Зүүн гар талаас Л.Алтанцэцэг, Н.Эрдэнэтуяа
Монголчууд авьяастай, ур чадвартай ч өвлийн спортын төрөлд төдийлөн өндөр амжилт гаргаж байгаагүй. Хэдхэн хоногийн өмнө Итали улсад болсон тэшүүрийн ахмадын ДАШТ-ээс Лувсанлхагвын Алтанцэцэг мөнгө, Нямбуугийн Эрдэнэтуяа хүрэл медаль хүртэж, монгол түмнийхээ баяр, бахдалыг төрүүлээд байгаа билээ.
Зөвхөн тэшүүр төдийгүй өвлийн спортын түүхэнд Монголдоо анхдагч болсон тэдэнтэй ярилцсанаа уншигч та бүхэнд сонирхуулъя. Тэшүүрийн спортоос мэндэлсэн гурван Гавьяат тамирчны нэг Л.Дашням агсны төрсөн дүү Л.Алтанцэцэг УАШТ-ий 15 түрүү, олон улсын тэмцээний найман медальтай, ОУХМ цолны болзол хангасан Монголын анхны тэшүүрчин.
Өдгөө 64 настай тэрбээр УАШТ-ий 50 гаруй медальтай, улсынхаа дээд амжилтыг 40 орчим удаа шинэчилжээ. 3000 метрийн уралдаанд рекорд эзэмшдэг байсан түүний амжилтыг Б.Ургаацэцэг 34 жилийн дараа буюу 2010 онд ахиулсан юм.
1974 оноос хойш тэшүүртэй амьдралаа холбосон, 58 настай Н.Эрдэнэтуяа УАШТ-ий чамгүй олон түрүүтэй. 1980 оноос өдийг хүртэл тэшүүрийн шүүгчээр ажиллаж буй түүнийг эрдэм номын мөр хөөгөөгүй бол тив, дэлхийд өндөр амжилт гаргах байсан гэж ойр дотнынхон нь үнэлдэг юм билээ.
-Дэлхийн дэвжээнд анх удаа өрсөлдөхдөө медаль хүртсэн тань сонирхол татаж байна. ДАШТ учраас өрсөлдөөн ихтэй, шалгуур өндөр байсан нь мэдээж. Тэмцээнд оролцох болзлыг хэрхэн хангав?
-Л.Алтанцэцэг (Л.А): -Нэлээд өндөр шалгууртай юм байна. Гаргасан амжилт, цагийн нормативыг нь чухалчилдаг юм билээ. Болзлыг нь хангасан тамирчид л өрсөлдөх боломжтой. ДАШТ-д бид гурвуулаа өрсөлдсөн. Тэмцээний аваргыг зай тус бүрт бус, 500, 1000, 1500, 3000 метрт гаргасан амжилтын нийлбэрээр тодруулдгаараа онцлогтой.
Н.Эрдэнэтуяа (Н.Э): -Бид хоёр олон улсын тэмцээнд анх удаа холын зайд уралдлаа. Бидний насны хүмүүст ёстой шаггүй даваа юм. Зуны бэлтгэлээ сайн базаасны хүчинд медаль хүртлээ. Аль нэг зайд нь уралдахгүй л бол медаль хүртэх боломжгүй. Тиймээс бүх зайд хурд сорихоос өөр арга байсангүй ээ.
Л.А: -Улсынхаа дэвжээнд 15 удаа түрүүлж, олон улсын тэмцээнээс найман медаль хүртсэнийхээ дараа зодог тайлахад хүнд байсан. Залуудаа гаргаагүй амжилтаа нас ахисан хойноо гаргаж, дэлхийн дэвжээнд Төрийн далбаагаа мандуулсандаа баяртай байна. Үнэнийг хэлэхэд ийм сайхан өдөр тохионо гэж зүүдлээ ч үгүй явсан.
-ДАШТ-д монголчууд өмнө нь яагаад хурд сорьдоггүй байсан юм бэ?
Н.Э: -Энэ тэмцээний талаарх мэдээлэл хомс, нөгөө талаар санхүүгийн хүндрэлтэй холбоотой байсан болов уу. Бүх зардлаа хувиасаа гаргадаг болохоор санхүүгийн хүндрэлтэй үргэлж тулгардаг. Бид хоёр 2015 оноос хойш ахмадын ангиллын олон улсын тэмцээнд оролцож байна. Өнгөрсөн жил ДАШТ-д өрсөлдөх бодолтой байсан ч Нидерландад болсон тэмцээнтэй давхцаад хурд сорьж чадаагүй.
Энэ жил зорин байж өрсөлдлөө. Бид хоёр санхүүгийн хүндрэлийн улмаас жилд нэг л тэмцээнд оролцдог. Энэ удаа харин ойрхон болсон хоёр тэмцээнд хурд сорилоо. Дөрөвдүгээр сард ОХУ-д болох тэмцээнд өрсөлдөхийг урьсан ч санхүүгийн бэрхшээлийн улмаас оролцож чадахгүй нь.
-Аль орны тамирчид хамгийн ширүүн өрсөлдөв?
Л.А: -Би 60-64 насны ангилалд өрсөлдсөн. Энэ ангилалд дөрвөн тамирчин уралдаж, Италийн тэшүүрчин түрүүлсэн. Тэр л хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Түүнээс таван секундээр хоцорч, барианд орсон. Зарим хүн “Дөрөвхөн тамирчин уралдаж, бараг оролцсон бүхэн нь медаль хүртэж” гэж бодож магадгүй. Тийм биш. Дэлхийн дэвжээнд сул өрсөлдөгч гэж үгүй.
Н.Э: -54-59 насны ангилалд есөн тэшүүрчинтэй өрсөлдлөө. Бид жилээс жилд ур чадвараа ахиулж, хувийн дээд амжилтаа шинэчилсэндээ олзуурхдаг. ДАШТ-д оролцсоныхоо дараа Германд болсон олон улсын тэмцээнд өрсөлдсөн. Медаль хүртээгүй ч цагийн амжилтаа ахиуллаа.
-ДАШТ эхлэхийн өмнөх өдөр очсон гэсэн. Яагаад тэгж цагийг нь тулгасан юм бэ?
Л.А: -Визээ гарахыг хүлээсээр байгаад тэмцээн эхлэхээс хоёрхон хоногийн өмнө гарсан. Бүр үдээс хойш 17.00 цагийн үед. Тэгээд санд мэнд юмаа бэлдэн, эндээс онгоцоор нисэн Миланд буулаа. Тэндээс таксигаар жирийлгэсээр ДАШТ-ий өмнөх өдөр Торонтод хөл тавьсан. Шөнө хагас дутуу амраад л маргааш нь уралдсан болоод ч тэр үү, цагийн зөрүү, цаг агаарын нөхцөлд дасахад амаргүй байлаа.
Н.Э: -Даралт ихсэн, бие тавгүйрхсэн ч тэмцээнд оролцуулахгүй байж магадгүй гээд гүрийчихсэн. Ялангуяа уралдах үед өвчнөө таг мартсан шүү. Барианд орсны дараа “За, ямар ч байсан унаж бэртэлгүй, амжилттай өрсөлдлөө” гэж бодсон. Тэшүүрийн спорт бэртэх эрсдэл ихтэйг хэлэх үү, түүний аяыг ахмад тамирчид даах нь ч тааруу, гэмтэл эдгэх нь ужиг. Санхүүгийн боломжтой сон бол тэмцээнд хувийн эмчтэй оролцох юм сан.
-Монголд өвлийн спортын тамирчдад бэлтгэл хийх боломж хомс, бэрхшээл ихтэй. Тэмцээний өмнөх бэлтгэлээ хэрхэн базаав?
Н.Э:- Зун Хэнтий аймгийн Биндэр суманд хүчний болон хуурай бэлтгэл хийсэн нь амжилтад их нөлөөллөө. Тэмцээний өмнөх бэлтгэлээ Төв цэнгэлдэхийн мөсөн дээр базаасан. Бидэнд тулгарч буй хамгийн хүндрэлтэй асуудал бол бэлтгэлийн орчин, нөхцөл яахын аргагүй мөн. Мөсөн талбай байгуулахыг хүлээсээр байгаад 12, нэгдүгээр сар болдог.
Тэгээд бэлтгэлээ хийж, формондоо орж амжаагүй байхад өнөөх мөс нь хайлчихна, оролцохоор төлөвлөсөн тэмцээн тулчихна. Битүү дээвэртэй ордон, олон улсын стандартад нийцсэн мөстэй бусад оронд очоод бэлтгэл хийе гэхээр санхүүгийн хүндрэл гачлантай. Бусад орны тамирчид жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийдэг болохоор тэр хэрээр өндөр амжилт гаргадаг.
Л.А: -Тэшүүрчид 1992 оноос хойш өвлийн олимпын эрх авч чадахгүй байгаа нь бэлтгэл, сургуулилалтын орчинтой холбоотой. Я.Зоригтбаатар, Б.Сумъяа зэрэг мундаг тамирчин цөөнгүй бий. Тэднийг дэмжих нь чухал. Битүү дээвэртэй ордон гэлтгүй эхний ээлжинд ганц сайхан мөсөн талбайтай болчихвол зөвхөн тэшүүрчид бус, өвлийн бүх спортынхонд бэлтгэл хийх боломж бүрдэнэ. Тэгвэл хэчнээн сайхан бэ.
Н.Э:-Тийм ордонтой болчихвол магнай нь хагартал баярлах хүн олон. Үүнийг олон жил ярьж байгаа ч ажил хэрэг болгохгүй байгаа холбогдох албан тушаалтнуудад гомддог. Бид хоёр яах вэ, хэчнээн жил уралдаж шалив гэж. Бэлтгэл хийх боломжгүйн улмаас амжилтаараа хохирч буй тамирчид л хөөрхийлөлтэй. Бид хоёр өөрсдийгөө ч үл хайхран тэмцээнд оролцож байгаа маань тэшүүрийн спорт, бүр тодруулбал, ирээдүй болсон өсвөрийн тамирчдаа хөгжүүлэх, тэдэнд зөв үлгэрлэн, урам өгөх зорилготой.
-Хандгайтад зассан мөсөн талбайд бэлтгэл хийдэг үү?
-Л.А: Хоёр бил үү, гурван удаа бэлтгэл хийсэн. Үнэхээр хүндрэлтэй юм билээ. Би Хан-Уул дүүргийн өсвөрийн тэшүүрчдийг дасгалжуулдаг. Хүүхдүүдээ бэлтгэл хийлгэхээр өглөө очиход үдээс хойших хичээлдээ хоцорчихдог. Эндээс очиж, ирэхэд хүртэл бэрхшээлтэй. Тамирчид хувцас солих өрөөгүй, мөс нь овон товон. Хар хүйтэнд гадаа хувцас сольж байна гээд төсөөл дөө.
Н.Э: -Хүйтэнд чичирч зогсох тамирчдыг өрөвддөг. Хандгайтад олон улсын байтугай дотоодын тэмцээн зохиоход хүндрэлтэй. Монгол Улс мөс цэвэрлэх зориулалтын ганц ч авто машингүй. Манайх шиг шүүрдэж цэвэрлэдэг улс дэлхийд байхгүй. Гаднаас тамирчид ирэхээр гайхдаг, биднийг дооглон, зургийг нь авдаг.
Л.А: -Манай холбоо (Монголын тэшүүрийн мастеруудын холбоо) ирэх жил юм уу, 2020 онд ахмадын олон улсын тэмцээнийг эх орондоо зохиохоор хөөцөлдөж байгаа. Юуны түрүүнд тэмцээн зохиох хэмжээний стандартад нийцсэн мөсөн талбай, хэрэглэл материалтай болох нь чухал. Төр, засаг, харьяа яамтайгаа хамтарч байгаад нэр хүндтэй зохион байгуулчих юм сан.
-Монголд эрх олгохдоо юуны түрүүнд тэмцээн зохиох битүү дээвэртэй ордон шаардах нь гарцаагүй. Төдийгөөс өдий хүртэл ярихаас өөр гавьтай зүйл хийгээгүй байж 2020 оноос өмнө ордон сүндэрлүүлнэ гэдэг юу л бол.
Н.Э: -Болгоё, бүтээе гэсэн сэтгэлээр хандахад учир нь олддог сон. Монголчууд бид Азийн АШТ-ийг хоёр, олон улсын тэмцээнийг чамгүй олон удаа эх орондоо зохиосон туршлагатай. Тэдгээр тэмцээнийг зохиоход бид хоёр шүүгчээр ажилласан юм. Хандгайтын мөсийг долоох шахам байж хийсэн тэр тэмцээнд Азийн 13 дээд амжилт шинэчлэгдэж билээ.
-64, 58 настай та хоёрыг хүйтэн жаварт, жиндүү мөсөн дээр бэлтгэл хийж байна гэж төсөөлөхөд ч бэрх байна. Шантрах үе тохиолддог уу?
Л.А: -Бишгүй их. Заримдаа өглөөнөөс орой хүртэл мөсөн дээр бэлтгэл хийхэд халширдаг. 5-16 хүртэлх насны тамирчдыг дасгалжуулахад ажиллагаа ихтэй. Өглөө бүр 07.00 цагт босоод гүйдэг.
-Гэр бүлийнхэн, хүүхдүүд нь бэртэж, гэмтэх вий гэж санаа зовсондоо хориглодог уу.
Н.Э:-Үргэлж дэмждэг ч заримдаа тэгж хориглодог. Дуртай юмаа хийж яваа болохоор хэр баргийн бэрхшээлийг тоодоггүй.
-Тамирчны амжилтад дасгалжуулагч их чухал. Та хоёрт заавар, зөвлөгөө өгдөг дасгалжуулагч бий юү?
Л.А: -Байхгүй ээ. Бэлтгэл хийн, тэмцээнд оролцохдоо бие биенээ дасгалжуулдаг. Нэгнийхээ үгнээс зөрөхгүй, яг хэлж, зөвлөснийх дагуу л гүйцэтгэнэ.
-Монголд ахмад тамирчдад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг холбоо хуруу дарам. Монголын тэшүүрийн мастеруудын холбоог байгуулах санаа хэрхэн төрсөн бэ?
Н.Э: -Ахмад тамирчдад ямар нэгэн хүндрэл, бэрхшээл тулгарлаа гэхэд хэнд хандах, хаанаас тусламж хүсэх нь тодорхойгүй байдаг. Зарим нь дэлхийд гайхагдах хэмжээний өндөр амжилт гаргахад төр, засаг ахмадын ангиллынх гээд ойшоолгүй өнгөрөх нь энүүхэнд. Тиймээс ахмад тэшүүрчдийн эрх ашгийг хамгаалах, амжилтад нь нэмэр болох, тэшүүрийн спортыг хөгжүүлэх зорилгоор холбоогоо 2015 онд тавуулаа санаачлан байгуулсан юм. Тэр жил ахмадын тэмцээнд анх оролцоход Алтаа эгч гурван алт, би гурван хүрэл, хоёр эрэгтэй тамирчин алт, хүрэл медаль хүртсэн. Тэгэхэд их урам авсан, тэмцээнд аль болох олуулаа оролцохыг зорьдог. Энэ жил ахмадын УАШТ-ийг зохиоход 100 гаруй тамирчин өрсөлдсөн.
-Тэднээс хэд нь олон улсын тэмцээнд идэвхтэй оролцдог бол?
Л.А: -Ховор доо. Ёстой нүдний гэм. Уг нь бид хоёртой хамт хоёр эрэгтэй тэшүүрчин оролцдог байсан юм. Даанч хүндэтгэх шалтгааны улмаас сүүлчийн хоёр жил өрсөлдсөнгүй.
-Засгийн газраас гаргасан журмын дагуу төрөөс амжилтыг нь урамшуулдаг уу?
Л.А: -Тэр журамд ахмадын ангиллын тэмцээнд амжилт гаргавал тэдэн төгрөгөөр урамшуулна гэсэн заалт байдаггүй юм билээ. Тийм болохоор ганц ч удаа урамшуулал хүртэж үзээгүй. Ганцхан үгнээс болж ахмад тамирчид шоовдорлогдож байгаад эмзэглэдэг. Зарим хүн тоодоггүй юм билээ, ахмад тамирчдыг. Уг нь гаргасан амжилтаараа мөнгөн урамшуулал хүртвэл амьдралд дэмтэй. Бид хоёр тэмцээнд тэтгэврийн зээл аваад л оролцдог.
Н.Э: -Тэшүүрийн хэрэглэл, материал өндөр үнэтэй. Би л гэхэд ДАШТ-д шавийнхаа тэшүүрээр уралдсан. Хаа сайгүй санхүүгийн хямралтай байгаа өнөө үед мөнгөн урамшуулал хүртээх боломжгүй юм гэхэд хэрэглэл, материалаар дэмжвэл амжилтад нэлээд хөшүүрэг болох нь гарцаагүй. Тэгвэл зөвхөн бид хоёрт төдийгүй өвлийн спортын, ахмад тамирчдад урам өгнө. Уг нь төр, засгаас сэтгэл гаргаад дэмжихэд нэг их санхүүгийн хүндрэлд орохооргүй тоймтой хэдхэн ахмад тамирчинтай шүү, Монгол Улс.
-Аливаа зүйл цаг хугацаатай. Төдөн нас хүртлээ уралдана гэх багцаа бий юү?
Л.А: -Ямар ч байсан 2020 он хүртэл уралдаж, дөрвөн жилд нэг удаа болдог мастеруудын олимпод хурд сорихыг хүсдэг. Бие гүйцвэл 70 нас гартлаа гулгана аа.
Н.Э: -Хэрвээ болдог сон бол эцсийн амьсгал хураатлаа уралдмаар л байна. Хамгийн гол нь бид хоёр амжилт гаргахдаа бус, монгол хүн ямар тэсвэр тэвчээртэй, яс сайтайг харуулж, өсвөрийн тамирчдад үлгэр дуурайл болохыг хүсдэг, тэгэхийн л төлөө зүтгэж явна.