“Та бүхнийг бидэнтэй хамтран Монголын уул уурхайн салбарын шинэ үеийг эхлүүлэхийг урьж байна” хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Discover Mongolia” эрдэс баялаг, уул уурхайн нэгдсэн чуулганд хэлсэн үгийнхээ төгсгөлд онцоллоо. Уул уурхайн салбарын чуулга уулзалт бүрт Засгийн газрын төлөөлөгчид хөрөнгө оруулагчдыг уриалсан иймэрхүү үг хэлдэг нь тогтсон жаяг мэт болжээ.
Гэвч энэ удаад Д.Сумъяабазар сайдын “шинэ үе” гэж тодотгосон нь хоосон чамирхал биш юм. Монголын хариуцлагагүй, ашгийн төлөө хэтэрхий улайрсан уул уурхайн салбарт шинэчлэл хэрэгтэй агаад хаана хаанаа үүнийгээ мэдэрчихээд байгаа билээ. Уул уурхайн салбарт үнэхээр ч шинэ үеийн салхи сэвэлзэж эхэлснийг “Discover Mongolia”-д оролцогчдын “шинж төрх”-өөс харж болохоор байв. Түүхий эдийн үнэ буурч, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхол багассан үед чуулганы танхимд цөөн тооны “шар толгойт” суудаг болсон байлаа. Тэгвэл энэ удаа гадаадын олон хөрөнгө оруулагч хүрэлцэн ирж, танхим дүүрэн оролцогчтой чуулган үргэлжлэв.
Монгол уул уурхайн орон. Үүнтэй маргаж мэтгэх хүн байхгүй. УУХҮ-ийн сайд 2017 оны байдлаар уул уурхайн салбар экспортын 90, аж үйлдвэрийн 74, дотоодын нийт бүтээгдэхүүний 22, гадаадын хөрөнгө оруулалтын 72 хувийг эзэлж байна гэсэн статистик мэдээллээр үүнийг баталлаа. Ингээд тэрбээр улс орны эдийн засаг тогтвортой байх, эсэх нь уул уурхайн салбараас хамаарах болчихоод байгааг тэмдэглэсэн.
Цахим бүртгэлээр тусгай зөвшөөрөл олгоход үүссэн “будилаан”-аас шалтгаалан ашигт малтмалын хайгуул шинээр хийх ажлыг түр зогсоогоод байв. Харин саяхнаас сонгон шалгаруулалтаар олгох журмын хүрээнд шинэ талбайд хайгуул хийх шийдвэр гаргаад байгаа. Ашигт малтмал, газрын тосны газрынхан 14 хоногийн өмнө хайгуулын шинэ тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлажээ. Чуулганы үеэр Д.Сумъяабазар сайд “Хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар бус, өргөдлөөр олгох эрх зүйн зохицуулалт хийхээр судалж байгаа.
Геологи хайгуулын хөгжил уул уурхайнхаасаа 15-20 жилээр түрүүлж явах ёстой. Хөгжиж буй орнууд сонгон шалгаруулалтаар ч, өргөдлөөр ч хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хэрэгтэй юм байна лээ” гэж байр сууриа илэрхийлсэн нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татав. Тэрбээр “Ойрын жилүүдэд хэрэгжүүлэхээр зэхсэн төслүүдийг санхүүжүүлэхэд 20 тэрбум ам.доллар шаардлагатай. Гадаадаас хөрөнгө татсан төслүүдийг Монголынх гэж харна, дэмжинэ. Хоосон популизмтэй тэмцэнэ” хэмээн үргэлжлүүлэхэд чуулганд оролцогчид алга ташиж талархаж буйгаа илэрхийлсэн.
Уул уурхайн шинэ төсөл хэрэгжүүлэхээс гадна техник, технологи нь хуучирсан компаниудаа өөд нь татах, ачаа тээвэр, ложистикийн дэд бүтэц барихад асар их хөрөнгө Монгол Улсад шаардлагатай нь ойлгомжтой. “Лайон менежер лимитед” компанийн гүйцэтгэх захирал Хэдли Виддап чуулганд оролцож, “Уул уурхайн мөчлөг ба Монгол Улс” сэдэвт илтгэл тавихдаа хөрөнгө оруулалтын чиг баримжаа хэрхэж буйг хөндлөө.
Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өсөхөд хөрөнгийн биржийн индексүүд дагаж дээшлээд, буурахад нь урууддаг зүй тогтол сүүлийн 30 жилийн хандлагаас харагджээ. Мөн түүхий эдийн үнэ унахад уул уурхайн төслүүд хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох нь ч багасдаг аж. Түүхий эдийн үнэ унасны улмаас 2015 онд бусад үетэй харьцуулахад хамгийн бага мөнгө хөрөнгийн зах зээлээс татжээ. Тэгвэл энэ жилээс уул уурхайн төслүүд хөрөнгийн зах зээлийг сонирхох болжээ. Тэрбээр “Хөрөнгө оруулагчид зөвхөн ашиг харж бус, тухайн орныг судалж, хөрөнгө оруулах сонирхолтой болсон.
Улс төр нь тогтворгүй, итгэл даахгүй бол хөрөнгөө алдах магадлалтай гэж болгоомжилж байна” гээд, хөрөнгө оруулагчдыг сүрэг тагтаатай зүйрлэлээ. Сүрэг тагтаа хаа нэгтээ суучихсан будаа тоншиж байхад нь чулуу шидвэл бүгд нисээд явчихдаг. Хөрөнгө оруулагчид руугаа чулуу шидээд тагтаа шиг нисгээд явуулчихсан сургамж монголчуудад бий. УИХ-аас 2011 онд стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах эрх зүйн зохицуулалт хийсэн. Уг нь гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалахыг хичээсэн эрх зүйн зохицуулалт болсон ч хөрөнгө оруулагчид үргэчихсэн юм.
Чуулганы эхэнд “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес, “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал П.Ганхүү нар танилцуулга хийсэн. Эдийн засаг, уул уурхайн чиглэлийн чуулга уулзалт бүрт дээрх хоёр компани танилцуулга хийдэг болжээ. “Оюутолгой” компани эдийн засагт үзүүлсэн эерэг нөлөөнийхөө талаар олон нийтэд хүргэхээр дэлгэрэнгүй танилцуулга хийсээр байгаа юм. Армандо Торрес “Оюутолгой” төсөлд 16 мянган гэрээт болон үндсэн ажилтан ажиллаж байгаагийн 93 хувь нь Монгол Улсын иргэн, 1000 ханган нийлүүлэгчийн 70 хувь нь дотоодынх гэж танилцууллаа.
Үүнээс гадна “Оюутолгой” компани төсөвт нийт 2.9 их наяд төгрөг төвлөрүүлж, дотоодын компаниудаас 2.5 тэрбум ам.доллароор бараа, бүтээгдэхүүн худалдан авчээ. Тэгвэл “Эрдэнэс Монгол” компани хөрөнгө татаж, “Багануур”, “Шивээ-Овоо”-гийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна авто зам, хар төмөрлөг, алт боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр зэхээд буй. Энэ удаа П.Ганхүү захирал Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэж, 5200 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих, Эрдэс баялгийн бирж байгуулахаар болсноо зарласан нь содон мэдээлэл байлаа. 5200 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцад үйлдвэрлэсэн эрчим хүчээ БНХАУ руу экспортлох юм.
Ингээд эрдэс баялаг, уул уурхайн нэгдсэн чуулган ашигт малтмалын нөөцөө тогтоочихсон, бүтээн байгуулалтаа эхлүүлэхээр зэхээд буй зургаан төслийн танилцуулгаар үргэлжлэв. Монголчууд хийгээд Засгийн газар эдгээр компаниас их, бага хэмжээгээр хувьцаа эзэмшдэг онцлог ажиглагдаж байлаа. Хувьцааных нь 30 гаруй хувь монголчуудын мэдэлд байдаг “Аспайр майнинг лимитед” компани Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас хагас коксжих нүүрс экспортлох “Овоот” төслөө эхлүүлэхээр зэхжээ.
Тус компани Могойн голын нүүрсний ордод хайгуул хийж, 240 сая тонн нүүрсний нөөц илрүүлээд байгаа юм. Тэндээс нүүрс экспортлоход 570 орчим км төмөр зам барих шаардлагатай. Одоогоор төмөр зам тавих техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруулж дуусана гэнэ. “Жем интернэшнл” компанийн эзэн Ц.Цэрэнпунцаг 15 сая ам.долларын хөрөнгө оруулснаар тус компанийн хувьцааны 20 гаруй хувийг эзэмшдэг болжээ. “Аспайр майнинг лимитед” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Дэвид Полл “Овоот” бол Монгол Улсын нүүрсний нөөцийг дээшлүүлэх төсөл гэж тодотгосон.
Сүүлийн үед говьд нээгдсэн шинэ орд бол Хармагтай. 680 мянган тонн зэс, 70 тонн алтны нөөцтэй гэгдэж буй энэ ордыг ашиглахад зардал багатай нь тогтоогдсон гэж “Занаду майнс” компанийн гүйцэтгэх захирал Эндрю Стюарт “Discover Mongolia” чуулганд оролцогчдод зарлав. Газрын гүн рүү 650 метр өрөмдөхөд сайн үр дүн гарчээ. Хайгуулын ажилдаа нийт 25 сая ам.доллар зарцуулсан тус компанийнхан хоёр улирлын дараа гэхэд ордоо хэрхэн ашиглах төлөвлөгөөгөө гаргачих юм байна.
Бас л олны анхаарлыг татаад буй “Степп гоулд” компанийнхан Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дахь “Алтан Цагаан-Овоо” төслөө эхлүүлэхээр зэхсэнээ дуулгалаа. Тус компани Цагаан-Овоо суманд ашиглалтын нэг, хайгуулын хоёр, Баянхонгор аймагт хайгуулын нэг тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж. Алт нийлүүлэх гэрээ хийж, шаардлагатай бүх хөрөнгө оруулалтаа татаад байгаа гэнэ. Уурхайн кэмпээ барьж бүтээн байгуулалтын ажилдаа оржээ. Тэндээс 150 мянган унци алт олборлох зорилт тавьсан байна. Нэг унци алтыг 330-350 ам.долларын зардлаар олборлох учраас маш ашигтай төсөл гэж тус компанийн гүйцэтгэх захирал Т.Батаа ярьсан. Тэднийх олон улсын зах зээлд хувьцаа гаргаж, 25 сая доллар босгоод байгаа билээ.
Торонто болон Монголын хөрөнгийн биржид хувьцаа гаргаж, мөн л олон улсын зах зээлээс хөрөнгө татсан “Эрдэнэ ресурс девелопмент” компанийн гүйцэтгэх захирал Петер Акерли “Баян хөндий”, “Алтан нар” төслийн хүрээнд 1.5 сая унци алт олборлох уурхай байгуулах төлөвлөгөө гаргаж буйгаа дуулгав. Тэдний дэлхийд эхний 100-д багтах өндөр агуулгатай алтны орд нээсэн нь хайгуулын явцад тодорхой болжээ. Саяхан “Баян хөндий” төслийнхөө ойролцоо хайгуулын өрөмдлөг хийсэн байна. Ингэхэд алтны орд илрэх магадлалтай дээж гарсан гэнэ.
Ингээд зургаан төслийг хааж, “Бадрах энержи” компани танилцуулгаа хийлээ. Монголчуудын “Арева Монгол” гэх хуучин нэрээр нь сайн мэдэх Франц, Япон, Монголын хөрөнгө оруулалтын энэ компани уурхай нээх бүтээн байгуулалтаа хэдийн эхэлжээ. Толгой компани “Арева” нь ч “Орано” гэж нэрээ өөрчилжээ. “Орано” компанийн геологийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Жилбэрт Штейн “Манай компанийн илрүүлсэн “Зүүн хүзүүвч” орд 61 мянган тонн ураны нөөцтэй. Тиймээс дэлхийд томд тооцогдох ураны уурхай болох боломж бий” гэж ярив. Тэднийх уурхай нээх зөвшөөрөл авах хүсэлтээ Засгийн газарт гаргажээ. Хагас жилд багтаад зөвшөөрлөө авчихна гэж найдаж байгаа аж.
“Discover Mongolia” эрдэс баялаг, уул уурхайн нэгдсэн чуулган ирэх жилүүдэд уурхай нээх шинэ төслүүдийг хөрөнгө оруулагчдад хийгээд монголчуудад ийн зарлав. Уул уурхай ирэх жилүүдэд эдийн засгийн хамгийн чухал салбар хэвээр байх нь илэрхий ажээ.