Сүүлийн хоёр өдөр ихэнх нутгаар хүйтэрч, нойтон цас орлоо. Энэ сарын 4-нд Баян-Өлгий, Увс, Завхан аймгийн зарим суманд нойтон цас орж, цочир хүйтэрсэн бол өчигдөр Завхан аймгийн Тосонцэнгэл, Нөмрөг сум, Хөвсгөл, Архангай аймгийн уулархаг нутгаар цас орсон аж. Харин Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймагт усархаг бороотой байсныг Ус, Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Нийт нутгийг хамарсан хур тунадас өнөөдрөөс зогсох төлөвтэй ч энэ сарын 10-наас дахин бороошихыг анхаарууллаа. Тодруулбал, энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орох аж. Нийслэлийн хэмжээнд өнөөдөр бороо үргэлжлэн орох тул иргэдийг үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраар анхаарууллаа.
Бэлтгэсэн: У.Тэргэл