өмнө Индонезод болсон 18 дахь удаагийн Азийн наадмын хөтөлбөрт шинээр багтсан кураш бөхийн төрөлд Монголын хоёр тамирчин үзүүрлэж, анхдагч болсон. Түүхэн амжилтын эздийн нэг нь “Сүлд” спорт хорооны тамирчин Отгоны Мөнхцэцэг юм. Эмэгтэйчүүдийн 78 кг-д зодоглосон тэрбээр аваргын төлөөх барилдаанд Узбекистаны бөх К.Юлдашовад ялагдсан.
Энэ бол түүний Азийн наадмын дэвжээнд гаргаж буй анхны амжилт биш. Тэрбээр өнгөрсөн онд Туркменистан улсад болсон танхимын болон тулааны спортын тивийнхээ “олимп”-оос гурван алт, нэг мөнгөн медаль хүртэн, шуугиулсан билээ. Тэгэхдээ МҮОХ-ноос шалгаруулдаг тухайн сарын шилдэг тамирчинд нэр дэвшсэн. Нэг наадамд бөхийн дөрвөн төрлөөр барилдаж, түрүү булаалдана гэдэг яах аргагүй ховор төдийгүй давтахад бэрх амжилт. Бөхийн олон төрлөөр хичээллэдэг О.Мөнхцэцэг ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэвээр жүдо заалган, спортод хөл тавьжээ.
Энэ тухайгаа “Долоо бил үү, наймдугаар ангид сурч байхад багш жүдогоор хичээллэхийг манай ангийнханд зөвлөсөн. Юм юм л сонирхон, шохоорхож явдаг үе байсан болоод ч тэр үү, маргааш нь бүгдээрээ жүдогийн дугуйланд бүртгүүлчихэж билээ. Гэтэл өдөр өдрөөр шантарч, нэг нэгээрээ орхисоор байгаад би ганцаархнаа үлдчихэв. Багадаа сагсан бөмбөг тоглох дуртай байлаа. Тиймээс анхандаа жүдогоос илүү сагсан бөмбөгийг сонирхсон. Бас болоогүй ээ, зөнгөр, бэлтгэл тасална. Багш үргэлж л араас хөөцөлдөн, “Тэг, ингэ” гэж зөвлөснийх нь ачаар тамирчин болсон хүн дээ” хэмээн дурсав.
Түүний ур чадвар өдрөөс өдөрт ахисаар өсвөр үе, залуучуудын тэмцээнд түрүү булаалдах болсон ч Ц.Шийрэв багш нь насанд хүрэгчдийн тэмцээнд оролцохыг зөвшөөрдөггүй байж. Гол шалтгаан нь бэртэж гэмтэн, томчуудтай өрсөлдөөд “зүрх нь үхэх вий” гэж эмээсэндээ тэр. Тэгж явсаар 2007 онд насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа зодоглохдоо хүрэл медаль хүртэв. Олимпод V байрт шалгарсан, Азийн аварга П.Лхамдэгдтэй эн тэнцүү өрсөлддөг байсан тэрбээр УАШТ-ий медалиас ганцхан удаа мултарсан нь 2014 он юм.
Жүдогоор түлхүү бэлтгэл хийдэг байсан түүнд бөхийн өөр төрөлд амжилт гаргах боломжтойг нь харуулсан тэмцээн бол 2012 оны сонирхогчийн сүмогийн ДАШТ. Сүмогийн бэлтгэл хийж огт үзээгүй, ийм спорт байдаг гэх ерөнхий багцаанаас өөр мэдлэггүй байхдаа тэрбээр тухайн жил ДАШТ-д анх удаа өрсөлдөн, мөнгөн медаль хүртэв. Түүгээр ч үл барам дөрвөн жилд нэг удаа болдог дэлхийн наадамд өрсөлдөх эрх авчээ. Ингэж өөрийгөө сориод үзье гээд дэлхийн дэвжээнд өрсөлдөөд үзүүрлэхдээ өөртөө ч итгээгүй гэдэг.
Тэрбээр олимпын бус төрлийн спортоор хичээллэдэг тамирчдын олимп хэмээн үнэлэгддэг дэлхийн наадамд дараа жил нь өрсөлдөхдөө гавьтай амжилт гаргаагүй. Харин ч 2017 онд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн. Тэгэхдээ аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга, Японы бөх Ота Асаног ялсан тэрбээр тус тэмцээнд аваргалсан Монголын анхны эмэгтэй сүмоч болов. О.Мөнхцэцэг 2016 онд Монголд болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн амжилтаар тус тэмцээнд өрсөлдөх эрх авчээ.
ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальтай тэрбээр түрүүлэхдээ дэлхийн гурван ч аваргыг өвдөг шороодуулсан юм. Хагас шигшээд л гэхэд 2014 оны дэлхийн аварга, өмнө нь 2013 оны дэлхийн наадам, дараа жилийнх нь ДАШТ-д дийлдэж байсан, ОХУ-ын бөх Анна Зигаловатай учраа таарч, даагаа нэхжээ. Дөрвөн жилийн дараа зорилгодоо хүрсэн түүнээс өмнө эрэгтэй сүмочдоос дэлхийн аварга У.Бямбажав, Н.Наранбат нар дэлхийн наадамд түрүүлж байв.
О.Мөнхцэцэг сүмогийн ДАШТ-д хоёронтоо үзүүрлэснээс гадна курашийн ДАШТ-д хоёр удаа түрүүлж, бүстэй барилдааны ДАШТ-ээс хошой мөнгө, шерим болон самбо бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл, жүдогийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай. Аль ч спортын төрөлд дэлхийн дэвжээнээс медаль хүртэх амаргүй. Бөхийн таван ч төрөлд дэлхийн медальтан болж, түүнээс олон төрлөөр дотоод, гадаадын тэмцээнд өнгөлж яваа нь түүний ур чадвар, хөдөлмөрчийнх нь илрэл болов уу.
“ЧӨЛӨӨТӨӨС БУСАД БӨХИЙН БҮХ ТӨРЛӨӨР ХИЧЭЭЛЛЭДЭГ”
-Ер нь хичээллэж үзээгүй бөхийн төрөл бий юү?
-Чөлөөт бөхөөс бусдаар нь
барилдсан шүү. Би нээрэн, жиү жицү бөхийн УАШТ-ий хошой мөнгөн медальтай. Энэ жил самбо бөхийн УАШТ-д түрүүлсэн.
-Бөхийн төрөл бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой, хичээллэх, амжилт гаргахад амаргүй нь мэдээж. Дүрэмд нь дасахад аль нь хамгийн хэцүү бол?
-Хамгийн амаргүй нь жүдо. Олимпын төрлийн спорт болохоор тэр хэрээр өрсөлдөөн ихтэй, байнгын ачаалалтай бэлтгэл хийх шаардлагатай байдаг юм.
-Тан шиг бөхийн олон төрлөөр хичээллэдэг, дэлхийн дэвжээнд өндөр амжилт гаргадаг бөх Монголд хэр олон байдаг вэ?
-Байлгүй яах вэ. Манай спорт хорооны дарга А.Давааням ах л гэхэд бөхийн цөөнгүй төрлөөр хичээллэдэг, ДАШТ-ий олон медальтай.
-Амжилт бүхэндээ хайртай нь мэдээж. Алинд нь хамгийн их баярлаж, догдолж байв?
-Монголд анх удаа буюу 2009 онд болсон жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Азийн аварга Ц.Наранжаргалыг ялж, хүрэл медаль хүртэхдээ их баярласан. Би түүнд УАШТ-д лав 2-3 удаа дийлдэн, түрүүлэх боломжоо алдсан юм.
-Цаашид аль төрлөөр тууштай хичээллэх бодолтой байгаа вэ?
-Тамирчин бүхэн олимпын наадамд оролцож, эх орныхоо нэрийг дуурсгахыг мөрөөддөг. Минийх ч бас тийм. Тиймээс жүдогоор тууштай хичээллэн, “Токио-2020”-д зодоглохын төлөө зүтгэнэ. Жүдогоор олон жил хичээллэн, тамирчин болсныхоо жаргалыг эдлэн, олимпын наадамд зодоглох юм сан гэж үргэлж боддог.
Ойрын зорилт минь сүмогийн дэлхийн аварга болох. ДАШТ-д түрүүлэх боломжоо хоёр ч удаа ашиглаж чадаагүйдээ харамсаж явдаг. Ялангуяа 2016 онд эх орондоо болсон тэмцээнд Украины бөхөд дийлдэн, мөнгөн медаль хүртэхэд хэцүү байсан. Дутуугаа гүйцээн, түрүүлэх юм сан.