Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн, орлогч дарга М.Энхжаргал болон яам агентлагийн газар хэлтсийн дарга нар оролцсон юм.
Хэвлэлийн бага хурлын үеэр 2018 оны хоёрдугаар сарын салбарын мэдээллийг хүргэлээ. Уул уурхайн салбарын 2018 оны статистик мэдээлэл
Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2018 оны эхний хоёр сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.0 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 255.0 (14.2%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 1,471.8 тэрбум төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 163.2 (12.5%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 82.1 (21.1%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 61.3 (8.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 71.8%-ийг эзэлж байна.
Гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл:
- Нүүрс 6.5 сая тн,
- Зэсийн баяжмал 207.7 мян.тн,
- Алт 1,276 кг,
- Молибдений баяжмал 811.1 тн,
- Төмрийн хүдрийн баяжмал 350.7 мян.тн
- Хайлуур жонш 19.1 мян.тн
- Хайлуур жоншны баяжмал 2.0 мян.тн,
- Цайрын баяжмал 14.9 мян.тн,
- Газрын тос 1.2 сая баррель
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төмрийн хүдрийн баяжмал 16.0 мян.тн буюу 4.8%, цайрын баяжмал 1.2 мян.тн буюу 8.8%-иар тус тус өссөн байна. Харин нүүрс 1.7 сая тн буюу 21.2%, алт 107.8 кг буюу 7.8%, молибдены баяжмал 140.0 тн буюу 14.7%, зэсийн баяжмал 4.5 мян.тн буюу 2.1%, хайлуур жонш 3.9 мян.тн буюу 17%, хайлуур жоншны баяжмал 6.3 мян.тн буюу 75.9%, газрын тос 18.5 мян.баррель буюу 1.5%, катодын зэс 39.6 тн буюу 1.7%-иар тус тус буурсан байна.
Аж үйлдвэрийн салбарын нийт борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны эхний хоёр сарын байдлаар 2.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 207.2 (9.7%) тэрбум төгрөгөөр, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 1.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 162.6 (11.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүнд Уул уурхай, олборлох салбар 69.7% байна.
2018 оны хоёр сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 1.6 (69.9%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэр 1.4 (88.1%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд борлуулсан байна.
Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамж 2018 оны эхний хоёр сарын байдлаар улсын төсөвт 353.7 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:
- Алт 3.9 тэрбум төгрөг,
- Нүүрс 121.7 тэрбум төгрөг,
- Цайр 16.5 тэрбум төгрөг,
- Зэс 192.2 тэрбум төгрөг,
- Төмөр 5.6 тэрбум төгрөг,
- Жонш 2.1 тэрбум төгрөг,
- Бусад 11.8 тэрбум төгрөгт хүрээд байна.
Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 158.6 тэрбум төгрөг буюу 81.3 хувиар өссөн. Үүнээс:
- Алт 1.0 тэрбум төгрөг буюу 35.8 хувь,
- Нүүрс 65.6 тэрбум төгрөг буюу 2.2 дахин,
- Цайр 7.8 тэрбум төгрөг буюу 90.4 хувь,
- Зэс 76.5 тэрбум төгрөг буюу 66.2 хувь,
- Төмөр 4.1 тэрбум төгрөг буюу 3.8 дахин,
- Жонш 1.6 тэрбум төгрөг буюу 4.8 дахин,
- Бусад 3.1 тэрбум төгрөг буюу 84.0 хувь.
Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн хувьд 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 44 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 83, Аи-92 автобензин 25, дизелийн түлш 48, ТС-1 онгоцны түлш 28 хоногийн нөөцтэй байна.
Яамны үйл ажиллагаа Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд 13.3 тэрбум төгрөгөөр 1:50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн 24, улсын геологийн 1:200 000-ны масштабын иж бүрдэл зураг нэгтгэх 1, сэдэвчилсэн судалгааны 3, гадаад хамтын ажиллагааны 1, нийт 29 төслийг хэрэгжүүлнэ.
Үүнээс М1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн “Дөч гол-50”, “Бүрхтэй уул-50”, “Дэвийн хонгор уул-50”, “Модот толгой-50”, “Асгат уул-50”, “Түдэвтэй-50” төслүүдийг Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгуудын зарим сумдын нутгийг хамруулан нийт нутаг дэвсгэрийн 22799.72 км.кв талбайд буюу 1.45%-д шинээр эхлүүлнэ.
МУ, ОХУ, БНХАУ, БНКазУлсын нутаг дэвсгэрийг дамнан орших Алтайн нурууны геологи, тектоник, металлогени, геодинамикийн нөхцлийг судлах Шинжлэх ухааны Олон Улсын хамтын ажиллагааны төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна.
Үргэлжлэн хэрэгжиж байгаа 22 төслийн ажлын хэмжээ, арга, аргачлал, төслийг хянаж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн 3, Улсын геологийн 1:200000-ны масштабын иж бүрдэл зураг зохиох 1, сэдэвчилсэн судалгааны 2 төслийн ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
5.2.2018 онд 312 аж ахуй нэгж ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлснээс 2018 оны 2-р сарын 25-ны байдлаар 135 аж ахуй нэгжийн төлөвлөгөө зөвшөөрөгдөөд байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн дагуу 2018 онд үйл ажиллагаа явуулахаар 312 аж ахуйн нэгж ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлснээс 2018 оны 2-р сарын 25-ны байдлаар 135 уулын ажлын төлөвлөгөө зөвшөөрөгдөөд байна. Мөн 2018 оны 2-р сарын 15-ны байдлаар 196 тайлан ирүүлээд байна.
“Алт-2 үндэсний” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлаас дурьдвал:
• Алт-2 үндэсний хөтөлбөрийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2017 оны хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргаж, холбогдох байгууллагаар хяналт, шинжилгээ үнэлгээ хийлгэхээр ажиллаж байна.
• 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Монголбанк 438.6 кг алтыг худалдан авсан бөгөөд оны эхнээс нь нийт 1,567.3 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 55.8 кг-аар илүү байна. Лондонгийн үнэт металлын захын алтны ханш 1 грамм алт худалдан авах Монголбанкны үнэ 101,418.11 төгрөг /2018.03.13/ байна.
Алтны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй 2018 оны 3-р сарын 02-ны өдөр Төрийн ордонд уулзаж санал солилцсон. Уулзалтад холбогдох яам, агентлагаас гадна Монголбанк, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 120 гаруй төлөөлөл оролцсон. Уулзалтаар хариуцлагын тогтолцоог сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэл, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, техник технологийн зэрэг тулгамдсан олон асуудлыг хэлэлцлээ.
Засгийн газрын 2017 оны 20 дугаар тогтоолоор “Алт-2” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, алтны нөөц ашигласны төлбөрийг /2019.01.01 хүртэл/ борлуулалтын орлогын 2.5 хувиар тооцох болсон нь алт олборлолтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон дэмжлэг болсон. Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулахаар тогтлоо.
“МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛАГ-УУЛ УУРХАЙ 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг 22-23-ны өдөр зохион байгуулахаар болоод байна. Энэхүү чуулганаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, төсөл, хөтөлбөрөө сурталчлахюм. Мөн эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхзорилгоор зохион байгуулж байна.
Мөн жил бүр зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт 10 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Уг чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо хамтран 2018 оны 03 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд “Корпорейт Конвеншн төв”-д зохион байгуулна.
“Монголын геологи, хайгуул-2018” чуулга уулзалтын хүрээнд Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрхзүйн орчин, түүний хэрэгжилт, ашигт малтмалын геологийн судалгаа, ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, орон нутаг, элчин сайдын яамны илтгэлүүд тавигдна. Мөн “Геологи, эрдэс баялгийн салбарын төрийн бодлого”, “Геологи, хайгуулын ажлын хэрэгжилт ба орон нутаг” гэсэн хоёр хэлэлцүүлэг өрнөх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/monseg.monseg, http://www.mmer.mn/зэрэг цахим хуудаснаас авах боломжтой.
Эх сурвалж : Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.