Монголын бизнесийн гегантуудын нэг “М-Си-Эс” групп Монголын анхны интернэт банкийг байгуулах боллоо гэсэн мэдээлэл эдийн засаг, санхүүгийн салбарынхан төдийгүй олон нийтийн анхаарлыг эрхгүй татлаа. Цахим банкаа хэзээ байгуулах юм бол гэсэн асуулт хөвөрч, заримд нь хүлээлт үүсэв. Шинэ зүйлд туйлширч ханддаг монголчуудын “өвчин” нь сэдэрч, том, жижиггүй чих тавих нь тэр. Нийгмийн сүлжээнд идэвхтэй “амьдардаг” санхүүчид ч цахим банк байгуулах мэдээллийг нэлээд дэвэргэсэн.
Тухайлбал, интернэт банк байгуулах мэдээллийг фэйсбүүк хуудсандаа түгээсэн, “Новел инвестмент” компанийн гүйцэтгэх захирал Д.Ангар “Янзтай. Дотоодын банкны салбарт ингэж нэг бодит өрсөлдөөн ирдэг юм байж. Олон жил банк нэртэй явсан ломбардууд байрандаа очих цаг нь болжээ. Өрсөлдөөнөөс иргэд, аж ахуйн нэгжүүд хожно. Зээлийн хүү буурна. “М банк” Монгол Улсад тавтай морил” гэсэн сэтгэгдэл бичжээ.
Өмнөд Солонгосын үүрэн телефоны “Кореа телеком” компанитай хамтран интернэтэд суурилсан арилжааны банкны үйлчилгээ эрхэлдэг “Кэй банк”-тай “М-Си-Эс” групп таван жилийн хугацаатай, 5.5 тэрбум воны хөрөнгө оруулалтын гэрээнд саяхан гарын үсэг зурснаар банк байгуулах төлөвлөгөө нь ил болсон юм. Тэднийхэн интернэт банкаа “М банк” гэж нэрлэхээр тогтжээ.
Хөрөнгө оруулалтын 2.3 тэрбум вон нь “Кэй банк”-ны зөвлөх үйлчилгээний төлбөр гэнэ. Өмнөд Солонгосын интернэтэд суурилсан арилжааны “Кэй банк”-ийг ажиллуулж, туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүд “М банк”-ийг эхлүүлэх бизнесийн загвар боловсруулах, зээлийн эрсдэлийн менежмент, мэдээллийн технологийн системийг хөгжүүлэхэд зөвлөгөө өгөх юм байна. Интернэтэд суурилсан шинэ банк үүрэн утасны “Юнител” групптэй хамтарч ажиллах нь мэдээжийн хэрэг болов уу.
“М-Си-Эс” группийн дэргэд “М банк” байгуулах төслийн нэгж ажиллаж эхэлжээ. Тэдэнтэй холбогдож, хэрэглэгчдийн сонирхож буй банкаа хэзээ нээх, ямар төрлийн зээл олгох зэрэг мэдээллийг лавлалаа. Гэвч судалгааны ажил дөнгөж эхэлж, бодитой үр дүн гараагүй байгаа учраас ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариулт авав. Тэд “М банк” байгуулах бодитой төсөл, загвар нь гарсны дараа ам нээх гэнэ.
Банк байгуулахад хуулийн дагуу Монголбанкнаас зөвшөөрөл авах учиртай. Төвбанк дүрмийн сангийн шаардлага хангасан, иргэдэд санхүүгийн үйлчилгээг найдвартай хүргэх, цаашилбал бизнесийн ёс зүйг сайтар баримталдаг хөрөнгө оруулагчид банк байгуулах зөвшөөрөл олгодог. “М банк” байгуулах зөвшөөрлийг “М-Си-Эс” группэд Монголбанкнаас өгсөн, эсэхийг тодруулав.
Тус групп банк байгуулахад шаардлагатай баримт материалаа Монголбанкинд хүргүүлээд байгаа аж. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, интернэт банк байгуулах технологио импортолсны дараа нягталж, шалгаад зөвшөөрөл олгох шийдвэр гаргах аж. “Кей банк” БНСУ-ын Төвбанкнаас тавьдаг зарим шалгуурыг хангаж чадахгүй байгаа. Үүгээр үл барам зээл нь чанаргүй болж, хадгаламж эзэмшигчдийг хохироох эрсдэл харагдах болжээ. Тиймээс Өмнөд Солонгосын Төвбанкнаас интернэтэд суурилсан банкинд зөвшөөрөл олгохдоо эргэлздэг болжээ. Тэгэхээр “М банк” Монголбанкнаас зөвшөөрөл авахдаа хориг саадтай тулгарч магадгүй бололтой.
“Новел инвестмент” компанийн гүйцэтгэх захирал Д.Ангар “Бодит өрсөлдөөн бий болно. Хүү буурна” гэж онцолжээ. “М банк”-ийг байгуулах мэдээлэл гарангуут олон нийтэд хамгийн түрүүнд хүү буурна гэсэн “мессеж” хүрсэн. Тиймээс бага хүүтэй зээл олгох банк бий болох нь гэсэн хүлээлт давамгайлж байна. Банк санхүүгийн салбарт ажилладаг хөндлөнгийн шинжээчид ч хүү буурах боломжтой гэж харж байгаа.
Хүү буурах гол шалтгаан нь үйл ажиллагааны зардал аж. Интернэтэд холбогдсон компьютер, ухаалаг гар утастай хэн ч “М банк”-наас санхүүгийн үйлчилгээ авах боломж бүрдүүлнэ. Тэгэхээр уламжлалт банкууд шиг олон теллер ажиллуулж, оффис түрээсэлж, бичиг цаас цоохорлож өндөр зардал гаргахгүй байх нь.
Монголын арилжааны банкуудын зээлийн дундаж хүү одоогоор 19 хувьд хүрээд байна. Харин хадгаламжийнх нь 13 орчим хувь болсон. Зээл, хадгаламжийн хүүгийн зургаан хувийн зөрүү нь банкуудын үйл ажиллагааны зардал, ашиг юм. Зардал буурахаар зээлийн хүү буурна гэсэн логик нь зөв. Хадгаламжийн хүү, зардал нь буурахаар банкууд зээлийн хүүгээ дагуулж бууруулдаг нь бизнесийн зарчим.
Монгол Улсад 10 гаруй жилийн өмнө зээлийн хүүгийн дундаж 34 хувьтай байсан. Банкны тогтолцоо боловсронгуй болж, эдийн засаг тогтворжих хэрээр хадгаламжийн хүү буурч, зардал нь багассан. Ингээд зээлийн хүүгийн дундаж бараг хоёр дахин доошилсон хэрэг. Банкууд үйл ажиллагаандаа мэдээллийн технологи нэвтрүүлэх тусам зардал багасаж, түргэн шуурхай үйлчилж, зардал нь багасаж байгааг мэргэжилтнүүд ярьдаг. Гэхдээ л манай банкуудын зээлийн хүү дэлхийн жишгээс хэт өндөрт тогтдог. Тиймээс зээлийн хүү буураасай гэсэн хүлээлт нийгмийг бүхэлд хамардаг юм.
“М банк”-ны зээлийн хүү хэдэн хувь байхыг өнөөдөр хэн ч таашгүй. Интернэтэд суурилсан арилжааны “М банк” бизнесийн ямар стратеги баримтлахаас зээлийн хүү хэрхэн тогтох нь тодорхой болно гэж шинжээчид дүгнэж байна. Зээлийн хүүг одоогийн түвшнээс хэдэн хувиар бага тогтоовол их хэмжээний дүрмийн сантай байхаас өөр аргагүй гэнэ. Мөн богино хугацаанд олон харилцагч татахын тулд хадгаламжийн хүүгээ зах зээлийн жишгээс арай өндөр, харин зээлийнхийгээ бага тогтоох боломжтой.
Хадгаламж болон зээлийн хүүгээ зах зээлийн жишигтэй адил тогтоож, цөөн харилцагчид үйлчлэн, их ашиг олох стратеги ч баримталж болох аж. Ийм олон сонголтыг мэдээж интернэтэд суурилсан, зардал багатай үйлчилгээ нь олгож байгаа. Мөн интернэтэд суурилсан үйлчилгээ нь харилцагчдад банкинд дугаарлахгүй, цаг хэмнэх боломж олгоно. Мэдээллийн технологи ашиглан түргэн шуурхай үйлчилгээ авах нь XXI зууны иргэдийн амьдралд хэвшил болж буй хэрэгцээ билээ. Тиймээс цахим үйлчилгээ “М банк”-ны маш том давуу тал гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
“М банк”-нд хөрөнгө оруулж, зөвлөхөөр нь ажиллах гэрээ хийсэн “Кэй банк” дэлхийн анхны интернэт банк юм. Тус банк нээгдсэн өдрөө 20 мянган харилцагчтай болсон байна. Тухайн жилдээ 700 мянган харилцагчид 947 сая ам.долларын зээл олгож амжжээ. Эл банкны харилцагч болоход ердөө 10 минут зарцуулдаг гэнэ. Банк харилцагчдаа дээд тал нь 2670 ам.долларын зээл олгодог аж.
Олон удаа харилцсан найдвартай харилцагчийнхаа зээл авах дээд хэмжээг 4411 ам.доллар хүртэл үе шаттайгаар нэмдэг аж. Зээл олгохдоо нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтрийг шалгаж, хурууны хээг нь уншуулан, “Video call” хийн асуулт тавьдаг гэнэ. Банкны зээлийн хүү жилийн 5.5 хувь байдаг аж. Анх 220 сая ам.долларын дүрмийн сантай байгуулсан “Кэй банк” нь бусадтай харьцуулахад харилцагчдадаа хадгаламжийн өндөр, зээлийн бага хүү санал болгодог онцлогтой. Тус банк G25 хүнсний сүлжээ дэлгүүрт 10 мянган АТМ суурилуулан, харилцагчдадаа үйлчилдэг.
Өмнөд Солонгосын “Кэй банк”-ны ноу-хауг “шингээсэн” олон давуу талтай шинэ тоглогч манай зах зээлд орж ирэх учраас өрсөлдөөн үүсэх нь тодорхой. Ялангуяа, хиймэл оюун ухаанд суурилан интернэтээр хэрэглэгчдэд үйлчилж эхлээд буй “ЛэндМН”, “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллагатай шууд өрсөлдөгч болно. Харин уламжлалт банкуудтай шууд өрсөлдөж чадахгүй болов уу гэж шинжээчид харж байгаа.
Мэдээллийн технологиор дамжуулан зээл олгодог санхүүгийн байгууллагууд тогтмол орлоготой аж ахуйн нэгж, иргэдэд зээл өгдөг. “М банк” цалин, тэтгэврийн зээл олгохыг илүүд үзэж магадгүй. Учир нь цалин, тэтгэвэр авдаг иргэдийн орлого тогтмол бөгөөд тодорхой байдаг. Хиймэл оюун ухаан ашиглаж, санхүүгийн үйлчилгээ хүргэж байгаа байгууллагууд одоо ийм л зарчмаар ажиллаж байна.
Банк санхүүгийн байгууллагууд финтек буюу мэдээллийн технологид суурилсан үйлчилгээ рүү аажмаар шилжих үйл явц дэлхийд 10-аад жилийн өмнөөс эхэлсэн. Товчхондоо интернэт ашиглаж, санхүүгийн үйлчилгээ хүргэх технологийг финтек гэж нэрлээд буй юм. Зардал хэмнэх, хурдан шуурхай үйлчлэх давуу тал олгодог учраас банк санхүүгийн байгууллагууд финтек технологи руу сүүлийн жилүүдэд хэдэн арван тэрбум ам.долларын хөрөнгө оруулах болсон. Санхүүчид ирээдүйд банкны үйлчилгээ хиймэл оюун ухаанд тулгуурласан, мэдээллийн технологиор дамждаг болно гэж харж байгаа. Гэхдээ уламжлалт банк хэзээ ч устахгүй гэж итгэдэг хүмүүс ч бий. Монголын банк санхүүгийн салбарынхан финтек технологид одооноос хөрөнгө оруулж эхэллээ. Үүний том жишээ нь “М банк” юм.