Гаалийн ерөнхий газраас авсан мэдээллээр манай улсад жилд ойролцоогоор 100 орчим мянган аккумлятор буюу автомашины зай хураагуур орж ирдэг юм байна. Солонгос, Япон, Турк ОХУ-аас голдуу авчирдаг бөгөөд хил нэвтрүүлж буй аккумляторын 30 орчим хувь нь хуучин буюу хэдийнэ ашиглалтаас гарсан байдаг аж. Шинэ болон шинэвтрийг нь борлуулж, хуучнаас нь хар тугалга ялгах зорилгоор импортлодог гэж аж ахуйн нэгжүүд мэдээлсэн байна.
Хаягдал зай хураагуурыг задалж, хар тугалгыг нь ялгаж авдаг аж ахуйн нэгж Улаанбаатарт хэд хэд бий. Мөн хуучин аккумлятор авч, тэдэнд нийлүүлдэг хүмүүс ч цөөнгүй байдаг. Тэдний үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй учраас нийслэлийн БОАЖГ-ынхан ахуйн нэгж, иргэдийн төлөөлөлтэй уулзжээ.
Уулзалтын үеэр хар тугалга ялгаж авахдаа хүхрийн хүчлийн уусмалыг хөрсөнд шингээхгүй байх, хилээр хуучин аккумлятор нэвтрүүлэхгүй болох асуудлыг хэлэлцсэн гэнэ. Аж ахуйн нэгжүүд ч үүнийг зөвшөөрч, зарим нь хуучин аккумлятороо экспортлогч орон руу нь буцаана гэжээ. Ийм уулзалт дахин зохион байгуулж, цаашдаа дан ганц аккумлятор бус, хуруу болон товчин зай хураагуурт тавих хяналтыг сайжруулна гэдгээ нийслэлийн БОАЖГ-ын дарга Э.Баттулга хэллээ.
Бэлтгэсэн: Г.Цэцэг