Өнгөрсөн зургадугаар сарын 27-нд Багшийн хөгжлийг дэмжих тухай хуультай болов, Монгол Улс. Ингэснээр багшийн хөгжилд тусгайлан анхаарч, хууль эрх зүйн орчин хүртэл бүрдүүлж өгсөн хэдхэн орны нэг болсон юм. Харамсалтай нь, энэ ажлыг өнгөлөн далдлалт байсан гэж шүүмжлэх нь бий. Цаана нь чухам юу нуугдаж байсан юм бол?
Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 8.5-д “Багш мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн төгсөгч нь багшлах эрхтэй байна” гэж заасан. Энэ нь багш мэргэжлээр төгссөн хэнбугай ч цаашид багшлах эрх олгох шалгалт өгөхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх хуулийн дагуу ирэх жилээс багш мэргэжлийн диплом өвөртөлсөн бүхэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд ямар ч цензургүй шууд багшлах эрхтэй болох нь. Захын нэг хувийн сургууль өнөөдөр цэцэрлэг, бага ангийн багш бэлтгэж байгаа ийм эгзэгтэй цагт энэ нь юу гэсэн үг болохыг олон нийт тунгааж үзсэн болов уу.
Хүүхдийн оюун санааг хааш нь ч удирдан чиглүүлж, ямар ч “бүтээл” туурвих эрхтэй учраас багшийг зураач, барималчтай зүйрлэж болно. Гагцхүү тэр зураач, барималчийн бүтээл зөвхөн нэг хүнд хамаатай бус, нийгэм, улс орны ирээдүйг тодорхойлох учраас энэ бол хамгийн хариуцлагатай мэргэжил байх ёстой. Харин сүүлийн үеийн багш нарын мэдлэг, ур чадвар, хувь хүний төлөвшил хандлага, ёс зүй ямархуу түвшинд байгааг бүгд мэднэ.
Багшийн үнэлэмж яагаад унасныг ч олонх нь гадарлана. Яагаад жил бүр элсэлтийн ерөнхий шалгалтын босго онооны үзүүлэлт доошилсоор байна вэ гэдгийг бодох л учиртай. 2015 онд элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн шалгуулагчдын 7.84 хувь нь 450-аас доош оноо авч байсан бол 2016 онд энэ үзүүлэлт 9.83, 2017 онд 11.19 хувь болтлоо өссөн юм. Хүүхдүүдийн сурлага муудахад багш нарыг нь хамаатуулж ойлгохоос өөр яалтай билээ. Гэтэл энэ салбарынхан одоо бүр “эмээлээ гэдсэндээ авцгааж” дур дурандаа авирлах нөхцөл бүрдүүлсэн хуультай болчихлоо.
Харамсалтай нь, манайхан “Өнгөрсөн хугацаанд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт гэдэг байгууллага багш мэргэжлээр төгссөн хүмүүсээс шалгалт авдаг байсан. Бүтэн дөрвөн жил мэргэжлээр нь сурчихаад, ажлын талбарт гарч ирэхдээ дахиад шалгалт өгдөг нь буруу. Үнэхээр хүнд суртал гэж бодож байна. Энэ бол шинээр багш болж байгаа залуусын урам зоригийг мохоосон үйлдэл” хэмээсэн Н.Учрал гишүүний усан тайлбарт хууртацгаасан юм биш байгаа.
...Чухам ийм учраас л хэн нь үнэхээр эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, түмний хүүхдийн оюун санаанд эрдэм номын шилмэл “сортын” үр суулгаж өгөх чадвартай байна вэ гэдгийг энэ шалгалтаар шигшээд, сургууль, цэцэрлэгийн босгоор алхуулдаг байсан хэрэг. Харин одоо Монголын хүүхэд багачуудаар хүн хийх оюуны ертөнцийн хамгийн чухал “үйлдвэрлэл” рүү хэнийг нэвтрүүлэх, хэнийг нь болохгүй вэ гэдгийг хянадаг харуул хамгаалалтын гол шалгуурыг үгүй болгочихсон...
Улсын хэмжээнд 46 их, дээд сургууль багш бэлтгэж байгаа энэ үед багшлах эрх олгох шалгалт нь харин ч их, дээд сургуулиудын хэн нь хэн бэ гэдгээ шударгаар шалгах цорын ганц хэмжүүр гэдгийг “Ховд”, “Дорнод” их сургууль болон МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийнхан хэлсэн билээ. “Одоо цаашид аль сургуулийн төгсөгчид багшлах эрхийн шалгалтад хамгийн өндөр оноо авч байгааг олон нийтэд нээлттэй зарладаг болбол эцэг, эхчүүд, хүүхдүүд сонголтоо зөв хийдэг болно” гэж байсан тэдний найдвар хэдийнэ талаар болжээ.
“Цэцэрлэг, сургуульд сурч буй 900- гаад мянган хүүхдийн ирээдүйг боддог л юм бол багшлах эрх олгох шалгалтыг заавал авдаг байх ёстой гэсэн байр суурин дээрээ би энэ хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хүртэл бат зогсож, эсэргүүцсэн ч нэмэр болоогүй” гээд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Д.Сүрэнчимэг толгой сэгсрэв.
Энд ямар ашиг сонирхол байсан болоод УИХ-ын гишүүд 8.5 дахь заалтыг оролдох сонирхолгүй, цээжээрээ хамгаалаад баталцгаасан байх вэ. Их, дээд сургуулиуд төгсөгчдийнхөө чанар чансаагаар өрсөлдөж, хэн нь хэн бэ гэдгээ яс үзвэл цэцэрлэг, бага ангийн багш бэлтгэдэг “Их засаг” олон улсын их сургууль, Монголын үндэсний их сургууль, “Отгонтэнгэр” их сургууль хаахнуур давхих нь тун сонирхолтой.
Тухайлбал, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг санаачлан, бүтэн жил эрчимтэй зүтгүүлж байж УИХ-аар батлуулсан эрхэм гишүүнийг “Их засаг” их сургуультай хамаатуулж ойлгох бүрэн боломжтойг хэн хүнгүй мэдэх хойно. “Багшлах эрх олгох шалгалт авахын тулд нэг хүнээс 35 мянган төгрөг авдаг, нэг байгууллагын мөнгө угаах бизнес болгосон” гээд жадлан эсэргүүцээд байхаар нь БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Тэгвэл энэ шалгалтыг ямар ч хураамжгүй болгоё” гээд энэ жилийн хоёр шалгалтыг хоёуланг нь мөнгөгүй авхуулжээ. Тэглээ гээд ямар ч нэмэр болсонгүй, хууль батлагддагаараа батлагдаж, харин ч 270 гаруй сая төгрөгийн өр Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн төсөвт бий болсон гэнэ.
Уг нь хууль санаачлагчдын яриад байгаа шиг залуу багш нарын идэвх, эр зоригийг мохоогоод байхаар хүнд хэцүү асуулт, сорилт байдаггүй юм билээ. Шалгуулагчдаас боловсрол, сэтгэл судлал, заах арга зүйн талаар сорил авч, тэнцсэн хүмүүсээр эсээ бичүүлж, 70-аас дээш оноо авсанд нь багшлах эрх олгодог аж. Гэтэл “30 асуулттай сорилоос сурагч 26-г нь зөв бөглөсөн байвал тухайн хүүхэд хэдэн оноо авах вэ” гэх мэт наад захын, ганц үйлдэлт ажлыг хүртэл гүйцэтгэх чадамжгүй багш мэргэжилтнүүд бэлтгэгдэн гарч байгааг шалгалтын комиссынхон халаглан ярилаа.
Чухам ийм учраас л хэн нь үнэхээр эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, түмний хүүхдийн оюун санаанд эрдэм номын шилмэл “соортын” үр суулгаж өгөх чадвартай байна вэ гэдгийг энэ шалгалтаар шигшээд, сургууль, цэцэрлэгийн босгоор алхуулдаг байсан хэрэг. Харин одоо Монголын хүүхэд багачуудаар хүн хийх оюуны ертөнцийн хамгийн чухал “үйлдвэрлэл” рүү хэнийг нэвтрүүлэх, хэнийг нь болохгүй вэ гэдгийг хянадаг харуул хамгаалалтын гол шалгуурыг үгүй болгочихсон.
Одоо багш нарын “чөмгийг ташиж” үзэх хоёр л зам үлджээ. Эхнийх нь сургуулийн захирлуудад найдах. Гэвч энэ шалгалтыг үгүй болгосноор нарт ертөнцөд эгнэшгүй нандин сайхан албыг наймаалцдаг “багшийн шахааны бизнес” цэцэглэх өндөр эрсдэлтэйг ч салбарынхан нь хүлээн зөвшөөрч байна. Үнэнийг хэлэхэд, захирлуудын хувьд хэн нэг даргын шахааны хүнийг багшаар ажилд авахаас боловсон аргаар татгалзах том шалтгаан болж, авардаг зүйл нь энэхүү шалгалт байж.
“Энэ хүн чинь багшлах эрхийн шалгалтаа өгсөн юм уу”, эсвэл “Шалгалтдаа тэнцээгүй юм байна шүү дээ” гээд л гүйцээ. Тэгвэл одоо сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар хүртэл ажилтайгаа үлдэх үү, яах уу гэдэг дарамтад орж мэдэхээр хүнд байдалд хүрчээ. Хоёрдугаарт, нэг жил багшаар ажилласныхаа дараа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах үеэр “но” нь илрэх боломжтой. Гэвч тэр болтол чадваргүй багш нар түмний хүүхдээр тоглосоор байна гэдэг эмгэнэл.
Нөгөөтэйгүүр хуульд “Багш мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн төгсөгч нь багшлах эрхтэй байна” гэчихээр л ардын багш гэсэн дипломтой болгоныг шингээх зах зээл манайд бий юү гэдэг асуулт чухлаар тавигдана. “Сарын цалин нь 500 мянган төгрөг ч хүрэхгүй мэргэжлээр сурч төгсчихөөд, дахиад эрх олгох шалгалт өгч байж багшилна гэдэг байж боломгүй зүйл. Дээрээс нь багшийн ажлын байр бэлэн биш байдаг.
Үүнийг болиулна” гээд хулхин дээр цэцэг ургуулаад байсан хууль санаачлагч өөрөө ч эрэлт, нийлүүлэлтийн илт зөрүүг мэдэж байгаа шүү дээ. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд анх удаа ажилд орох гэж байгаа болон гурван жил мэргэжлээрээ ажиллаагүй хүмүүсээс багшлах эрхийн шалгалт авдаг. 2014 оноос хойш уг шалгалтыг давхардсан тоогоор 30 гаруй мянган хүн өгчээ.
Монголд хаврын хаварт 5000 орчим хүн багшаар төгсөж байхад жил бүр дунджаар 8000 гаруй хүн уг шалгалтыг өгдөг гэхээр урьд урьдынхад нь тэнцээгүй дээд боловсролтонгууд хэдий чинээ олон байдгийг эндээс харж болно. Жишээ нь, өнгөрсөн гуравдугаар сарын шалгалтыг 3383 “багш” өгснөөс 1280 хүн буюу 37.8 хувь нь л тэнцсэн байх юм. Гэхдээ энэ 1280 багшийгаа ч ажлын байраар хангах сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ манайд үгүй.
Энэ жил гэхэд л 2000 хүрэхгүй багшийн захиалга ирсэн гэнэ. Дээрээс нь өнөө жилийн хоёр дахь их сунгаа буюу энэ сарын 10-нд шалгалтаа өгсөн 3877 хүнээс эцсийн дүнгээр хэд нь тэнцэж, өнөөх 1280 дээр нэмэгдэхийг одоогоор таашгүй. Тэгэхээр багшийн хөгжлийг дэмжих гээд байгаа асуудлын гол учиг нь дипломтой болгоныг энэ зах зээл рүү шидэж, “Өөрсдөө мэдээд хөлөө олцгоо” хэмээн зөнд нь орхисноор тайлагдахгүй байгаа биз.
Урьд жилүүдийн илүүдэл, гологдол болоод яваа багш нараа яая гэж байж даахгүй нохой булуу хураахын үлгэрээр нэмээд хэдэн мянгаар нь төгсгөхийг дэмжих нь яаж ч бодсон оновчгүй нүүдэл. Харин хаана, ямар чиглэлийн, хэдэн багш үгүйлэгдэж байна вэ, тэр дагуу бодлогоор боловсон хүчнээ бэлтгэдэг, нөгөөтэйгүүр нэгэнт төгсөн гарсан мэргэжилтнүүдээ яаж ажилтай, амьдралтай байлгах вэ гэдгийг шийдэхэд анхаармаар байна.