Монголын говьд солирын хайгуул, судалгаа хийж буй ОХУ-ын Уралын их сургуулийн эрдэмтэд Өмнөговь аймгийн Ноён сумын нутгаас 800 граммын жинтэй солир оллоо. Экспедицийн ажил есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Улаанбаатараас Баруун-өмнөд говь, Баруун-өмнөд говиос Улаанбаатар гэсэн чиглэлд 4.000 км тайлбайд судалгаа хийх юм. Тус багийг ахлагч Александр Пастухович “Монголд их хэмжээний хур тунадас бууж байгаа учир ажиллах маршрутдаа өөрчлөлт хийх шаардалга гарч байна. Гэхдээ тухайн нөхцөл байдалд тааруулж зохих өөрчлөлтийг хийж байгаа” хэмээн ярилаа. Оросын эрдэмтэд Монголын одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаачидтай хамтран уг хайгуул, судалгааг хийж байна.
Уралын их сургуулийн эрдэмтэд солирын хайгуул, судалгааны ажлаараа Оростоо тэргүүлдэг байгууллага бөгөөд Антарктид болон Ираны Дешт Лут, Чилийн Атакамагийн цөлд судалгаа хийсэн арвин туршлагатай. Хайгуулаар олсон олдворуудаа Extra Terra Consortium хэмээх лаборатортой шинжилдэг. Тус лаборатор нь сансрын олдворуудыг шинжлэн судлах хамгийн том лабораторуудын нэг юм.