Дулааны улиралд улаанбаатарчуудын “шүдний өвчин” болдог, Төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэрийг дарах шийдвэрийг Засгийн газар гаргаад буй. Ачаалал нь хэдийнэ хэтэрсэн тус байгууламжийг энэ хаварт багтаан шинэчлэх даалгаврыг Ерөнхий сайд У.ХҮрэлсүх БХБ-ын сайд Х.Баделханд өгсөн. Тэгвэл хэдийнээс шинэчлэх талаар холбогдох байгууллагынхнаас тодрууллаа.
Францын “Артила” компанийн 2015 онд боловсруулсан ТЭЗҮ-ээр, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр шинэ цэвэрлэх байгууламж барих болжээ. Үүнд 300 сая ам.доллар зарцуулах тооцоог БХБЯ-наас гаргаж, БНХАУ-ын талд хүсэлтээ гаргасан байна. Урд хөршийн хөнгөлөлттэй зээлээр барих тул тус улсын компаниар ажлаа гүйцэтгүүлэх хэлэлцээр байгуулсан гэнэ. Тиймээс Хятадын компаниудын дунд хаалттай тендер зарлах болсныг тус яамны мэргэжилтэн хэллээ. ТЭЗҮ-д шинэ байгууламжийг дөрвөн жил барихаар тусгасан. Хятадын талаас уг ажлыг 2.5-4 жилийн дотор гүйцэтгэх боломжтой гэжээ. Гүйцэтгэгч компанийг сонгочихвол ажил эхлэхэд бэлэн гэнэ.
Засгийн газраас шинээр барих цэвэрлэх байгууламж цэвэрлэн гаргах усаа дахин ашиглах дамжлагатай байх ёстой гэсэн шаардлага тавьж буй. Уг асуудлыг ч шийдсэн бөгөөд шинэ цэвэрлэх байгууламж барих үед Мянганы сорилтын сангийнхан буцалтгүй тусламжаар цэвэрлэсэн усыг дахин боловсруулах тоног төхөөрөмж суурилуулж өгөх болжээ. Уг төхөөрөмж нь Төв цэвэрлэх байгууламжаас гарсан усыг дахин боловсруулж, “ДЦС-3”, “ДЦС-4”-т нийлүүлэх аж.