Нийслэл хотын захын хороод, зуслангийн бүсээр нутагладаг мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил өнгөрсөн оны намраас эхэлсэн. Нэг жилийн нүүр үзэж буй энэ ажлын үр дүн өнөөдөр 97 хувьтай байна.
2018 онд 619 өрхийн 16 мянган толгой мал байсныг өнөөдрийн байдлаар бараг 100 хувь нүүлгэн шилжүүлээд байна.
Нүүлгэн шилжүүлэлт хийхээс өмнө Сүхбаатар дүүрэгт 189 өрхийн 3000 гаруй, Чингэлтэй дүүрэгт 50 өрхийн 1160, Хан Уул дүүрэгт 76 өрхийн 2400 гаруй, Сонгинохайрхан дүүрэгт 221 өрхийн 6000 гаруй, Баянзүрх дүүрэгт 83 өрхийн 3500 гаруй толгой мал тоологджээ.
Нийслэлийн төвийн дүүргүүдэд мал бүхий иргэд суурьшсанаар малын гоц халдварт өвчин удаа дараа илэрч, хорио цээрийн дэглэм тогтоож, үүний уршгаар олон мянган хүний ажил, амьдрал хохирч байсан. Хотын өнгө үзэмж, ариун цэвэр, аюулгүй байдалд ч сөрөг нөлөө үзүүлж байв. Бэлчээрлэх талбайгүй мал ч хашаанд хоригдож, хог идэж, мах, сүүнд нь өөрчлөлт орж, хоол гэхээсээ хор болж байсныг мал эмнэлэг, ариун цэврийн мэргэжилтнүүд хэлдэг.
Тиймээс хотын төвийн дүүргээс мал бүхий иргэдийн нүүлгэн шилжүүлэх ажлыг нээлттэй санал асуулгаар нийслэлчүүдийн 90 хувь дэмжсэн билээ. Тэгэхдээ мал бүхий иргэдийг хохироосонгүй. Тэд харин ч соргог шинэ нутагтай болсон. Шинэ суурьшилын бүс тогтоож, дэд бүтэц, цахилгаан эрчим хүч, худаг усаар хангаж, хашаа саравчийг нүүлгэх тал дээр нийслэл хотын зүгээс дэмжлэг үзүүлжээ. Нийслэлийн газрын албанаас мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсэд малтай иргэд шинээр суурьших боломжит газрын судалгааг гаргаж, ажлын хэсэгт өгчээ. Нийтдээ 11 байршилд мал бүхий иргэдийг суурьшуулах боломжтойг судалгаагаар тогтоож, талбайг тогтоосон юм. Малтай иргэд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд шилжин суурьших хүсэлтээ ирүүлсэн байдаг.
Гэхдээ нүүхээс цааргалсан цөөн иргэд үлджээ. Шинэ суурьшлын бүсэд иргэдэд хэрэгтэй бүх дэд бүтцийг байгуулж өгөхөө хотын удирдлагын зүгээс мөн амлаж байгаа юм.