Найман хувийн ипотекийн зээлийн хөтөлбөрийн наймдугаар сарын санхүүжилтэд 1630 зээлдэгчийн 31.5 тэрбум төгрөгийг банкуудад хуваарилснаа Монголбанкнаас өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Үүнээс 4.8 тэрбум төгрөгийг нь орон нутгийн зээлдэгчдэд олгосон байна. Уг хөтөлбөрийн дагуу он гарснаас хойш Төвбанкнаас 127.7, Засгийн газраас 59.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Ингэснээр нийт 187.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд өгсөн байна. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг эхлүүлэхэд Монголбанкнаас анх мөнгө хэвлэж, санхүүжүүлж байсан. Уг зээлд олгосон санхүүжилт 4.4 их наяд төгрөгт хүрээд байгаа аж. Тэгвэл одоо Монголбанк хөтөлбөрийг зээлийн эргэн төлөлт болон банкуудад байршуулсан мөнгөний хүүгийн төлбөрөөр санхүүжүүлж байгаа. Энэ жил Засгийн газар болон Төвбанк нийт 312 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөснөө танилцуулсан. Уг хөтөлбөрийн зээлд 94 мянган айл өрх хамрагдаад байгаа юм.