“Багануур” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуунтай ярилцлаа.
-Багануурын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой шүүхийн маргаанд танай компани ямар байр сууринаас хандаж байна вэ?
-Тухайн үеийн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын удирдлага манай компанийн хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон талбайд 2006 онд хайгуул, 2007 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос энэ маргаан эхэлсэн. Уг лицензийг цуцлуулж өгөхийг хүсэж, Засгийн газар, салбарын яаманд манайхаас албан бичгээр 18 удаа хандсан байдаг юм. “Багануур” компани 2016 онд нэмэлт хувьцаа гаргаж, төрийн эзэмшлийн хувийг 51 болгон бууруулах процесс өрнөхөд лицензээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нөхөд маргааныг орхисон бололтой юм билээ.
“Багануур” компанийн 24 хувийг нэмэлт хувьцаа гарган арилжих зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо цуцалснаар маргаан дахиж сэргэсэн. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн шүүхийн шийдвэртэй хэргийг эргэж сэргээлгэн, 2016 оны аравдугаар сард “Алтайн гянт” компанийнхан шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан юм.
Багануурын ордын лицензийг хувийн хэвшлийн компанид одоогийн УИХ-ын гишүүн, тухайн үед Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Болд олгосон байдаг. Тэрбээр Багануур дүүргийг хамруулсан тойргоос УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ “Олгосон лицензээ хүчингүй болгосон” гэсэн батламж сонгогчдод харуулж байсан. Санал авахын тулд л ингэсэн юм билээ. Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг лицензийн маргааныг эцэслэсэн гэж хэлж байсан юм даг.
Багануурын ордыг улсын нөөцөд авснаас биш, лицензийн маргааныг таслаагүй. Би 2016 онд “Багануур” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Ажлаа авснаасаа хойш “Шударга ёсны дэнс” хуулийн нөхөрлөлтэй гэрээ хийж, маргааныг компанидаа ашигтайгаар шийдүүлэхээр ажиллаж байна. Захиргааны хэргийн бүх шатны шүүхэд бид яллаа. Нэхэмжлэгч талаас Дээд шүүхэд хандаж, өнгөрсөн хоёрдугаар сард шүүх хурал болсон. Дээд шүүх маргааныг анхан шатны шүүх рүү шилжүүлээд байна.
-Лицензийн маргаантай холбоотойгоор компанид ямар нэгэн хүндрэл үүссэн үү?
-Хор уршиг их. Бид жил бүр уулын ажлын төлөвлөгөөгөө Ашигт малтмал, газрын тосны газраар батлуулдаг. Энэ жил гэхэд дөрвөн сая гаруй тонн нүүрс олборлоно, 20 сая шоо метр хөрс хуулна гэсэн төлөвлөгөөгөө танилцуултал “Лицензийн маргаантай” гээд батлахгүй удаасан. Цэвдэгтэй учраас тэсэлгээ хийж хөрсөө хуулдаг. Мэргэжлийн хяналтын газраас тэсэлгээ хийх эрх авах ёстой. Уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаагүй болохоор тэсэлгээ хийх эрх өгөөгүй.
Ингээд ажил гацаж, нэгдүгээр сард экскаваторуудаа 10 хоног зогсоолоо. Яам, тамгын газарт хандаж байж арайхийж зөвшөөрөл авсан. Бид цахилгаан станцуудыг нүүрсээр тасралтгүй хангах үүрэгтэй. 100 мянган шоо метр хөрс хуулах хугацааг сул зогсож өнгөрөөсөн гэхээр нүүрсний нөөц бэлтгэх төлөвлөгөө багагүй тасарсан гэсэн үг. Үйлдвэрлэлд ингэж хор уршиг учруулж байна. Багануурт барьж байгаа цахилгаан станцыг нүүрсээр хангахын тулд цаашдаа жилд 7-9 сая тонн нүүрс олборлох шаардлагатай.
Хүчин чадлаа нэмэхийн тулд 2020 он хүртэл 200 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх ТЭЗҮ боловсруулсан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан мөртлөө лицензийн маргаантай гээд баталгаажуулаагүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд үүссэн нөхцөл байдлыг танилцуулж, лицензийн асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан юм. Мэдээж лицензийн маргааныг шүүх шийдвэрлэнэ.
-Хэрэв шүүхээс Багануурын ордын лицензийг “Алтайн гянт” компанид эзэмшүүлэх шийдвэр гарвал танайх хэрхэх вэ?
-Түвэгтэй байдал үүсэх нь дамжиггүй. Маргаантай талбайд ордын нөөцийн 53 хувь буюу 430 сая тонн нүүрс байдаг учраас “Багануур” компани ажиллах нөхцөлгүй болно. Манайх оператор компани болж ажиллах юм уу, тиймэрхүү нөхцөл үүсэх байх. Хоёр компани учир зүйгээ олохгүй бол эрчим хүчний систем ч доголдох аюулд хүрнэ.
-Нүүрсээ өртгөөс нь бага үнээр борлуулдаг гэсэн яриа гардаг. Бодит байдалд танай компанийн зардал хэдэн төгрөг байна вэ?
-Манайх нэг тонн нүүрсийг 32 мянган төгрөгөөр олборлож байгаа. Тэгээд цахилгаан станцуудад дийлэнхийг нь 29 500 төгрөгөөр борлуулдаг. Манай хамт олон хөөцөлдөж байгаад нүүрсний үнийг гуравдугаар сарын 1-нээс 2000 төгрөгөөр нэмүүлсэн. Эрчим хүчний зохицуулах хороотой хамтарсан ажлын хэсэг байгуулж, бүтэн жил ажилласны хүчинд ийм ахиц гаргалаа. Манай компани ашиггүй ажиллаж, хойд хормойгоо авч, урдахаа нөхөж явсаар эдийн засгийн хувьд хүндэрсэн.
Өнөө маргаашаа аргацаасан байдлаас яаж гарах вэ гэдэг гарц олохоор манайхаас хоёр, “Шивээ-Овоо”-гоос мөн тооны хүн багтсан ажлын хэсэг толгой компани буюу “Эрдэнэс Монгол”-д байгуулаад ажиллаж байна. Компанийн хуримтлагдсан өр, өглөг асар их боллоо. Хөрөнгийн эх үүсвэргүй учраас тухайн жилийнхээ үйл ажиллагааг тасралтгүй явуулах гэхээр зээл авахаас өөр аргагүй болдог.
Ажлаа авсныхаа дараа ТУЗ-өөсөө зөвшөөрөл авч, “Хас лизинг” компаниас 12 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж авах жишээтэй. Ачааны дөрвөн том машин, бульдозер, автогридер авлаа. Шинэ тоног төхөөрөмж уурхайг найдвартай ажиллахад их нөлөөлсөн.
-“Багануур” компани хэдэн жил алдагдалтай ажиллаж байгаа вэ. Зардлаасаа бага үнээр нүүрс борлуулахаар алдагдалтай ажиллах нь ойлгомжтой биз дээ.
-Эрчим хүчний системийг түлшээр найдвартай хангахын тулд 1996-2000 онд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд “Багануур”, “Шивээ-Овоо” компани Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Японы Засгийн газраас санхүүжилт авсан. Энэ зээлийг одоо болтол төлж чадаагүй. Японы Засгийн газраас 0.75 хувийн хүүтэй авсан мөнгөө Сангийн яамныхан манайд дөрвөн хувийн хүүтэй өгч, дундаас нь ашиг олж байгаа.
Тухайн үед Засгийн газар манайд санхүүжилт олгоод, нүүрсний үнийг валютын ханш, инфляцтай уялдуулан жил бүр нэмнэ гэсэн үүрэг хүлээсэн. Энэ үүргээ үе үеийн Засгийн газар биелүүлээгүй. Үүнээс шалтгаалж, манай уурхай 40 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг.
Бид Засгийн газартай байгуулсан гэрээнээс үүссэн алдагдлыг тэглэж өгөхийг хүссэн. Дэмжвэл манай компанийн урт хугацаат өр төлбөр 50 гаруй хувиар буурна. Энэ санхүүжилтийг хөрөнгө оруулалт хэлбэрээр “шингээх” талаар ярьж байгаа.
-Зээл, түүний хүү алдагдал хүлээх гол нөхцөл болж байна гэсэн үү?
-Тийм. Урт хугацаат санхүүжилтээс гадна манайх богино хугацаатай зээл авч байна. Одоогоор 17 орчим тэрбум төгрөгийн арилжааны зээлтэй. Бусдад өгөх өглөгийн хэмжээ 40 орчим тэрбум төгрөгт хүрсэн. Нүүрсний үнийг тухай бүрт нь нэмсэн бол өр, өглөг үүсгэхгүй, манай уурхай өөрийн хөрөнгөөр тоног төхөөрөмжөө шинэчлэн ажиллах боломжтой байлаа. Үнийг удаан хугацаанд хямд барьсан тул тартагтаа тулж байна. Манайх 51 орчим тэрбум төгрөгийн урт хугацаат өртэй. Нийт 140 орчим тэрбум төгрөгийн өртэй болсон.
-“Багануур” компанийн санхүүгийн байдал өнгөрсөн жил ямар байв. 2016 оныхтой харьцуулбал сайжрав уу?
-Нэмэлт хувьцаа гаргахтай холбогдуулаад 2016 онд үндсэн хөрөнгийг бараг үнэгүй болгосон. Ингэхээр элэгдэл, хорогдлын зардал тэг болно биз дээ. Мөн 9.1 тэрбум төгрөгийн хөрс хуулсан гэж тооцсон. Манайх хөрс хуулалтыг ажилд тооцдоггүй байсан юм. Ингээд 2016 онд 1.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.
Гэхдээ мөнгө байхгүй, зөвхөн цаасан дээр бууж байгаа ашиг. 2017 онд дөрвөн тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Бүх татвараа төлсний дараа 1.2 тэрбум төгрөгийн ашигтай гарч байна. Толгой компани менежментийн үйлчилгээ үзүүлсний төлбөрт гурван тэрбум төгрөг авах гэрээтэй. Энэ төлбөрийг төлчихөөр ашиг ингэж буурч байгаа юм. Энэ бол дансанд үлдсэн бодитой ашиг.
40 жил ажиллаж байгаа манай уурхай жилд дөрвөн сая тонн нүүрс олборлох тоног төхөөрөмжтэй. 1989 онд 4.2 сая тонныг нүүрс олборлосон түүхтэй. Өнгөрсөн жил дөрвөн сая 19 мянган тонн олборлосон. Дөрвөн сая 32 мянган тонн нүүрс борлууллаа. Төлөвлөгөөгөө 200 мянган тонн нүүрсээр давуулж биелүүлсэн. Энэ жил 4.15 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөөд байна.
-200 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар юу хийх гэж байгаа вэ?
-Яс тоо яривал таван жилийн хугацаанд 184 сая ам.долларын хөрөнгө оруулбал 2022 онд жилд 7-9 сая тонн нүүрс олборлох боломжтой. Эрчим хүчний яамнаас 2022 он гэхэд манайхаас жилд 6-7 сая тонн нүүрс авах тооцоо хийчихээд байгаа. Техникийн шинэчлэл хийхгүй бол хүчин чадлаа ийм хэмжээнд хүргэж чадахгүй. Энэ жил тавин сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээч гэсэн хүсэлт гаргасан. Нийт хөрөнгө оруулалтыг тоног төхөөрөмжөө шинэчлэх, хүчин чадлаа нэмэхэд зарцуулна.
-Танай уурхайн тоног төхөөрөмж их хуучирсан харагддаг. Ашиглалтын хугацаа нь ямаршуухан байдаг вэ?
-Манай тоног төхөөрөмжийн 90 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Олон жил ашиглаад элэгдсэн тоног төхөөрөмж зардал өсөхөд ихээхэн нөлөөлдөг. Хуучин тоног төхөөрөмжийг сэлбэгээр “зодож” байж л ажиллуулж ирлээ. Яагаад зардал өсөөд, зээл аваад байгаа юм бэ гэж хандах хүн олон, цаад шалтгааныг ойлгох нь цөөн байдаг. Техник, тоног төхөөрөмжөө зогсоочихгүйн тулд зээл авдаг.
Техникээ шинэчилбэл урсгал зардал 40-50 хувиар буурах тооцоо бий. Жишээ нь, экскаваторын хөдөлгүүрийг их завсарт гурав, дунд засварт 5-6 удаа оруулах стандарттай. Их засварт гурав байтугай 7-8 орчихсон экскаваторууд уурхайд ажиллаж байна.
-Тоног төхөөрөмжүүдийн ашиглах хугацаа нь дууссан учраас үндсэн хөрөнгийг чинь бараг үнэгүй гэж үзсэн юм биш үү?
-Элэгдэл хорогдлоо тооцоод, дахин үнэлгээ хийдэг зарчимтай. Нэмэлт хувьцаа гаргахтай холбогдуулаад манай компанийн бүх хөрөнгийг үнэгүй гэж үзсэн. Бид сая үндсэн хөрөнгөө 40 гаруй тэрбум төгрөгөөр үнэлүүллээ. Үнэгүйдүүлж байгаад хувьчилж авах бодлого явж байсан юм болов уу.
-Нүүрсний үнийг хэдэн төгрөгт хүргэвэл “Багануур” компанийн санхүүгийн байдал сайжирч, өрөө төлөх вэ?
-Манайх жижиглэн хэрэглэгчдэд тонн нүүрсээ 39 600 төгрөгөөр борлуулдаг. Энэ бол нийт боруулалтын 10 хувийг л эзэлнэ. Үлдсэнийг нь дээр хэлсэн 29 500 төгрөгийн үнээр станцуудад нийлүүлж байгаа. Ингэхээр борлуулалтын үнэ өртгөөсөө доош орчихоод байгаа юм. “ДЦС-4” нэг кВт цахилгааныг 58, “ДЦС-3” 90 төгрөг гэх мэт ялгаатай үнээр цахилгаан дамжуулах сүлжээнд нийлүүлдэг.
Манай улс нэг худалдан авагчийн загвартай учраас бүх цахилгаан станцын үнийг дундажлаад нэг үнээр хэрэглэгчдэд өгч байна. Манайх нэг худалдан авагчийн загварт нь ороод өртгөө шингээгээд ажиллая гэхээр оруулдаггүй юм. Энэ бол нүүрснийхээ үнийг зах зээлийн бодит түвшинд хүргэх нэг гарц.
Бидний тооцоогоор нүүрсний үнийг доод тал нь 5000 төгрөгөөр нэмж байж өрөө дараад, техник, тоног төхөөрөмжөө шинэчлээд, үргүй зардлаа багасгаад ажиллах боломжтой. Манайх үргүй зардал их гаргаж байгаа. 20 жил ажиллах нормтой экскаваторыг 37 жил ашиглаж, 1-2 тэрбум төгрөгийн зардал гаргаж байна. Шинэ тоног төхөөрөмж авчихвал засварт их зардал гаргахгүй.
-Хэмнэлт хийж зардлаа багасгах боломжтой биз дээ. Хэмнэхгүй бол зардал багасахгүй.
-Гурван чиглэлд хэмнэлтийн төлөвлөгөө гаргаж ажиллалаа. Уулын ажил, техник, удирдлагын зардлыг бууруулснаар хоёр тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан. Компани төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг болохоор зорилоо. Жишээ нь, манай инженерүүд “Экскаватор-1070”-ын шанагыг Монголд анх удаа хийлээ. 300 гаруй сая төгрөгийн зардал гаргаж, импортолдог шанага л даа. Үүнийг бид дотооддоо 102 сая төгрөгөөр л хийчихсэн.
ОХУ-аас авсан шанагыг зургаан сар ашигладаг бол бидний хийснийг долоон сар ашиглаж байна. Экскаваторын хөдөлгүүрийг хөргөдөг бас нэг хөдөлгүүр ажилладаг юм. Хөргөлтийн нэг хөдөлгүүр ажиллуулаад, агаараа хоолойгоороо дамжуулаад экскаваторын бүх хөдөлгүүрийг хөргөх систем хийхэд л 100 гаруй сая төгрөг хэмнэсэн. Ажилчдаа сэдэлжүүлэхийн тулд “1100 санаа, 1100 ажил” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж, сар бүр 20 хүн Япон руу долоо хоногийн хугацаатай явуулж байна.
Тэд тэнд яаж бүтээмжтэй ажиллах вэ гэдэг сургалтад дөрвөн өдөр хамрагддаг юм. Нэг хүн жижиг гэлтгүй ажлын байрандаа нэг санаа хэрэгжүүлэхийг зорьдог. Бүр боломжгүй бол багаараа нэг санаачилга хэрэгжүүлэхийг шаардсан. Хөтөлбөрөөс 10 шинэ санаа гараад, хэрэгжүүлж байна. Манайх алдагдалтай ажиллаж байгаа нь эцэстээ хөрөнгө мөнгөтэй л холбогддог.
Хөрөнгө мөнгөтэй холбогдож байгаа шалтгаан юу байна вэ гэдгийг “Багануур” компанийн үйл ажиллагааны процессийн судалгааг хийж тодорхойлсон. Үүнийг олон улсад бизнес процессийн ре-инженерингийн судалгаа гэдэг юм. Судалгаагаар 300 шалтгаан нөхцөл тодорсон. Эрэмбэлээд эдийн засгийн загварт оруулж, өөрөөр хэлбэл мөнгөтэй уясан сайжруулах стратеги төлөвлөгөө хэрэгжүүлнэ. Бүтээмжтэй ажиллаж, өндөр өгөөж олох загвар боловсруулна гэсэн үг.