Нийслэлийн удирдлага хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй хийдэг уламжлалт “Хот ба сэтгүүлч” уулзалт өчигдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа хүлээж авснаас хойш 800 орчим хоног өнгөрснийг уулзалтын эхэнд дуулгаад, энэ хугацаанд хийж амжуулсан томоохон бүтээн байгуулалтуудаас танилцуулсан юм.
“Анх биднийг ажил хүлээж авахад нийслэл хот 120 орчим тэрбум төгрөгийн өртэй байсан. Харин 2018 оны хагас жилд багтаан бид 100 тэрбум төгрөгийн өрийг шийдэж, дараагийн хөрөнгө оруулалт энд тэндээс гуйхад нүүр бардам байхаар болсныг юуны түрүүнд дуулгая. Миний бие анх хотын дарга болсон цагаасаа л дүүргүүдийн удирдлага болон нийслэлийн төр захиргааны байгууллагуудын төсвийн сахилга батыг чанд сахиулахад анхаарч ирсэн.
Өөрөөр хэлбэл, төсвийн ерөнхийлөн захирагч нар олон банкны янз бүрийн дансаар гүйлгээ хийдэг байсныг цэгцэлж, нэг байгууллага нэг л данстай байх тогтолцоонд шилжлээ. Мөн ямар ч төрлийн тендерийн материалыг зөвхөн цахимаар хүлээн авдаг болгосон нь авлига, хүнд суртлаас зайлсхийх нэг алхам болсон” хэмээн хотын захирагч энэ үеэр онцлов.
НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙГ НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ НЬ
Монгол Улсын хүн амын тал шахам хувь нь аж төрж буй, улсынхаа эдийн засгийн 64 хувийг дангаараа үүрдэг Улаанбаатар хотыг 40 мянган хүнтэй нэг аймагтай адилхан статустай гэж үзсээр ирсэн хууль, эрх зүйн орчныг өөрчлөх шаардлагатайг үе үеийн хотын дарга нар хэлдэг. Тэгвэл 23 жилийн өмнө баталснаас хойш өөрчлөлт хийлгүй өдий хүрсэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг С.Батболдын баг энэ намрын УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн, батлуулахаар зорьж буй гэнэ.
Анх энэ хуулийг баталж байхад нийслэлийн хүн ам одоогийнхоос 2.5 дахин бага байсан гэхээр цаг хугацаа өнгөрөх тусам нийслэлийн энэ их төвлөрөл, ачааллыг зохицуулах эрх зүйн чадамжаа алдсан нь тодорхой. Тиймээс дэлхийн бусад томоохон хотын адил Улаанбаатар бие даасан статустай болж, эдийн засгийн хүндрэлийг өөрийн хүчээр даван туулахын тулд хөрөнгө оруулалт татдаг, бонд, хувьцаа гаргадаг, шаардлагатай бол татвар ногдуулдаг болох эхлэл эл хуулиар тавигдах юм байна. Хамгийн гол нь иргэд өөрсдөө хотын хөгжилд ямар оролцоотой байх вэ гэдгийг эрх зүйн зохицуулалтаар шийдэж өгөхөөрөө давуу талтай гэнэ.
“СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ГАЗРЫГ ИТХ-ЫН ТОГТООЛООР ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВНА”
“Хотын газрыг хууль бусаар иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгодог асуудалтай хатуу тэмцэнэ” гэсээр гарч ирсэн хотын дарга өнгөрсөн хугацаанд шинээр нэг ч иргэн, аж ахуйн нэгжид хууль бусаар газар олгох захирамжид гарын үсэг зураагүй гэдгээ хэлэв. Түүнийг ажлаа авахад Улаанбаатарын харьяаны нутаг дэвсгэрт хөлбөмбөгийн 50 талбайтай тэнцэхүйц хэмжээний газрыг хууль бусаар олгосон байсныг цэгцэлж, буцаагаад авахыг нь авч буй гэсэн.
Хотын захиргааг 2019 онд Яармаг руу нүүлгэн шилжүүлж, тэнд Улаанбаатар хотын аялал жуулчлал, санхүү бизнесийн шинэ төв бий болгох том “амбийцтай” байгаа учраас тэр хавьд газар чөлөөлөх ажил хэдийнэ эхэлжээ. Харин иргэд, аж ахуйн нэгж урьд нь эзэмшсэн газрын эрхийн бичгээ тав таван жилээр сунгуулдаг байсныг 15 жил болгож уртасгасан нь олны талархлыг хүлээсэн шийдвэр байсан гэнэ.
Түүнчлэн хотын дарга сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газрыг дээрэмддэг байдлыг таслан зогсоох талаар цөөнгүй ажил хийж байгааг иргэд гадарлах биз. Тэрбээр өчигдрийн хурлын үеэр “Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газрыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн тогтоолоор “тусгай хэрэгцээт газар” хэмээн хамгаалалтад авхуулсан нь дээр юм билээ. Миний дараа ямар ч хүн нийслэлийн Засаг дарга болсон байлаа ИТХ-ын тогтоолтой шийдвэр нь байвал ганцхан захирамж гаргаад үүнийг үгүйсгэж чадахгүй. Тиймээс хоёулаа энэ асуудлыг хөөцөлдөж, заавал ажил хэрэг болгоно шүү” хэмээн Газрын албаны даргадаа үүрэг өгөөтөхөв.
“Хот ба сэтгүүлч” уулзалтын төгсгөлд хотын дарга сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Тухайлбал, нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахын тулд дөрвөн том гүүрний ажил эхлүүлсэн нь сүүлийн 60 жилд хийгээгүй бүтээн байгуулалт бөгөөд ирэх жил гэхэд улаанбаатарчууд үр дүнг нь үзнэ гэдгийг амлав.
Энэ дунд нэг гэгээтэй мэдээ дуулгасан нь өнөө жил нийслэлийн хөрөнгө оруулалтаар түүхэндээ анх удаа 100 цэцэрлэг, сургууль барьж байгаа учраас хойтон гэхэд Улаанбаатар хотод гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болно гэлээ. “Хэчнээн жил хэдүүлээ сургууль, цэцэрлэг хүрэлцээгүй байна гэж ярих вэ дээ. Одоо бүгдээрээ арай өөр зүйл ярьж, том мөрөөдөж, том сэтгэх хэрэгтэй байх аа” хэмээгээд тэрбээр уулзалтаа өндөрлүүлсэн.