Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол бүжигчин, "Perfect dance" шоу нэвтрүүлгийн шүүгч, СТА, үзэсгэлэнт бүсгүй М.Бямбаатай ярилцлаа. Түүнийг ойроос харахад эфирээр харагддагаасаа бага зэрэг өөр бөгөөд арьсаа яаж арчилдаг болоо гэмээр өө сэвгүй цэвэрхэн царайтай, хар гэзгээ ардаа шуусан, тэгш цагаан шүдтэй, төсөөлж байснаас ч өндөр зэгзгэр эмэгтэй байлаа. Харин хоолойны өнгөний хувьд "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киноны Яргуйн дүрээсээ эрс ялгаатай намбалаг, тогтуун, хайнга байсан нь бидний яриаг чөлөөтэй болгож байв. Түүнтэй тун удахгүй болох "Perfect Dance" тэмцээний гала тоглолтын талаар болон бүжгийн урлаг Бямбаа гэдэг бүсгүйн ертөнцтэй хэрхэн уялддаг талаар ярилцлаа.
-Дууны тэмцээнтэй харьцуулахад бараг зохиогдоод байдаггүй бүжгийн төрлөөр үндэсний хэмжээнд авьяастны эрэлд гарсан шүүгчдийн нэг та. Тэгвэл Perfect Dance тэмцээний оролцогчид таны хүлээлт үүсгэсэн хэмжээнд төгс үзүүлбэр үзүүлж чадсан уу?
-Байсан бас байгаагүй. Төгс оролцогчид үнэндээ ховор байсан. Бүжгийн тэмцээн тэр бүр болоод байдаггүй болохоор алдаа оноотой эхэлсэн байх. Гэхдээ хүлээлтийг давсан оролцогчид гэвэл бяцхан хүүхдүүд л байлаа. Тэдний харцанд нь хүртэл ассан гал, өөртөө итгэх итгэл намайг үнэхээр алмайруулсан шүү. Харин зарим оролцогчид маань маш авьяастай, мундаг мөртлөө нэг л тэсэрч гарч ирж өгөхгүй байсан. Ер нь тэмцээний маань дараагийн шатууд хоорондоо 7-8 хан хоногийн л зайтай байсан болохоор тултал сайн бэлдэх хэцүү. Бэлтгэл дутуугаас л олон сайн оролцогч хасагдсан. Ер нь бүжигчин хүн тольтойгоо сайн харьцаж байнгын бэлтгэл хийх ёстой. Бүжгийн урлагт 90 хувийн хөдөлмөр, 10 хувийн авьяас шүү дээ. Үнэндээ тэмцээний ялагчдыг тодруулах л гол асуудал болж байна. Хийж бүтээх насны хүмүүсээ гаргаж ирмээр байдаг гэтэл хүүхдүүд насанд хүрэгчдээсээ илүү цойлсон нь үнэн. Насны ангилалгүй тэмцээн болохоор харьцуулахад жоохон хүндрэлтэй байгаа юм. Хүүхдүүдээ гаргаад ирэхээр гэгээн алсын одод шиг болчих гээд ярвигтай л байна.
-Тэмцээний шүүгчид өөрсдөө гайхалтай бүжигчид. Бусдыг шүүх хэмжээнд хүрэх хүртлээ оролцогчдын нэгэн адил шаргуу бэлтгэл хийдэг байсан байж таарна. Хамгийн их өөрийгөө дайчилж байсан үе тань хэзээ вэ?
-Одоогоос нэг хоёр жилийн өмнө ээлжийн амралт гэж ч мэддэггүй ажилладаг байлаа. Өмнө нь би хичээж бүжиглэдэг байсан бол одоо аргадаж бүжиглэдэг болж байгаагаа анзаарсан. Гэхдээ бүжигчин хүн бэлтгэлээ цалгардуулж удаан явж болдоггүй.
-Таны гэр бүлд урлагийн хүн байдаг уу?
-Манай гэрт бүжиглэдэг хүн уг нь байхгүй. Урлагийн гэвэл эгч маань хийл тоглодог. Магадгүй би бүжигчин хүний сүнс байсан байх. Бүжигчин болно гэсээр байгаад л болсон.
-Таны охин одоо 12 настай юм билээ. Ийм том охинтой гэхээр таны насыг баримжаалахад хэцүү болж байна шүү.
-Би чинь 1980-аад оных шүү дээ. Заримдаа дүү нар мэдэхгүй найзан дундаа орчих гээд л байдаг юм. Жүжигчин Шүүдрээ зэрэг дүү найзууд маань "Би чамаас дүү юм байна. Гэхдээ чи надад таалагддаг болохоор үеийнх юм шиг байя" гэчихсэн л гүйж явдаг юм. Залуу үетэйгээ харьцуулахад би картын бараанд дугаарладаг, хоол хүнс ховор үед төрсөн болоод ч тэр үү зовлон даах чадвар сайтай юм шиг байгаа юм. Хоёрдугаар гурил идэж өссөн. АСЕМ-ын үеэр бид нар маш их ачаалалтай ажиллаж байснаа санаж байна. Бид нар автобусанд ачигдаж яваад л Чингисийн хүрээний амралтын газар майханд нь байнгын бэлтгэл хийж, гадаа л өнждөг байж билээ.
-Зэрлэг цэцэгсийн хүлэмж киноны Яргуйн дүрээр таныг олон хүн мэднэ. Тэр кинонд их л найланхай эмэгтэйн дүрд тоглодог бол бодит байдал дээр намбатай мэт санагдлаа. Харин тэмцээний оролцогч Б.Лхагвадуламтай төстэй юм шиг.
-Тийм ээ хэд хэдэн хүн Б.Лхагвадуламтай төстэй гэж хэлж байсан. Харин Яргуйн дүрийг гаргахын тулд хоолойгоо нэлээн өөрчилж дуугарсан нь тэр.
-Жульетад тоглох гэж байсан боловч санхүүгийн асуудлаас болоод цуцлагдаж байсан гэж дуулсан. Жүжигчний мэргэжил өөрөөс тань хэр хол байсан бэ?
-Урлагийн хүн болохоор харьцангүй ойр байсан. Гэхдээ л зүгээр ярьчих юман дээр бүжигчин болоод ч тэр үү гар хөлөө хөдөлгөчих гээд сахилагагүй Жульета болох шинжтэй байсан. Зэрлэг цэцэгсийн хүлэмж киноны зураг авалтын үеэр миний хариулж байсан ямаа зугтаагаад уул руу авирчихсан. Ядаж байхад сүргийн манлай ямаа. Нөгөөтөхөө барих гээд өдөржингөө юм болж зураг авалтад бага зэрэг хүндрэл учруулсан. Тэрнээсээ санаа зовоод маргаашнаас нь өглөө босоод л үгээ бэлдээд л орон дээр дуугүй сууж байдаг хүн болчихсон шүү. (инээв) Харин манай найруулагч тухайн үедээ л нэг загнаад, дараа нь "Яасан миний охин" гээд л дороо мартчихдаг юм билээ.
-Бүжигчдийг харахад ихэнх нь бага наснаасаа гараагаа эхэлсэн байдаг. Тэгвэл хүүхэд байхаасаа эхлээгүй ч гэсэн нас ахисан хойноо бүжиглэж болдог юм болов уу?
-Хүн бүр бүжиглэж чадна. Харин мэргэжлийн болох уу? Сонирхогч болох уу? гэдэг дээр л ялгаа гарч ирнэ. Жишээлбэл хөгжим бүжгийн коллежийг төгссөн хүүхдүүдийн суурь нь арай өөр байдаг. Сонгодог дасгалын хичээлээс бол мэргэжлийн бүжигчний суурийг тавьдаг гол хүчин зүйл. Ер нь тэгээд эзэн хичээвэл заяа хичээнэ. Дотоод ертөнцдөө, сэтгэлгээндээ багтааж чадвал болохгүй ч юм байхгүй. Хүмүүс лам бөөд үзүүлээд худлаа байсан ч хамаагүй засал хийлгэчихээр ажил бүтнэ гэж итгэдэг шиг өөрийгөө залуу гээд бодчихгүй юу. Болно бүтнэ гэвэл түүгээрээ болдог. Хэрвээ нэгэнт шийдсэн бол өөртөө маш итгэлтэй хүчтэй байх ёстой.
-Таны эргэн тойронд бүжгийн ертөнцөд хожуу хөл тавьсан ч амжилттай яваа бүжигчид байдаг уу?
-Улаанбаатар чуулгын Баярбат гээд залуу байдаг. Тэр залуу бид нарыг хөгжим бүжиг төгсөж байхад, СУИС-д дөнгөж орж байсан. Харин одоо бол мэргэжлийн бүжигчидтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн шүү. Ер нь манай бүжигчдийн нэг алддаг юм нь би угаасаа мундаг юм чинь гээд л санаа амраад нэг түвшиндээ гацаад дээшээ ахисан ч юм байхгүй дуусдаг. Тэгж алдсан бүжигчид олон бий. Маш гоё подёмтой, их өгөгдөлтэй, авьяастай хүмүүс залхуу байдаг. Гэтэл авьяасгүй хүүхдүүд өдөр болгон хичээж явсаар байгаад авьяастнуудаас дээр гарчихсан байдаг.
-Та бусад шүүгчдээсээ үндэсний урлагийн бүжигчин гэдгээрээ ялгарна. Бас нөгөө дөрвөн шүүгчээ бодвол арай аядуу зөөлөн нь байх. Оролцогчдод ямар хандлага үзүүлэхийг, юу ойлгуулахыг зорьсон бэ?
-Үндэсний урлагийн их театрын бүжигчид маань монголдоо төдийгүй дэлхийд үндэсний урлагийг гайхшруулдаг. Сэвжидийн нэрэмжит 50 орчим бүжигчин нийлээд бүжиглэхээр, зэрэг орилохоор монгол хүн л болсон хойно омогшдог. Бидний бүжгийн хөдөлгөөн маш эрэмгий. Манай театр өөрөө нэг их маркетенг хийдэггүй болоод ч тэр үү залуучууд тэр бүр мэддэггүй ч тулаад үзсэн хүн бүр омогшиж байгааг нь олж хардаг.
Харин шүүлтийн хувьд манай таван шүүгч тэмцээн эхлэхэд л өнгө төрхөө бүрдүүлээд л явчихсан. Би шүүх нэрийдлээр хүүхдүүдийн хүсэл зоригийг нь мохоочихгүй юм шүү гэж бодсон. Болохгүй зүйл байсан ч гэсэн чиний инээмсэглэл чинь гоё байлаа, гар чинь гоё байна гэдэг ч юм уу чамд энэ талаа дагнаад явбал илүү дээр гэж зөвлөн ажилласан. Хүн болгонд урам хайрлахыг л аль болох хичээсэн дээ. Шүүх явцдаа нэг мэдэхэд уйлаад л , нүүр амаа сонин болгочихсон сууж байдаг. Дараа нь харахад инээдтэй. Гэхдээ ер нь урлаг бүхэн сайхан. Хүний сэтгэлд хүрээд нулимс гаргаж чадаж байна гэдэг чинь хүнд хүрч байгаагийн илрэл шүү дээ. Ялангуяа 2-р шатанд орж буй хүүхдүүдийн бүжгээрээ гаргах гэсэн санаа нь байгаль орчноо хайрлах сэдэл өгсөн хөндүүштэй сэдвүүд байсан. Өөрсдөө хүртэл уйлчихсан оролцогчдоо хараад үнэхээр юм бодогдмоор байсан.
-Бүжигчид ярих, амбицлахаасаа илүү үйл хөдлөлөөрөө санаагаа илэрхийлэх гэдэг юм болов уу?
-Манай бүжигчид амбиц багатай хүмүүс. Театр дотроо хэмжээгүй алдартай хүн ч гадагшаа өөрийгөө яриад зарлаад байх нь ховор.
-Таны сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн таван үзүүлбэрээ нэрлээч
-Тэмүүлэнгийн Jackson болдог үзүүлбэр бүр алмайруулсан.
- Хөгжөөн дэмжигч охидын Light Cheers хамтлаг байна.
- "Dream big"
- Монгол бүжигчин Эрдэнэбаяр
- Балетчин Лхагвадулам
- Хүүхдүүдийн ангилалд "Шинэ үе" хамтлаг ч бас сайн байсан.
-Миний асуугаагүй танд нэмж хэлэхийг хүссэн зүйл байна уу?
-Perfect Dance шоуны маань шилдгийг шалгаруулах гала тоглолт 4 дүгээр сарын 4-нд 18 цагаас Соёлын төв өргөөнд болох тул ирж үзээрэй л гэж хэлье дээ.
Ярилцсанд баярлалаа.