НӨХӨӨСТЭЙ, БАС НАВСГАР
Цөөн хэдэн чиглэлийг эс тооцвол Улаанбаатараас 21 аймаг хүртэлх авто замын нөхцөл сүүлийн жилүүдэд илт сайжирсан. Аль ч аймгийн иргэн байлаа хатуу хучилттай замаар давхиад л улсынхаа нийслэлд ирдэг боллоо. Олон жилийн өмнө айхтар замаар явдаг байснаа дурсаад, эх орныхоо хөгжил, дэвшлийг шагшин магтдаг хүмүүс Улаанбаатарын хаяанд ирээд бухимддаг нь даанч харамсалтай. Нийслэл хотын үүдээр орохдоо тэд дугаарлана, бас болоогүй ээ, бараг л үхэр ороод хэвтчихмээр том нүх тойрох гэж үйлээ үзэх нь энүүхэнд.
Өөдлөх айл үүднээсээ гэдэг дээ. Гэтэл Улаанбаатарын үүд болсон товчоод навсгар, ойр тойрных нь зам үй олон нүхтэй. Тухайлбал, баруун аймгуудаас ирж буй хүмүүс хотын хөдөлгөөний ачааллыг буруулахын тулд цаашлуулж, шинээр байгуулсан 22-ын товчоогоор орох гэж хөөрхөн түгжирнэ. Цагаан сар, наадам зэрэг улсын хэмжээний баяраас гадна хичээлийн шинэ жил эхлэх үеэр дугаарлаж зогсох хугацаа нь улам нэмэгдэнэ. Ашиглалтад оруулаад удаагүй ч хяналтын байрнууд нь эхнээсээ навсайж, тоосонд даруулсан байх жишээтэй. Харин Баруунтурууны товчоо нүхэн эвдрэл ихтэй. Түүгээр орж, гарах тээврийн хэрэгслийн тоо цөөн ч арваад машин зэрэг очиход хамгийн сүүлийнх нь 5-10 орчим минут зогсож байж нийслэлийн босгыг давдаг юм билээ.
Товчоодоос хамгийн их ачаалалтай, асуудалтай нь Баянзүрхийнх. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан ч үүнтэй санал нэгдсэн. Өчнөөн жил засаагүй навсгар байртай. Орчин тойрных нь зам маш муу. Голдуу хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчдог учраас ч тэр үү, байнга л эвдэрч, асфальтан зам нь хоёр захаасаа бороонд урсаад, жигтэйхэн “гоолиг” болчихсон. Амралт, зугаалгын үеэр Тэрэлжийг зорьсон нийслэлийн иргэд гэртээ ирэхийн тулд Налайх дүүргийн хаалганаас эхлээд л дугаарлах болдог. Бараг 30 км урт цуваа үүсдэг гэсэн үг.
МАЛ ЭМНЭЛГИЙНХЭН БОЛОН “ЗАСУУЛДАГГҮЙ” ЗАМ БУРУУТАЙ
Одоогоос яг нэг жилийн өмнө малын гоц халдварт шүлхий өвчин нийслэлд гарч, олон мянган хүн хөл хорионд орсон. Тухайн үед товчоодод тулгамдаж буй асуудлыг шийднэ гэж нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан мэдэгдэж байв. Тэрбээр “Улаанбаатартай хил залгаа оршдог зарим суманд шүлхий дэгдэж, тэр нь нийслэлд орж ирлээ. Урьдчилан сэргийлэх зорилгоор Автотээврийн шалган бүртгэх товчоодод ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэлсэн.
Товчоо хотын гадна байх ёстой болохоос суурьшлын бүс дунд байрлаж болохгүй. Зүүн аймгаас ирж буй хүмүүс хэдийнэ хотод орж, ирчихээд шалгуулж байна. Тиймээс хамгийн эхэнд Баянзүрхийн товчоог нүүлгэх ёстой” гэсэн юм. Үүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрчихөөд байхад товчоо байрандаа байсаар л. Үгүй дээ, нөхцөл байдлыг нь ч сайжруулсангүй.
Шалтгааныг нь нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодрууллаа.
-Товчоодод нэлээд асуудал байгааг нуухгүй ээ. Хамгийн их бэрхшээл дагуулж байгаа товчоо нь Баянзүрхийнх болсон. Өнгөрсөн долоо хоногт Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Мэргэн, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан болон холбогдох албаныхан тус товчооны нөхцөл байдалтай танилцлаа. Ингээд эл товчоог Тэрэлж болон Чойрын замынхтай хамтатгах талаар санал солилцсон. Гэхдээ орлогоо хэрхэн хуваарилах вэ гээд асуудал гарна. Энэ талаар санал солилцох байх.
-Баянзүрхийн товчоог өнгөрсөн жил нүүлгэнэ гэж байсан, яагаад хэрэгжүүлсэнгүй вэ? Ачааллаа дийлэхгүй байна шүү дээ.
-Налайхын 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтэй холбоотой түр саатсан. Уг товчоог зайлшгүй нүүлгэж таарна. Хэрэв энэ замыг засаад эхэлбэл товчоог хамтад нь нүүлгэх юм.
Тус товчооны нэвтрүүлэх чадвар удааширч, хөдөлгөөний эрчим саардаг нь үнэн. Гэхдээ энэ нь ганц товчооны зохион байгуулалтаас шалтгаалаагүй. Баянзүрхийн товчоогоор орж ирсэн машин Богд уулын арын зам руу эргэхийн тулд эсрэг урсгалынхаа тээврийн хэрэгслийг өнгөрөөхөөр зогсдог юм. Үүнээс болж хөдөлгөөний эрчим саардаг. Тиймээс тухайн хэсгийн замын эгнээг дөрөв болгож өргөтгөхөөр төлөвлөөд байгаа. Тэгэхээр гурав болон дөрөвдүгээр эгнээнд зүүн гар тийш эргэх гэсэн жолооч зогсож шулуун зорчих машин саадгүй явдаг болно гэсэн үг. Үр дүнд нь товчоо орчмын хөдөлгөөний ачаалал буурна гэж үзсэн.
-Баруунтуруун, 22-ын товчоо гарц олонтой. Гэтэл жолооч нарыг дугаарлуулж, ганц гарцаар оруулдаг нь ямар учиртай юм бэ?
-Эхний шалтгаан нь хүн хүчний дутмаг байдал. Тэнд ажилладаг хүмүүсийн хүрэлцээ муу. Төсөв, хөрөнгөдөө баригдаад олон хүн ажиллуулах боломж хомс. Саяхан хотын дарга товчоодод ажиллах хүмүүсийн орон тоог 11-ээр нэмж, бусад гарцуудыг нь ажиллуулж эхэлсэн. Хоёр дахь шалтгаан нь мал эмнэлгийн газрынхантай холбоотой. Мал, амьтны халдварт өвчний үед мал эмнэлгийнхэн тээврийн хэрэгслийг ариутгахдаа товчоодын хажууд байрладаг.
Тухайн товчооныхон хэдэн ч гарцаар нэвтрүүлсэн бай, мал эмнэлгийнхэн хоёрхон хүн зогсоож, тууз татчихаад ариутгал хийдэг. Тэгэхээр түгжрэхгүй яах юм бэ. Бид өчнөөн хэлсэн ч тусыг эс олдог. Баруунтурууны товчооны хөдөлгөөний эрчим үүнээс болоод л нэмэгддэг. Уг нь тэд тусгай шахуурга бүхий төхөөрөмж ашиглаж, иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр ариутгал хийх ёстой. Гэвч “Эвдэрчихсэн” гээд механик аргаар ариутгадаг. Мөн шүлтлэг уусмалаа урсгаснаас болж зам эвдрэх нь ч бий. Ариутгалаа товчооноос зайтай хийдэг болгох хэрэгтэй байна.
ЗАМ АШИГЛАСНЫ ХУРААМЖИЙГ ЦАХИМААР АВДАГ БОЛБОЛ АЧААЛАЛ 80 ХУВИАР БУУРНА
Шалган нэвтрүүлэх товчоо орчимд эргүүлд гардаг цагдаагийн алба хаагчдын хэлж буйгаар хөдөлгөөний ачааллыг бууруулдаг гол шалтгаан нь зам ашигласны мөнгийг бэлнээр авдаг явдал гэнэ. Энэ талаар тэд “Нийслэл рүү орж байгаа орон нутгийн дугаартай автомашины жолооч хураамж төлөхдөө багадаа 20-30 секунд зогсдог.
Мөнгөө урьдчилж бэлдээд, шууд тасалбараа аваад хөдөлж байгаа хугацаа гэж ойлгож болно. Харин бутархай мөнгөгүй хүн таарвал үүнээс урт хугацаа зарцуулна. Ер нь төлбөрийн автомат систем нэвтрүүлэх шаардлага тулгараад байна. Хотын төвийн замд ч ялгаагүй, жолооч нар зогсоол руу орохдоо тасалбар авах гэж “бөөн юм” болдог биз дээ. Ажлаа амжуулчихаад гарахдаа төлбөрөө төлөх гэж мунгинана. Ингээд л зохиомол түгжрэл үүсдэг.
Танай сонины байртай хамгийн ойрхон жишээ нь Урт цагааны зогсоол. Жолооч зогсоол руу орохын тулд машинаасаа буугаад төхөөрөмжөөс тасалбар авч, эргэж сууна. Тасалбар тэр дорхноо гарахгүй ээ. Зогсоолын хаалт нь ч удаан дээшилнэ. Бараг л нэг минут гаруй болдог. Тэр нарийн замд нэг жолооч ингээд зогсчихоор зохиомол түгжрэл дорхноо үүснэ. Ухаалаг төхөөрөмж ашиглаад, иймэрхүү асуудлыг шийдчих хэрэгтэй шүү дээ” хэмээн ярьсан юм.
Тэгвэл гадаадын улсууд энэ асуудлаа хэрхэн шийддэг вэ. АНУ-ын Лос-Анжелес хотод ажиллаж, амьдардаг Монгол Улсын иргэн Н.Батпүрэвтэй цахим сүлжээгээр холбогдсон юм. Тэрбээр ачааны тэрэг жолооддог гэнэ. “Манай компанийнхан тээвэрт гарахдаа багадаа 10 хоног явдаг. Замд хураамж төлдөг ямар ч цэг байхгүй, харин камерууд л бий. Салхины шилэндээ бид банкны, эсвэл ажлын газрынхаа үнэмлэхийг наачихдаг юм. Хүсвэл чип суурилуулж болдог. Камерын систем түүнийг уншаад жолоочийн болон байгууллагын данснаас хураамжаа автоматаар авчихдаг” гэв.
Манай улсад ийм систем нэвтрүүлэх боловсон хүчин, тоног төхөөрөмжтэй компани цөөнгүй байгаа гэнэ. Нийслэлийн холбогдох албаныхан ч судалгаа хийж, энэ системийг нэвтрүүлбэл, товчоод дахь ачаалал 80 хувиар буурна гэж дүгнэжээ. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан ирэх жил төлбөр хураах системийг дээрх байдлаар шийдэхээр зорьж байгаа гэнэ.
Өнгөрсөн жилүүдэд Баруунтурууны товчоонд камерын хяналтын систем нэвтрүүлж, тусгай барилга барьсан ч өвөл сервер нь хөлдсөн аж. Хөлдөөхгүйн тулд халаалт залгавал сард 2-3 сая төгрөгийн цахилгаан ашиглах тул дахин шинэчлэхээр болжээ. Тиймээс ашиглах сүлжээгээ судалж, гарах зардлаа тооцоод, ирэх оны хөрөнгө оруулалтын төслийг хэлэлцэх үеэр танилцуулахаар төлөвлөсөн байна. Энэ ажил бодитоор хэрэгжвэл дараа жил товчоод түгжрэлгүй болж, Улаанбаатарын үүд өнгө засах нь.
Бэлтгэсэн: Г.Цэцэг