Жил бүр хавар, зун хүнсний ногооны хомсдол үүсэж, үнэ нь нэмэгддэг. Энэ жил нэг кг лууван, манжин 2000-5000 төгрөгт хүрсэн. “Хүнсний ногоог их хэмжээгээр хадгалах агуулах, зоорь байхгүйгээс хомсдол үүсэж, үнэ хөөрөгддөг” гэж холбогдох албаныхан хэлэв. Тиймээс хотын захад хүнсний ногооны бөөний худалдааны төв байгуулах болжээ. Энэ талаар эрх бүхий албан тушаалтнуудаас тодрууллаа.
Ж.БАТБАЯСГАЛАН (Нийслэлийн Засаг даргын орлогч):
-Улаанбаатарт хүнсний ногоо хадгалах агуулах, зоорь хомс. Тиймээс нийслэлийн иргэд худалдаа эрхлэгчдийн лангууны түрээсээ шингээсэн үнээр төмс, лууван авч байна. Үүнээс гадна тариалан эрхлэгчид ногоогоо худалдахын тулд торгуулахаас авхуулаад олон бэрхшээл туулдаг. Тиймээс ХХААХҮЯ болон тариаланчид хамтран хүнсний ногоо худалдах бөөний цэг байгуулахаар хэлэлцэж, бидэнд хандан, 15 га газар олгож өгөөч гэсэн.
Хотын ойролцоо ийм хэмжээний сул газар хомс, хамгийн ойрхон нь төмөр замын 361-ийн гарам орчимд байдаг. Бөөний цэгийг ийм хол байгуулахаар иргэд тийш очиж худалдаа хийх нь юү л бол. Үүнээс гадна дэд бүтэц шийдэхэд хөрөнгө их орно. Тиймээс тариалангийн зориулалтаар ийм хэмжээний газар эзэмшиж буй хүмүүсийг судалж, ДЦС- IV-ийн урдах талбайг санал болгосон. Улмаар эзэмшигчтэй нь холбож өгсөн. ХХААХҮЯ-ныхан тэдэнтэй зөвшилцөөд, ТЭЗҮ-ийг нь боловсруулж байгаа. Бөөний цэг байгуулах хөрөнгийг удахгүй шийднэ гэж сонссон.
Т.ТӨРМАНДАХ (“Монгол ногоо” төслийн зохицуулагч):
-Ургуулсан ногоогоо борлуулахад бэрхшээл байдаг тул тарих хүн цөөрч байна. Зургаан сарын турш арчилж, тарьсан ногоогоо өөрийн өртгөөс нь хямд зарахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Үүний улмаас үнийн хөөрөгдөл үүсэж байгаа хэрэг. Харамсалтай нь, өсөлтийн ашиг нь ногоочдод очдоггүй. 2009 оноос хойш монголчууд дотоодынхоо төмсний хэрэгцээг 100 хувь хангадаг боллоо.
Тухайн үед нэг кг мах ямар үнэтэй байлаа. Одоо дунджаар 6000 төгрөг болчихоод байна. Гэтэл хүнсний ногооны үнэ нэмэгдээгүй. Тиймээс борлуулалтыг нь дэмжих шаардлагатай. ХХААХҮЯ-ныхан хүнсний ногооны бөөний цэг байгуулах боллоо. Олон нийтийн өмчлөлтэй зах байгуулна гэсэн үг. Гадаадын улсуудад тийм төв олон бий.
Тариаланчдаас ногоог нь хүлээж аваад, хамгийн өндөр үнэ хэлсэн борлуулагчдад өгч, дуудлага худалдааны үнийн дөрвөн хувийг шимтгэлд суутгаад үлдсэнийг нь ногоочдод өгдөг зарчимтай. Энэ бол дамжлагагүй худалдаа учраас зөв систем.
Бэлтгэсэн: Г.Цэцэг