Сар шинийн босгон дээр Ардын эмч цол хүртсэн Б.Батчулуун гуайтай холбогдохоор утас цохих тоолондоо “Холбогдох боломжгүй” гэсэн хариу аваад хэд хоносон тул өөр арга хайж, Шастины нэрэмжит III эмнэлгийн албаны дугаар руу залгалаа. Хүн хайж олох хэрэг гарвал хамгийн түрүүнд гэрийг нь зорьдог шиг, Батчулуун эмчийг III эмнэлгээс хайсан нь оножээ.
Харилцуур авсан бүсгүйд хэрэг зоригоо тайлбарлахад “Эмч хөдөө явж байгаа. Хоёр хоногийн дараа ирнэ. Та надтай холбогдож байгаад ирээрэй” гэв. Оюутны ширээнээс босоод л очсон, залуу нас, эрч хүч, хийж бүтээх хүсэл бүхнээ зориулсан Шастины нэрэмжит III эмнэлэгт нь, амьдралынхаа ид идэвхтэй 42 жилийг өнгөрүүлсэн ажлын өрөөнд нь Ардын эмч Б.Батчулуунтай ярилцлаа.
-Ардын эмч цолоор энгэрээ мялаасан Танд баяр хүргэе. Төрийн шагнал, Гавьяат, Ардын гээд хамгийн эрхэм дээд шагналуудаа Монголын төр танд хайрлажээ. Ардын эмч цол гардахдаа өөрөөрөө бахархав уу?
-Баяр хүргэсэн явдалд баярлалаа. Уржигдар хүүтэйгээ ярьж суугаад анзаарах нь ээ, би энэ шагналуудаа 13 жилийн мөчлөгтэй авсан байх юм. Анх 1992 онд багш, тасгийн хамт олныхоо хамт Төрийн шагнал хүртсэн. Тэгэхэд би багийнхнаасаа хамгийн залуу, дөнгөж 42 настай байлаа. Ерөнхийлөгч П.Очирбат шагнал гардуулахдаа миний насыг асуугаад “Ийм залуу хүн цаашид их зүйл бүтээнэ шүү” гэсэн.
Тэгэхэд энэ шагналтай хамт өндөр хариуцлага ирлээ, өшөө ихийг хийж бүтээх ёстой юм байна гэсэн урам зориг орохын хажуугаар эмээх сэтгэл төрж байлаа. 2005 онд ард түмэн, төр, засаг маань Гавьяат эмч цол хайрлахад ч бас дотроо эмээж л байсан. Гэхдээ тэр үед би тасагтаа олон жил ажилласан, зах зээлийн хүнд үед эмнэлэг удирдаж, бас ч багагүй зүйл хийж бүтээчихсэн, хүнд хэлэх юмтай учраас нүүр бардам байв.
Энэ жил Ардын эмч гэдэг эрхэм цолоор мялаалаа. Одоо би амьдралынхаа үлдсэн хугацааг ард түмэндээ зориулах, түмэн олныхоо эрүүл энхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээс өөр гарцгүй гэж бодож сууна.
-Хөдөлмөрийн баатар Ж.Хайрулла тэргүүтэй мэдрэлийн мэс заслын эмч нар Монгол Улсад уураг тархины эмгэгийн оношилгоо, мэс заслын эмчилгээг үндэслэж, хөгжүүлсний учир Төрийн шагнал хүртсэн. Тэр багт та хэрхэн багтсан бэ?
-Би 1976 онд АУДС-ийг мэс заслын эмч мэргэжлээр төгссөн. Биднийг залуу байхад төр, засаг залуусыг эх орныхоо хэрэгтэй газарт очиж ажиллахыг уриалдаг, их, дээд сургууль төгссөн залуусыг хотод үлдээдэггүй байлаа. Залуусын дунд ч аль алс хол, хүн очдоггүй газарт очих хөдөлгөөн өрнөсөн үе. Би эвлэлийн илгээлт авч, говийн аймагт очиж ажиллана гээд шийдчихсэн, хөөрч, дэвэрсэн хүн л явлаа.
Томилолтоо авах гээд Эрүүл мэндийн яамаар ортол тэнд Ж.Хайрулла багш маань байж таараад “Чамайг хөдөө явуулахгүй. Манай тасагт ажиллана аа хө” гэв. Ингээд багш хөөцөлдөж байж хөдөө явуулалгүй үлдээгээд, III эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт авсан.
Манай тасаг 1972 онд байгуулагдсан юм шүү дээ. Тархинд хагалгаа хийх тухай төсөөлөл ч манайханд ор сураггүй байсан 1966 онд багш маань хамгийн анх хүний уураг тархинд мэс засал хийж, тэр нь амжилттай болсон. Монголын мэдрэлийн мэс заслын албаны үүслийг тэр өдрөөр тооцдог. Бие даасан тасаг байгуулагдсан нь 1972 он. Ажилд ороход минь Төрийн шагналт Б.Оюун, Д.Жавзмаа, П.Дондов нарын сайхан хүмүүс намайг “өлгийдөж” авсан.
Гавьяат А.Нота бид хоёр нэг жил очиж, бид зургуулаа болсон. Мэдрэлийн мэс заслын тасаг байгуулагдсанаас хойших эхний үед нас баралтын хувь 70-80 байсан бол энэ тоо маш богино хугацаанд багасаж, эдгэрч, хөл дээрээ босох нь олон болсон. Манай тасаг тархины өвчнийг оношилдог боллоо.
Тиймээс Монгол Улсад анагаах ухааны шинэ салбарын суурийг тавьж, тодорхой хэмжээгээр хөгжүүлж, үр дүнд хүрч байна гэдгээ баримт, судалгаатайгаар дурдсан бүтээлээ 1989 онд Төрийн шагналд дэвшүүлсэн санагдана. 3-4 жил хойшлуулж байж 1992 онд өгсөн юм даг. “Уураг тархины эмгэгийн оношилгоо, эмчилгээ” бүтээлээр Төрийн шагнал авсан зургаан хүн бол дээр нэр дурдсан манай тасгийнхан.
-Ж.Хайрулла эмч танд хичээл заадаг байсан юм уу. Таныг яагаад тасагтаа авахаар сонгосон юм бол?
-Хичээл заалгүй яах вэ. Мэс засал гэдгийг багшаараа заалгалаа шүү дээ. Багш өдөр нь хичээлээ заачихаад орой нь жижүүрт гарна. Би багшийгаа дагаад салдаггүй оюутан байлаа. Багш хэзээ жижүүрт гарна, би эмнэлэг дээр байж байна. Үүнийхээ хүчинд оюутан байхдаа бие дааж хагалгаа хийдэг болсон. Эхний үед багшийн туслахаар ордог байснаа сүүлдээ жижиг мэс ажилбар, мухар олгойн хагалгаа мэтийг багш надаар бие даалгаж хийлгэдэг болсон.
Багшийг дагадаг над шиг залуу олон байсан. Мэс засал хийх боломж оюутнуудад тэр бүр олдохгүй болохоор заримдаа хоорондоо булаацалдана. Гараа угааж, бээлий өмсөөд мэс засал хийнэ гэдэг оюутан хүнд маш том завшаан байхгүй юу. Элэг, цөсний гэх мэт том хагалгааг бол юу гэж биднээр хийлгэх вэ. Ийм мэс засал хийхэд нь хажууд нь зогсож байна гэдэг л бидэнд том сургууль байлаа.
-Төгсөөд шууд улсын төв эмнэлэгт мэдрэлийн мэс заслын эмч болсон юм байна. Энэ салбар шинэ тутам, хүн хүч цөөтэй байж. Ирээд шууд хагалгаанд орсон уу?
-Анагаахын дээд сургуулийг мэс заслын эмч мэргэжлээр төгссөн диплом өвөртлөөд, улсын төв эмнэлгийн эмч гэсэн том сэтэр зүүсэн хүн чинь хаашаа зугтах вэ дээ. Тархины цус харвалт, хавдар гээд л хүнд өвчтэй хүмүүс ирнэ. Хагалгаанд орно. Тархины хагалгаа их удаан үргэлжилдэг. 09.00 цагт эхлээд 17.00-18.00-д дуусах энүүхэнд. Тэр үед багаж, тоног төхөөрөмж ч ямар байлаа, оношилгоо ч өнөөгийнх шиг нарийн байсангүй.
А.Нота бид хоёр мэс засал хийчихээд, хүнээ сэртэл нь сахина. Залуу байхад гэртээ ховор харьсан гээд хэлчихэд хилсдэхгүй дээ. Яаж ийж байгаад хүнээ босгочих юм сан гээд нойр хоолоо мартах шахан манаж байтал нөгөө хүн маань нас барчихаар эмч хүнд ямар хэцүү гэж санана. Хэдий тангараг өргөсөн эмч ч гэсэн хүн шүү дээ. Урам зориг нэмэх зүйл байхгүй бол шантрах, зүрхшээх, эргэлзэх зүйл гарна. Манай тасагт олон залуу эмч ирээд, тогтолгүй явсан.
Эмчилгээний үр дүн тааруу байх нь эмч хүнийг няцааж шантраах хамгийн том хүчин зүйл. Хэцүү санагдлаа. Багшдаа “Би мэдрэлийн мэс засалч болохоо больё, яаралтай мэс заслын тасагт очъё” гэж хэлж, нэг сүрхий уурлуулж билээ. Удалгүй Ш.Болд, төрийн шагналт Б.Эрдэнэ (унтуулгын) эмч нар ирж, тасаг маань бүл нэмэн олуулаа болсон. Хийх хагалгааны нэр, төрөл олширч, эмчилгээний үр дүн сайжраад ирэхээр хүн урам орж, ажилдаа дурладаг юм билээ.
-Мэс засал хийнэ, тэр тусмаа хүний уураг тархинд хүрнэ гэдэг амаргүй ажил байх даа.
-Хүний ямар ч эрхтэнд мэс хүргэнэ гэдэг амар ажил биш. Уураг тархи, нуруу, нугас, захын мэдрэлийн гэмтлийг оношилж, эмчлэх хүнд л дээ. Хүнд, түвэгтэй учраас дэлхий нийтэд тархи, нуруу, нугасны хагалгаа хожуу үүссэн, анагаах ухааны харьцангуй залуу салбар. Амаргүй, нарийн, тэр хэрээрээ нэр хүндтэй сайхан ажил.
-Энэ салбар Монголд хэр хөгжиж байгаа вэ. Тархины мэс засал гэхээр л та хэд дээр ирдэг хэвээрээ юү?
-Тархинд хагалгаа хийдэг газар Монголд манайхаас өөр байхгүй. Улаанбаатар хотын бүх дүүрэг, 21 аймгаас яаралтай дуудлага ирэхэд тэнд нь очиж хагалгаа хийнэ. Манайхан ачааллаа дийлэхгүй ажилладаг. Эхлээд багш маань ганцаараа байсан. Дараа нь 5-6-уулхнаа хэсэг явсан.
Одоо сайхан залуу эмч нараар бүл нэмж, хүчтэй болсон. Багш маань сайхан хамт олон бүрдүүлсэн дээ. Тархи, мэдрэлийн өвчний оношилгоог одооноос хувийн ганц нэг эмнэлэгт хийдэг болж байна. Мэс заслыг бол улсын хэмжээнд манай тасгийн хэдэн эмч л хийж байна даа.
-Залгамж халаагаа хэр бэлдсэн бэ?
-Бэлдэлгүй яах вэ. А.Нота эмч бид хоёрын үе дуусчихсан. Дараагийн үе болох Х.Хусаян, Л.Аваажигмэд, Д.Энхболд, Ц.Тугбаяр нар ид ажиллаж байна. Тэдний дараагийн үе ч гараад ирчихсэн. Би эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа багшдаа хэлж байгаад гурван сайхан залуу авсан. Тэд маань ид гоё болж байна.
-Эрүүл мэндийн байгууллагад 40 гаруй жил ажиллахдаа хэдэн хүний амь аварсан бол гэж бодож үзсэн үү?
-Би ч тэгж тоолж сүйд болж байсангүй. Мэдрэлийн мэс заслын тасаг 300-гаад мянган хүнд үйлчилсэн гэсэн тоо бий. Би тэр бүхэнд ямар нэг хэмжээгээр хувь нэмэр оруулж, хуруу, хошуу дүрсэн болов уу. Манай тасаг жилд 1100 орчим, өдөрт 4-5 хагалгаа хийдэг.
Одоо ч манай хүүхдүүд мэс заслын ширээнийхээ дэргэд ажлаа хийгээд зогсож байгаа. Дээр үед мухар олгой дотроо хагарчихна гээд яаралтай хагалгаанд ордог байсан шиг одоо манай хүүхдүүд цус харвасан хүн ирэхэд өдөрт нь мэс засал хийдэг болсон.
-Та мэс заслын практикт олон арга нэвтрүүлсэн юм билээ. Тэр дундаас одоо л эмчилгээнд нэвтэрч, хөгжөөд байгаа судас бөглөх аргыг 1980-аад оны үед анх нэвтрүүлсэн гэсэн нь содон харагдлаа.
-1987 онд ЗХУ-ын Ленинград хотын Мэдрэлийн мэс заслын институтийн клиник ординатурт суралцсан юм. Клиник ординатур гэдэг нь бидний хувьд хамгийн дээд дамжаа л даа. Тэнд суралцахдаа судас бөглөх аргыг сурч, ирээд эмчилгээнд нэвтрүүлсэн юм. Судсан дотуур бөмбөлөг явуулан, хавдрыг тэжээж буй судсыг бөглөж, тархалтыг зогсоодог энэ арга одоо дэлхий дахинд мэсгүй эмчилгээ гэдэг нэртэйгээр хөгжиж, үр дүнгээ өгч байна.
Энэ мэтээр эмчилгээнд нэвтрүүлсэн зүйл мэр сэр бий. Гэхдээ тэр бүгдийг би хийсэн гэж яриад байж болохгүй. Эмчийн амжилт гэдэг хувь хүний юм биш. Бид багаар ажилладаг. Нэг хагалгаанд наад зах нь үйлчлэгч, асрагч, 3-4 сувилагч, мөн тооны эмч ордог биз дээ.
Тэгээд хагалгааны дараа сэрээх, асрах, боох гээд бүхэл бүтэн хамт олны хөдөлмөр орж байж тэр хүний амийг аварна. Түүнийг миний гавьяа гэж ярих нь зохимжгүй гэж би боддог.
-Судас бөглөх эмчилгээнд хэрэглэх юмнуудаа өөрөө гараараа бэлтгэж байсан гэсэн. Тэр тухайгаа яриач?
-Юм ховрынх л байхгүй юу. Би хойноос ирэхдээ хэрэг болох бодисуудаа авчирсан юм. Тарианы зүүг хамгийн нарийнаас нь бүдүүн хүртэл нь эгнүүлж, дээш нь харуулаад өрчихнө. Тэгээд шингэн латекс гэдэг бодисыг дээр нь дусааж, хатаана. Түүнээ сугалж аваад нарийхан урт гуурстай холбох хэрэгтэй. Үүний тулд метрийн резин хөвж, дотроос нь гардаг нарийхан резинээр уяж тогтооно. Тэгээд рентгенээр харагддаг тантал хэмээх бодисоор бүрнэ.
Баллон хаана явж, аль судас руу орж байгааг рентгенээр хардаг байхгүй юу. Үүнийгээ бэлтгэх гэж би ажлын өрөөндөө ч, гэртээ ч тарианы зүү өрчихөөд суудаг байлаа. Заримдаа энэ ажилд эхнэр минь тусална. Тэгж байтал ЗХУ-аас авчирсан шингэн латекс маань ч дуусаж, эмнэлгийн захиргаа, Эрүүл мэндийн яаманд хандахад мөнгө төгрөг байхгүй гээд авч өгөөгүй тул энэ ажил зогссон.
Зах зээлд шилжээд хямарчихсан, шингэн латекс, судас бөглөх талаар ярихтай манатай байсан үе л дээ. Сүүлд эмнэлгийн дарга болсон хойноо “Ирээд яг энэ мэргэжлээрээ ажиллана шүү” гэсэн даалгавартайгаар нэг залуу эмчээ Москвад эрдмийн зэрэг хамгаалуулсан. Тэр маань ирээд судас бөглөх эмчилгээг хөгжүүлж, ажил нь амжилттай явж байна даа.
-Та эмчээс гадна удирдах албан тушаал олон жил хашсан. Багш тань таныг дарга болоход их дургүй байсан гэж сонссон?
-Энэ эмнэлэгт 42 жил ажиллахдаа их эмчээс нь эхлээд тасгийн эрхлэгч, эмнэлгийн дарга, зөвлөх гээд ажиллаж болох бүх албан тушаалыг хашлаа. 1999 онд Б.Батсэрээдэнэ эмч манай эмнэлгийн даргаар ирээд, намайг орлогчоороо ажиллаач гэсэн юм. Мэс заслын эмч нар ер нь харшилтай болчихдог. Тэр дундаа би айхтар харшламтгай золиг байгаа юм.
Хагалгаанд орохоор нүүрээр дүүрэн туурчихдаг болсон учраас хагалгаанаас жаахан холдъё гэж бодоод саналыг нь хүлээж авсан. Тэгэхэд багш “Чи уг нь мэс заслаа хийгээд явбал эрүүл мэндийн салбарт хэрэгтэй сэн” гээд явуулах их дургүй байсан ч яалт ч үгүй эм тарианаас харшлаад, хэцүү байдгийг мэддэг учраас “Эрүүл мэндийг чинь бодоод л явуулъя даа” гэсэн.
Б.Батсэрээдэнэ дарга маш зоригтой менежментийн шинэчлэл хийсэн. Бид эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулж, орчин үеийн эмнэлэг болгохын төлөө гар нийлж сайхан ажилласан. 2005 онд яамны Төрийн нарийн бичгийн дарга болоод явахдаа эмнэлгийн даргын ажлаа надад өгнө гэхэд нь би үнэхээр эмээсэн.
“Би эмчилгээ эрхэлсэн орлогчоороо л ажиллая. Энэ том эмнэлгийг удирдах нь надад ахадна. Та өөр хүн сонго” гэхэд “Та бидний эхлүүлсэн ажлыг өөр хүн цааш үргэлжлүүлж чадахгүй. Та л хийх ёстой” гэсэн. Нэлээд цааргалсны эцэст “Төрийн нарийн бичгийн дарга үүрэг болгож байна” гэж хүртэл үзсэн. Тэгээд эмнэлгийн даргын ажлыг авсан. Нэгэнт эхлүүлээд, амжилттай сайхан явж байгаа ажлыг унагачихалгүй аваад явж чадах болов уу гэж их эмээдэг байлаа.
Намайг эмнэлгийн дарга болоход багш “Чи хос морьтой боллоо шүү. Хамт олон чинь итгэл хүлээлгэж байна. Удирдах ажлаа сайн хийгээрэй. Мэргэжлээ орхиж болохгүй шүү” гэсэн. Багш маань намайг мэргэжлийн ажлаас холдуулах ер нь дургүй байсан. Даргын ажилд шилжихээр яалт ч үгүй мэргэжлээсээ хөндийрдөг юм билээ.
-Шастины нэрэмжит III эмнэлгийн өнгө төрх, эмчилгээ, үйлчилгээ таныг удирдлагад нь ажиллаж байх үед эрс өөрчлөгдөж, орчин үеийн эмнэлэг болсон. Монгол Улсын ХХ зууны шилдэг эрүүл мэндийн байгууллагаар тодорсон.
Үүнд таны үүрэг, оролцоо их байсан гэдэг?
-Шилжилтийн жилүүдэд манай эмнэлэг дандаа шинэлэг зүйл хийж, анхдагч болж байв. Бүтэц, зохион байгуулалтаас эхлээд олон зүйлийг өөрчилсөн. Өмнө нь тасаг бүхэн тусдаа асрагч, сувилагч, эмч, даргатай, байгууллага доторх байгууллага болчихсон байлаа. Үүнийг өөрчилж, мэргэжлийн удирдлагаар хангахын тулд Сувилгааны алба гэж байгуулсан.
Анхны цаасгүй, цахим эмнэлэг болсон. Өнгөрсөн зууны шилдэг байгууллагаар манай эмнэлгийг шалгаруулж, 2006 онд бил үү, 2007 онд Ерөнхийлөгч шагнал гардуулсан. Энэ бол манай хамт олны хөдөлмөр, зүтгэлийг дүгнэсэн сайхан шагнал гэж боддог.
Урлагийн алтан үе гэдэг шиг Монголын эрүүл мэндийн салбарын алтан үеийнхэн болох Т.Шагдарсүрэн, В.Ичинхорлоо, Б.Гоош нарын том том профессор, академич, докторууд манай эмнэлэгт ажиллаж байлаа. Энэ гайхалтай хүмүүсээс үг сургаалыг нь сонсож, заавар зөвлөгөөг нь авч явсан хүмүүс өнөөдөр эмнэлгээ авч яваа.
-Эмч нарын ур чадвар, мэдлэг боловсрол сайн хэрнээ салбарыг нь бүхэлд нь харахаар нэр хүнд муутай байгаад байдаг. Улсын төв эмнэлгийг олон жил удирдсан хүний хувьд үүнийг юутай холбоотой гэж боддог вэ?
-Удирдлага болохгүй байгаагаас салбарын нэр хүнд унаж байна. Жил бүр л сайд солигдох юм. Нэг нь гарч ирээд өмнөхийнхөө хийснийг үгүйсгэж, өөрчилж, мундаг юм хийдэг хүн болох гэж зүтгэнэ. Шинэ сайдынхаа явуулж буй бодлоготой гүйцэд танилцаж амжаагүй шахам байхад дараагийнх нь гарч ирж байна. Салбараа мэдэхгүй хүн сайд болохоор амьдралаас тасархай шийдвэр гаргана.
“Гурав хоногоос илүү ор хүлээлгэж болохгүй” гэхээр олон нийтэд таалагдана л даа. Гэхдээ эмнэлгийн хүрэлцээ, ачаалал ямар билээ. Яах аргагүй л байдаг байхгүй юу. Тэгээд эмнэлэг, эмч нарыг муулаад эхэлнэ. Энэ мэт нь салбарын нэр хүнд унахад их нөлөөлж байгаа. Нөгөө талаас, эмч, эмнэлгийн ажилтнууд дунд ч харилцаа, хандлага муутай хүн байгааг үгүйсгэхгүй.
Олон хүн сайтай муутай, ойн мод урттай, богинотой гэдэг биз дээ. Ёс зүйгүй, хүнийг гэх сэтгэлгүй цөөн хүн бусад олон мянган цагаан нөмрөгтнүүдийнхээ нэр хүндийг унагаж орхидогт харамсдаг. Манай салбарт муугаасаа сайн нь харьцуулшгүй олон. Эрүүл мэндийн байгууллага өдөрт хэчнээн хүний амь аварч байна, нэг эмч хоногийн хэдэн цагийг зогсоогоороо өнгөрөөж, хэдэн хүнд хагалгаа хийгээд, шөнө хэдийд харьж байна, үр хүүхэдтэйгээ, гэр орондоо өнгөрөөх цаг үлдэж байна уу гэдгийг нь анзаарах хүн нэг ч байхгүй.
Тэгсэн хэрнээ тэнд нэг эмч алдаа гаргачихвал бүх эмчийн буруу болгож орон даяар цацаад байдаг.
-Нэг их олон хүнд хэлж, зарлаад байдаггүй ч сэтгэлдээ байнга бодож, талархаж явдаг зүйл хүн бүрт байдаг шүү дээ. Ардын эмч болсон баярт үйл явдал хуучраагүй байгаа дээр тэр бүр гаргадаггүй үгээ хэлбэл...
-Багшаараа их бахархаж, баярлаж явдаг. Ийм аугаа хүний шавь болж, ивээл дор нь явж, зааж сургасныг нь ажил, амьдралдаа хэрэгжүүлье гэж зүтгэж, чармайж яваагаа азтайд тооцдог.
Багшийн гарын шавь нар дотроос таван эмч Төрийн шагнал, гурван эмч Ардын, гурван эмч Гавьяат цол авлаа. Доктор, профессор бол тоймгүй олон. Аугаа хүн дээ миний багш. Бас эмнэлгийн болон тасгийн хамт олноороо бахархдаг. Тэдний маань хайр, хүндлэл энэ шагналд шингэсэн байх.
Би ханьдаа их баярлаж явдаг. Бид 40 гаруй жил ханилж байна. Өгсөх, уруудахын алинд ч дэргэд байж, хэрэгтэй үед урам өгч, дэм болж ирсэн ханийн минь хүч хөдөлмөрч ч Ардын эмч гэдэг эрхэм цолонд шингэсэн шүү. Ар гэр амгалан, сэтгэл тайван байж хүн ажлаа сайн хийдэг юм. Ар талын бүх ачааг хань минь үүрч явдаг болохоор би ажилдаа бүх эрч, энергиэ зарцуулж явжээ.
Би чинь энд л эмч, эмнэлгийн дарга, зөвлөх гээд суугаа болохоос гэртээ, найзууд дундаа эмч биш шүү дээ. Намайг өвдлөө гэхэд манай хүн л ийш тийшээ яриад, эмнэлэг, эмч домч гэж гүйж яваад эмчлүүлдэг. Найз нөхдийн эмнэлэгтэй холбоотой бүх асуудлыг манай гэргий хариуцаж, зохицуулна. Муухан эмчээс дээр зөвлөж, ийшээ яв, тийм шинжилгээ өг гээд хэлчихнэ. Ийм ханийн буянд өдий зэрэгтэй явна.
-Ардын эмч болоход багш тань юу гэж хэлэв?
-Манай хамт олон 2012 онд намайг Ардын эмч цолонд тодорхойлсон юм. Үүнийг нь мэдэж байгаа хүн чинь нэг их найдаагүй ч бас хараад байдаг юм билээ. Эхний хоёр жил би битүүхэн харж л суусан. Тэгээд өгөхгүй юм байж гэж бодоод, бүр мартчихсан байтал Ерөнхийлөгчийн Тамгын газраас 20.00 цаг болох гэж байхад утасдаж, “Танд ийм цол олгох зарлиг гарсан. Маргааш өглөө ирээрэй” гэсэн.
Тэгээд энэ баярт мэдээг хэнтэй хуваалцах вэ гэхээр багш л хамгийн түрүүнд санаанд орж байгаа юм. Тэр орой багш утасны цаана, би наана нь уйлаад байлаа шүү дээ. Шагналаа авсан өдрөө эмнэлгээрээ ирж хөл хөдөлгөөн болоод очиж амжаагүй, нөгөөдөр нь багшдаа очиж үнсүүлсэн. “Болж дээ, миний хүү” гэсэн.
-Та одоо эмнэлэгтээ зөвлөх эмчээр ажиллаж байгаа юм байна. Танаар л хагалгаа хийлгэмээр байна гэсэн хүн ирдэг үү?
-Ирнэ ээ. Тэгэхээр нь би “Нас 60 гарч, хараа муудсан, гар нь салгалдаг өвгөнөөр та нар яах гээд байгаа юм бэ. Шижигнэсэн залуу эмч нар манайд бий. Тэднээр хийлгэ” гэж хэлдэг юм. Нас, биеэ голохгүй яваад байхыг би хэрэггүй гэж боддог. Зураг, оношийг нь хараад, тэгээрэй, ингээрэй гэж залуучууддаа зөвлөөд сууж байх нь хангалттай.
Бид хойч үеэ хангалттай бэлтгэчихсэн. Манай залуучууд бүгд бие даагаад мэс засал хийдэг болчихсон. Тархины мэс заслыг манай хүүхдүүд маш сайн хийж байгаа шүү дээ. Өнгөрсөн онд л гэхэд 93 хувийн эдгэрэлттэй байсан.
Ийн ярьж суусан эмч “Үзлэгийн цаг болжээ. Хүлээсэн хүмүүс эрэл сурал хийгээд сүйд болно. Тайван сайхан байгаа хүн эмнэлэгт ирэх биш. Өвдөж зовсон улс яаруу сандруу байдаг юм” хэмээгээд яриагаа өндөрлөхийг сануулав.