“Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, сайжруулах арга зам” хамтрагч талуудын уулзалт, семинар өнөөдөр эхэлж, Монгол Улсын Шадар сайд, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн орлогч дарга Ө.Энхтүвшин уг арга хэмжээг нээж үг хэллээ.
Тэрбээр “Өнгөрсөн 10 жилд Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн зөн-Монгол зэрэг олон улсын байгууллагаас авч хэрэгжүүлсэн олон талт арга хэмжээний үр дүнд хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож буй үзүүлэлт 2013 оны түвшнээс 11.2 хувиар нэмэгдэж, 5 хүртэл насны хүүхдийн дунд өсөлт хоцролт 4.7 хувиар, 2010 онтой харьцуулахад 5 хүртэл насны хүүхдийн дунд А амин дэм дутал 22.9 хувиар буурсан хэдий ч цаашид анхаарах ёстой, шийдвэрлэвэл зохих олон асуудал тулгарч байгааг “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний 5 дугаар судалгааны дүн нотолж байна.
Уг судалгааг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас боловсруулсан “Өрхийн хүнсний баталгаат байдлын алдагдлын хэмжээ”-г тооцох аргачлалыг ашиглан хийж, манай орны 4 (баруун, хангай, төв, зүүн) бүс, Улаанбаатар хотыг хамруулжээ. Судалгаагаар Монгол Улсад хоол тэжээлээс хамааралт эмгэгийн дарамт өндөр байгааг тогтоосон. Тухайлбал, нялх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолт хангалтгүй, нийт хүн амын хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, амин дэм, эрдсийн дутлын тархалт өндөр, 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувийн хүнсний баталгаат байдал ямар нэг хэмжээгээр алдагдсан, илүүдэл жин буюу таргалалт өгөх хандлагатай байгаа дүн гарсан байна. Хүн амын Д амин дэмийн хангамжийн түвшин туйлын хангалтгүй, 5 хүртэл насны хүүхдийн 90 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдийн 82 хувь нь Д амин дэмийн дутал, эсхүл нөөц дутмаг байгааг тогтоожээ.
Давс иоджуулах хөтөлбөр хэрэгжүүлж, иоджуулсан давсны хэрэглээг нэмэгдүүлэх талаар олон жил ярьж, ажилласан ч судалгаагаар нийт өрхийн 78.9 хувь нь зохистой түвшинд иоджуулсан давс хэрэглэж байгааг тогтоосон байна. Иоджуулсан давсны хэрэглээ баруун бүсэд 60.4 хувь, хангайн бүсэд 70.6 хувьтай байгаа нь иод дуталд өртөх эрсдэлтэй ажээ.
Өрхийн хүнсний баталгаат байдал судалгаанд хамрагдсан өрхийн 35 хувь хэвийн, 14 хувь нь бага алдагдсан, 28 хувь нь дунд зэрэг алдагдсан, 23 хувь нь ноцтой алдагдсан байгаа бол Улаанбаатар хот болон хангайн бүсэд хүнсний баталгаат байдал алдагдсан өрхийн эзлэх хувь хамгийн өндөр байжээ.
Судалгааны үр дүнд хүн амын дундах А, Д амин дэм, иод, төмөр дутал, өрхийн хүнсний баталгаат байдал зэрэг судалгааны дүн, тэдгээрийн дутлыг нөхөх, сэргийлэх чиглэлээр Бодлогын зөвлөмж гаргасан. Ийм учраас энэ асуудлыг цаашид хэрхэх талаар Та нөхөд хоёр өдөр ажил хэрэгчээр ярилцах хэрэгтэй байна” гэв.
Шадар сайд түүнчлэн “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 2018 оны эхний 5 сарын байдлаар 4185хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийдээжид 14491 үзүүлэлтээр шинжилгээ хийснээс 227дээжстандартын шаардлагад нийцээгүй гарсан. Иймээс лабораторид суурилсан хяналт, тандалтын тогтолцоог бэхжүүлэхийн тулд улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлын лабораториудыг олон улсын түвшинд хүргэх, хүнсний аюулгүй байдлын олон үзүүлэлтийг тодорхойлох, чадавхижуулах, олон улсад ашиглаж байгаа стандартуудтай нийцсэн үндэсний шинжилгээний арга аргачлалын стандартыг мөрдөх, ажлын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна. Мөн хөрс, агаарын бохирдол нь хүнс бохирдох нөхцөл үүсгэдэг хүчин зүйл болдгийг анхаарахад илүүдэхгүй” гэлээ.
Уулзалт, семинарт 21 аймаг, нийслэл, дүүргээс ирсэн эрүүл мэнд, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, халамж үйлчилгээний ажилтнууд, яам, Засгийн газрын агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа “Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөл, “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний 5 дугаар судалгааны “Бодлогын зөвлөмж”-ийг хэрэгжүүлэх зарчим, арга замыг боловсруулах бөгөөд эл хоёр асуудлын хүрээнд бүс нутаг, аймаг, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлын зөвлөмж гаргах юм.