Ардын багш Ч.Дамдиншараваас “Бөртэ чоно” шагнал гардан авч байгаа нь.
Олимпын зэрэгтэй Монголын хоёрхон шүүгчийн нэг (Нөгөөх нь М.Бөхбат), чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Баатарын Төмөрбаатартай ярилцлаа.
2014 оны “Бөртэ чоно”-ын эзэн, ”Рио-2016” олимпын чөлөөт бөхийн барилдааныг дэнсэлсэн тэрбээр өдгөө дотоод, гадаадад болж буй тэмцээнүүдийг шүүхийн зэрэгцээ “Хүч” спорт хороонд дасгалжуулагчаар ажилладаг юм.
-Уулзахаасаа өмнө таны талаар бага сага судаллаа. Хэвлэлд ярилцлага өгөхдөө чөлөөт бөхийн спортын дүрэм, шүүлт, эсвэл ямар нэгэн тэмцээний тухай л ихэвчлэн ярьсан байх юм.
Хувийн амьдралынхаа талаар тэр бүр ам нээдэггүй юм билээ. Тэгэхээр бага насны тань дурсамжаар ярилцлагаа эхэлье.
-Нээрэн, бодоод байх нь ээ, тийм юм байна шүү. Дандаа чөлөөт бөхийн дүрмийн өөрчлөлт, хөгжил, спортын тухай л ярьж байж. Тэгээд ч би хэвлэлд тэр бүр ярилцлага өгдөггүй, нууцлаг талдаа хүн. Хоёр охинтой, эхнэр минь эмч мэргэжилтэй. Бага насны минь хамгийн нандин, сайхан дурсамж Хайлаасттай салшгүй холбоотой.
Гэр хорооллын бусад хүүхдийн адил нүүрс, түлээгээ зөөж, гудамжинд хөлбөмбөг тоглон, дээл, гутлаа ханзартал барилдаж өссөн. Дөрөвдүгээр ангид сурч байхдаа хуучнаар Монголын пионер сурагчдын ордонд Гавьяат дасгалжуулагч Цэрэндаваа багшаар чөлөөт бөх заалгаж байлаа.
Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Болгарын үндэсний биеийн тамирын академид чөлөөт бөхийн дасгалжуулагч мэргэжлээр сурахаар хилийн дээс алхсан юм. Багш ч бас энэ сургуулийг төгссөн болохоор намайг их дэмжин, баярлаж билээ.
-Та тухайн үед чамгүй амжилт гарган, залуучуудын улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтчихсан байсан. Сурах, барилдахын аль нь таны сонирхлыг илүү татаж байв?
-Би ч уг нь барилдах илүү сонирхолтой, тэр жилийн Бүх ард түмний спартакиадаас мөнгөн медаль авчихсан байлаа. Мундаг тамирчин болно гээд зорьчихсон, түүндээ бат итгэчихсэн явав. Гэтэл багш, ээж хоёр ёстой халгаасангүй. Би үгнээс нь зөрж яаж зүрхлэх вэ. Тэгээд л 18 настайдаа Болгарыг зорьсон доо.
Тэнд эхний жил хэлний бэлтгэлд суран, сургуулиа төгсөөд докторын зэрэг хамгаалсан. Болгарын чөлөөт бөх, сонирхогчдын сүмогийн тамирчид болон ЦСКА багийг дасгалжуулан, Элчин сайдын яамнаас ажлын гараагаа эхлүүлж байв. Одоо бодох нь ээ, зөв шийдвэр гаргасан юм билээ. Дасгалжуулагч, шүүгчийн мэргэжил эзэмшсэндээ олзуурхаж явдаг.
-Болгарт 19 жил амьдарсныхаа дараа буюу 2007 онд эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон. Тухайн үед өөрийгөө голсон уу, эсвэл “Чадна аа” гээд зүтгэсэн үү?
-2006 онд Эрдэнэтэд болсон олон улсын тэмцээнд Болгарын хоёр олимпын аваргыг оролцуулж, дасгалжуулсан юм. Тэр тэмцээний үеэр тухайн үед Үндэсний шигшээ багийн албаны даргаар ажиллаж байсан Энхбаатар надад ажлын санал тавихад нь татгалзсан. Болгарын чөлөөт бөхийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажилладаг, гэр бүлийнхэн тэнд байсан болохоор зөвшөөрөх боломжгүй байсан юм л даа.
Нөгөө талаар татвараа хасаад 150 мянга гаруй төгрөгийн цалинтайг нь сонсоод чамласан хэрэг. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албан тушаалтай, улсынхаа шилдгүүдийг удирдаж байж тийм бага цалин авдагт нь гайхаж билээ. Тэгээд л Болгар руу буцаад явчихсан. Энхбаатар дарга араас холбоо барьж, саналыг нь бодож үзэхийг хүсээд л байв.
Хамгийн сүүлд шинэ жилээр холбогдоход нь гэр бүлийнхнээсээ асуутал “Өөрөө л мэд. Жирийн нэг хувь хүн, компани ажлын санал тавьсан биш, улс маань урьж байна. Юу ч гэсэн ажиллаад үз. Болохгүй бол буцаад ирэхгүй юү” гэсэн. Сар гаруй бодож байгаад зөвшөөрөн, 2007 оны хоёрдугаар сарын 1-нд ахлах дасгалжуулагчаар томилогдлоо. Гэтэл Ардын багш Д.Сэрээтэр гуайг миний туслах болгочихдог байгаа.
Санаа зовсон гэж жигтэйхэн. Юу гэж ийм юм байх вэ, би туслах болъё гээд учирлатал “Залуу хүн удирдсан нь дээр. Ах нь яах вэ, чадлынхаа хэрээр дэмжиж, туслана. Би туслах болно” гээд халгаасангүй. Бээжингийн олимп болоход жил, зургаан сар дутуу, амаргүй үед тамирчдаа дасгалжуулсан л даа, бид хоёр. Чадахгүй, олимпод амжилт гаргахгүй бол яана гэж их эмээсэн шүү.
-Гадаадынхан андахгүй ч Монголын чөлөөтийнхөн тийм ч сайн танихгүй тул нэлээд гайхсан гэдэг юм билээ. Хүмүүсийн хандлага хэр байв?
-Үнэнийг хэлэхэд тийм ч дуртай байгаагүй, шүүмжлэлтэй хандсаныг нуугаад яах вэ. Зарим багш тамирчнаа шигшээ багт бэлтгэл хийлгэдэггүй, бөхчүүд цаг барьдаггүй, тасалдаг. Тиймээс юуны түрүүнд тамирчдыг сахилга баттай, цаг барьдаг болгох нь чухал байв. Үүнээс гадна бэлтгэлийн танхимаа засварлаж, дэвжээгээ шинэчлэн ажлаа эхэлсэн.
-Юу юугүй олимп дөхчихсөн, зарим хүн хүлээн зөвшөөрөхгүй байхаар шантармаар үе гарсан уу?
-Гаралгүй яах вэ. Зарим газраас ажлын санал ирнэ, Д.Сэрээтэр гуайд “Зарим хүн дургүй байх шиг байна. Больдог ч юм бил үү” гэж хүртэл хэлсэн удаатай. Тэгж байтал гэнэт шар хөдөлсөн. Улс маань итгэл хүлээлгэн, эрвийх дэрвийхээрээ дэмжиж байхад би яагаад замын дундаас буцах ёстой гэж, хэдхэн сар болчихоод туйлбаргүй зан гаргавал харин ч ёстой олны итгэлийг алдана, муухай юм болно гэж бодлоо.
Тэгээд эхнэрээ ажлаас нь гарган, гэр бүлийнхнийгээ нүүлгэж ирээд эх орондоо бүрмөсөн суурьшсан. Хүүхдүүд минь ерөнхийдөө таван жилийн дараа Монголын орчин, нөхцөлд дасчихсан шүү.
-Орон орны бөхчүүд өөр, өөрийн гэсэн барилдааны арга барил, дасгалжуулалтын дэгтэй. Монгол, Болгар бөхчүүд юугаараа ялгаатай вэ?
-Улсын дэмжлэг, бэлтгэлийн орчныг нь харьцуулахын аргагүй. Монгол бөхчүүд авьяастай, спортоор л амжилтад хүрнэ гээд зорилгынхоо төлөө бүхнээ дайчлах нь хамаагүй илүү. Харин европ тамирчид бүх зүйлийг нь бэлдэж өгөөд байхад тэгж зүтгэж чаддаггүй.
-“Бээжин-2008” олимпоос медальтан төрүүлж чадаагүй, тааруу амжилт гаргасан та бүхний гол алдаа юу байв?
-Өнгөрсөн юмны талаар тэр буруутай, тэгсэн, ингэсэн бол амжилт гаргах байсан гэж ярих дэмий. Ер нь эв, нэгдэл, сахилга батын асуудал бидний амжилтад чөдөр болсон. Монголд болсон олон улсын тэмцээний үеэр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Дагестаны нэгэн дасгалжуулагчтай уулзсан юм билээ.
Тэгэхдээ түүнээс “Монгол, Дагестан хоёулаа адилхан бөхийн орон. Гэтэл танайхаас яагаад ийм олон олимп, дэлхийн аварга төрөөд байна вэ, нууц нь юу бол” гэж асуухад нь “Монголын тамирчид сахилга бат муутай. Энэ л өдий хүртэл чөлөөт бөхөөс олимпын аварга төрөхгүй байгаагийн шалтгаан болов уу” гэж хариулсан гэдэг.
Яг үнэн л дээ. Ер нь жил гаруй ажилласан Д.Сэрээтэр багш бид хоёрын хөдөлмөрийн үр дүн олонд төдийлөн үнэлэгдээгүй, Бээжингийн олимпод гаргасан амжилтаар хэмжигдээд, шүүмжлүүлээд өнгөрсөн.
-Та өөртөө ямар дүн тавьдаг вэ?
-Боломжийн, бололцоогоо бүрэн дайчилсан л гэж боддог. Олимпод амжилт гаргаж чадаагүй болохоор юу ч гэж яриад дэмий л дээ, миний буруу, дутуу, дулимаг ажилласных.
2009 оны ДАШТ-ий дараа БТСГ-ын дарга асан Ч.Наранбаатар “Богино хугацаанд ажилласан гэхэд Д.Сэрээтэр багш та хоёрын хөдөлмөрийн үр дүн эмэгтэй тамирчдын амжилтад их нөлөөлж байна. Энэ жил л гэхэд дэлхийн дэвжээнээс анхны мөнгө, гурав дахь хүрэл медалиа хүртлээ” гэж үнэлсэн.
-Бээжингийн олимпын дараа ахлах дасгалжуулагчаар үргэлжлүүлэн ажиллах боломж байсан нь мэдээж. Та ер нь дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад оролцсон бил үү?
-Оролцоогүй. Бид олон улс, тив, дэлхийн дэвжээнд өндөр амжилт гарган, олимпод гурван эрх аваад оролцсон ч медаль хүртэж чадаагүй. Аливаа зүйлд хариуцлагатай байх ёстой. Олимпоос медаль авч чадаагүй, монголчуудынхаа итгэлийг алдсан нь үнэн. Тиймээс хариуцлага хүлээн, Бээжингийн олимпын дараа Д.Сэрээтэр багш бид хоёр ажлаа хүлээлгэн өгсөн.
Тэгээд хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2012 оноос цагдаагийн Хөдөлгөөнт эргүүлийн газар ажиллах болсон. Татан буугдсаных нь дараа Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст зургаан жил зүтгээд энэ оноос “Хүч” спорт хороонд дасгалжуулагчаар ажиллаж байна. Мэдээж өнгөрсөн хугацаанд шүүгчийн ажлаасаа хөндийрөөгүй, боломжийнхоо хэрээр тамирчдаа дасгалжуулсаар ирсэн.
-Та олимпын зэрэгтэй хоёрхон монгол шүүгчийн нэг. Шүүгчийн гараагаа хэрхэн эхлэв?
-Болгарт дасгалжуулагчаар ажиллаж байхад шүүгчийн мэргэжил эзэмшихийг зөвлөсөн юм. Сайтар судалж, сургалтад хамрагдаж байгаад 2001 оноос дотоодын тэмцээн шүүдэг болов. Болгарт болж буй 28-30 тэмцээн дэнсэлнэ. Гэтэл нэг жил УАШТ-ийхээ ерөнхий шүүгчээр томилохоор нь “Болгар улс 100 гаруй шүүгчтэй, би ганцаараа гадаадын иргэн.
Бусад орныхон гайхах байлгүй. Санаа зовоод байна аа” гэтэл зад загнасан. Хоёр жилийн дараа Болгарын чөлөөт бөхийн холбооныхон “За, бид чамайг хоёр жил бэлдлээ. Одоо олон улсын зэрэгтэй болох хэрэгтэй” гэж зөвлөснийх нь дагуу 2003 онд Унгарт болсон тэмцээний үеэр олон улсын зэрэг олгох шалгалт өгөөд тэнцлээ.
Тэгэхээр болгарчууд намайг бодлогоор бэлдсэн юм билээ. Тэгээд зэргээ ахиулсаар 2011 онд олимпын зэрэгтэй болсон, олимпын наадам дэнслэх эрхтэй болсон гэсэн үг.
-Өөрийн орны олимпын зэрэгтэй шүүгчтэй болсноор бидэнд ямар давуу талтай вэ?
-Чөлөөт бөхийн дүрэмд ямар нэгэн өөрчлөлт орууллаа гэхэд тамирчдадаа нэн даруй хэлнэ, түүнд тохирсон барилдааны арга барилыг төлөвшүүлэхэд зөвлөгөө өгнө. Ямар ч тэмцээнд тамирчныхаа амжилтыг булхайтай шүүлгэхээс сэргийлдэг.
Танил шүүгчдээ “Хэнийх нь талд оноо өгч болохуйц эгзэгтэй мөчид манай орны тамирчныг дэмжээрэй. Шүүлтийн тал дээр ямар нэгэн булхай оруулж болохгүй шүү” гэж захидаг.
-Одоогоор хэчнээн ДАШТ шүүгээд байгаа билээ?
-Ер нь олон шүү. Яг нарийн санахгүй байна, тоогоо алдчихаж (инээв).
-Тамирчин бүхэн олимпын наадамд оролцох, өндөр амжилт гаргахыг мөрөөддөг. Үүнтэй адил шүүгч хүний хамгийн том зорилго нь олимпын наадам дэнслэх болов уу.
“Рио-2016” олимпын чөлөөт бөхийн барилдааныг шүүсэн 60 шүүгчийн нэг нь, та. Олимпын наадамд шүүгчээр оролцох болзлыг хэрхэн хангасан бэ?
-Тэгэлгүй яах, би ч бас олимпын наадамд шүүгчээр оролцох юм сан гэж олон жил зорьсон. Олимпын зэргээ 2011 оноос хойш хичээж, шат шатных нь шалгалтад тэнцэж байгаад болзлыг нь хангасан юм. Шүүгч хүнд мэдлэгээс дутахгүй мэдрэмж чухал. Тиймээс дүрмийн холбогдолтой олон зүйл уншин, сургалтад хамрагдлаа гээд сайн шүүгч болохгүй.
“Рио-2016” олимпын сонгомол бөхийн барилдааны хамгийн эхний өрсөлдөөнийг дэнслэхэд сэтгэл их хөдөлсөн, сандарсан шүү. Тэр үед монгол хүн болж төрснөөрөө л их бахархдаг юм билээ.
-Гавьяат тамирчин Г.Мандахнаран эргэлзээтэй шүүлтийн улмаас Наврузовт дийлдэн, хүрэл медаль хүртэж чадаагүй.
Олимпын дараа та хэвлэлд ярилцлага өгөхдөө “Шүүгчид Г.Мандахнарангийн барилдааныг дүрмийн дагуу шүүсэн” гэж ярьсныг тань зарим хүн шүүмжилсэн. Та хэрэв тэр барилдааныг шүүсэн бол хэрхэн шийдвэрлэх байсан бэ?
-Хүмүүст дүрмийн зөв ойлголт өгөхийн тулд, хэтэрхий нэг талд туйлшрахаас сэргийлж тэр ярилцлагыг өгсөн юм. Түүнээс биш Г.Мандахнарангийн амжилтыг үгүйсгэсэндээ тэгээгүй юм шүү. Одоо ч энэ талаар ярихад надад хүнд байна. Монгол хүн бүхэн тэр медалийг хүлээж байсан юм шүү дээ. Олимпын дараа олон хүн “арьсаа хамгаалсан”, бурууг бусдаас эрсэн.
Аливаа зүйл шударга байх сайхан. Үнэн юмыг үнэнээр нь, шударга хэлэх хэрэгтэй. Нэг талаараа мэргэжлийн онцлог юм уу даа. Мэдээж шүүгч бүхэн алдаа гаргахгүй, шударга шүүхийг хичээдэг. Би ч бас тэгэх л байсан. Үнэнийг хэлэхэд Наврузов олимпын эхний барилдаанаас л шүүлтэд нөлөөлсөн юм билээ. Дагах тойрогт шүүлтийн булхайгаар ялсан нь илрээд, тэр барилдааныг дэнсэлсэн гурван шүүгчийг шийтгэсэн шүү дээ.
Гэтэл Г.Мандахнарангийн барилдааныг шүүсэн шүүчид ямар ч шийтгэл ногдуулаагүй. Барилдааны дараа хоёр дасгалжуулагч дэвжээн дээр гаран, хувцсаа тайлж шидэн эсэргүүцэхэд болиулах минь яалаа гэж харамсдаг. Тэгсэн бол Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос МЧБХ-ныхныг торгон, тэдний дасгалжуулах эрхийг хоёр жилээр хасахгүй ч байсан юм бил үү.
Энэ талаарх яриаг ингээд дуусгая. Тэгэхгүй бол ярилцлага уншсан зарим хүн бөөн юм болно, бахаа ханатал шүүмжилнэ. Монголчууд аливаа зүйлийг олон өнцгөөс хардаг, шүүмжлэл, үнэнтэй шударгаар нүүр тулдаг байгаасай.
-Монголчууд чөлөөт бөхийн төрөлд олимпын зэрэгтэй олон шүүгчтэй болох боломж бий юү. Тэгэхийн тулд юу хамгийн чухал бол?
-Одоогоор олимпын зэрэг хангахад их дөхсөн шүүгч Сэрээтэрээс өөр алга. Юуны түрүүнд нэгдүгээр зэргийн болзол хангах нь чухал. Хоёр, гуравдугаар зэрэгтэй олон шүүгч байгаа ч яавч хангалттай биш, чамлалттай. Тиймээс Монголд шүүгчийн сургалтыг олноор зохион, мэдлэг, боловсролыг нь ахиулах хэрэгтэй.