Бусдын үгийг сонсож, хорвоо ертөнцийн эгэлгүй сайхныг бүү хэл, эгэл жирийнийг нь ч сонордох “эрхгүй” төрсөн хүмүүст туслах, тэднийг ойлгож, дэмждэг хүн тийм ч олон биш. Дохионы гэх хэлээрээ хорвоотой танилцсаар ирсэн хүүхдүүдийн төлөөлөл нь нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийнхан. Тус сургуульд сурч байгаа хүүхдүүдэд зориулсан ном, товхимол үеийн үед дутмаг байжээ.
Тэгвэл хоёрхон наснаасаа сонсголоо алдсан А.Баасанжав амьдралынхаа туршид хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан өөрийн адил хүмүүст сурч боловсроход нь туслах үүднээс Монголын анхны “Дохионы хэлний зурагт толь бичиг”-ийг зохиожээ. Тэрбээр ерөнхий боловсролын сургуулиа төгссөний дараа 186 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж, сонсголгүй хүүхдүүдэд юу хэрэгтэйг сайтар судалсны эцэст уг толь бичгийг зохиосон аж.
Ингэхдээ “Сонсголгүйн боловсрол” төрийн бус байгууллага байгуулж, Монгол үндэсний дохионы хэлний хөгжлийн зөвлөлийн 10 гаруй мэргэжилтэнтэй хамтран дохионы хэлний үг, дохиог нэлээд судалсны үндсэн дээр дээрх толь бичгийг зохиосон байна. Тэрбээр “Багшилж байх үед сонсголгүй хүүхдүүдэд зориулсан сургалтын материал дутмаг байдгийг анзаарч, 200 үгтэй зурагт материал гаргасан юм. Энэ нь толь бичиг хийх суурь болсон. Хамгийн гол нь тухайн зураг, үгийг хараад сонсголгүй хүүхэд ойлгох уу гэдгийг маш нарийн судлах шаардлагатай байлаа. Сонсголгүй хүүхэд уншиж сурна гэдэг их хэцүү. Яагаад гэвэл тэдний эх хэл нь дохионы хэл байдаг.
Тухайн улсын хэл тэдэнд хоёрдогч хэл байдгийг жирийн хүмүүс мэддэггүй. Нутгийн аялга гэдэг шиг бидэнд ч бас нутаг нутгийн дохионы хэл байдаг. Яагаад гэвэл өөрсдийнхөө ахуй амьдралаасаа л дохиогоо бий болгодог. Тиймээс эл толь бичгээс нэгдсэн дохионы хэлтэй болохоос гадна жирийн хүмүүс, өөрөөр хэлбэл, сонсголгүй хүүхэдтэй эцэг, эхчүүд ч хүүхэдтэйгээ харилцахад дөхөм болно” гэлээ.
“Дохионы хэлний толь бичиг”-ийг анх 2017 онд 1000 ширхэг хэвлэж, 29 дүгээр сургууль болон орон нутаг дахь зарим тусгай сургуулийн сурагч, багш нарт өгсөн байна. Тухайн үед БСШУСЯ-нд хандсанаар НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр хэвлэжээ. Манай улсад 2010 оны тооллогоор сонсголгүй 12 мянга гаруй иргэн бүртгэгдсэн аж. Тиймээс эл толь бичиг хаанаа ч хүрэхгүй дууссан гэдгийг дээрх ТББ-ынхан хэлж байлаа. Харин энэ жил Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн иргэн Ө.Цанаа 1000 ширхгийг хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлж, бүх зардлыг нь гаргажээ.
Үүний ачаар 29 дүгээр сургуульд шинээр элсэж буй I ангийнхан болон багш нар, 186 дугаар цэцэрлэгийн багачууд, хөдөө орон нутгийн сонсголгүй иргэдэд төлбөргүй тарааж байна. Толь бичгийг өнгөрсөн жил авсан 29 дүгээр сургуулийн 5в ангийн сурагч Г.Хангал “Намайг гуравдугаар анги төгстөл ийм ном байгаагүй. Багш нарын бич гэснийг л хуулдаг байснаас биш, энэ үг ямар утга илэрхийлэхийг ойлгодоггүй байсан юм. Харин толь бичигтэй болсноос хойш их сонирхож, сурч байгаа. Аав, ээж гээд гэр бүлийнхэнтэйгээ харилцахад дөхөм болсон. Зуны амралтаараа толь бичиг дэх 1000 үгийг цээжилсэн. Номоо бариад л жирийн хүүхдүүдтэй харилцдаг” гэлээ.
Сайн үйлсийг санхүүжүүлсэн Ө.Цанаа нь Улаанбаатар хотод сүүлийн таван жил ажиллаж, амьдарч буй бөгөөд энэ хугацаанд нийслэлийн 63, 29 дүгээр сургууль, 186 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр иржээ. Тэрбээр 63 дугаар тусгай сургуульд анх зам асуухаар орж байснаа ярьсан. Тэгэхэд тухайн сургуульд оюуны бэрхшээлтэй хүүхдүүд сурдгийг мэдэж, захирал, багш нартай нь уулзаж өвлийн дулаан хүрэм бэлэглэж байж. Тэрбээр “Яагаад ийм жаахан хүүхдүүд ингэж хэцүү амьдарч байгаа юм бол гэж бодсон.
Би хүмүүст туслахыг үргэлж хичээдэг. Ялангуяа хүнд, хэцүү нөхцөлд сурч буй хүүхдүүдэд бага боловч дэмжлэг үзүүлэхийг зорьсоор ирсэн. 63 дугаар сургуулийн хүүхдүүдийн олонх нь гэр хороололд амьдардаг. Өвөл худгаас ус зөөхөд хувцас руу нь ус асгарч, их даарч байгаа харагдсан. Тиймээс “Ус нэвтэрдэггүй хүрэм өгье” гэсэн бодол төрсөн юм. Өвөрмонголд байдаг оёдлын үйлдвэрт ус нэвтэрдэггүй даавуугаар хүрэм захиалан хийлгэж авчирсан. Үүний дараа нэг хүүхдийн аав надтай аминчилж уулзахыг хүссэн.
Тухайн үед би “Хүүхдэд минь хувцас өгсөнд баярлалаа” л гэх байх гэж бодтол тэр хүн “Эхнэр бид хоёр хүүхдээ эмчлүүлэх гэж бүх л аргаа хэрэглэсэн. Сүүлийн жилүүдэд үнэхээр цөхөрч байлаа. Гэтэл таны өгсөн ганц хүрэм бидэнд дахин зүтгэх эрч хүч өглөө. Танихгүй хүн хүртэл миний хүүхдийг хэрэгтэй хүн гэж үнэлж байхад эцэг, эх нь болсон бид хэзээ ч шантарч, цөхөрч болохгүйг ойлгууллаа” гэсэн. Тэр үед би ганц хүүхэд ч биш, бүхэл бүтэн гэр бүлийг хүртэл баярлуулж буйгаа ойлгож, дахиад ч хүмүүст туслах урам авсан” гэлээ.
Ө.Цанаа найз нөхөд гээд ойр тойрныхоо бүх хүнийг хүмүүнлэгийн үйлсэд оролцохыг уриалдаг аж. “Яг үнэндээ энэ олон хүнд туслаж байгаа мөнгө зарим хүний хувьд ганц цүнхний л үнэ шүү дээ” хэмээн ярьсан тэрбээр “Би нутагтаа хөгжлийн бэрхшээлтэй хоёр ч хүүхдийг их сургуульд ороход нь тусалсан. Тэд хэрхэн амьдарч, сурч байгаагаа надад байнга хэлэхийг хүсдэг.
Би тэгэх их дургүй. Яагаад гэвэл зарим хүн өөрт нь тусалсан хүнд насан туршдаа өртэй мэт талархаж амьдрах гээд байдаг. Би зүгээр л тусалмаар санагдаад тусалсан. Гэтэл яагаад тэд надад өртэй мэт бөхөлзөж амьдрах ёстой гэж. Тиймээс миний жаахан ч гэсэн дэмжлэг тэдэнд хүрсэн, эсэх нь л чухал” хэмээсэн. Тэрбээр “Хөлөнбуйрын хүмүүнлэгийн нийгэмлэг”-ийг байгуулж, цаашид олон хүүхдэд туслах зорилготой байгаагаа бидэнд ярьсан юм.