“Риогийн олимпын дараа харамссан, сэтгэлээр их унасан. Хэрвээ ялсан бол хүрэл медаль авах байсан гэж бодохоор л. Хэдийгээр дийлэхгүй бөхтэй барилдаад бус, бэртлийн улмаас ялагдсан ч цээжинд нэг юм тээглээд байсан. Энэ жил ДАШТ-ээс медаль хүртэхэд сэтгэл дотроос том чулуу аваад хаячих шиг боллоо. Шагналын тавцанд зогсож байхдаа гүнзгий амьсгаа авсан. Хэдийгээр түрүүлж чадаагүй ч олимпын “шарх”-аа хоёр жилийн дараа нөхөн, 10 гаруй жил тээсэн зорилгодоо хүрлээ. 2019 оны ДАШТ-д амжилтаа ахиулах, Токиогийн олимпоос медаль хүртэхийн төлөө хичээнэ ээ” хэмээн ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар өгүүлэв. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны бөх тэрбээр хэдхэн хоногийн өмнө Азербайжанд болсон жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. Дэлхийн дэвжээнээс -100 кг-д медаль авсан Монголын анхны жүдоч Л.Отгонбаатарыг “Өнөөдөр” сонин зочныхоо хойморт урилаа.
Өчигдөр эх орондоо ирсэн түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас гэртээ харих замд нь ийн ярилцав. Л.Отгонбаатарын төрсөн ах, улсын начин Л.Шинэбаатар, аймгийн арслан Л.Үйтүмэн нар бид хоёртой хамт явсан юм. Л.Шинэбаатарын баярынх нь сэтгэгдлээс хуваалцахад “Дүүгээ тосох гээд өнгөрсөн шөнө хөдөөнөөс яарсаар ирлээ. Олон шилдгийг өвдөг шороодуулан, дэлхийн шилдгүүдийн нэг болсноор нь бахархаж байна. Энэ жил юм дуулгана гэдэгт нь эргэлзээгүй. Цаг нь болчихсон юм аа. Дүүдээ улам өндөр амжилт хүсье” гэв. Олноос нууцлаг байдаг Л.Отгонбаатар эх орондоо ирээд анх удаа ярилцлага өгч байгаа нь энэ.
-ДАШТ-д гурав дахь удаагаа оролцоод медаль авсан танд баяр хүргэе. Дэлхийн медальтан болж, хоёр ах нь тосоод хамт явж байгаа энэ мөчид юу бодогдож байна вэ?
-Баярлалаа. Монгол хүн болж төрснөөрөө, ийм сайхан эх орондоо мэндлээд, ижий, аавынхаа үргэлжлэл болж яваагаараа бахархаж байна. Бас бөхийн сайхан удмаараа, аав, ээжээрээ бахархалгүй яах вэ. Монголчууд бидний бахархал болсон Н.Түвшинбаяр аварга олимпоос -100 кг-д алт, мөнгөн медаль хүртсэн. “Рио-2016”-гийн дараа жин өгссөн аваргынхаа орон зайг нөхөн, амжилтыг нь үргэлжлүүлэхийн төлөө зүтгэж явна.
Намайг жүдоч болоход хоёр ах минь их нөлөөлсөн. Багаасаа тэднийхээ бэлтгэл хийхийг харан, бөхөд хорхойссон хүн дээ, би. Мэдээ орсон цагаасаа хойш бөх болохыг мөрөөдсөн. Тэмцээнд оролцох, бэлтгэл хийхэд ах нар “Тэг, ингэ” гээд үргэлж зөвлөдөг. Өөрсдөө барилддаг болохоор тамирчны жаргал, зовлонг сайн мэддэг, хэнээс ч дутахгүй ойлгодог. Өнөөгийн амжилтаа Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшгүйгээр төсөөлөхийн аргагүй. Багштайгаа хамт амжилтын төлөө 10 гаруй жил зүтгэж байна. Спортын олон төрөлд шилдэг тамирчин бэлтгэсэн багшаараа бахархаж явдаг. Тэмцээн дууссанаас хойш хамгийн түрүүнд аав, ээжтэйгээ уулзах сан, үнсүүлэх сэн гэж яарч явна.
-Аав, ээж хоёр нь хөдөө амьдардаг юм билээ. Улаанбаатар хотод ирсэн үү?
-Ирээгүй. Хөдөөний ажил мундах биш дээ, амжаагүй байх. Аав, ээж хоёр Архангай аймгийн Батцэнгэл суманд мал маллаж амьдардаг. Гэртээ хурдан очих юм сан гээд л яарч байна. Хүүгээ хурдан ирээсэй гээд харуулдаж суугаа байх. Барилдааныг маань зурагтаар үзсэн, медаль хүртэхэд бөөн баяр болсон гэнэ лээ. Аав, ээж хоёрын даралт нь ихсээд сандаргасан гэсээн (инээв).
-Ойрын хугацаанд гэртээ очих бодол бий юү?
-Байлгүй яах вэ. Болдогсон бол одоо ч хамаагүй оччихмоор байна. Ажил төрлөө зохицуулж байгаад ойрын хугацаанд нутгийн зүг хүлгийн жолоо зална аа. Хамгийн сүүлд энэ жил наадмаар очсон.
-ДАШТ-д оролцохоор явахынх нь өмнө аав, ээж нь танд юу гэж захиж, зөвлөв?
-Ер нь тэмцээнд зодоглохоор явахад ээж “Хичээгээрэй, сайн барилдаарай” гэдэг. Гэтэл энэ жил ДАШТ-д оролцохоор Азербайжаныг зорихын өмнө “Заавал медаль авна шүү. Аав, ээж хоёр нь тэгээсэй л гэж хүсэж байна” хэмээхэд нь их бэлгэшээсэн, сайхан санагдсан.
-Эх хүний зөн хамгийн мэдрэмжтэй нь гэдэг. Хүүгээ медаль хүртэхийг зөгнөсөн байх.
-Харин тийм ээ. Би ч бас тэгж бодож байна.
-Та бөхийн удамтай, хүргэн ах тань улсын гарьд Б.Гончигдамба. +100 кг-д медаль хүртсэн Ө.Дүүрэнбаяр ч бас хоёр талаасаа бөхийн удамтай, хүргэн ах нь улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ. Түүгээр ч үл барам нэг аймаг, нэг сумын хоёр бөх нэг жилийн ДАШТ-ээс медаль хүртсэн нь ховор тохиолдол шүү.
-Би ч бас анзаарсаан. Замдаа Дүүрээтэй энэ талаар ярилцсан.
-Монгол түмэн 2015 оноос хойш медаль хүртэх бөхчүүдийн таамагт таныг багтаан, дээлийнх нь захыг мушгисан. Бэртэл нь бүрэн эдгэрч, жиндээ сайн дассан нь ДАШТ-ээс медаль хүртэхэд нэлээд нөлөөлсөн байх.
-Тамирчны хамгийн том дайсан бол бэртэл, гэмтэл. Үүний сацуу жиндээ орох, дасах гэж айхтар зүйл бий. Би Риогийн олимпоос хойш -100 кг-д барилдаж байна. 2017 онд ДАШТ-д бэртэлтэй өрсөлдсөн. Уг нь бэртлээ сэдрэхээс болгоомжлон жил гаруйн хугацаанд тэмцээнд оролцолгүй байж байгаад зодоглосон ч амжилт гаргаж чадаагүй. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс хойш биеэ сайтар илааршуулж, бэлтгэлээс гадна сэтгэл зүйгээ сайн бэлдсэний үр дүн гарлаа. Хэдийгээр түрүүлж чадаагүй ч чамлахгүй ээ. Хүссэн хүчтэн бүхэн гаргадаг амжилт биш болохоор тэр. “Рио-2016”-гаас хүртэж чадаагүй хүрэл медалиа ДАШТ-ээс авлаа. Сайхан байна аа.
Олимпын дараах хамгийн том зорилго маань энэ байлаа. Мэдээж үүнд хүрэхийн тулд зүгээр нэг мөрөөдөж суух бус, өмнө нь гаргасан алдаа, оноогоо сайтар дүгнэж, урьдынхаасаа ч уйгагүй хөдөлмөрлөн, бүр их хичээлээ. Нөгөө талаар дэлхийн дэвжээнд тааруу амжилт гаргавал монгол түмнийхээ итгэлийг алдана. Тиймээс өдөр бүр хичээж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Ялж, ялагдах бүхий л мөчид хамт байдаг монгол түмнийхээ сэтгэлийн хүч, “Хамтын хүч амжилт” уриатай жүдочдынхоо дэмжлэгээр энэ амжилтад хүрлээ. Намайг үргэлж дэмждэг Ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын жүдо бөхийн холбоо, “Сүлд” спорт хорооны хамт олон, Ц.Шийрэв багшдаа, гэр бүлийнхэн болон монгол түмэндээ баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
-Хагас шигшээд олимпын нэг, ДАШТ-ий гурван мөнгөн медальтай, Европын гурван удаагийн аварга, Гүржийн бөх Варлам Липартелианитай барилдсан. Та түүнд өмнө нь хоёр удаа дийлдсэн, барилдаан таардаггүй өрсөлдөгч. Энэ удаа гүрж эртэй хэрхэн барилдахаар төлөвлөв. Санасан барилдаанаа бүрэн гаргаж чадсан уу?
-Тэмцээний өмнөх бэлтгэл дээр түүнтэй хэрхэн барилдах арга, мэхээ багш нартайгаа нэлээд ярилцаж, төлөвлөсөн. Түүнийхээ дагуу барилдаж чадсаан, уг нь. В.Липартелианитай тэнцүү өрсөлдсөн ч цаг дуусахын өмнө гаргасан жижигхээн алдаанаасаа болоод ялагдчихлаа. Цаг сунгаад барилдсан бол дийлчих ч байсан юм бил үү.
-Хэдхэн барилдааны дараа хүрэл медалийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Японы бөх Аарон Вольфтой барилдсан. Гүржийн бөхөд ялагдсан хүнд байдлаас гарах амаргүй байсан нь мэдээж. Та түүнээс юугаараа илүү байв?
-Өмнөх ялагдлаа бодохгүй байхыг хичээлээ. “Дэлхийн аваргатай барилдана” гээд сандран, өөрийгөө голбол амжилтад хүрч чадахгүй. Адилхан л хөлтэй, гартай, мэхтэй, хүчтэй жүдочид тул юунаас нь айж, бэргэх вэ. Санасан мэхээ зоригтой хийгээд, урагш давшиж барилдсанаараа би түүнээс илүү байсан юм болов уу.
-Япон бөхийг даралтаар, эсвэл өчиж ялах амаргүй. А.Вольфыг богино хугацаанд даралтаар цэвэр ялсан нь таны амжилт, ялалтыг бүр ч “амттай” болгосон болов уу?
-Тийм ээ. Япончууд энэ жил ДАШТ-ээс долоон алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн. Тэднээс ганцхан бөх медалиас мултарсан нь А.Вольф.
-Ерөнхийлөгчийг Азербайжанд очсон өдөр та медаль хүртсэн. Спортын зарим шооч хорхойтон “Дараа жилээс Ерөнхийлөгчийг эхний өдөр очуулъя” гэж байна лээ. Ерөнхийлөгч жүдочдынхоо барилдааныг очиж үзсэн нь юу юунаас илүү нөмөр, түшигтэй байсан нь мэдээж.
-Ерөнхийлөгчийн сүлд, хийморь биднийг ивээж, амжилтад хөтөлсөн нь лавтай. Барилдахад хавьгүй түшигтэй байлаа. Тэмцээний дараа Ерөнхийлөгчтэй уулзахад хүрэл медалийг нэлээд чамлаж байна лээ. Төрийн тэргүүн маань ДАШТ үзэж байгаа, амжилт гарган ачийг нь багахан ч атугай хариулъя гээд эрвийх дэрвийхээрээ зүтгэлээ, бид. Дэлхийн медальтан болсон баярт мөчөө Ерөнхийлөгчтэйгөө, монгол түмэнтэйгээ хамт хуваалцана гэдэг яалт ч үгүй ховор хувь заяа.
-Риогийн олимпод өрсөлдөхдөө хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын бөхөд ялагдсан. Медалиас мултарсан харамсал, удаан эдгэсэн бэртэл гээд тухайн үед танд ямар хэцүү байсныг төсөөлөхийн аргагүй. Давахад хамгийн хэцүү нь юу байв?
-Ер нь медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэй, бэлтгэл сайтай байсан л даа. Хоёрдугаар тойрогт дэлхийн аварга, Кубын бөх Э.Гонзалесыг ялахдаа шагайгаа бэртээсэн. Хөл хавдаж, тэсэхийн аргагүй өвдсөн ч сайтар боон, өвчин намдаах тариагаар тариулж байгаад барилдахдаа Гүржийн бөх, олимп, дэлхийн дэд аварга В.Липартелианид дийлдсэн. Хүрэл медалийн төлөө Шин Жаотой барилдаж байхад мөр бэртэн, улам хүнд байдалд орсон л доо. Шагай, мөр бэртчихээр яаж ч хичээгээд нэмэргүй юм билээ. “Өвдөөд байна” гээд больчихвол монголчуудынхаа нүүрийг яаж харах вэ. Тэгээд л гүрийчихсэн. Хэдийгээр барилдаанаа дуусгасан ч үргэлжүүлж өрсөлдөөд бэртлээ бүр сэдрээчихсэн юм билээ. Бразилд шөрмөс залгах хагалгаанд орсныхоо дараа эх орондоо ирэхэд амаргүй байсаан. Хүндийг өргөлтийн Ц.Хосбаяр дасгалжуулагч “Миний хүү медаль хангалттай авсан. Бурхан л чамд өгсөнгүй. Цаг нь арай болоогүй байсан юм байлгүй дээ. Жаахан л хүлээчих, үр дүн нь гарна” гэж урам хайрласан нь санаанаас ер гардаггүй.
-Та түрүүн ярилцлагынхаа эхэнд бөх болоход ах нар нь нөлөөлсөн гэсэн. Тэгвэл үндэсний бөхөөр бус, жүдогоор түлхүү хичээллэхэд юу нөлөөлөв?
-“MN-25 дугаар суваг” телевизээс зохион байгуулдаг байсан сүмогийн хүүхдийн тэмцээнд оролцож байхдаа Л.Шийрэв багштай танилцсан юм. Тэгэхэд жүдогоор хичээллэхийг надад зөвлөсөн. Тухайн үед Монголд жүдо төдийлөн хөгжөөгүй байсан л даа. 11 настай байсан надад эл спортын талаар ямар ч төсөөлөл байгаагүй. Тэгж жүдоч болж байлаа.
-Жүдогоор тууштай хичээллэвэл амжилт гаргах, олимп, дэлхийн медальтан болох ирээдүйтэйгээ мэдэрсэн, урамшсан тэмцээн аль нь вэ?
-Анхнаасаа л олимп, дэлхийн медальтан болохыг зорьсон. Тэмцээн бүрээс урам авсан, алдаа, оноогоо дэнсэлсэн. Хамгийн дурсамжтай нь 2015, 2016 оны “Чингис хаан” гран при. Эх орныхоо дэвжээнд, монгол түмнийхээ өмнө түрүүлэхээс илүү жаргал гэж юу байх вэ. Харамсалтай нь, “Чингис хаан” гран прийг сүүлийн хоёр жил Монголд зохион байгуулсангүй.
-Л.Шийрэв багш түрүүн “Отгоо багадаа байсхийгээд л хөдөөх гэр рүүгээ дэгдчихнэ. Малчин болоход тун ойрхон байсан хүн дээ” гэсэн. Хэрвээ жүдогоор барилдаагүй бол ямар мэргэжил эзэмших байсан бэ?
-Би чинь жинхэнэ хөдөөний хүн шүү дээ. Хурдан морь унан, хурга ишиг хариулж, дээл гутлаа ханзартал барилдаж өссөн. Улаанбаатар хотод ирснийхээ дараа амралтаараа, ер нь зав л гарвал хөдөө явдаг байлаа. Гэрээ санана, аавдаа, ээждээ туслах сан гэж санаа зовно. Би эхээсээ наймуулаа, хамгийн бага нь. Аав “Хотод хийсэн тодорхой ажилгүй, шальсан амжилтгүй бол мал малла” гэдэг байв. Би ч дуртай, малчин болсон ч яах вэ гэж бодсон. Хэрвээ жүдогоор хичээллээгүй бол өдийд мал маллаад, адууны захад исгэрч яваа байх.
-Та найз бүсгүйтэй юү?
-Байхгүй ээ.
-Дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдтэй үерхдэг байсан. Тухайн үед спортын хүрээнийхэн “Олны хүндлэлийг хүлээсэн хоёр бөх нийлэх нь” хэмээж байсан шүү дээ.
-Үерхсээн, үерхсэн.
-Аав тань аймгийн алдарт уяач. Та хурдан моринд хэр хорхойтой вэ?
-Манай том ах бас аймгийн алдарт уяач цолтой. Би зургаан настайгаасаа хурдан морь унасан. Аймаг, сум, “Их хурд” уралдаанд хүртэл унаж байлаа. Биерхүү хүүхэд байсан болохоор нэг их удаагүй “зодог тайлсан”. Одоо ч моринд хорхойтой. Хурдан морины дэл, сүүл боохоор, дэргэд нь байхаар хийморь сэргээд сайхан байдаг. Даанч тэмцээн, бэлтгэл гээд төдийлөн хөдөө явж амжихгүй юм.
-Тамирчинд чөлөөт цаг тун хомс гэдэг. Жүдогоор барилдахын зэрэгцээ сурах, өөр чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх бодол бий юү?
-Байгаа. Спорт залуу насны ажил. Тиймээс зодог тайлсныхаа дараа юу хийх, яах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Би “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Бэлтгэл, тэмцээн гээд одоохондоо ямар нэгэн зүйлээр өөрийгөө хөгжүүлэх зав гарахгүй юм. Алсдаа сурах бодол бий. Оноос өмнө Абу Даби, Токиогийн гранд слам, “World masters” тэмцээнтэй. Багш нартайгаа зөвлөж байгаад алинд нь зодоглохоо шийднэ.