Төмөр замын 406 дугаар км-ийн гарам буюу ЗЦА-ны дэргэд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих сүлжээ гүүрэн замын ажил ирэх сарын 1-нээс эхлэх нь. Эл бүтээн байгуулалт өрнөх Олимпын гудамжаар цагт 3000, өдөрт 20 000 орчим тээврийн хэрэгсэл зорчдог, тухайн хэсгийн төмөр болон авто зам ижил түвшинд огтлолцдог тул хөдөлгөөний ачаалал нь бусад уулзвараас илүү, осол олон гардаг. Тиймээс Монголын анхны сүлжээ гүүрэн замыг энд барихаар болсон юм.
Үндсэн гүүрэн зам 16.5 метр өргөн, 470 метр урт байх тул ажлын явцад “Баянмонгол” хорооллын дэргэдэх “Home plaza”-гаас XIII хорооллын дунд зам (“Натур”-ын зам хэмээх)-ын уулзвар хүртэлх хөдөлгөөнийг нэг жил зургаан сарын хугацаагаар хаахаар болов. Харин Нарны зам болон “Натур” төвийн арын замын хөдөлгөөн хэвийн үргэлжлэх нь.
Мөн эл бүтээн байгуулалтын хүрээнд 8.5 метр өргөн, 15-400 метр урт зургаан гүүр барих юм. Энэ хугацаанд хөдөлгөөн зохицуулахын тулд түр гурван гүүр, мөн тооны сайжруулсан шороон зам тавихаар болжээ. Үүнтэй холбогдуулан зарим чиглэлийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулах бөгөөд нийслэлийн удирдлага өнөөдөр төлөвлөгөө баталж, аль замд ямар өөрчлөлт орсныг мэдээлэх гэнэ.