Урин дулаан болж, Төв цэвэрлэх байгууламж өмхийгөөрөө улаанбаатарчуудыг утаж эхэллээ. Тус байгууламжийг 1964 онд ашиглалтад оруулснаас хойш өдий хүртэл 900 000 шоо метр лаг хуримтлагдаад буй нь Улаанбаатарын өмхий үнэрийн голомт болж, агаар, хөрсийг бохирдуулан, иргэдийн эрүүл мэндэд аюул учруулж буй.
Барилга, хот байгуулалтын яамнаас өнгөрсөн өвөл ажлын хэсэг байгуулж, эл асуудлыг хэрхэн шийдэх талаар судалж эхэлсэн юм. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ талаар хэлэлцэж, Төв цэвэрлэх байгууламжийн олон жил “нөөцөлсөн” хур лагийг үнэргүйжүүлэх, мөн өдөр тутмынх нь үйл ажиллагаанаас гарч буй нойтон лагийг усгүйжүүлж, хатаасны дараа шатаах технологи нэвтрүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайдад даалгалаа. Шаардлагатай тоног төхөөрөмжийг энэ улиралд багтаан шууд гэрээ байгуулан худалдан авч, суурилуулах эрх олгов.
“Төв цэвэрлэх байгууламж хоногт 160 000-190 000 шоо метр ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлээд, 1000-1200 шоо метр нойтон (10 тоннын даацтай машинаар өдөрт 100 удаа зөөх хэмжээний) лагийг ил талбайд асгаж, хатааж байна. Ажлын хэсгийнхэн нэлээд судалсны дүнд олон жил хуримтлагдсан лагийг химийн бодисоор үнэргүйжүүлэх шийдэлд хүрсэн. Өдөр тутам гарч буй нойтон лагийг хатаасны дараа шатааж устгах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Үнэр дарах ажлыг энэ хавартаа багтаан эхэлнэ” гэж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлэв.