Монголын радио спортын түүхэнд ДАШТ-ээс медаль хүртсэн анхдагч болсон Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн тамирчин Шагдаржавын Одончимэгтэй ярилцлаа. Эл спортоор хоёр дахь жилдээ хичээллэж буй тэрбээр БНСУ-д болсон 19 дэх удаагийн ДАШТ-д анх удаа оролцохдоо “3.5МНz” төрлийн ганцаарчилсан болон багийн ангилалд хос хүрэл медаль хүртсэн юм.
Өдгөө 37 настай, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальтай, улсын хошой аварга Ш.Одончимэгт Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний иж бүрэн медаль бий.
-Олон улсын хоёр дахь тэмцээн тань ДАШТ байлаа. Дотоодын тэмцээнд оролцохоос юугаараа ялгаатай байв?
-Мэдээж тэс өөр. Энэ жил ДАШТ-ийг БНСУ-д зохион байгуулсан болохоор цагийн зөрүү багатай, дасахад арай амар байлаа. Хэдийгээр би өнгөрсөн жил Азийн АШТ-д өрсөлдсөн ч Монголд болсон болохоор тийм ч их сандарч, тэвдээгүй. Эх орондоо олон улсын тэмцээнд оролцоход давуу тал олон юм билээ. Дэлхийн шилдгүүдтэй анх удаа өрсөлдөхдөө хоёр хүрэл медаль хүртсэндээ баяртай байна. Багийн төрөлд хамт оролцсон багийнхандаа баярлалаа.
Түрүүлэх, медалийнхаа өнгийг хувиргах боломжоо ашиглаж чадаагүй ч чамлахгүй ээ. 35-аас дээш насны ангиллын ганцаарчилсан төрөлд өрсөлдөхдөө даалгавраа 67 минутад биелүүлж, хүрэл медалийн болзол хангалаа. Би түрүүлсэн тамирчнаас зургаан минутаар хоцорсон.
Ер нь радио спортын төрөлд Европын тамирчид дэлхийд өнгөлдөг. Хэдийгээр ДАШТ-д анх удаа өрсөлдөн, туршлага дутах вий гэж эмээж байсан ч медаль хүртэх, түрүүлэх л зорилготой оролцлоо. 2017 онд олон улсын анхны тэмцээн болох Азийн АШТ-д оролцон, түрүүлэхдээ их урамшсан.
Тэгэхэд улам хичээж, уйгагүй хөдөлмөрлөж чадвал дэлхийн медальтан болоход ойрхон байгаагаа мэдэрсэн. Монголчууд эл спортын төрөлд дэлхийн хэмжээнд хүрснийг миний амжилт харуулсан болов уу. Оросын дасгалжуулагч бидэнд тусгайлан баяр хүргэсэн. Бас Хятадын дасгалжуулагч эх орондоо ирж, хамтарсан бэлтгэл хийгээрэй гэж биднийг урилаа.
Шагналын тавцанд зогсож байхад сэтгэл их хөдөлж, монгол хүн болж төрснөөрөө бахархлаа. Хамгийн түрүүнд төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн аав, ээж бодогддог юм билээ. Монголын радио спортын холбоо, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хамт олон, гэр бүлийнхэн, аав, ээж минь намайг үргэлж дэмждэг. Энэ амжилтад тэдний тус, дэм асар их. Тэдэндээ их баярлалаа.
Монголд радио спорт үүсэж, хөгжсөний 60 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхт ойгоор дэлхийн медальтай болсон нь таны амжилтыг бүр ч утга учиртай, үнэ цэнэтэй болгож байгаа болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Радио спортын түүхэнд шинэ хуудас нээснээрээ бахархаж байна. Аварга болох амархан, хамгаалах хэцүү гэдэг. Тиймээс улам хичээж амжилтаа ахиулахын төлөө зүтгэнэ. Миний амжилт булган сүүлтэй байж, олон олон дэлхийн аварга төрөх болтугай.
-Визний асуудлын улмаас Монголын зарим тамирчин ДАШТ-д оролцож чадаагүй гэж дуулсан. Бүрэлдэхүүн дутуу өрсөлдсөн нь багийн тэмцээний амжилтад хэр их нөлөөлөв?
-Уг нь 30-аад тамирчин оролцохоор бэлтгэл хийж байсан ч визний асуудлын улмаас 12-уулаа өрсөлдлөө. Ангилал бүрийн багийн төрөлд нэг улсаас гурван тамирчин хүч сорих дүрэмтэй. “3.5МНz” ангиллын багийн төрөлд надтай хамт оролцохоор бэлтгэлээ базаасан тамирчид бүгд ДАШТ-д хүч сорьсон болохоор амжилтад ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй. Гишүүд нь дутуу байсны улмаас манай зарим тамирчин багийн төрөлд оролцож чадаагүй. Бүгд хүч сорьсон бол хоёроос олон медаль авах, түрүүлэх боломж бидэнд байлаа.
Бөхчүүд барилдаж, буудлагынхан цэц сорин бэлтгэлээ базаадаг. Та ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ хэрхэн хийв?
-Би Зэвсэгт хүчний 065 дугаар ангид ажилладаг. Ажлаасаа чөлөө авч байгаад бэлтгэл хийсэн. Ажил төрөл, ар гэр гээд бэлтгэлээ базаах зав хомс. Ямартай ч зохицуулж байгаад богино хугацаанд хийсэн юм. Олон тамирчин бэлтгэлээ байрлаж хийхэд санхүүгийн бэрхшээл ихтэй.
Биднийг ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ хийн, тэмцээнд оролцоход Монголын радио спортын холбоо, ажлын хамт олон маань их тусалж, дэмжлээ. Гадаадын тамирчид тэмцээнд оролцохдоо газрын зураг ашигладаг. Гэтэл тийм зориулалтын газрын зураг Монголд байдаггүй. Бид тухайн газрынхаа зургыг өөрсдөө зурж байгаад бэлтгэл хийдэг. Энэ удаа ч бас тэглээ.
-Бэлтгэлийн зориулалтын талбай Монголд бий юү?
-Байхгүй. Бид бэлтгэлээ хаана л бол хаана, хүний хөлөөс зайдуу газар хийдэг. Мэдээж бэлтгэлийн зориулалтын төвтэй болчихвол сайхан байхгүй юү.
-Монголчууд ДАШТ-д төдийгөөс өдий хүртэл оролцсоор ирсэн юм билээ. Өмнө нь медаль хүртэх хэмжээнд өрсөлдөж байв уу?
-Цөөнгүй тамирчин IV, V байрт шалгарч байсан юм билээ. Энэ жил гэхэд нэлээд хэдэн тамирчин IV, V байр эзэлсэн. Монголын тамирчид дэлхийд өнгөлөх хэмжээнд хараахан хүрээгүй ч тивдээ манлайлдаг.-Радио спортоор амжилт гаргахад тамирчны ур чадвараас гадна техник, хэрэгслийн хүчин чадал чухал. Монголчууд техникийн дэвшлээр хоцорч яваа. Харин эл спортын хэрэгслээр хэр бол?
-За даа, монгол тамирчид дунд зэргийн л техник хэрэгсэл хэрэглэдэг. Сүүлийн үеийн техникийн нь үнийг дийлэхгүй шүү дээ. Би л гэхэд БНХАУ-д үйлдвэрлэсэн, дунд үеийн станцаар тэмцээнд оролцдог, бэлтгэл хийдэг. Европын тамирчид өндөр амжилт гаргадаг нь үүнтэй холбоотой. Техник хэрэгслийн дутуугаа бид ур чадвар, бэлтгэлээр нөхдөг.
-Техник хэрэгслийн хүчээр дутуу ч бусад орны тамирчдаас илүүрхдэг зүйл бий юү?
-Байлгүй яах вэ. Монголчууд хурдан гүйдэг, мэдрэмжтэй. Ямар нэгэн саад бэрхшээлийг даван туулах, богино хугацаанд гаргалгааг эрэлхийлэх чадвараараа онцгойрдог. Хэр баргийн зүйлээс шантардаггүй, зоригтой, хурдан нь бидний давуу тал.
-Та хоёр жилийн өмнөөс радио спортоор хичээллэж байгаа юм билээ. Арай эрт хичээллэсэн бол өдийд бүр ч өндөр амжилт гаргах байсан болов уу?
-Заримдаа тэгж бодох үе бий. Гэхдээ харамсдаггүй. Оройтоогүй байна шүү дээ. Өнөөгийнхөөсөө өндөр амжилт гаргах боломж надад байгаа нь мэдээж. Би байгууллагадаа 17 жил ажиллаж байна, радист мэргэжилтэй. Тэгэхээр радио спорттой илүү ойр, хичээллэхэд дөхөм. Хоёр жилийн өмнө “Хаврын тэргүүн” тэмцээнд санамсаргүйгээр оролцсоноосоо хойш эл спорттой амьдралаа холбож явна.
Үнэндээ тус тэмцээнд өрсөлдье гэж бодоогүй, ангийн удирдлагаас өгсөн үүргийн дагуу ур чадвараа сорьсон юм. Би ямар нэгэн ажил эхлүүлбэл заавал дуусгахыг, үр дүнг нь үзэхийг хичээдэг. Бас шартай. Энэ зан маань радио спортод тохирдог, амжилтад эерэгээр нөлөөлдөг юм болов уу.-Хэдийгээр таны мэргэжилтэй дөхөм ч анх хичээллэхэд хүндрэлтэй, бэрхшээлтэй зүйл юу байв?
-Би говийн хүн. Анхандаа ойд, ууланд бэлтгэл хийн, тэмцээнд оролцоход амаргүй байлаа. Ганцаараа өтгөн ойд гүйж явахдаа айх, төөрөх гээд бэрхшээл тохиолдохыг алийг тэр гэх вэ. Бэлтгэл, тэмцээн гэсээр аяндаа дасчихдаг юм билээ. Одоо айхаа больсоон.
-Хамгийн дурсамжтай нь аль тэмцээн бэ?
-Өнгөрсөн жил УАШТ-д оролцохдоо төөрөөд балрах дөхсөн. Зүг чигээ алдсаны улмаас дөрвөн цаг гаруй төөрөөд, ой дундуур гүйсэн. Тэгж явахдаа гурав бил үү дөрвөн уул давсан байна лээ. Арайхийж бариагаа олоод иртэл манайхан намайг уулаар хайхаар явчихсан байсан. Тэр тэмцээн санаанаас ер гардаггүй юм.
Харин сэтгэлд хамгийн тод үлдсэн нь 2017 оны Азийн АШТ. Эх орондоо тивийнхээ аварга болж, Төрийн дууллаа эгшиглүүлэхэд сэтгэл их хөдөлдөг юм билээ. Хичээллэсэн жилээ Улаанбаатар хотын аварга болж, анхны амжилтаа гаргасан. Түүнээсээ урамшин, зүтгэсээр өнөөгийн амжилтад хүрлээ.
-Радио спортоор тууштай хичээллэн, тэмцээнд оролцдог хэр олон тамирчин Монголд байдаг бол?
-Манай холбоонд бүртгэлтэй 200-гаад тамирчин байдаг юм билээ. Тэдний олонх нь Зэвсэгт хүчинд алба хаадаг.
-Гэр бүлийнхнээс нь таны мэргэжлийг өвлөсөн хүн бий юү?
-Байхгүй ээ. Би нөхөр, охины хамт амьдардаг. 16 настай охин минь бэлтгэл дээр заримдаа очдог ч хичээллэдэггүй. Нөхөр маань холбооны инженер. Намайг маш сайн дэмждэг, техник, хэрэгслийг янзалж, сэлбэж өгдөг.
-Монгол Улс олимпын бус төрлийн спортын тамирчдыг төдийлөн дэмждэггүй гэж спортынхон шүүмжилдэг. Улсаас та бүхнийг хэр дэмждэг вэ?
-Өө, ерөөсөө дэмждэггүй. Холбооны болон ажлын хамт олон, гэр бүлийнхний дэмжлэгээр, бор зүрхээрээ яваа хүмүүс, бид. Ер нь ийм спортын төрөл байдгийг мэддэг дарга, даамал байдаг юм уу. Ридио спорт өөрөө үзэгчгүй спорт л доо. Хүмүүсийн нүдэн дээр өрсөлдөх боломжгүй, тэмцээн модон дунд, ууланд болдог.
Тэр нь спортын хорхойтнуудын төдийгүй төр, засгийн анхаарлыг татахад сөргөөр нөлөөлдөг бололтой.
-Тив, дэлхийн дэвжээнд түрүүлсэн тамирчдад улсаас мөнгөн урамшуулал олгодог. Та өнгөрсөн жил Азийн аварга болохдоо авсан уу?
-Аваагүй. Монголын радио спортын холбоо, ажлын хамт олон маань надад хүндэтгэл үзүүлээд л өнгөрсөн. Тэглээ гээд би улсдаа гомдож, тунихгүй. Зөвхөн би гэлтгүй олимпын бус төрлийн тамирчид ингэж л яваа юм чинь.
-Ер нь хөөцөлдсөн үү?
-Тэгээгүй ээ. Манай холбооныхон ДАШТ-д гаргасан амжилтыг маань үнэлүүлэхээр хөөцөлдөж байгаа гэнэ лээ. Улсаас урамшуулбал амьдралд дэмтэй байхгүй юү. Уг нь радио спортын тамирчдын амжилтыг бусад спортынхноос алагчлалгүй шагнаж, дэмждэг болбол хичээллэгсдийн тоо нэмэгдэнэ, тамирчдын амжилт ч хурдан ахина даа.
-Эх орондоо хурдан ирэх сэн гээд яарч байгаа нь мэдээж. Монголдоо хэзээ ирэх вэ?
-Эх орноо, гэр бүлийнхнийгээ зөндөө их санаж байна. Монголдоо хурдан очих юм сан. ДАШТ-д оролцсон тамирчдын зарим нь нутаг буцсан, цөөнгүй нь энд байгаа. БНСУ-д хэд хоног амарчихаад аравдугаар сарын сүүлчээр очно.