Такси үйлчилгээний зөвшөөрөлгүй, хувийн машинтай хүмүүс иргэдэд үйлчилдгийг маргаашнаас халах шийдвэр гарсан тухай олон нийтийн сүлжээгээр шуугиж байна. Дэлхийн жишгээс харахад 1000 хүн тутамд 3-4 такси ногдвол тохиромжтой гэж тооцдог. Тэгэхээр Улаанбаатарт 4500-5000 машин үйлчилгээнд явах шаардлагатай. Гэтэл нийслэлд таксины үйлчилгээ эрхлэх эрх бүхий 11 компанийн 600 орчим тээврийн хэрэгсэл байгаа аж. Энэ нь 1.5 сая хүнтэй хотод үнэхээр хангалтгүй дүн. Иймээс ч “халтуурчид” үйлчилгээнд явж, орон зайг нь нөхсөөр ирсэн. Тэдний зарим нь үйлчлүүлэгчээ дээрэмдсэн, айлгаж ичээсэн, илүү мөнгө нэхсэн, очих газраа мэддэггүй, бохир зэрэг гомдол тасардаггүй.
Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын Тээврийн албаны хэлтсийн дарга З.Цэвээндорж “Авто тээврийн тухай хуульд баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрдөггүй. Иргэд ийм машинаар үйлчлүүлж болохгүй гэсэн үг. Таксины хүртээмж тааруугаас энэ мэт асуудал орхигдсон. 2020 гэхэд төр болон хувийн хэвшлийн оролцоотой такси баазуудыг нэмэгдүүлэн, багадаа 2000 машин нийтийн тээвэрт нэвтрүүлэхээр ажиллаж байна. Санал, төслөө нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн. Ирэх улирлаас тодорхой шийдвэр гарч, хэрэгжих байх. “Халтуурчдыг” таксинд явуулахгүй байх талаар ямар нэг шийдвэр гараагүй” гэлээ. Мөн хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдэд тавих шинж журам гараагүйг Тээврийн цагдаагийн албаныхан баталлаа.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам