"Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд үр хүүхдэдээ эх орных нь түүх, өв соёлын тухай ойлголт, мэдлэг өгөхийг хүсдэг. Гагцхүү тэдний эрэлт хэрэгцээг хангахуйц контент ховор байна. Тийм учраас манайхаас гаргаж буй бүтээлийг тэд их сонирхдог. Дэлгэцийн анхны бүтээлийг минь ч гадаад ертөнцөд илүүтэй сонирхож, бидэнтэй холбогдож байна. Бас нэг баярлаж бахархмаар зүйл нь Монголын эзэнт гүрний түүх, соёл өнөө хэр гадаадынхны анхаарлыг татсан хэвээр байгааг мэдрэх. Дэлхий дахины түүх, өв соёлыг сонирхдог, энэ талаар нэлээд юм уншдаг боловсролтой ямар ч хүний хувьд Монгол бол үнэхээр сонирхлыг нь татсан орон юм гэдгийг бид алхам тутамдаа мэдэрч байна” хэмээн өгүүлсэн эрхэм бол зураач Р.Батцэнгэл.
“Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангийнхан 10 жилийн ойгоороо түүх, хүн судлал, археологийн судалгааны сүүлийн үеийн ололтод тулгуурлан түүхэн бодит үнэнийг бүх насны үзэгчдэд зураглан толилуулах зорилгоор “Монголын нууц товчоо түгээмэл эх” хэмээх дэлгэцийн анхны бүтээл хийснээ саяхан олны хүртээл болгосон билээ. Тус сангийн тэргүүн, зураач Р.Батцэнгэлтэй ярилцсанаа хүргэе.
-Монголын түүх, соёлын нэвтэрхий толь “Монголын нууц товчоо”-г дэлхийд түгээх зорилго өвөрлөсөн та бүхэн саяхан нэг том даваагаа давсан байх. Дэлгэцийн бүтээл хийснээр 10 жилийн тэртээ анх ажлаа эхэлж байх үеийн зорилгын хэдэн хувь нь биелэв?
-Өвөрмонголчуудын анх хийсэн “Чингис хаан” болон манайхны бүтээсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэдэг хоёр киногоор манайхан бага сага ойлголт авцгаасан. Сүүлд гарсан Хятадын олон ангит “Чингис хаан” кино үзэгчдийн анхаарлыг нэлээд татсан ч судлаачид маш их шүүмжлэлтэй ханддагийг бид мэднэ. Дараа нь баахан хүлээлт үүсгэж байгаад “Үхэж үл болно Чингис хаан”-ыг гарахад “Монголчууд ер нь чадахгүй юм биш үү” гэдэг яриа хүртэл мэр сэр сонсогдох болсон. Тэр үед “Кино хийхэд одоохондоо хэцүү юм байна. Тиймээс “Монголын нууц товчоо”-г кино шиг сонирхолтой байдлаар үзүүлэх хувилбар байвал зүгээр юм байна” гээд ажлаа эхлүүлсэн.
Ер нь бол анхны төсөл нь 2005 оны намар цаасан дээр буусан юм шүү дээ. “Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг ирэх жил тэмдэглэнэ. Энэ түүхт ойн хүрээнд хийх ажлуудын санал авч байна. Та нарт төлөвлөсөн ажил байна уу” гээд зохион байгуулах комисст нь байсан Н.Нагаанбуу ах (талийгаач) ирсэн юм. Бид ч энэ төслөө хүргүүлтэл комиссын хурлаар дэмжигдээд, төсөвт мөнгө төгрөгийг нь суулгасан. Гэтэл удалгүй тендер зарлах боллоо.
Тендерт нь ороод, ялчихлаа. Тэгсэн “Төсвөөс мөнгө орж ирэхийг хүлээгээд байвал цаг нь тулчихна шүү. Та нар ажлаа эхлүүлж л бай” гээд явж байтал засаг солигдоод, мөрөөдөл минь замхарсан. Харин дараа нь “Цонжин болдог” цогцолборыг ашиглалтад оруулах үеэр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ахтай танилцан, номыг кино шиг үзэж болдог дэлгэцийн бүтээл хийх санаагаа хэлэхэд их сайхан хүлээж аваад дэмжсэн. Энэ хооронд бид “Монголын нууц товчоо”-г долоон хэлээр хэвлүүлж, олон нийтэд түгээх зэргээр олон үе шат дамжсаны эцэст 10 жилийн дараа бүрэн эхээр нь зурагжуулсан дүрс, дуу, хөдөлгөөн бүхий дэлгэцийн бүтээл болголоо. Гэхдээ сэтгэл ханах болоогүй ээ. Дахиад олон ажил ар араасаа гарч ирээд л байна.
-Нээлтийн үеэр та “Монголын нууц товчоо”-гоор шинжлэх ухааны тайлбар кино хийж байгаагаа дуулгасан. Тус нууцлаг бүтээлийг олон нийтэд задалж ойлгуулах хэрэгтэй гэдэг учраас энэ хувилбар нь их сонирхолтой санагдаад байгаа.
-Гурван бүлэгт киноныхоо анги бүрийг дагалдуулсан шинжлэх ухааны тайлбар бүтээл хийх нь маш чухал ач холбогдолтой гэдгийг 30-аас дээш насныхан их хэлсэн. Зарим нь “Та нарын зориод байгаа үндсэн контент чинь энэ юм биш үү” ч гэж байна. “Монголын нууц товчоо”-г урьд нь хүмүүст янз бүрийн хэлбэрээр хүргэж байсан ч яг ийм шинжлэх ухааны үүднээс тайлбарласан контентын орон зай эзгүй байсан юм билээ. Тиймээс одоо бид тэргүүн бүлгийн 25 ангийг дагалдуулсан тайлбар киногоо хийж байна. “Монголын нууц товчоо”-г уншсаны дараа ямар ч хүн олон асуулттай тулгардаг. Тэгэхээр тэнд байдаг нууцлаг, эргэлзээтэй зүйлүүдийн талаар судлаачдын олонхын дэмжлэгийг авдаг хувилбаруудад тулгуурлан үзэгчдэд ойлголт өгөх юм. “Энэ бол ийм учиртай. Үүнийг ингэж ойлго” гэж шууд тулгахгүй л дээ.
-“Тэр оролцож байгаа бол би наана чинь орохгүй ээ” гэх зэргээр манай эрдэмтэд хоорондоо үзэл бодлын зөрчилтэй байх нь бишгүй. Эрдэмтдийн дэмжлэгийг авахад эхэндээ амаргүй байсан уу?
-(Инээгээд) Олонхтой нь 10, заримтай нь 20-иод жил хамтран ажиллаж байгаа учраас одоо ч зан зангаа авалцсаан. Манай эрдэмтэн судлаачид “Энэ хүү нэг юм хийнэ гээд зүтгэвэл орхидоггүй, эцсийг нь үздэг зантай” гээд ойлгодог болсон байх аа. Намайг өрөөнд нь яваад ороход хэн нь ч нэг их цааргалдаггүй. Археологич Д.Эрдэнэбаатар ах бид хоёр гэхэд л 1999 онд танилцсан. Тэрбээр 2008 оны намар биднийг ажлаа зориглоод эрчимтэй эхлэхэд олон эрдэмтэн судлаачтай холбож өгсөн юм. Үнэндээ анх төслөө санаачлаад эхлүүлж байхад зарим нь “Залуус иймэрхүү сайн сайхан юм яриад орж ирж л байдаг. Тэгсхийгээд дундаас нь хаячихдаг юм даа” гэсэн аястай гайхаад, нэг л итгээгүй гэдгээ одоо хэлдэг.
-Өөрөө итгэл үнэмшлээ алдахгүй тууштай байсныхаа хариуд бусдын итгэлийг олж авсан байх нь ээ?
-Номын цагаан буян их гэдэгт би итгэдэг. Тэр тусмаа “Монголын нууц товчоо” намайг гадаад, дотоодын олон сайхан хүмүүнтэй уулзаж учруулсан. Энэ бол эд мөнгөөр хэмжишгүй үнэт зүйл. Хөрөнгө мөнгөний гачигдлаас болоод ажил урагшлахгүй цааш ч үгүй, нааш ч үгүй “түгжигдэх” үе бишгүй байв. Жишээ нь, 2014 онд анхны зурагт номынхоо монгол эхийг гурав хувааж гаргах гэж ёстой чардайсан. “Ямар ч байсан эхний дэвтрийг нь хэвлүүлээд үзье. Би үнэхээр хэрэгтэй зүйл хийж байгаа бол хүмүүсийн хандлага аяндаа мэдэгдэх байлгүй” гээд л таньдаг хэвлэлийн газрынхаа дүүг гуйгаад зээлээр хэвлүүлчихсэн. Эхний дэвтэр нь борлуулалт тааруу байв. “Чи зургаан жил болж байж дөнгөж эхний дэвтрээ хэвлүүлсэн юм чинь хоёр, гурав дахь хэзээ ч хэвлэгдэх юм билээ. Нэг мөсөн гурвууланг нь гарахаар л худалдаж авъя” гээд хүмүүс итгэхгүй тал байсан.
-Тэгээд хоёр, гурав дахь дэвтрийг нь хэзээ хэвлүүлж, уншигчдын гар дээр тавив?
-Хоёр дахийг нь 11 сарын дараа хэвлүүлсэн. “Хас” банкны М.Болд захирал эхний дэвтрийг үзээд, хоёр дахийг нь ивээн тэтгэсэн. М.Болд захирал түүх, соёлоо нэлээд мэдэж судалсан, маш их хүндэтгэлтэй ханддаг хүн юм билээ. “Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд ингэлээ тэглээ гэж та нар заавал манай нэрийг дурдах албагүй шүү. “Монголын нууц товчоо”-нд бид тэгж хандаж болохгүй” гэдэг байв. Энэ мэтээр түүх, соёлоо анхаарч үздэг цөөн хэдэн хүн, аж ахуйн нэгжийн ачаар, бас номынхоо борлуулалтаар дараа дараагийн зардлаа нөхөх маягаар амь зууж явна даа. “Монголын нууц товчоо” маань маш олон талтай, үнэхээр л өгөөж буянтай бүтээл юм. Хувцас загвар, хатгамал сонирхдог хоёр герман бүсгүй Ховдод аяллаар очоод буцах замдаа манай номын зургийг үзэнгүүтээ худалдаад авчих жишээтэй.
-Ингэхэд өнгөрсөн хугацаанд та ар гэрийнхээ санхүүгийн асуудлыг хэрхэн зохицуулж байв?
-Дээр хэлсэнчлэн 2012-2014 онд бид санхүүгийн хувьд үнэхээр хүнд байдалд орсон. Хэвлэлийн компаниас эхний дэвтрийг хэвлүүлсэн зардал нэхэгдээд болдоггүй, дараа дараагийн цувралыг нь хиймээр байдаг. Тиймээс ажлаа ч, амьдралаа ч авч явахын тулд 2014 оны намар номоо хэвлүүлэх, зарж борлуулах эрхийг бид урд хөршид худалдахаас өөр арга байгаагүй. Энэ төсөл дээр зөвхөн би ганцаараа ажиллаагүй. Надаас гадна олон жилийн ажил хөдөлмөр, цаг зав, амьдралаа зориулсан хүн цөөнгүй бий.
-2012-2014 онд манай улсын эдийн засгийн өсөлт тэгтлээ буураагүй байсан үе шүү дээ. “Ойлгоод дэмжэг сэн бол...” гэж бодогддог уу. Гэрээнд гарын үсэг зурах агшинд танд гомдолтой ч юм уу, харамсалтай санагдсан уу?
-Олон талаас нь бодож үзсээн. Тухайн нөхцөл байдалд өөр гарц боломж үнэхээр байгаагүй учраас гэрээ хийсэн. Тулсан үед хэн ч надад “май” гээд мөнгө сарвайхгүй. Тэглээ гээд хэнд гомдох билээ. Уг нь улс орны эдийн засаг хэчнээн уруудан доройтлоо гээд хэдэн ном, ганц хүүхэлдэйн кино бүтээх мөнгө олдохгүй байна гэж юу байх вэ. Жишээ нь, БСШУСЯ-наас жил бүр 120 орчим сая төгрөг тогтмол төсөвлөж, тендер зарладаг хэрнээ хэний ямар уран бүтээл шалгарсан нь олон нийтэд тодорхойгүй замхраад өнгөрдөг. Төсөл нэртэй А4-ийн цаасанд яам дэмий мөнгө үрж байхын оронд бодитоор юм хийж бүтээгээд, үр дүнд хүрсэн уран бүтээлчдэд түүнийгээ нөхөн олговор маягаар өгч болдоггүй юм байхдаа ч гэж бодогддог.
-Үнэ цэнтэй амьдрал бий болгох уу, өв хөрөнгө хураах уу гэдэг зааг дээр өнөөгийн манай залуус тээнэгэлзээд зогсож байх шиг санагддаг. Та энэ талаар юу гэж зөвлөх вэ?
-Хүн эхлээд өөрийгөө таньсны үндсэн дээр зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй гэж боддог. Нэгэнт зорилгоо тодорхойлсон бол хандах зүг нь аяндаа тогтоно. Нэгдүгээр ангид ороод, үзэг цаас нийлүүлж эхэлсэн цагаасаа л би зураг зурах дуртай байсан. Тэгээд зураач мэргэжил эзэмшсэн. Гуравдугаар ангидаа “Монголын нууц товчоо”-г анх уншсанаас хойш түүх миний сонирхлыг татсан. Тиймээс “Монголын нууц товчоо” хэмээх энэ гайхамшигт бүтээлийн нууцыг дэлхийд түгээх хүсэл зорилго дотор яваад л байсныг өдгөө бодит ажил хэрэг болгохоор зүтгэж байна.
Өнгөрсөн хугацаанд олж мэдсэн туршлагаасаа харахад хурдан явах нь биш, хол явах нь чухал юм байна. Намайг өрөөний мухарт зураг зураад суух зуурт миний үеийнхнээс бизнес хөөгөөд аль эрт амжилтад хүрсэн нь бишгүй. Тэднээс их л хоцорч байгаа мэт санагдах үе байсан. Одоо би 44-тэй. 20 хэдтэй байхад 40 гарсан хүмүүсийг хөгшин хүн гэж хардаг байсан. Тэр үеийн үйл явдлуудыг одоо эргээд бодоход хүний амьдралын богинохон хугацаа байж. Гэтэл өдгөө би зөвхөн нэг номонд 10 жилийн хөдөлмөрөө зарцуулжээ. Ингээд бодохоор хурдан явах бус, удаан хугацаанд ч гэсэн тогтвортой, тууштай байж хол явах нь чухал юм байна.
-Одоо таны дараагийн зорилго юу вэ. Хүмүүсийн ерөөж байсан шиг Холливудын дэлгэцнээ монгол анимейшн гарах цаг хэр ойр байгаа бол?
-Боломж бий. Мөнгө төгрөг нь асуудалгүй байдаг бол бид гурван жил тогтвортой суухад анимейшн хийчихнэ. Гэхдээ удахгүй тэр цаг ирэх байх аа. Тэр болтол бид киноныхоо хоёр, гуравдугаар бүлгийг хийж байя. Дагалдуулаад шинжлэх ухааны тайлбар киногоо хийе. Түүнийгээ ном болгоод хэвлүүлье. Дараа нь тэдгээрийг гадаад хэлээр хэвлүүлж байя. Тэгж байтал болох байлгүй дээ. Аливаа юманд болж бүтэх тохироо нь бүрддэг тэнгэрийн цаг гэж байдаг юм билээ. Биднийг зорилгодоо үнэнч тууштай явж байгааг бизнес эрхлэгчид ч ойлгодог болжээ. Хүн болгонтой уулзахдаа “Би нэг ийм юм хийх санаатай” гээд л баахан бичиг цаас, зураг үзүүлээд, дахин дахин тайлбарлаад байх шаардлагагүй болсон.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Танай гэр бүлийн хүн ажлыг тань хамгийн сайн ойлгож, дэмждэг байх даа?
-Тийм шүү. Манай гэр бүлийн хүн ажлыг минь маш сайн ойлгодог. Манайх гурван хүүтэй. Манай хүн “Би ингэмээр байна, тэгмээр байна. Чи тэгчих” гээд гэрийн янз бүрийн ажилд, үр хүүхдээ хичээл сургуульд нь зөөх зэрэгт намайг дайчилж, миний цаг заваас хумслаад байсан бол хэцүү шүү дээ. Ажлын таван өдөртэй, өдөрт найман цаг ажилладаг, дунд нь цайны цаг гээд явчихдаг, ээлжийн амралт авдаг хүмүүстэй биднийг харьцуулах аргагүй. Цагаан сарын Шинийн нэгний өглөө хүртэл би ажиллаж л байдаг. Манай хүн цайгаа чанаад, хүүхдүүдээ хувцаслаад бэлэн боллоо гэхээр нь би бичгийн ширээнээсээ өндийж, золгуутаа хийдэг. Оффисын ажилтнуудын цагаар тооцвол өнгөрсөн арван жилийн ажил минь хэд дахин үржигдэх байх аа (инээв).
-“Монголын нууц товчоо”-г билиг оюун хүсэж уншсан хүнд түүнийг нь өгдөг, эрдэм чадал, сэтгэлийн хүч тэнхээ хүссэнд нь тэрийг нь өгдөг шидтэй хэмээдэг юм билээ. Танд харин юу өгсөн бэ?
-Биднийг багад “Монголын нууц товчоо”, Чингис хааны тухай ярих хориотой байсан ч аав, ах нар маань хоорондоо энэ тухай их ярьдаг. Би түүнийг нь сониучирхаж сонсдог байв. Сүүлд “Монголын нууц товчоо”-ны нэрийг бариад хаана ч ажлаар очсон гадаадынхан манай түүх, соёлд маш хүндэтгэлтэй ханддагийг илүүтэй мэдэрсэн. Зарим нь бүр “Монголын нууц товчоо”, Чингис хаанаар “өвчилчихсөн”, нэг эхэлчихвэл зогсохоо мэдэхгүй ярина. Тэдэнтэй өөрсдийгөө харьцуулбал монголчууд бид өөрсдийн түүх, соёлдоо ямар хайхрамжгүй ханддаг, үнэлж мэддэггүй ард түмэн юм бэ бодогддог.
Таны асуултын тухайд гэвэл “Монголын нууц товчоо” надад хүмүүний амьдралын утга учир юунд оршдогийг ойлгуулж өгсөн. Урд нь бол амьдралд гүйцэтгэж буй өөрийн үүргийг маш багаар боддог байж. Сүүлийн үед бол харин арай гүнзгий бодолтой болсон. Өнө эртнээс олон мянган хүний цус, нулимсаар гагнагдаж ирсэн түүхийг бид тасалдуулах эрхгүй. Ээж нарын хэлдгээр үхэх эрхгүй, бүр цаашлаад муу ч явах эрхгүй юм байна гэж л бодох болсон доо. Монголчууд бол дээд тэнгэрээс захиастай ирсэн улс юм байна. Байгаль эх монголчуудыг хүн төрөлхтний төгсгөл хүртэл тэсэж үлдэх ёстой гэдэг үүрэг даалгавар цаанаас нь өгчихөж. Тиймээс бид архинд орж, амьдралаа алдаж болохгүй.
-Амьдралаа бодоод гадаад руу явсан нь ч бас эргээд эх нутагтаа ирэх элгэн халуун сэтгэлтэй байх ёстой болов уу?
-Болж өгвөл гадагшаа явахгүй, эндээ яаж сайн сайхан нийгэм цогцлоох вэ гэдгийг хамтдаа эрэлхийлбэл сайн сан. Өнөөдөр нийгмийн байдал, амьдралын бэрхшээлээс болоод манай залуус архи нэлээд хүртэж, тэр хэмжээгээр амьдрал нь уруудаж байна. Тэр залуусыг “Монголын Нууц товчоо”-г ядаж нэг уншчихаасай, тэгвэл чиний “зовлон” өчүүхэн зүйл болохыг мэдээд, үүрэг хариуцлагаа ойлгочихно гэж боддог. Жишээ нь, хүн уг удмаа мэдэх тусмаа түүгээрээ бахархаж, нэр төртэй амьдрахыг хичээдэг юм билээ. Харамсалтай нь, хэлмэгдүүлэлтийн улмаас Чингисийн алтан ургийн удмын хүн гэдгээсээ ч нэг үе монголчууд цэрвэж, нуух шаардлагатай байсан. Одоо л сүрхий холч ухаантай мундаг хүмүүс үр хүүхдэдээ уг удмыг нь мэдүүлэхийг хичээж байгаа нь сайн хэрэг.