Урлагийн өндөр "байшин"-гийн нэлээдгүй олон давхрыг барилцсан хосууд бол яах аргагүй МУГЖ Хасар Жагаа, Г.Урнаа юм. Урлагийн тогоонд сайхан гэр бүл хэмээн олныхоо хүндлэлийг хүлээсэн тэд үзэгчдийнхээ омогшил, бахдалыг төрүүлсэн олон сайхан дүрийг амилуулсан байдаг. Иймд энэ удаагийн ярилцлагынхаа зочноор МУГЖ Г.Урнааг урьж ярилцлаа.
-МУГЖ Г.Урнаа яг одоо юу хийж байна вэ?
-Ажил их байна аа. Удахгүй сонгодог жүжгийн өдрүүд эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд инээдмийн жүжгүүдийг тайзнаа тоглох гээд бэлтгэл ажилдаа ороод явж байна. Мэдэж байгаачлан театрын ажил 2-4 дүгээр саруудад ачаалал ихтэй. Миний хувьд “Монгол кино урлагийн нэгдэл” холбоотой хамтран өнгөрсөн арваннэгдүгээр сард ӨМӨЗО-д “Монголын соёлын өдрүүд”-ийг тохиолдуулан анх удаа “Найрын ширээний ууц”, “Муурын байшин” гэсэн хоёр яриан жүжгийг тоглосон. Энэ ч маш амжилттай болж одоо бусад сум мужаар явж тоглож байна. Жүжгийн бүрэлдэхүүнд СТА М.Цолмонсүрэн, М.Эрдэнэбаяр, Г.Мягмарнаран нар болон Жагаа бид хоёр Кино урлагийн дээд сургуулийг төгссөн залуустайгаа хамтарч ажиллаж байгаа.
Мөн ЦЕГ-тай хамтран хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэлээд том төсөл хэрэгжүүлж байгаа. Хууль ярихаар хүүхдүүд ойлгохгүй шүү дээ. Тэгээд ойлгоход хялбар байдлаар жүжгээр харуулахыг хүссэн юм. Бум-Эрдэнэ зохиолчоор зохиолоо бичүүлээд дөрөвдүгээр сарын дундуур тоглогдоно.Үүнээс гадна Москвад Жагаа бид хоёртой хамт сурч байсан найруулагч залуу ирчихсэн “Фауст” жүжгийг найруулан тавих гэж байгаа. Үүнд нь бас нэгдчихсэн явж байна даа. Маргарит буюу Мартагийн дүрд тоглох юм.
-Та театр, дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлж байсан. Олон янзын дүрд хувиран уйлж, дуулж, уурлан, инээж баясна гээд сэтгэлийн олон хувиралд ордог. Дүрээс дүрд хувирна гэдэг жүжигчний хувьд нэлээд чадвар, тэвчээр шаардах байх.
-Дүрээс дүрд уусаж орно гэдэг маш хэцүү. Ялангуяа нэг дор олон төсөл дээр ажиллах бүр ч түвэгтэй. Дутуу дулимаг зүйл хийж болохгүй. Бид “мэргэшсэн “ байх ёстой. Ийм байхын тулд бүх сэтгэл зүрхээ зориулахаас өөр аргагүй. Хойч үеийнхэндээ заахдаа ч мэргэжлээ хүндэлж байгаарай гэсэн ганц л зүйлийг хүсдэг.
-Жульетта, Хоролмаа, Үнсгэлжин, Дездемон зэрэг эмэгтэй жүжигчин бүрийн бүтээхийг хүсдэг дүрд та тогложээ. Эдгээр дүрээсээ алинд нь илүү хайртай вэ?
-Эмэгтэй хүүхэд бүрээс дуртай дүрээ сонго гэвэл Үнсгэлжин, Жульетта гэж хариулах байх. Миний хувьд ч Ч.Түвшин найруулагчийн Үнсгэлжингийн дүрд 46 нас хүртлээ тоглосон. Залуухан бүсгүйн дүр хэдий ч оронд нь тоглох жүжигчин олдохгүй байсаар нэг мэдэхэд 10 гаруй жил тоглочихсон явж байсан. Жульеттад ч бараг 40 нас хүртээ тоглолоо. Ер нь хүний мөн чанар, хайр сэтгэл, жинхэнэ нөхөрлөлийг харуулсан олон сайхан дүрд удаан хугацаагаар тоглосон юм байна шүү. Үүгээрээ ч бахархдаг. Миний хувьд бүх дүрдээ хайртай. Нэг нь нөгөөгөөрөө хэзээ ч орлуулж боломжгүй өвөрмөц.
-Үнсгэлжингийн дүрд 10 гаруй жилийн турш тоглолоо. Анх тоглож байх үеийн мэдрэмж, хамгийн сүүлийн тоглолтын мэдрэмж хоёр ялгаатай байсан бэ?
-Тэр үеийн мэдрэмж огт өөрчлөгдөөгүй. Анх дүрээ авчихаад өөрийнхөө бага охиныг дуурайж тоглож байлаа. Тухайн үед гаргаж байсан сэтгэл хөдлөл, мэдрэмжийг 20 жил өнгөрсөн ч гаргах хэрэгтэй. Тэгэж байж үзэгчид тэр жүжгээс уйдахгүй шүү дээ. Жүжиг тавигдах мөчөөс эхлэн хоолой минь өөрийн эрхгүй “Үнсгэлжин”-гийн хоолой болоод хувирчихдаг.
-Та хоорондоо адилгүй, янз бүрийн дүр бүтээдэг ч “Хэрээт төгөл”-ийн Анна бусдаасаа их өвөрмөц дүр юм шиг санагддаг.
-Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагчийн “Хэрээт төгөл” инээдмийн эмгэнэлт жүжиг. Үзсэн хүн бүр зүгээр инээхээс илүү амьдралд ийм хүн байдаг юм байх даа, би арай ийм хүн биш биз гэхчилэн дүрийг шоолж, өөрөөсөө ичингүйрч инээнэ. Өөрөөр хэлбэл, өнөөгийн нийгэмд хүний мөн чанар хэрхэн өөрчлөгдөж буйг “Хэрээт төгөл”-д өгүүлдэг. Анна бол гол дүрийн баатар Баохины эхнэр. Ерөнхийдөө эсрэг талын дүр. Хүний хамгийн муу муухай араншинг энэ дүрээс харж болно.
-Жүжигчин хүн үргэлж дүрээсээ суралцдаг. Хүний муухай араншинг цогцлоосон Аннагаас та юу сурав?
-Үзэгчид жүжиг үзээд таашаал, ухаарал авдаг. Бидэнд ч жүжгээс амьдралд тусгаж авах зүйл их гардаг. Өөрөөр хэлбэл, амьдралаас мөн уран бүтээлээсээ суралцаж л явна. Жүжигчдийг хүн судлаач гэлцдэг. Ийн нэрлэхээс ч аргагүй. Хоролмаагийн дүрийг бүгд л эсрэг талын дүр хэмээдэг. Гэхдээ Хоролмаа нь хайрынхаа төлөө тэмцэж буй зоригтой бүсгүй. Анна ч мөн адил. Зовох цагт хүний мөн чанар хэрхэн өөрчлөгддөгийг тухайн дүрээс харж болно. Амьдралд илүү ойрхон болохоор суралцах зүйл их. Ер нь амьдрал ямар баялаг болохыг кино жүжгээс л мэдрэх нь олонтаа.
-Бүтээж байгаа дүрийнхээ сэтгэлзүйтэй хувь хүний тань үзэл бодол, араншил зөрчилдөх тохиолдол байдаг уу?
-Гаралгүй яах вэ. Амьдралд сайн эсвэл муу хүн гэсэн ойлголт байдаггүй. Хүний дотор сайн, муу бүхий л араншин холилдон байдаг. Уурлах, инээх, зэвүүцэх гэх мэт хүний гаргаж болох бүх зан надад бий. Эсрэг дүрд тогловол миний шуналтай, ааштай зангаа, найзын дүрд бол сайхан сэтгэл, нөхөрсөг зангаа илүү товойлгох жишээтэй. Хэрвээ тухайн зан надад байхгүй гэж бодвол хэн нэгнээс хайдаг. Охиноосоо хүртэл дүрээ олж хардаг.
-Зохиолтойгоо танилцах явцдаа энэ дүрийн оронд “би” байсан бол ийм шийдвэр гаргах байсандаа гэсэн бодол төрж байв уу?
-Аливаа нэгэн дүрээр дамжуулан үзэгчдэд мессеж өгөхийг хүсдэг. Цаад дүрийнхээ утга учрыг илүү гаргахыг хичээдэг гэх үү дээ. Шавь нартаа ч “Энэ үгийг яг энэ чигээр нь хэлж болохгүй. Зохиолч энэ үгээр дамжуулж ямар утга санаа илэрхийлэхийг хүсэж байна, тэрийг гаргаж ир” гэж захьдаг.
-Жүжигчин Урнаа, гэрийн эзэгтэй Урнаа хоёрыг өнгөөр тодорхойлвол хоёр өөр өнгө байх болов уу, эсвэл адилхан болов уу?
-Би жүжигчний мэргэжилдээ үнэнчээр зүтгэж яваа. Энэ бол миний амьдралын нэг хэсэг. Би жүжигчин хүн заавал ийм байх ёстой гэсэн зарчим баримталж явахыг хүсдэггүй. Гэвч байнга олны өмнө ил байдаг учраас хүмүүстэй харилцах харилцаа, байгаа байдал маань үлгэр жишээч байх ёстой гэж боддог. Хэлж ярьж байгаа зүйл маань хүнд хүртээмжтэй байх учиртай. Ингэж л Урнаа өөрийнхөө ертөнцийг бий болгоно шүү дээ. Харин гэртээ бол сайн ээж, сайн эхнэр байж чаддаг.
-Та “Би жинхэнэ хайраа олсон аз жаргалтай эмэгтэй. Нөхөртэйгөө ханилснаар амьдралын жинхэнэ аз жаргалыг мэдэрч байна” гэж хэлсэн. Таны бодлоор жинхэнэ хайр, амьдралын аз жаргал юун дээр тогтдог юм бол?
-Хайр бол их энгийн. Бие биеэ чин сэтгэлээсээ ойлголцохоос л эхэлдэг. Тэрнээс биш мөнгө, эрх мэдэл дээр тогтдог зүйл биш шүү дээ. Хоёр биенээ ойлгодог, зөв цагт буулт хийж, хүндэлж чаддаг л байх хэрэгтэй. Хань минь ажлаасаа ядраад орой ирж байхад нь сэтгэлийг нь баясгах үг хэлэх эсвэл дуртай хоолыг нь хийх зэргээр дэм өгч чадвал амьдрал “амттай болно. Ер нь гэр бүлийн утга учир харилцаан дээр тогтдог. Орой нь гэртээ цуглаад бүгдээрээ буруу хараад утсаа оролдоод суух биш, өнөөдөр хэрхэн өнгөрснийг, хүүхдүүдээ хичээл, цэцэрлэг дээрээ юу сурч ирснийг ярилцах л гэр бүл болсны утга учир нь оршдог. Миний хувьд байгаа бүхнийг Жагаа болон хүүхдүүдийнхээ төлөө хиймээр санагддаг. Ингэж л чадвал би юу юунаас илүү аз жаргалтай байдаг.
-Д.Жаргалсайхан гуайн “Эрхүүгийн хавар” дууг сонсохоор өөрийн эрхгүй Жагаа гавьяат та хоёр санаанд буух юм. Анх болзож байсан хөгжилтэй дурсамжуудаасаа хуваалцахгүй юу?
-Би багаасаа л эрэгтэй найзууд олонтой байсан. 5-6 эрчүүдийн дунд өссөн, эршүүд ч байлаа. Гэхдээ найзуудын маань дундаас нэгэн буржгар үстэй, онгироо өндөр залуу л бусдаас онцгойлж ханддаг байсан юмдаг. Эрхүүгийн бэлтгэлд бөх барилддаг, өндөр биерхүү залуу охидын мөрөөр тэврээд л, айлын бага болохоор ч тэр үү их дураараа харьцдаг байлаа. Үүнд ч би бага зэрэг дургүйлхдэг байсан юм. Гэхдээ тийм хүн намайг хараад л нам болчихдог байж билээ. Харцнаас нь л намайг хайрлаж байгаа нь мэдэгддэг. Дээрээс нь надад бүхнийг зориулж, бусдаас илүү хүндэлдэг байсан. Сайхан залуу байна гэж сонгоогүй, одоо намайг хайрлаж байгаа хүн насан туршдаа хайрлаж чадна гэж итгэсэн.Тийм болохоор би охидууддаа “Чамайг хүндэлж, хайрлаж байгаа хүнтэй л суу. Тэгвэл чи жаргана” гэж захидаг. Тиймдээ ч өдийг хүртэл намайг үнэхээр чин сэтгэлээсээ хайрлаж ирсэн ганц залуу. Бага байхад ээж минь нас бараад, өмсөх хувцастай үгүйтэй байхад минь, жаргаж, зовох цагт алинд нь ч намайг орхиогүй, хажууд минь тулгуур багана шиг түшиж ирсэн учраас өнөөдрийн “БИ” байгаа гэж боддог. Тийм болохоор би “Жагаа минь би чамд насан туршдаа баярлаж явдаг” гэж үргэлж хэлдэг.
-Жагаа гавьяат уурлаж бухимдах нь хэр вэ?
-Манай нөхрийг өнгөц харсан хүмүүс ууртай ширүүн гэж боддог юм шиг. Гэтэл харахад сүртэй мөртлөө их тайван зөөлхөн хүн шүү дээ. Нэг сайхан эр байдаг даа, яг л тэр. Барагтай бол уурлаж ширүүлхдэггүй. Найз нөхөд маань ч Жагаа ямар өрөвч зөөлхөн юм бэ гэдэг.
-Та ханьтайгаа Ромьео Жульеттагаас эхлээд олон кинонд гэр бүл болж тоглож байсан. Нөхөртэйгөө кинон дээр есөн удаа гэр бүл болж байсан гэсэн?
-Бид кинон дээр ч хуримлалаа, тайзан дээр ч гэр бүл болж байсан удаа олон бий. Тэгэх бүрт өөр мэдрэмж төрдөг нь сонин. Тухай бүрд Жагаагийн өөр нэгэн дүр төрхийг олж хардаг. Хамт ажиллахад ч их түшигтэй. Зөвхөн хосууд гэлтгүй аав охин хоёр, би ээж нь ч болж тоглож байсан үе бий. Дүр оноогдсон цагаас эхлэн тухайн дүрээ л бодож, уусах нь мэргэжлийнхэн бидэнд их чухал. Тэр ч бүү хэл “Халуун газар” жүжигт би уураа барьж дийлэлгүй Жагааг тас хийтэл нь алгаддаг хэсэг байдаг. Хүмүүс тэрийг харчихаад яаж ингэж бодит юм шиг жүжиглэж чаддаг байна аа гээд л их шагширч байсан санагддаг.
-Жагаа ах та хоёр хоёулаа жүжигчин хүмүүс. Цаг зав бага болохоор гэр орны ажлаа зохицуулна гэдэг амаргүй байх?
-Залуу байхад хадмууд маань хүүхдүүдийг маань өсгөж өгсөн. Харин одоо ах маань ач, зээг маань харж өгдөг. Урлагийнхны хүүхдүүдийг ажиглаад байхад их хэрсүү, ухаалаг хүүхдүүд байдаг. Аав ээж нь ажилтай, хоолтой хоолгүй явах тохиолдол ч цөөнгүй бий. Гэхдээ тэр болгоныг ойлгож хүлээцтэй ханддаг юм шиг санагддаг. Би охиноо хэзээ анх хоол хийж сурсныг ч мэдэхгүй. Нэг л мэдэхэд бүхнийг өөрөө хийдэг, бие даасан болж хүмүүжсэн. Өөрсдөө зөнгөөрөө зөв хүмүүжилтэй болж төлөвшдөг юм шиг санагддаг. Үүнд урлагийн буян ч бий байх. Учир нь багаасаа жүжиг үзэж, зөв бурууг ялгаж сурдаг юм билээ.
-Та нөхөртэйгөө оюутан ахуй цагаасаа ханилан сууж, өдийг хүртэл өнөр өтгөн гэр бүлийг цогцлоосон монголын бахархалт хосуудын нэг. Удаан хугацаанд харилцаагаа хадгалж үлдэхийн нууц нь юу вэ?
-Сүүлийн үед залуу хосуудад ажиглагдаж байгаа зүйл бол хоорондын харилцаа байхгүй болж. Бидний үед ухаалаг гар, утас компьютер гэгч зүйл байгаагүй учраас ширээ тойроод өдөр болсон явдлаа нэгэндээ ярьж өгч, хэрэгтэй цагтаа бие биедээ зөвлөдөг байсан. Харин одоо энэ халуун дулаан уур амьсгал үгүй болсон юм шиг санагддаг. Ямар сайндаа л тог тасарсан чинь гэрийнхэнтэйгээ ярьж үзлээ, сонирхолтой хүмүүс байдаг юм байна гэсэн ёгт яриа гарч байх вэ дээ. Энэ хүмүүст онигоо мэт санагддаг боловч бодит зүйл шүү дээ. Би Жагааг утас бариад суучихаар яасан юм бол, сонирхолгүй, уйдаад байгаа юм болов уу гэж бодоод “ингэе, тэгье” гэсэн санал санаачилга гаргадаг. Нэг нэгнийгээ татаж чаддаг авъяастай л байх хэрэгтэй юм уу даа. Тэгэж байж эрч хүчтэй амьдарна. Бас бие биедээ буулт хийж сур. Хоёулаа асаад байвал амьдрал сүйрнэ. Ялангуяа эрэгтэй хүн уучлалт гуйж сурах хэрэгтэй. Эр хүний уучлаарай гэдэг ганцхан үг эмэгтэй хүнийг 1000 өдөр жаргалтай явуулдаг юм шүү.
-Төгс эмэгтэй гэж ямар хүнийг хэлдэг вэ?
-Төгс бүсгүйг хүн бүр өөр өөрийнхөөрөө тодорхойлох байх..Зарим хүн төгс бие галбир, царай зүс эсвэл цэцэн ухаан гэх байх. Харин миний хувьд сэтгэл зүрх “хөөрхөн” байж төгс гэдэг үгийн утга учир гарч ирэх болов уу. Урлагт чиний хэн байх, царай зүс, авъяас чадвар хамаагүй, чамайг илтгэх үзүүлэлтийн өчүүхэн бага хэсгийг эзэлнэ. Харин сэтгэл зүрхээ зориулах чадвар чинь чамайг хэн бэ гэдгийг тодорхойлно. Би өөрөө их жижигхэн хүн шүү дээ. Хүнийг гадаад үзэмжээр нь ялгаж харьцахад би дургүй. Хэн чадварлагаар олон дүрд хувирч чадаж байна гэдэг нь л чухал. Бас хүнтэй хэрхэн зөв харьцаж байна гэдгээс чиний хэн бэ гэдэг нь харагдана шүү дээ.
-Дотоод мөн чанараас дутахгүйгээр гадаад гоо сайхан чухал байх. Муухай эмэгтэй гэж байхгүй, залхуу эмэгтэй л гэж байдаг гэдэг шүү дээ.
-Тийм шүү. Заавал брэндийн үнэтэй хувцсаар гоё биш, байгаа хувцсаа цэвэрхэн угаагаад өмсдөг л байх хэрэгтэй. Тэгээд ямар ч зүйл дээр сэтгэлээ зориулж чаддаг эмэгтэй л хамгийн “төгс” юм уу даа.
-Таныг ажиглаад байхад их тайван, амгалан хүн шиг санагддаг?
-Миний ээж яг л тийм хүн байсан. Харсан хүн бүр их дөлгөөн, намуухан хүн юм гэлцдэг. Гэхдээ би тийм биш. Мэдээж олон нийттэй харилцахдаа аль болох тайван, дөлгөөн байхыг хичээнэ. Харин бусад үед асвал асна, хэлэх гэсэн үгээ зоригтойхон хэлчихдэг. Шулуун шударга байхыг хичээдэг. Би хэн нэгэнд худалдагдах дургүй. Анх ямар байсан, тэр зангаа л хадгалж үлдэхийг хүсдэг.
-Тэгвэл амар амгаланг юунаас мэдэрдэг вэ?
-Амьдралаа зохицуулж сурах их чухал. Найзууд маань намайг хараад ямар их ажилтай юм бэ, ядардаггүй юм уу гэж асуудаг. Хийж байгаа ажил минь миний сэтгэлд багтаж л байвал би амарч чаддаг. Эсрэгээрээ ажилгүй гэртээ суувал ядраад байдаг юм. Хийх зүйлгүй гиюүрэх шиг хэцүү юм байхгүй. Өөрийнхөө хүссэн ажлыг хийгээд, тэндээсээ таашаал авах шиг сайхан юм байхгүй.
Ер нь хүн ганц л амьдарна. Тийм болохоор хүссэнээрээ л амьдрах хэрэгтэй. Хэрэв надад таалагдахгүй зүйлийг хүн намайг хийхийг хүсвэл би шууд л хэлж орхидог. Бас амьдралын сайхныг нь олж хар. Би ядарч, зовж байна гэж бодвол насаараа л зовно. Тэрнээс биш байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх шиг сайхан зүйл үгүй.
-Гэрийн эзэгтэй Урнаагийн нэг өдрийн амьдралыг сонирхуулбал?
-Янз бүр байдаг. Нэгэн хэвийн хэвшмэл амьдралд дургүй. Жишээлбэл, гэр бүлдээ үргэлж сюрприз барихыг хүсдэг. Өөрөө ч гэнэтийн зүйл сэтгэж, бодох дуртай. Амралтын өдрөөрөө байнга гэрийнхнээ уриалж, хамтдаа хийж болох бүхнийг хийдэг. Ууланд алхах, хамтдаа хоол хийх, тоглох гэх мэтээр. Амьдралд өдөр бүр шинэ хуудас нээгддэг. Тэрнээс биш өглөө нь босоод ажилдаа яваад, орой нь ядарч орж ирээд хоолоо идчихээд л унтдаг хэвшмэл амьдрал надад байхгүй.
-Таны хообий юу вэ?
-Хүмүүстэй уулзаж, ярилцах дуртай. Ялангуяа шинэ хүмүүсийн санаа бодлыг сонсохыг хүсдэг. Би өөрөө юм юм руу их үсчдэг. Хааяадаа теннис тоглох, салхинд алхах, ном унших зэрэг өөр өөр зүйл хийдэг. Тэрнээс биш нэгэн хэвийн ямар нэг цуглуулдаг зүйл байхгүй.
-Дуурийн дуучин аав, балетийн бүжигчин ээжийн охин болж төрсөн таны хувьд сонгодог урлагаар хүмүүжсэн. Багадаа балетчин болох хүсэлтэй байсан охин яаж яваад энэ замыг сонгож орж ирсэн юм бэ?
-Дуурийн театрт л хүн болж хүмүүжсэн шүү дээ. Аав минь дуурийн дуучин, ээж минь балетчин, том ах маань хөгжимчин, бусад ах нар бүжигчин байсан учраас багаасаа л дуурь, балет үзэж өссөн. Тийм болохоор ч тэр үү анхнаасаа бүжигчин болно гэж боддог байсан чинь аав маань жүжигчин болох авъяасыг минь харсан шиг байгаа юм. Тэгээд л намайг энэ зам руу хөтөлсөн дөө.
-Хэрвээ та жүжигчин болоогүй байсан бол ямар мэргэжилтэй хүн байх байсан бол?
-Хэрвээ жүжигчин болоогүй байсан бол мундаг үсчин болох байсан гэж боддог. Яагаад гэвэл жоохон байхаасаа аав, ах нарынхаа үсийг засдаг хүүхэд байлаа. Жагаагийн үсийг ч олон жил заслаа. Тэрэндээ ч их дуртай.
-Танд баярлалаа.