БНСУ-ын “J and B” фильм болон “J and J” компанийн хамтран бүтээсэн “Хар бороо” уран сайхны кино энэ сарын 21-нээс үзэгчдэд хүрээд буй.
Эл кинонд эсрэг гол дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин Пак Тэ Сан киноныхоо нээлтэд оролцохоор манай улсад зочилсон юм.
Ирээдүйтэй жүжигчнээс гадна тулааны урлагийн багш Пак Тэ Сантай ярилцсанаа хүргэе.
-Манай улсад анх удаа ирж байна уу. Ямар сэтгэгдэл төрөв?
-Анх удаа зочилж байна. Сүүлийн гурван жилийн турш би Хятадад кино зургийн ажлаар олон удаа очсон. Хятадтай хил залгаа оршдог Монголд ирэхийг хүсдэг байлаа. “Хар бороо” киноны нээлтэд оролцох болсноо сонсоод Монголын тухай илүү судалж, өмнө нь очиж байсан хүмүүсээс асуусан.
Солонгост ажиллаж, амьдардаг, мөн тулааны урлагаар хичээллэдэг монгол найз надад бий. Тэр найзаасаа танай улсын тухай их сонсдог. Цэлгэр тал, цэлмэг тэнгэртэй, гайхамшигтай байгальтай гээд л их сайхнаар дүрсэлдэг юм. Тэр нь ч үнэн юм байна.
-Та аль нэг студи, агентлагт харьяалагддаг уу, эсвэл чөлөөт уран бүтээлч үү?
-“Стар пиг” гэж агентлагт харьяалагдаг. Солонгосын олон уран бүтээлч энэ агентлагаас төрсөн.
-Таныг тулааны урлагаар хичээллэдаг тамирчин байснаа хэд хэдэн зар сурталчилгаа, кинонд тоглосноор дэлгэцийн урлагт хөл тавьсан гэж сонссон.
-Анх 2009 онд Хятадын кино компанийн уран бүтээлд тоглож гараагаа эхэлсэн. Үүнийхээ дараа жүжигчний мэргэжлээр суралцахаар шалгуулж, тэнцсэн боловч сураагүй юм. Тухайн хүн авьяастай л бол мэргэжлийн, мэргэжлийн бус гэлтгүй дэлгэцийн уран бүтээлд ажиллаж болно гэж би боддог.
Солонгост мэргэжлийн сургуульд сураагүй боловч ажиллах явцдаа дадлагажиж, туршлагажсан мундаг жүжигчин олон бий. Танайд ч байдаг байх.
-Сүүлийн гурван жилийн турш Хятадад цөөнгүй кинонд тоглож буй гэсэн. Тэндхийн дэлгэцийн урлагт солонгос хүн ажиллахад боломж өргөн үү?
-Би ахлах сургуулийн сурагч байхдаа скаутын гишүүн байлаа. Энэ шугамаар анх Хятадад аялсан юм. Тухайн үед санаандгүй байдлаар зар сурталчилгаанд тоглох боломж олдсон. Удалгүй дахин зураг авахуулах санал ирж, нэг мэдэхэд л овоо хэдэн сурталчилгаанд тоглочихсон.
Ингэж бага багаар ахисаар киноны дүрийн сонгон шалгаруулалтад орж, тоглож эхэлсэн. Ер нь урлагт нэг хөл тавьчихвал танилын хүрээ тэлж, тухайн хүн өөрөө ажилдаа эзэн болж чадвал энэ салбартаа улам л “шигдэнэ” шүү дээ.
-Та кинонд тоглохын хажуугаар тухайн бүтээлийн тулаант хэсгүүдийн хөдөлгөөн, зураг авалтыг найруулж, жүжигчдэд тулааны хичээл заадаг юм билээ. Кинонд өндөр үнэтэй тоглодог уу?
-Жүжиглэхээс гадна тулааны урлагаар хичээллэдэг, кинонд тоглох явцдаа орлон тоглогч ашигладаггүй минь давуу тал болдог шүү. Хамгийн анхны кинондоо өдрийн 1.5 сая воны хөлсөөр тоглож байлаа. Одоо ямар үнээр тоглодгоо хэлмээргүй байна.
-Тулааны урлагаар хэзээнээс хичээллэсэн бэ. Энэ чиглэлийн тэмцээнд оролцож байсан уу?
-10-аад жил хичээллэж байна. Тэмцээнд оролцож байгаагүй. Кинонд тоглож эхэлснээс хойш энэ урлагт улам их дурлаж, тулааны урлагийг бус дад заахаас илүү жүжиглэх ажилдаа шамдаж байгаа.
-Найруулагч нар таныг ихэвчлэн адал явдалт, тулаант төрлийн кинонд тоглуулдаг уу?
-Янз бүр. Би зодолдож чаддаг гээд дан тулаант, адал явдалт кинонд тоглохыг хүсдэггүй. Инээдмийн, уянгын, аймшгийн гээд бүх л төрлийн кинонд тоглодог. Гэхдээ адал явдалт, тулаант кино нь арай олон.
-Өнөөдрийг хүртэл хэчнээн кинонд тоглов?
-Монголд ирэхийнхээ өмнөхөн жагсаалт гаргаж үзсэн. Телевизийн зар сурталчилгаа, Солонгос болон Хятадад бүтээсэн бүрэн хэмжээний болон олон ангит киног нийлүүлээд тоолбол 150 шахам байгаа шүү.
-Жүжигчин байхын юу нь сайхан бэ?
-Би багадаа бусад хөвгүүний адилаар цагдаа, таэквондогийн тамирчин болно гэж мөрөөддөг байлаа. Харин дунд сургуульд сурч байхдаа анх удаа жүжигчин болбол ямар байх бол гэж төсөөлөн бодсон. Би кинонд тоглох үедээ өөрийгөө эрх дураараа, аз жаргалтай байгаагаар мэдэрдэг.
Бас олон төрлийн дүрд хувирч, өөр өөр мэргэжил, орчинтой танилцдаг болохоор их сонирхолтой.
-Ямар ч хүнд хэцүү зураг авахуулах байсан ч орлон тоглогч ашигладаггүй гэж та түрүүн хэлсэн. Зураг авахуулах явцдаа бэртэж байсан уу?
-Тухайн зургийг авахуулахын өмнө объектоо очиж судалж, хийх хөдөлгөөнөө давтаж, өмсөх хувцсаа тохируулж, бэлтгэл хангалттай хийдэг учраас азаар хүнд бэртээгүй. Анхаарал сарних, болгоомжгүйгээс хөнгөн бэртэх үе бий.
-Та тулааны урлагаар хичээллэх, жүжиглэхээс өөр ямар авьяастай вэ. Жүжигчин хүн ямар чадварыг зайлшгүй эзэмшсэн байх ёстой гэж боддог вэ?
-Жүжигчин хүн зогсолтгүй суралцдаг, хичээнгүй байх ёстой. “Би боллоо” гэж бодох л юм бол тэр уран бүтээлчийн карьер, урлагийн амьдрал төгсөнө. Дуулах, бүжиглэх зэрэг чадвартай байх хэрэгтэй. Мөн гадаад хэлний мэдлэгтэй байх ёстой. Тэгж байж гаднын уран бүтээлд ажиллах боломжтой шүү дээ.
-“Хар бороо” кинонд та цуврал алуурчны дүр бүтээсэн. Харин амьдрал дээрээ их хөгжилтэй хүн юм. Өөрөөсөө тэс өөр, харгис алуурчны дүрд тоглоход хэцүү байв уу?
-Их харгис дүр байлаа. Киноны зургийг их шахуу хуваарьтайгаар давчуу хугацаанд авахуулсан. Жан Ю Кён найруулагч тухайн дүрийг жүжигчиндээ маш сайн тайлбарлаж, ямар байлгахыг хүсэж буйгаа ойлгуулж чаддаг. Тийм ч болохоор хамтран ажиллахад их амар.
-Ямар дүр бүтээж хүмүүсийн сэтгэлд хоногшихыг хүсдэг вэ?
-Дурлалт залуу, сайхан эрийн дүрд тоглохыг хүсдэг ч би тохирохгүй. Царайлаг биш шүү дээ. Анзаарсан бол солонгос киноны дээр дурдсан дүрүүдэд ихэвчлэн царайлаг залуус тоглодог. Харин надад найруулагч нар эсрэг дүр голлон оноодог.
-Ажих нь ээ, солонгос залуус ихэвчлэн 30 нэлээд гарч, 40 нас дөхөж байж гэр бүл зохиодог. Энэ нь санхүүгийн хүндрэлээ эхлээд шийдэх гэсэнтэй холбоотой байх. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Би ч гэсэн тэгж л боддог. 35 нас хүртлээ зөвхөн ажил, карьертаа анхаарлаа хандуулна.
-Солонгосын телевизийн цуврал, хөгжмийн к поп урсгал зэргээр дамжин Монголд Солонгосын соёл их нэвтэрч буйг та анзаарсан байх. Харин манай улсын соёл, зан заншлаас танд юу нь таалагдав?
-Монголд ирсэн даруйдаа залуусын хувцаслалт, хэв маягийг хараад анзаарсан шүү. Харин монголчууд их зочломтгой хүмүүс юм. Бас их түүхтэй, түүгээрээ үргэлж бахархаж, дараа үедээ өвлүүлж чаддаг нь их таалагдлаа.
-Солонгосын фэнүүд их нүүрэмгий мэт санагддаг. Шүтэн биширдэг хүндээ бэлэг өгөхөөс авахуулаад гэрийнх нь гадаа хүлээж, хонох нь ч бий. Харин манайд эсрэгээрээ, их бүрэг. Та бэлэг сэлт их авдаг уу?
-Тийм фэнүүдийн олонх нь охид, бүсгүйчүүд байдаг. Тэд царайлаг залууст л “нурна”. Би тэдний дурладаг, хүсэмжит залуу биш шүү дээ. Надад бэлэгнээс илүү болзоонд урьсан захидал их ирдэг. Цахим хуудсуудаа идэвхтэй хөтөлдөг болохоор фэнүүдтэйгээ нээлттэй ярилцах, харилцах дуртай.
-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Өөртөө чөлөөт цаг гаргаж чаддаг уу?
-Кинонд тоглож байх үед бол зургийн талбайд л өнжинө. Зураг авахуулж байсан ч өдөр бүр гурван цаг тулааны бэлтгэл хийдэг. Бэлтгэлээ хийхгүй бол бие хөшөөд байдаг юм. Завтай үедээ найзуудтайгаа уулзана, зугаална. Бусад залуусын хийдгийг л хийдэг дээ.
-Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?
-Залуу хүн зүгээр суухыг харах дургүй. Боломж бололцоогоо дайчилж, шаргуу ажиллахыг хүсдэг. Гэхдээ залуу л хүн болсон хойно заримдаа аз сорьсон, эрсдэлтэй үйлдэл хийх нь бий.
-Тулааны урлагаас өөр спортын төрлөөр хичээллэдэг үү?
-Спортод их дуртай. Ялангуяа хөлбөмбөгт.
-Телевизийн олон сурталчилгаанд тоглосон юм билээ. Загвар өмсөх талаар бодож байгаагүй юм уу?
-Хятадын хувцасны “Ли Нин” брэндийн нүүр царайгаар шалгарч, хувцаснуудыг өмсөн зургаа авахуулдаг байсан. Мөн Солонгосын цахим тоглоомуудын сурталчилгаанд тогло дог. Түүнээс биш тайзан дээр алхаж үзээгүй.
-Монголын үзэгчдийн олонх нь жүжигчин И Бёнг Хён буюу “Гурван марал од” киноны Ким Ин Хаг мэднэ. Энэ хүн таны багш гэсэн үү?
-Энэ хүний шавь болсондоо их баярлаж явдаг шүү. Би их азтай. Холливудад ажиллаж буй цөөхөн солонгос жүжигчний нэг шүү дээ.
-Ирэх 2019 онд Холливудын кинонд тоглохоор гэрээ байгуулсан гэж сонссон. Тэр тухайгаа яриач?
-Төсөөлөөгүй, санаанд оромгүй зүйл болсон. И Бёнг Хён жүжигчнээр дамжуулан Холливудын найруулагч нар солонгос жүжигчдийг сонирхож, дүрийн сонгон шалгаруулалтад оролцуулж буй. Энэ дагуу манай агентлагт гадаадын найруулагч нар шалгаруулалт хийхээр ирдэг юм.
Би ч гэсэн шалгуулдаг. Саяхан шалгаруулалтад оролцож, тэнцсэн гэсэн таатай мэдээ сонссон. АНУ-ын уран бүтээлчидтэй хамтран ажиллахаа тэсэн ядан хүлээж байна. Киноны зургийг авч эхлээгүй болохоор нэр, найруулагчийг нь дурдалгүй үлдээе.
Дэлгэрэнгүй ярьж болохгүй байх.
-Одоо та юу мөрөөдөж байна вэ?
-Миний тоглосон кино дэлхий даяар нээлтээ хийн, үзэгчдэд хүрэхийг харахыг мөрөөддөг. Мөн Холливудад гарсан солонгос жүжигчдийн нэг болохыг хүсдэг. Эл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө өдөр бүр шинэ зүйл сурч, шинэ чадвар эзэмшихийг хичээж байна.
-Дээр дурдсан Холливудын киноноос өөр ямар нэг уран бүтээлд тоглуулах санал авсан уу?
-АНУ-ын “Netflix” кино компанийн олон ангит кинонд тоглохоор бэлдэж буй. Ирэх зургадугаар сараас зургаа авахуулж эхэлнэ. Монголд “Хар бороо” киноны нээлтэд оролцохоор ирсэн боловч энэ далимд уран бүтээлчидтэй танилцлаа.
Боломж гарвал Монголын уран бүтээлчидтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Түүнчлэн тулааны урлагийн чиглэлээр уран бүтээлчдэд зааж, туслахад ч бэлэн.