Туул гол дээгүүр тавьж буй 321 урт метр гүүрийн ажлын явцтай Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Р.Мэргэн, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан болон холбогдох албаныхан танилцлаа. 2020 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн эл гүүрний ажил 35 хувьтай байна. Тус гүүрийг ашиглалтад оруулснаар зүүн болон говийн аймгуудаас ирж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал буурах давуу талтай.
Гэхдээ гүүрийг өргөтгөн, шинэчилсэн ч Баянзүрх дүүргийн товчооны нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхгүйгээр үр дүнгүй байх магадлалтай гэж холбогдох албаныхан ярив. Түүгээр өдөрт 6-10 мянган автомашин орж, гардаг гэнэ. Гэвч Налайх чиглэлийн авто зам эвдрэл ихтэй, даац нь хэтэрсэн бөгөөд орон нутгаас ирж буй тээврийн хэрэгслээс төлбөр авахаас шалтгаалж урт дараалал үүсдэг аж.
Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Цөөн хэдэн машинаас зам ашигласны хураамж авахын тулд замын түгжрэл үүсгэдэг. Үүнийг болиулна. Татан буулгаж, УБТЗ-ын IV зөрлөг, Баянгийн болон Тэрэлжийн пост руу шилжүүлэх нь зүйтэй. Мөн Налайх-Хонхор-Амгалан-Вокзал-Толгойт гэсэн чиглэлд рэйлбус явуулахаар судалж байна. Ингэснээр олон тэрбум төгрөгөөр авсан рэйлбус “амь орж”, үйлдвэр технологийн парк нийслэлтэй төмөр замаар холбогдох юм” гэв.