Улаанбаатар хотын гэр хорооллыг хүлэмжийн хий бага ялгаруулдаг, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвартай, эко хороолол болгон хөгжүүлэх бүтээн байгуулалтад 80 сая ам.долларын зээл олгохоор баталснаа Азийн хөгжлийн банкнаас өчигдөр мэдээллээ. Төслийн хүрээнд дэд бүтцэд холбогдож, ногоон орчин бүрдүүлсэн, байгальд ээлтэй 20 орчим эко хороолол барих юм. Тухайлбал авто зам, цэвэр бохир ус, дулаан хангамж зэрэг үндсэн дэд бүтцийг нь шийдсэн 1500 айлын түрээсийн орон сууц барина.
Мөн суурин газарт тохирсон хүлэмж, нийтийн ногоон байгууламж, төрийн үйлчилгээ, сэргээгдэх эрчим хүчний хяналтын ухаалаг системтэй байх аж. Түүнчлэн “Уур амьсгалын ногоон сан”-гийн олгож буй 75.7 сая ам.долларыг гэр хорооллын айл өрхийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууц барихад зарцуулах бөгөөд арилжааны банкуудаар дамжуулан барилгын компаниудад урт хугацааны, бага хүүтэй зээл иргэдэд санал болгох юм.
Ингэснээр иргэдийн худалдан авах чадварт нийцсэн нөхцөлтэй 5500, зах зээлийн үнээр борлуулагдах 3000 орчим айлын орон сууц ашиглалтад оруулах аж. Эко хорооллыг бүтээн байгуулах ажил сайн дурын үндсэн дээр газраа, орон сууцаар солих зарчимд тулгуурлах гэнэ. Иргэд амьдарч буй газрын хэмжээ, орлого, боломждоо тулгуурлан түрээсийн, орлогод нийцсэн болон зах зээлийн үнээр борлуулах орон сууцнаас сонгох боломжтой. Мөн хорооллын эрчим хүчний үүсвэрийн 18-40 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах бөгөөд орчин тойрных нь талбайн 10 орчим хувьд хүлэмж байгуулахаар төлөвлөжээ.
Төслийг 2027 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд нийтдээ 570.1 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай гэв. Үүний 270 орчим сая ам.долларыг төсөл хэрэгжүүлэгч Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн ЗДТГ, Хөгжлийн банк болон Азийн хөгжлийн банк хамтран гаргана. Харин үлдсэн санхүүжилтийг хувийн хэвшлийнхнээс босгохоор төлөвлөжээ. Эко хорооллыг Улаанбаатар хотын шинэ дэд төв байгуулахаар төлөвлөсөн Баянхошуу, Сэлбэд барих гэнэ.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам