ДБЭТ-ын гоцлол дуучин, сопрано Б.Энхнаранг зочноор урьж ярилцлаа.
П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татьяна, Ж.Пуччинийн “Чио Чио Сан”-ы Эрвээхэй хатагтай, Ж.Бизегийн “Кармен”-ы Микаэла, Ж.Вердийн “Травиата” дуурийн Аннина, Б.Шаравын “Чингис хаан”-ы Бөртэ үжин, Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил”-ын Уянга, Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж”-ийн гүн гэрийн гүнж Цай Ван Жи зэрэг дүрээр үзэгчдийн танил болж буй залуу уран бүтээлч тэрбээр ОХУ-ын Санкт-Петербург хотын Н.А.Римский-Корсаковын нэрэмжит Консерваторийг зургаан жилийн өмнө төгссөн.
ХБК-д Гавьяат багш Г.Ширчинбаатарын удирдлага дор дөрвөн жил гобой хөгжим заалгасны дараа Ардын жүжигчин Х.Уртнасан багшийн шавь болж, дуулах эрдэмд таван жил шамдаад, хойд хөршид үргэлжлүүлэн суралцсан түүхтэй.
-Баяр хүргэе. Саяхан “Кармен” дуурь тоглоход үзэгчид Микаэла болсон танд илүүтэй алга ташиж байлаа. Та өөрөө ч мэдэрсэн байх.
-Баярлалаа, мэдэрсэн. Гэхдээ жаахан санаа зовсон.
-Яагаад?
-Гол дүр биш л дээ. Тэр өдөр бас Эскамильод тоглосон гоцлол дуучин Бүүвэйбаатарт үзэгчид их алга
ташиж байлаа. Залуучуудыг дэмжээд байна уу гэж бодсон.
-Сайн тоглосон болохоор тэр шүү дээ. Олон жил ажилласан уран бүтээлчдээс сайн дуулсандаа өөрсдийгөө буруутгах гээгүй байх.
-Үгүй ээ, юу гэж тэгэх вэ. Хичээж байгаа. Дууриас дуурьт, дүрээс дүрд мэргэжилдээ ахих нь бидний театрын ч, үзэгчдийн ч өмнө хүлээсэн үүрэг гэж бодож байна.
-Байнга дуурь үздэг хүмүүс байдаг. Тэд хоорондоо үзэж байгаа жүжгийнхээ тухай, дуучдын, театрын талаар ярьдаг. Нэг ёсондоо шүүмж өрнүүлдэг. Энэ нь та бүхний сонорт хүрдэг болов уу?
-Заримдаа сонсогдоно оо. Тэгэх тусам бид алдаж болохгүй, хариуцлагатай ажиллах ёстой.
-Дуучид, өөрөөр хэлбэл, жүжигчид дор бүрнээ хичээж дүрээ сайн гаргадаг байх. Гэхдээ л найруулагчийн зөвлөгөө, шийдэл чухал биз?
-Хамгийн гол нь энэ. Та “Танай театр найруулагчгүй яаж болж байна вэ” гэж асуух гэж байна уу?
-Тийм ээ, тэгж асуух гээд байна.
-Жүжгүүдийг театрын туслах найруулагч Сарантуяа эгч удирдаж явуулдаг. Олон жилийн туршлагатай түүнд манай уран бүтээлчид бүгд их баярлаж байгаа. Найруулагчийн тухайд надад мэдэж хэлэх юм алга. Дуучин болгон хүч чадлаа дайчлан, ур чадвартаа анхаарч одоо байгаагаасаа илүү ажиллахыг хичээдэг.
Манай Консерваторийн багш нар уран бүтээлчийн дотроос дахин хэд хэдэн хүн гаргаж ирж болдог, ухаад байвал гарч ирээд л байдаг гэж ярьдаг байсан. Ингэж ухах хүн нь найруулагч л даа. Би сургууль төгсөх жилээ “Евгений Онегин”-ий Татьянагийн дүрд тоглосон юм.
Багш “Чамд зохино. Чи чадна, гоё Татьяна болно” гэж итгэл хүлээлгэсэн байдаг, том тайзан дээр тоглох гээд байдаг, ёстой л юу мэдэж, сурснаа бүгдийг нь гаргах болсон. Үүний тулд найруулагчийн чиглүүлснээр дүрийн судалгаа сайн хийсэн юм. Орос хүмүүсийг таньж, гүнзгий ойлгохыг хичээсэн. Санкт-Петербургийн хэд хэдэн гоё галерей үзэж, маш их мэдээлэл авсан.
Зохиолч юу бодож, хүсэж энэ дүрийг гаргав, хөгжмийн зохиолч бас ямар байлгахыг хүсэв гэхчилэн олон талаас нь бодсон. Оюутны байрнаас сургууль руу ирэх замдаа хотын байдлыг харж явахдаа хүртэл юм нэмж мэдэж авдаг байсан. Энэ бүхний дүнд Татьянагийн дүрийг гайгүй бүтээсэн байх. Онц дүн авсан (инээв).
-Ёстой л “шүүсээ шахуулсан” уу?
-Тэгсэн. Ер нь жүжигчин хүмүүс “тамлуулж” байх хувьтай юм гэсэн. Театрын урлагийн түүх, нэртэй жүжигчдийн намтар зэргийг уншиж байхад ингэж бичсэнтэй олон таарсан. Янз бүрийн дүр бүтээдэг болохоор тухайн зохиолын үйл явдал өрнөж байгаа цаг үеийн бүтээгдэхүүн болж хувирах, үндэстнүүдийн ялгааг гаргах, авторуудын санааг дуулж, жүжиглэж, хөгжмөө сонсож, удирдаачаа харж зөв илэрхийлэх гэдэг амаргүй.
Тийм болохоор ингэж хатуу хэлдэг болов уу. Зовлон үзсэн хүний ч үг болов уу. Манай Э.Амартүвшин бас хэлж байсан. “Италид ганц дуурь бүтээх гэж юу болдог гэж санана. Мөлхүүлнэ шүү дээ. Тэнд амралтад байгаа юм шиг налайх тухай ойлголт байхгүй” гэж ярьсан. Тэгэхэд нь би “Нээрээ л тэгж байгаа даа” гэж бодож байлаа.
-Харин манайд ямар байдаг вэ?
-Манай театр өмнө тавьсан жүжгүүдээ давтан тоглож байгаа болохоор Сараа найруулагчийнхаа удирдлагаар явуулж л байна. Шинэ бүтээл тавих өөр л дөө. Өмнө нь гадаадаас ирж ажилласан найруулагчдын удирдлагаар хэд хэдэн дуурь тоглосон маань амжилттай болсныг үзэгчид мэдэж байгаа.
Ямар найруулагч ирж ажиллана, дуучид бэлэн байна. Биднийг хурцлаад, хэнээс юу гарах нь вэ, тэр хүртэл шахаад өгөх өдөр ирэх байх аа.
-Тухайлбал, “Евгений Онегин”-ий Татьянагийн дүрд тоглохдоо юу мэдэрдэг вэ?
-Татьянагаар дамжуулж суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский гэж хэн юм бэ гэдийг ойлгосон. Тэр Орос эх орондоо, өөрийн үндэстэндээ туйлаас хайртай, үүний зэрэгцээ их эмзэг, зөөлөн сэтгэлтэй, хонгорхон гэмээр хүн байжээ.
Түүний хөгжим дотор амьдрал өрнөдөг, давхар давхар утга санаа явж байдаг, аялгуу, аккорд бүр нь ямар нэгэн нандин зүйл агуулдаг тийм агуу хүн юм билээ.
-Хөгжим тоглодог дуучин дуурийн хөгжмийг ингэж нарийн мэдэрдэг байх гэж бодогдож байна. Та ХБК-д гобой хөгжмийн ангид дөрвөн жил суралцсан. Гэнэт яагаад дуурийн дуулаачийн анги руу “урвачихсан” юм бэ?
-Би тавдугаар ангиасаа ХБК-ийн үлээвэр хөгжмийн ангид орсон юм. 2002 оны хавар наймдугаар анги төгсөх дөхөж байлаа. Манай сургуулийн дуулаачийн ангид сурдаг эгч нар гоё харагдаад болдоггүй, тэр ангид л ормоор санагдаад байсан. Нэг өдөр зориглож байгаад Ширчинбаатар багшдаа хэлэхэд “Миний охин тэгж бодож байгаа бол хоёулаа яг одоо Бүтэд багшид шалгуулаад үзье” гэлээ.
“Шалгалтдаа сайн бэлтгэхийн оронд юу яриад байгаа юм” гэж загнах байх гэтэл хүслийг минь уншсан юм шиг дэмжсэн. Тэр үед багш намайг мэргэжилдээ дурлахгүй байгааг мэдээд байсан юм билээ. Сүүлд хэлсэн. Бүтэд багш дуулуулж сонсоод “Амьсгаа нь задарсан хүүхэд байна. Сурч чадна. Би олон оюутантай, авахгүй. Тийм болохоор чи намар Х.Уртнасан багшийг дуулаачийн үндсэн багшаар ирэхэд очоорой” гэсэн юм. Ингэж сайхан багш нараараа зүг чиг заалгасаар яваад дуучин болсон.
-Та өөрөө хүсэж хөгжмийн сургуульд орсон уу?
-Аав ээж хоёр намайг урлагаар хүмүүжүүлнэ, мэргэжлийн хөгжимчин болж чаддаггүй юм бол хөгжмийн боловсролтой болно биз гээд ХБК-д оруулсан юм.
-Өмнө нь хөгжимчин байснаа дуулаач болсон хүмүүс ур чадвараар илүү байдаг гэж сонссон. Та тэгж боддог уу?
-Манай Консерваторийн оюутнуудын дунд өмнө нь хөгжмийн дээд сургууль төгссөн нь олон байсан. Тэгэх тусмаа хийлч, виолончельч, төгөлдөр хуурч мэргэжилтэй. Утсан хөгжмийнхөн сонсголоор илүү байдаг нь үнэн юм билээ. Би Ардын жүжигчин Х.Уртнасан багшдаа баярлаж явдгаа энэ дашрамд хэлье. Би гэдэг том толгойтой нөхөр Орос руу явахгүй, Европт л сурна гэж боддог байлаа.
Тийм болохоор “В.Путиний нэрэмжит тэтгэлгийн шалгалт”-ыг тоохгүй гүйж явав. Эхний шатны орос хэлний шалгалтад ор гэхээр нь очоогүй. Гэтэл багш ёстой чихдээд шалгалтын комиссын өмнө аваачсан. Москвагаас ирсэн Гнесиний академийн ректор босож ирснээ “Би таныг таньж байна. Их театрын тайзан дээр “Эрвээхэй хатагтай”-д дуулсан монгол байна шүү дээ” гээд сүйд болсон. Тэгэхэд нь багш зөрүүлээд “Би ийм шавь бэлдсэн. Одоо хойш нь явуулж сургах хэрэгтэй байна. Шалгаад өгөөч” гэлээ.
Би орос хэлний шалгалт тасалсан болохоор яамны Баянзул ахаас айгаад байдаг. Гэхдээ яах вэ дуулаад, тэнцээд, ганц ирсэн хуваарийг нь аваад явсан. Очоод Санкт-Петербург хотын сайханд автаад бүхнийг мартсан. Хүний амьдралын зураг бэлэн байдаг, түүгээр л явдаг гэж үнэн байх. 2012 онд сургууль төгсөж ирээд Дуурийн театрт ажилд орох гэхэд орон тоо байсангүй.
Тэгэхэд нь яарсан юмгүй, бас л гадаад явах тухай бодож явтал Уртаа багш шахаж тэр намар болсон, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж багшийн нэрэмжит ари, романс дуулаачдын улсын уралдаанд оруулахад нь түрүүлсэн юм. Үүний дараахан өвөл нь Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучдын олон улсын уралдаанд ороод бас түрүүлсэн.
Удалгүй 2013 он ч гарлаа. Нэгдүгээр сарын эхээр нэг өдөр театраас залгаад “Ирж ажилдаа ор” гэхэд нь их баярласан. Тэгэхэд захирал Б.Сэргэлэн байсан юм. Мөн л багшийнхаа хэлснээр, заасан замаар нь явсаар улсынхаа дуурийн театрт гоцлол дуучнаар ажиллах болсон доо.
-Энд дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн болохоор Санкт-Петербургт ядах юмгүй сурсан байх гэж бодох юм.
-Үгүй. Эхний хоёр жилд их зүдэрсэн. Энд дуулаачийн анги төгссөн юм чинь алзахгүй гэж бодтол ерөнхий зүг чиг нэгтэй ч нарийндаа бүх юм хэцүү байлаа. Шантарч уйлсан өдөр олон доо. Орхиод нутаг буцах шахахад хамт нэг өрөөнд амьдарч байсан хөгжмийн зохиолч Ч.Мөнхжаргал эгч нэг бол тайтгаруулж, үгүй бол зоригжуулж чангалсаар байтал нэг мэдсэн “Евгений Онегин”-ий Татьяанад дуулж байсан даа.
Ч.Мөнхжаргал эгч манай сургуульд мэргэжил дээшлүүлэхээр сурч байсан юм. Манай сургууль, Мариинскии театр хоёр ойрхон. Театрын үүднээс автобусанд суух гээд зогсож байхдаа алдартай дуучид орж, гарч байхыг харна л даа. Тэр үед өөрийгөө өрөвдөж “Хөөрхий минь энэ хүмүүс шиг мундаг дуучин болох санаатай үзээд байгаа нөхөр бил үү, би” гэж өөртэйгөө ярьж байсан удаа нэлээд хэд (инээв).
Одоо зүгээр ээ, сайхан хүмүүсийн үгэнд орж байсандаа өөртөө баярлаад урагшаа хараад ажиллаж байна. Мэргэжлийн багш, ОХУ-ын гавьяат жүжигчин Киселёва Галина Ивановнадаа намайг харсан даруйдаа “Би монгол шавьтай болмоор байна” гээд хүлээж авсанд нь талархаж явдаг. Намайг маш сайн ойлгож дэмждэг нөхөртөө баярладаг.
-Та охиноо урлагийн хүн болгох уу?
-Манай охин хөгжмийн мэдрэмжтэй. Өөрөө урлагийн хүн болно гэвэл нь дэмжинэ ээ. Орос хэл сургана гэж боддог. Энэ нь бүх хэлний суурь болдгоос гадна тархи задалж, сэтгэн болох чадварыг хөгжүүлдэг.
Тийм болохоор энэ хэлийг заавал сурахыг охиндоо зөвлөнө. Урлагийн ч, хэлний ч боловсрол сайтай хүн ямар ч мэргэжил эзэмшсэн ирээдүйтэй.
-Таны ойрын ирээдүйн зорилт юу байна?
-Хамгийн ойрын зорилт Ж.Пуччинийн “Богема” дуурийн Мимигийн дүрийг сэтгэлдээ хүртэл бүтээх. Удахгүй дуулна аа.