Гурван сая гаруйхан хүн амтай Монгол Улсын минь ирээдүй болсон хүүхэд багачууд цаг бусаар хорвоог орхиж буй нь хөндөхгүй байхын аргагүй сэдэв болсон. Популистууд хүүхдийн эрх зөрчигдөж байгааг хэсэгхэн хугацаанд яриад л мартдаг зуршилтай. XXI зууны, дайн дажнаас хол Монголд хэн нэгний, тэр дундаа эцэг, эхийнхээ хариуцлагагүйгээс болж, хүүхдийн амьд явах эрх нь зөрчигдөж, хүн амын өсөлтөд, цаашлаад үндэсний аюулгүй байдалд ч муугаар нөлөөлж болзошгүй хэмжээнд хүрсэн билээ.
Тиймээс Өдөр тутмын сонинуудын холбооноос 2016 оны есдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж буй Хүүхэд хамгааллын тухай хуулийг улам боловсронгуй болгоход шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах зорилгоор энэ сарын 13-нд форум зохион байгуулахаар болсон. Тиймдээ ч өнгөрсөн лхагва гаргийн дугаартаа өдөр тутмын сонинууд зөвхөн энэ оны эхний хагас жилд цаг бусаар хорвоог орхисон 151 хүүхдийн амиа алдсан шалтгааныг нийтэлсэн билээ.
Тэдгээрийн нэлээд хэсэг нь зам, тээврийн ослын улмаас амиа алдсан байгаа юм. Эцэг, эхчүүд үр хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулахгүй бол цаг бусаар бяцхан зүрхнүүд зогссоор байгаагийн тод жишээ уржигдар Дорнод аймгийн замд гарлаа. Тус аймгаас Улаанбаатар руу явж байсан “Тоёота Марк-II” загварын автомашин онхолдож, түүнд сууж явсан дөрвөн настай охин эмнэлэгт хүргүүлээд нас барсан байна. Ослын шалтгаан, хүүхдийг хэрхэн тээвэрлэж явсан зэрэг нь шалгалтын явцад тодорхой болно гэдгийг орон нутгийн хууль сахиулах байгууллагын эх сурвалжууд хэлж буй. Хүүхдийг зориулалтын суудалд суулгаагүй, хамгаалах бүс зүүгээгүй байж болзошгүй гэнэ.
Хөдөлж буй болон зогсож байгаа автомашины орчинд аюулгүй байдлаа хэрхэн хангахаа бодит орчинд суралцав
Хүүхдийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд ямар ажил хийж буй талаар Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацын тэргүүн С.Энхтөртэй ярилцлаа.
-Өдөр тутмын сонинууд Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах талаар анхаарч, асуудал дэвшүүлэн форум зохион байгуулахаар болсон. Хүүхэд цаг бусаар хорвоог орхиж буй шалтгааны нэг нь зам, тээврийн осол. Жилд ойролцоогоор хэчнээн хүүхэд зам, тээврийн осолд өртөж байна вэ?
-Сүүлийн үеийн статистик мэдээллээс харахад нэг жилд ойролцоогоор 50-60 хүүхэд зам, тээврийн ослын улмаас амиа алдаж, 1000 орчим хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж байна. Хүний амь гэдэг утгаараа энэ бол их тоо, харин үүнийг “тэглэх” тухайд ярих юм бол тийм ч боломжгүй тоо биш.
Осолд өртөж буй хүүхдүүдийн 90 хувь нь эцэг, эх, асран хамгаалагчийн буруутай үйлдлээс болсон байдаг юм. Тэгэхээр томчууд бид үүнд дор бүрнээ анхаарахад л болох асуудал. Гэхдээ эцэг, эх, асран хамгаалагч нар өөрсдийнхөө бурууг мэдсэн ч үл тоомсорлож, заавал цагдаагийн торгууль, шийтгэл хүлээсний дараа бүсийг нь дуртай, дургүй бүслэх гэх мэт хандлага байгаа нь харамсалтай.
-Осолд өртөж буй гол шалтгаан нь юу юм бол?
-Хүүхдүүд осолд өртөж байгаа гол шалтгаан бол дээр хэлсэнчлэн эцэг, эхийнхээ машин дотор явж байгаад хохирох. Үүнээс гадна зорчих орчны аюулгүй байдал хангалтгүй, хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцох дадал суугаагүй, аюулгүй алхмыг төдийлөн мэддэггүйтэй холбоотой.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлыг зөвхөн төрийн байгууллага, тэр дундаа замын цагдаагийн ажил мэтээр нэг үе бид ойлгодог байлаа. Хууль, эрх зүй нь ч тийм хандлагатай байсан. Харин өнөөдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын хангахад олон нийтийн оролцоо чухал гэдэг нь тодорхой болсон.
Тухайлбал, “Оюутолгой” компани Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацтай хамтран хүүхдийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн хавраас “Хүүхэд, замын хөдөлгөөн” төсөл эхлүүлсэн. Бага насныхан хамгийн их эрсдэлд өртдөг, орчны аюулгүй байдалд нь анхаарах шаардлагатай нийслэлийн 10 сургуульд уг төслийг хэрэгжүүлж байна.
"Оюутолгой" компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Өмнөговь аймгийн иргэд рүү чиглээд тогтохгүй, манай улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө ч шинийг санаачлан дэмжиж ажилладаг. Үүний тод жишээ нь "Хүүхэд-замын хөдөлгөөн" төсөл юм.
Энэ ажлын хүрээнд бага насныхан ч, томчууд ч тэр бүр анзаараад байдаггүй хэрнээ ослын түгээмэл шалтгаан, далд хүчин зүйл болсон асуудлуудыг хүүхэд, эцэг, эх, багш нарт ойлгуулан зааж, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, дадал хэвшил суулгаж байна.
Хүүхдүүд хөдөлж буй болон зогсож байгаа автомашины орчинд аюулгүй байдлаа хангаж явах талаар ойлголт муутай байдаг. Энэ нь “Blind spot” буюу үл үзэгдэх цэг, орчны нөлөөлөлтэй шууд холбоотой. Бид энэ ойлголтыг өгөхийн тулд Монголын автомашины дистрибюторүүдийн холбоо (MADA), “Монгол Хьюндай автомотив” компанитай хамтран үзэсгэлэнгийн танхимд нь сургалтуудаа зохион байгуулж буй нь маш үр дүнтэй болж байна.
-“Оюутолгой” компанитай хамтарсан төслийн хүрээнд чухам ямар мэдлэг хүүхдүүдэд өгч байгаа юм бэ?
-Танхимд суулгаад замын хөдөлгөөний тухай ярихаас автомашин, замд хүүхдүүдийг аваачиж, машинаа тойрч зогсоод юм уу, дотор нь суулгаад харуулах нь илүү бодитой. Мөн гарцын шугамын дэргэд, эсвэл тэр шугам дээр зогсоод хүүхдэд замын хөдөлгөөн, автомашины үзэгдэх орчин, хурд зэргийг ойлгуулах нь үр дүнтэй, хэзээ ч мартахгүй болтол тархиндаа “суулгадаг”. Энэ ажлын хүрээнд бид хүүхдийг автомашинаас бууж, суух үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Аюулгүй хаалга, аюулгүй цэг” гэх мэт олон улсад хэрэглэж буй сайн туршлагуудыг “Хүүхэд, замын хөдөлгөөн” төслөөрөө дамжуулж цаашид байнга хэрэгжүүлж, нэвтрүүлэх зорилготой байгаа.
Ер нь хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулж сургах, эцэг, эхчүүдэд зөв ойлголт өгөхийн тулд танхимын хэвшмэл сургалтаас татгалзаж бодит орчинд явуулдаг олон улсын туршлагыг хэрэгжүүлж, үр дүнг нь харахыг хүсэж байгаа юм. Төслийн хүрээнд бид Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, хуучнаар ЗЦА, одоогийн Тээврийн цагдаагийн албатай хамтран нийслэлийн 117 дугаар сургуулийн 12а ангийн сурагч У.Анужинг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүүхдийн элчээр өргөмжилж, үе тэнгийн хүүхдүүдээ уриалах, тэдэнд зааж сурган, манлайлах ажлыг зохион байгуулж байна.
Мөн хүүхдийг зам, тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, амьдралд нь зөв дадал олгох зорилгоор Замын хөдөлгөөний хүүхдийн хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Одоогоор төсөл нь бэлэн болж буй юм. Аль ч улс, оронд хүүхдийг багаас нь замын хөдөлгөөнд ороход бэлтгэх зорилгоор иж бүрэн хотхон байгуулдаг. Ийм төв нээхээр зорьсон. Зөвхөн замын хөдөлгөөн гэлтгүй, зөв амьдрах ухаанд сургах, онцгой байдлын үед өөрийгөө болон бусдыг аврах, анхны тусламж яаж үзүүлэх, эрүүл мэндийн бусад мэдлэг давхар олгох сургалт, танин мэдэхүйн төв болох юм.
-Хичээлийн шинэ жил эхэллээ, бас эрт харанхуй болдог үе ч ирж байна. Улаанбаатарын утаа ч тээврийн хэрэгслийн үзэгдэх орчинд сөрөг нөлөөтэй. Ийм үед хичээлээсээ тарах юм уу, ирж явсан хүүхэд осолд өртөх тохиолдол гардаг. Зарим сургуулийн багш нар эцэг, эхчүүдээс хүүхдийнхээ цүнхэнд цацруулагч наахыг шаарддаг. Энэ арга хэр үр дүнтэй юм бол?
-Хүйтний улирал эхлэхээр үзэгдэх орчин хязгаарлагдмал болж, энэ үед бяцхан жаалууд харанхуйд, утаанд бүдчин замын хөдөлгөөнд их оролцдог. Ийм үед тэдний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хүүхдэд цацруулагчтай хантааз өмсгөх, цацруулагч бүхий оёмол наалтуудыг хувцсанд нь бэхлэх гэх мэт ажлыг зохион байгуулж байна. Энэ бол үр дүнтэй арга.
Сургуулийн удирдлага, багш нарын анхаарах асуудлуудын нэг бол сургууль орчмын аюулгүй байдал. Энэ ч үүднээс “Сургууль орчимд 20 км/ цаг” хөтөлбөр энэ сараас хэрэгжүүлж эхэлж байна. Уг хөтөлбөр нь сургууль орчны аюулгүй байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой юм. Жолооч нар ямар орчинд хэдэн км/цагийн хурдтай явахаа сонгох, аюулгүй байдлаа хэрхэн хангахад төдийлөн анхаардаггүй. Тийм учраас сургууль, хүүхдүүдийн зүгээс жолооч нарт хандсан нөлөөллийн ажлууд түлхүү хийх юм. Цагдаагийн алба хаагч нар ч үүнд оролцож, зарим жолооч нарт хариуцлага ногдуулах ажил зохион байгуулна.