Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар холбогдох төлөөллүүдийн хамт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 16 хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээрээс өргөн хэрэглээнээс үүсдэг хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд болох Мог пластик ХХК /Хаягдал хуванцар дахин боловсруулах үйлдвэр/, Од пластик ХХК /Хаягдал хуванцар хагас боловсруулан бэлдэц үйлдвэрлэх үйлдвэр/, Сайн цаас ХХК /Хаягдал картон цаас дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа/, Аминболор ХХК /Бүх төрлийн хоёрдогч түүхий эдийн бөөний төв/, Тэр их нуур ХХК /Вакум цонхны хаягдлаар PVC хуванцар хоолойн үйлдвэр/, Инахис ХХК /Автомашины хаягдал дугуйн хаягдлаар резинэн хавтан үйлдвэрлэх үйлдвэр/ зэрэг үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж буй асуудлууд санал хүсэлтийг нь сонсож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцлаа. Мөн Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгүүдийн нэг болох Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээрх ландфилл хийгдэж буй талбай, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран байгуулсан хог дахин боловсруулах үйлдвэрийн хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа.