Өнөө жил улсын наадмын босгон дээр Гавьяат дасгалжуулагч хэмээх эрхэм цол хүртсэн Баасангийн Доржпалам гуайтай ярилцлаа. Монголын хоккейчдоос Гавьяат болсон анхдагч тэрбээр манай хөлбөмбөгийн хоёр дахь шигшээ багийн тамирчин, анхны хоккейчдын нэг юм. Спортын хүрээнийхэн түүнийг “Сатар” хэмээх хочоор нь андахгүй.
Монголд хөлбөмбөг, хоккейг хөгжүүлэх, залгамж халаагаа бэлтгэхийн төлөө 60 гаруй жил зүтгэж яваа Б.Доржпалам гуай спортын дээрх хоёр төрөлд улсынхаа шилдгээр 19 удаа шалгарч, УАШТ төдийгүй дотоодын тэмцээнээс 47 алт, 21 мөнгө, 12 хүрэл медаль хүртжээ. Үүний сацуу хөлбөмбөгийн олон улсын хэмжээний мастер, хоккейн спортын мастер цолтой, олон улсын шүүгчийн зэрэгтэй түүнд олон улсын тэмцээний хоёр алт, есөн мөнгө, таван хүрэл медаль бий.
Хөлбөмбөг, хоккей тоглохын зэрэгцээ Зэвсэгт хүчинд 31 жил зүтгэсэн тэрбээр Буриадын биеийн тамир, спортын Гавьяат ажилтан, бэлтгэл хошууч цолтой. Дархан-Уул аймгийн хүндэт иргэн Б.Доржпалам гуай Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг юм.
-Сайхан намаржиж байна уу, та. Танаас ярилцлага авахаар хэд хэдэн удаа цаг товлосон ч ажил нь амжихгүй явсаар өдий хүрлээ. Хоккейн спортоос мэндэлсэн анхны Гавьяатдаа хүндэтгэл үзүүлэх хүн, багшийнхаа баярыг нь хуваалцах шавь олон байгаа нь мэдээж.
-Ёстой сайхан байна аа. Хүн ер нь олонтойгоо явах сайхан юм. Гавьяат болсноос хойш хамаатан садан, шавь нар, хоккейн хамт олон минь энд, тэнд урин, хүндэтгэл үзүүлээд завгүй гүйлээ. Одоо л жаахан зав гарах шинжтэй. Өнөөдөр манай хороо (ММБТСХ)-ны ерөнхийлөгч Ч.Наранбаатар урьсан. Танай сонины байрнаас гараад шууд ажил дээр нь бууна. Наадмын дараа Булган аймаг руу явж байхад П.Жигжидсүрэн “Би шатрынхнаасаа анхны Гавьяат дасгалжуулагч болоод 16 жил болж байна.
Таныг олон жил энэ цолыг авах болов уу гэж харуулдлаа” гэхэд нь сайхан санагдсан. Жил ирэх тусам хоккейн спорт Монголд хөгжин, тамирчдын амжилт, ур чадвар ахиж буйд баярладаг. Хоккейчдоосоо анхдагч болоод анхныхаа ярилцлагыг олны хүндлэлийг хүлээсэн “Өнөөдөр” сонинд өгч буйдаа олзуурхаж байна. Ярилцлага авах санал тавихад чинь баярласан. Даанч ажил амжихгүй явсаар өдий хүрлээ, уучлаарай. Надаас ярилцлага авч, Гавьяат болсон баярыг минь хуваалцаж байгаа нь зөвхөн намайг бус, хоккейчдыг минь хүндэлж буйн илрэл болов уу. Миний мундаг гэж юу байх вэ. Төдийгөөс өдий хүртэл мөр зэрэгцэн зүтгэж яваа үе үеийн хоккейчдын гавьяа, тус дэм их бий. Манай хоккейчид амь нэгтэй, эв нэгдэл сайтай. Амжилт минь булган сүүлтэй байж, хоккейчдоос олон алдартан төрөх болтугай.
-Гавьяат цол хүртэх болсноо шагнуулахаасаа хэдхэн цагийн өмнө мэдсэн гэж дуулсан. Баярт мэдээгээ ойр дотныхондоо дуулгах, Ерөнхийлөгчөөс шагналаа гардахаар очихдоо өмсөх хувцсаа бэлдэх гээд юм юм давхцан, тэвдсэн байх. Тухайн үед юу бодогдож байв?
-Ёстой хөгтэй юм болсоон. Гавьяат цолоор шагнуулах болсноо ч мэдэлгүй захаас ногоо авч явтал нэг хүн утсаар холбогдон “Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна. Танд Гавьяат дасгалжуулагч цол олгох боллоо. Баяр хүргэе. Өнөөдөр 11.30 цагт Төрийн ордонд бэлэн байгаарай” гэдэг юм байна. Шоконд орсон, нэг хэсэг юу гэх, юу хийх учраа олоогүй. Гэнэт тэгж хэлэхээр итгэж яддаг юм билээ. Гэртээ очин, хувцсаа бэлдлээ.
Хань, хүүхдүүд минь бөөн баяр. Энэ миний амьдралд тохиосон хамгийн баяртай мөчүүдийн нэг байлаа. Хувцсаа санд мэнд солиод Төрийн ордонд очтол шагнал олгох хүмүүсийн нэрний дунд минийх байдаггүй. Тухайн үед “Хэн нэгэн тоглоом хийсэн юм биш байгаа даа. Арай ч ингэж тогломооргүй юм” гэж бодсон. Гайхаж зогстол надтай хамт Гавьяат дасгалжуулагч болсон Б.Алтанцэцэг ирлээ. Бид хоёр нэг хүнээс асуух нь ээ хоёрдугаар ээлжинд шагнуулах хүмүүст багтсан байсан юм билээ. Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа надад “Сатар” гуай та мундаг шүү.
Баяр хүргэе” гэхэд сэтгэл их хөдөлсөн. Сандарсандаа “Монгол Улсын төлөө зүтгэе” гэчихсэн. Спортод элэгтэй, нутгийнхаа Ерөнхийлөгчөөс Гавьяат цол хүртсэндээ бэлгэшээж байна. Тухайн үед цаг давчуу болохоор яарсандаа шавь нар, ойр дотнынхоо хүмүүст ч хэлж амжаагүй. Төрийн ордноос гарч ирэхэд гэр бүлийнхэн, ач, зээ минь угтаад сайхан байлаа. Тэгж байтал шавь нар, ойр дотнынхон, найз нөхөд мэдсэн бололтой над руу утасдаад дуудлагад “даруулсан”. Өглөө нь юу ч мэдэлгүй явсан хүн хэдхэн цагийн дараа Гавьяат дасгалжуулагч болоход зүүд юм шиг л санагдсан.
-Та Баянхонгорын харьяат юм уу. Тодорхойлолтыг нь харахад Улаанбаатар хотод төрсөн гэсэн байсан.
-Тийм ээ, би нийслэлийн унаган хүүхэд. Аав Баянхонгор аймгийн Галуут, ээж Баян-Уул сумынх. Тэгээд л Баянхонгорыг төрсөн нутгаа гэж хүндэлж явдаг юм.
-Та хөлбөмбөг, хоккейн спортыг эх орондоо хөгжүүлэхийн төлөө насаараа зүтгэж яваа. Анхнаасаа хоёулангаар нь хичээллэсэн үү?
-Тэгсэн. Аль нэгийг нь онцлоогүй. Би гэлтгүй тухайн үеийн тамирчид өвөл хоккей, дулааны улиралд хөлбөмбөг тоглодог байлаа. Одоо ч би хоёулантай нь амьдралаа холбож явна, аль ч төрлөөс нь хөндийрөөгүй. Би багаасаа спортод хорхойтой, хаа сайгүй хөлбөмбөг тоглож явдаг хүү байв. 1957 оноос найзуудтайгаа хамт тухайн үеийн “Ленин” клубийн дэргэдэх талбайд өглөөнөөс орой хүртэл хоккей тоглоно.
Эл спорт Монголд 1960-аад оноос хөгжиж эхэлсэн түүхтэй. 1970 оноос Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн, “Залуу үе” сэтгүүлийн нэрэмжит тэмцээн зохиох болсон нь хоккейн спортын хөгжилд ташуур өгсөн юм. Монголын хоккейн холбоог 1991 онд байгуулж, дараа жилээс нь УАШТ зохиох болсон. Харин хөлбөмбөгөөр эрчимтэй хичээллэн, амьдралаа холбосон минь 1959 онд үндэсний шигшээ багийн тамирчин болсонтой холбоотой.
Тамирчдыг нэлээд өндөр шалгуураар шилж, сонгосон. Бөмбөг тогтоох, хуурах, довтлохоос авхуулаад ур чадварыг нь голчилж, биеийн хөгжил, эрүүл мэндийг нь чухалчилсан юм. Дараа жил нь Азийн АШТ-д оролцлоо. Тухайн үед бидэнд хамгийн сайн зөвлөгч бол дасгалжуулагчаас дутахгүй хөлбөмбөгийн дүрмийн тухай ном, сэтгүүл байлаа. Хөлбөмбөг, хоккейн хэрэглэл, материал нүдний гэм. Өөрсдөө модоор цохиур “үйлдвэрлэдэг”, хуванцар саваар өвдөгний хамгаалалт хийгээд тоглодог байв. Орос хүмүүсийн хаясан хэрэглэлийг сэлбэнэ. Хоккей тоглохын тулд бүх л боломжоо шавхдаг байлаа.
Оросуудтай хоккейгоор өрсөлддөг байсан нь бидний ур чадвар ахихад их нөлөөлсөн. Хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчдад хэрэгтэй бүхнийг улсаас хангадаг болохоор хичээллэхэд арай амар. Долоо хоногийн зургаад нь хоёр цаг бэлтгэл хийдэг, ганцхан өдөр амардаг байв. Бэлтгэлээ зөвхөн хөлбөмбөгөөр бус хүчний, боксын гээд төрөл бүрээр базаана. Уулын орой руу шуудайтай цемент үүрээд гүйнэ.
Бэлтгэл тасалж, цалгардуулбал шийтгэнэ. Тусгай томилсон эмч өдөр бүр нарийн шинжилгээ авна, хоолоо тэгж, ингэж хэрэглэ гээд зөвлөдөг байлаа. Багийн спорт тул хоккей, хөлбөмбөг хоорондоо төстэй. Хоёулангаар нь хослуулан хичээллэхэд давуу тал олон. Бэлтгэл, тэмцээн гээд зав тун хомс. Тухайн үед бэлтгэлийг ихэвчлэн байрлаж хийнэ. Гэрийн бараа бараг хардаггүй байлаа шүү дээ.
-Хувийн амьдралаа хэрхэн зохицуулдаг байв?
-Аав, ээж минь амьд сэрүүн байсан, сайн ханьтайнхаа хүчээр л болгосон хэрэг. Цагаан сар ихэвчлэн нэг, хоёрдугаар сард болдог. Хоккейгоор бэлтгэл хийх оргил үе шүү дээ. Тэгээд л бэлтгэл хийх, тэмцээнд оролцохоор ийш, тийшээ явна. Ямар сайндаа зарим Цагаан сараар гэртээ байх нь байтугай аав, ээждээ золгох зав гарахгүй. Хань минь эхэндээ “Гэрийн бараа харахгүй, хүүхдүүдээ ч “тоохгүй” юм” гээд гомдоллоно.
Үе үе үл ойлголцол гарна. Сүүлдээ харин намайг аль болох ойлгож, дэмжих болсон. Би үндэсний шигшээ багаас гадна “Хөдөлмөр”, “Алдар” нийгэмлэг (өдгөө спорт хороо болсон)-т тоглож байхдаа хоккей, хөлбөмбөгөөр олон улсын 186, УАШТ-ий 280, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний 224, дотоодын тэмцээний 1500 гаруй тоглолтод оролцохдоо 190 бөмбөг оруулсан. 1993 онд зодог тайлж, дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн юм. Ойролцоогоор 500 гаруй шавьтай. Тэдний 25 нь ОУХМ, 56 нь спортын мастер, 300-гаад нь зэрэгтэй тамирчин.
-Нэг жил хөлбөмбөг, хоккейн УАШТ-д түрүүлж, хоёулангийнх нь шилдэг тамирчин болсон нь цөөнгүй гэдэг.
-Лав 2-3 удаа тэгсэн шүү. Яг хэдэн онд түрүүлж, шилдэг болсноо санадаггүй ээ.
-Та “Сатар” гэдэг хочтой. Спортын хүрээнийхэн таныг яагаад тэгж хочлох болсон юм бэ?
-Яагаад ийм хочтой болсноо санадаггүй юм. Нэг мэдэх нь ээ хүмүүс намайг “Сатар” гэдэг болчихсон байлаа. Сартгар хамартай болохоор тэгж хочилсон ч байж магадгүй. Ер нь намайг Доржпалам гэж дууддаг хүн тун ховор. Дандаа л “Сатар” гэдэг. 60-аад жил жинхэнэ нэрээ мартах шахам амьдарч явна даа. Зарим хүн намайг “Үхэр” гэж хочилдог (инээв). Би хоккей, хөлбөмбөгийн аль алинд нь довтлогчийн байрладаг тоглодог, ихэвчлэн мөргөж гоол оруулдаг байлаа. Тэгээд л хүмүүс намайг “Үхэр” гэх болсон биз.
-Хөлбөмбөг, хоккей бэртэх эрсдэл ихтэй. Та айхтар бэртэж байв уу?
-Өө, мэр, сэр бэртэл зөндөө. Хоккей тоглож байгаад өрсөлдөгчдөө тохойдуулан, цөөнгүй шүдээ хугалуулсан. Хөлбөмбөгийн тэмцээнд оролцож байхдаа хөлөө хугалж байлаа.
-Монголд сүүлийн жилүүдэд бөмбөгтэй хоккей (бэнди) гайгүй хөгжиж байна. Бэнди, шайбтай хоккейн аль нь монголчуудад илүү тохиромжтой бол?
-Тэр, энэ нь гэж онцлохын аргагүй. Хоёулаа монголчуудад тохирсон спорт. Шавь нар минь бэндигийн В ангиллын ДАШТ-ээс хүрэл, шайбтай хоккейн “Asian challenge cup”-аас алт, мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн нь чанга атгах амжилт. Өнөөгийн амжилтдаа ханалгүй, улам өөд мацахын тулд юуны түрүүнд бэлтгэлийн орчин чухал байна. Битүү дээвэртэй ордонтой болчихвол зөвхөн хоккей гэлтгүй өвлийн спортын бүх тамирчин бэлтгэлээ базаах боломжтой. Энэ асуудлыг олон жил ярьж байгаа ч санхүүгийн хүндрэлтэй тулгарсаар өдий хүрлээ. Хөдөлмөрийг минь үнэлэхийн зэрэгцээ улам хичээгээрэй гээд намайг Гавьяат болгосон байх. Тиймээс алгуурлаж суух эрх надад байхгүй. Эх орондоо хөлбөмбөг, хоккейн спортыг хөгжүүлэхийн төлөө төлөвлөсөн ажил надад нэлээд бий.
-Хүүхдүүдээс нь таны авьяасыг өвлөсөн хүн бий юү?
-Би уг нь найман хүүхэдтэй байсан юм. Даанч гурав нь бурхан болсон. Бурхан болсон хоёр хүү минь спортын зэрэгтэй, гимнастик, хөлбөмбөгөөр хичээллэдэг байлаа. Батсүх минь хоккей, хөлбөмбөгийн шигшээ багт тоглодог байсан ч бэртээд спортоо орхисон. Ач нараас цөөнгүй нь хөлбөмбөг тоглодог. Бэртэх эрсдэл ихтэй ч би дургүйцдэггүй. Дуртайяа зөвшөөрдөг, бүх л боломжоороо дэмждэг.
-Анхны шигшээ багт тоглож байсан хөлбөмбөгчин, хоккейчидтойгоо уулзах боломж хэр гардаг вэ?
-Хоёр спортын төрөлд миний үеийн 10 хүрэхгүй хүн үлдэж дээ, хөөрхий. Олонх нь 80 гаруй настай. Боломж л гарвал уулзахыг хичээдэг. Даанч тэгэх боломж тэр бүр гарахгүй юм. Гавьяат болсны дараа цөөнгүй нь холбогдон, баяр хүргэсэн. Тэдэнтэйгээ яаж, ийж байгаад уулзах юм сан.