Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад айлчлаад, Афганистаныг зорилоо. Ерөнхий сайд нар ганцаарчлан уулзаж, албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон.
Ингэхдээ эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд Монгол, Туркийн хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар хамтарсан судалгаа эхлүүлэхээр тохирсон бөгөөд 2017 оны байдлаар 31 сая ам.доллар байгаа худалдааны эргэлтийн хэмжээг богино хугацаанд 300 саяд хүргэх тодорхой саналыг харилцан тавьсан юм. Айлчлалын хүрээнд хоёр улсын холбогдох хүмүүс харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав.
Ерөнхий сайд Бинали Йылдырым Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболдод бараалхсан. Тэрбээр айлчлалынхаа төгсгөлд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийн асуултад хариулсан юм.
-Хоёр орны хооронд шууд нислэг үйлдэх боломжийг өргөжүүлэх чиглэлд энэ удаагийн айлчлалаар ахиц гарав уу?
-Энэ талаар Ерөнхий сайд болон холбогдох хүмүүстэй санал солилцож, гарцаагүй шаардлага, хэрэгцээ бий талаар ярилцсан. Үүний хүрээнд хууль, эрх зүйн болон иргэний нисэхийн байгууллага хооронд зохицуулах ажил бий. Ойрын үед шийдэгдэж, ахиц гарна гэж найдаж байна. Шууд нислэг хийх болсноор худалдааны эргэлтийг 30 хувиар нэмэгдүүлэх боломж бий.
Худалдааны эргэлт 300 сая ам.долларт хүрдэггүй юм гэхэд шууд 60 саяд хүрэх тооцоо бий. Зөвхөн “Turkish airlines” бус, МИАТ ч манай аль нэг хот руу нислэг үйлдэх боломжтой шүү дээ. Үр ашгийг нь хувааж хүртэх боломжтой. Ингэвэл хоёр талд эдийн засгийн боломж аяндаа нээгдэнэ. Эдгээр алхмыг хийхгүйгээс болж цаг хугацаа, боломжоо алдаж байна. Сая хоёр улсын иргэний нисэхийн байгууллагын удирдлагууд уулзаж, тодорхой яриа, хэлэлцээ хийсэн.
-Эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхийн тулд худалдааны эргэлтийг богино хугацаанд 300 саяд хүргэх тодорхой саналд нэгдсэн гэж мэдээлсэн. Үүнийг тодруулна уу?
-Уг зээлийг “Эксим” банкаар дамжуулан хоёр чиглэлээр олгох төлөвлөгөөтэй байна. Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолборт бага хэмжээний нисэх буудал байгуулахад 120 сая ам.долларын санхүүжилт олгохоор төлөвлөж байгаа.
Үүнээс гадна хоёр орны хамтарсан, барилга болон арьс шир боловсруулах зэрэг салбарын компаниудад хөрөнгө оруулалт шаардлагатай бол санхүүжүүлэх зорилго бий. Зээлийг Монголын гурван банкаар дамжуулан олгохоор тохиролцлоо.
-Турк улс 2002 онд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, 2010 он гэхэд өрөө бүрэн барагдуулсан байдаг. Танай улс богино хугацаанд Европын зургаа дахь том эдийн засагтай орон болоход юу нөлөөлөв?
-Улс төрийн нэг намаас бүрдсэн Засгийн газар байгуулаад 16 жил болжээ. Бид сонгуульд тасралтгүй 50-иас дээш хувиар ялалт байгуулж буй нь манай намын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа иргэд, сонгогчдод таалагдаж байна гэсэн үг. Анх бидэнд ямар ч туршлага байгаагүй. Гагцхүү хүлээлтийг зохих түвшинд хангаж, хариуцлагатайгаар ажиллахыг хичээж байна.
Юуны түрүүнд, бид эрүүл мэнд, боловсрол, зам тээврийн салбартаа хөрөнгө оруулж, экспортод чиглэсэн, хөгжлийн бодлогыг дэмжсэн олон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ингэхдээ нэг нэгээр нь богино хугацаанд хэрэгжүүлж, шийдвэрээ хурдан боловсруулж, алдаа гаргавал даруй залруулж байсан.
Нөгөө талаас тууштай, тогтвортой байдал одоогийн хөгжлийн хөшүүрэг болсон. Бид монголчуудтай гашуун туршлага хийгээд амжилтынхаа аль алиныг нь хуваалцахыг хүсэж байна.
-Монгол дахь турк сургуулиудын талаарх байр сууриа илэрхийлнэ үү?
-Танай улсад үйл ажиллагаа явуулж буй Empathy сургуулиудын удирдлага буруу номлолынхонтой холбоотой. Тэд Туркэд төрийн эргэлт хийх гэж оролдсон бүлэглэлийнхэнтэй холбоотой учраас удирдлага, менежментийг нь солих ёстой. Тэдний үйл ажиллагаанаас болж Монголын хойч үе боловсролоороо хохирч, эрсдэлд унах ёсгүй.
Туркийн “Мари” сангийнхан тус сургуулийн удирдлагыг авч, үргэлжлүүлэн ажиллах боломжтой. Хэдийгээр монголчууд ямар ч буруугүй ч маш түвэгтэй асуудал учраас анхааралтай хандаж байна. Саяхан Германы компани эдгээр сургуулийг авсан гэж байгаа ч буруу үйл ажиллагаа явуулдаг хүмүүс тэнд бий. Тэр герман хэлтэй турк хүмүүс та нарыг хуурч байна. Сургуулиа төгсөөд Германд суралцах боломжтой гэдэг нь худлаа, танай хүүхдүүдийг хүлээж авахгүй. Өмнө нь ч ийм тохиолдол гарч байсан.
Монгол хүүхдүүд хохирч байгаагийн адил бид ч бас эрсдэл үүрэх гээд байна. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг боловсролоос өөр салбарт ажиллахыг нь зөвшөөрч байгаа шүү дээ. Уг асуудлыг ойрын үед шийдвэрлэнэ гэж бодож байна. Цаашид манай улс Монголын оюутан залуучуудад олгох тэтгэлгийн хэмжээгээ нэмэгдүүлэх бодлого баримтална.
-Турк бизнес эрхлэгчид Монголыг зориход ямар нэг дэмжлэг, туслалцаа байдаг уу?
-Айлчлалын өмнө хоёр орны 20 гаруй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзсан. МҮХАҮТ болон Туркийн Эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөлийн хооронд хамтын ажиллагаа өрнүүлэхээр тохиролцлоо.
Чингис хаан морьтой Евразийг удирдаж байсан. Тэгвэл тэр үеийнхээс илүү бэрхшээл, саад нь харилцаа болоод байна. Тиймээс ложистикийг сайжруулах ёстой. Гэхдээ ямар боломж байгаа талаар мэдээлэл Монголын компаниудад дутмаг байна.
-Арьс шир боловсруулах чиглэлээр манайхтай хэрхэн хамтран ажиллах боломжтой вэ?
-Маш их боломж бий. Манайд энэ чиглэлийн арвин туршлага бий. Монголын боловсруулах үйлдвэрүүдийн тухайд чанарын асуудал хөндөгддөг. Нөгөө талаас нийт нөөцийнхөө дөнгөж 12 хувийг боловсруулж буй нь туйлын хангалтгүй.
-Хоёр улсын харилцаанд аялал жуулчлалын салбар чамгүй ирээдүйтэй харагддаг. Турк хүмүүст Монголын талаарх мэдээлэл хэр байдаг юм бол. Аялал жуулчлалын салбарын харилцааг яаж хөгжүүлэх ёстой вэ?
-Олон турк хүнд өвөг дээдсийнхээ түүхэн газар ирэх сонирхол бий. Бид өөрсдийгөө Чингисийн удам гэж үздэг. Түүнийг мэдэхгүй хүн Туркэд байхгүй. Бүр “Монголчууд” гэж хамтлаг ч бий. Чингис, Тэмүүжин, Хубилай нэртэй турк хүн манайд олон байдаг.
Тиймээс тэдэнд Монголыг зорих сонирхол маш их байгаа нь дамжиггүй. Олноороо ирнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Жилд 11 сая турк хүн жуулчилдаг гэж үзвэл тэдний ядаж таван хувь нь танай сайхан орныг зорино гэдэгт итгэж байна.