Сум, дүүрэг, хороо, сургууль, цэцэрлэг болгонд нийгмийн ажилтан гэх яг ямар ажил хийдэг нь тодорхойгүй хүмүүс байдаг. Тэгвэл энэ хүмүүсийн ажил үүргийн хуваарь ямар байх ёстой, байр суурийг нь шинэ шатанд гаргах асуудлаар талууд өнгөрсөн баасан гарагт уулзалт хэлэлцүүлэг хийлээ. “Монгол Улсын Нийгмийн үйлчилгээний хүний нөөцийн судалгаа” үндэсний ажлын хэсгийн уулзалтын үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Боловсролын байгууллагын хувьд нийгмийн ажилтны ажлыг хэрхэн тодорхой болгох, цаашид ямар маягаар ажиллуулах вэ гэдэг бодлого хэрэгтэй байгаа.
Энэ бол нийгмийн захиалга. Мөн эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Та бүхний зүгээс бодитой санал гаргаж, тодорхой мэдээлэлтэй судалгаа хийж өгвөл нийгмийн ажилтнуудын асуудлыг тогтолцоогоор нь шийдэхэд дэмжлэг үзүүлнэ. Удахгүй эхлэх УИХ-ын намрын чуулганаар Боловсролын тухай багц хуулийг өргөн барьж, хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа тул судалгаа, саналаа яаравчлан ирүүлбэл хамтад нь хэлэлцүүлж болох юм” гэв.
Харин НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкинс нийгмийн ажилтнуудын асуудал дан ганц Монголд тулгамдсан зүйл биш, энэ бол дэлхий нийтийн асуудал гэдгийг онцлоод, хэт яарах хэрэггүйг сануулсан. Тэрбээр “Улс бүр дотооддоо судалгаа хийж, нийгмийн ажилтнуудын байр суурийг хэрхэн шинэ шатанд гаргах вэ гэдгээ хэлэлцэж эхлээд байгаа. Юуны түрүүнд хүний нөөцөө чадавхжуулан бэхжүүлж, шинжлэх ухаан технологийн хөгжилтэйгөө уялдуулбал аливаа хүчирхийлэл, дарамтаас сэргийлж чадна. Өнөөдрийн хэлэлцүүлэг бол эхний үе шат. Цаашид дүгнэлт гарган, бүсийн хэмжээнд түүнийгээ хэлэлцүүлэх боломжтой. Мөн олон улсын судалгаа гарах үед Монгол Улс гэсэн тусгай бүлэг байх юм” хэмээсэн.
Бэлтгэсэн: Л.Чимэг