Оросын Холбооны Улсын Эх орноо хамгаалагчийн өдөр буюу армийн баяр өнгөрсөн баасан гаригт тохиож, Халх голын байлдааны ялалтад онцгой үүрэг гүйцэтгэсэн, Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал, Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо.
Уг арга хэмжээнд дэд сайд Т.Дуламдорж тэргүүтэй Батлах хамгаалах яамны төлөөлөгчид, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч бөгөөд Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Уламбаяр, Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Наранчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл болон албаны бусад хүн, Халх голын байлдаанд оролцож явсан ахмад дайчид, тэдний гэр бүлийнхэн, сурагчид оролцов.
Энэ үеэр ОХУ-ын ЭСЯ-ны Цэрэг болон агаарын цэргийн атташе, хурандаа Геннадий Михайлович Сулимук манай сонинд дараах ярилцлагыг өглөө.
-Оросын Эх орноо хамгаалагчийн өдөр буюу армийн баярын өдрийн мэнд дэвшүүлье.
-Баярлалаа. Орос, Монголын ард түмэн дайны цагт ч, бүтээн байгуулалтын үед ч, өөрөөр хэлбэл, баяртай, гунигтай аль ч цагт хамтдаа байсан. Өнөөдөр (хоёрдугаар сарын 23) Ажилчин, тариачны улаан арми байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монголын ард түмэнд баярын мэнд дэвшүүлье. Энэ баяр 1918 оноос эхтэй бөгөөд ажилчин, тариачид Петроград руу халдан довтолсон Германы анги нэгтгэлийн давшилтыг таслан зогсоож чадсан юм.
-Баярын хүрээнд Зөвлөлтийн дайчдын болон маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөснөөс өөр ямар арга хэмжээ болж байна вэ?
-Улаан арми байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан өчигдөр (хоёрдугаар сарын 22) хүлээн авалт зохион байгуулсанд Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдлага, төлөөлөгчид оролцсон. Монголын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Москвад айлчилж, Оросын Батлан хамгаалахын сайд С.Шойгугийн хамт Улаан талбайд болон Кремльд болсон ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байна.
-Цэрэг, техникийн салбар манай хоёр орны хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг. Манайд нийлүүлдэг агаарын довтолгооноос хамгаалах “Печора” цогцолбор өнөөгийн шаардлагад нийцэж байгаа юу?
-Цэрэг, техникийн хамтын ажиллагааг Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу явуулсаар ирсэн. Манай хоёр орны хамтын ажиллагаанд үнэхээр чухал байр суурь эзэлдэг. 2010 онд нийлүүлсэн агаарын довтолгооноос хамгаалах “Печора” (ойрын тусгалтай зенит пуужингийн цогцолбор) цогцолбор батлан хамгаалах үүрэг, зорилгоо амжилттай гүйцэтгэж байгаа.
-Сэлэнгэ хамтарсан сургуулилалтад өнгөрсөн жил Сирид цөлийн нөхцөлд терроризмтой тэмцэхдээ ашигласан арга туршлагаасаа ОХУ заасан. Энэ жил ОХУ-д уг сургуулилалт болно.
Хаана, ямар чиглэлээд сургалт явуулах бол? Мөн “Хааны эрэлд” олон улсын сургуулилалтын ач холбогдлыг Та юу гэж дүгнэж байна вэ?
-“Хааны эрэлд” олон улсын сургуулилалт нь энхийг сахиулах ажиллагаанд зориулагдсан бөгөөд түүнд оролцдог алба хаагчид байлдааны ажиллагаа явуулах дадлага хийдэггүй. Автомашиныг нэгжин шалгах, аюулгүй байдлын бүс хэрхэн байгуулах зэрэг зөвхөн энхийг сахиулах үүрэг чиглэлийн дагуу бэлтгэл хийдэг.
Харин Орос, Монголын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааны хувьд арай өөр чиглэлээр буюу таны ажигласанчлан Сирид явуулсан цэргийн ажиллагаа зэрэг байлдааны бодит нөхцөл байдлын туршлагаа хуваалцах чиглэлээр сургуулилалтаа явуулдаг. Үүнд гол ялгаа нь оршдог. Энэ жил ОХУ-д болох сургуулилалт Дорнод цэргийн тойргийн аль нэг полигонд болно. Үүнтэй холбогдох эхний бага хурлыг ирэх сарын 19-23-нд хийхээр товлосон.
Энэ үеэр Монголын тал аль чиглэлээр сургалт явуулах сонирхолтой, ямар асуудалд анхаарлаа хандуулбал зохих талаар саналаа илэрхийлнэ. Үүнийг харгалзан бид сургуулилалтынхаа сэдвийг сонгож, хоёр талын харилцан сонирхсон чиглэлийг хэлэлцэх юм.
-Агаарын цэргийн атташегийн хувьд манай агаарын хойд хилийн хамгаалалтыг хэр байна гэж Та дүгнэж байна вэ?
-Би хил хамгаалагч биш болохоор үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй. Харин хойд хөрш тань агаарын болон хуурай замын гээд аль ч чиглэлээр танайд аюул учруулахгүй гэдгийг батлан хэлмээр байна.
-ОХУ-аас манайд хэчнээн ам.доллароор хэмжигдэх хэмжээний зэвсэг нийлүүлсэн байдаг вэ?
-Бид Монголын Зэвсэгт хүчинтэй хийж буй хамтын ажиллагаагаа мөнгөөр хэмжмээргүй байна. Тодорхой мөнгөн дүнгийн талаар танай Зэвсэгт хүчнийхэн хэлэх байх. Мэдээж өндөр үнэтэй байгаа. Бидний хооронд өнө удаан жил тогтсон харилцаа л чухал юм.
-Жил бүр болдог танкийн биатлонд оролцдог Монголын Зэвсэгт хүчний алба хаагчдын амжилт, ур чадварыг дээшлүүлэхэд юу чухал вэ?
-Танай цэргийн алба хаагчид зөвхөн танкийн биатлонд оролцдоггүй. Мэргэн буудагчид, хээрийн гал тогооны тэмцээнд оролцох арын албаны мэргэжилтнүүдээ илгээдэг. Надад монгол анд нөхдөдөө зөвлөгөө өгөх эрх байхгүй. Гэхдээ амжилт гаргахын тулд манайд тавигддаг стандартыг судлах хэрэгтэй болов уу.
-Орос, Монголын Зэвсэгт хүчний хамтын ажиллагаа өөрчлөн байгуулалтын үеэр суларч байснаа одоо эргээд сэргэн, өргөжин тэлж байна. Энэ нь юутай холбоотой гэж Та бодож байна вэ?
-Улс төрийн тал руугаа асуулт байна. Миний бодлоор, Орос, Монгол хоёр улсад өнөөгийнх шиг ноцтой аюул, сорилтууд байсангүй. Тун саяхан л Югославыг хагалан бутаргалаа. Европт зэрлэг бөмбөгдөлт болсон. Дараа нь НАТО-гийн цэрэг Ирак руу довтолсон. Бас Ливийг устгалаа. Өнөөдөр Сирийн байдал ямар хүнд болсныг бид мэднэ. Ерөнхийдөө олон улсын байдал харамсалтай нь сайжрахгүй байна. Оросын ч, Монголын ч удирдлага ингэж дүгнэж байгаа.
Эх орноо хамгаалагчдын өдөр
Ажилчин, тариачны улаан арми (АТУА) байгуулагдсаны 100 жилийн ойгоо ОХУ тэмдэглэлээ. Энэ баярыг өдгөө Эх орноо хамгаалагчийн өдөр хэмээн нэрлэдэг. Шийдвэр нь 1918 оны нэгдүгээр сарын 15-нд гарсан ч АТУА-ийг хоёрдугаар сарын 23-нд байгуулсанд тооцдог. Чухам энэ өдрийг сонгосон талаар хэд хэдэн хувилбар бий. Тэдгээр нэгд дурдсанаар 1918 оны хоёрдугаар сарын 23-нд улаан армийнхан Германы цэргийн давшилтыг зогсоосон гэдэг аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ өдөр Москвагийн Александровын цэцэрлэгт хүрээлэн дэх Нэр нь тодроогүй цэргийн булшинд цэцэг өргөж, шагнал гардуулснаас гадна тус улсын цэргийн алба хаагчид болон ахмад дайчдын концертод уригдсан Монгол, Армен, Венесуэл, Казахстан, Катар, Серб, Узбекистан, Беларусь, Азебайжан, Кыргызстаны Батлан хамгаалахын сайд нартай уулзжээ.
Оросын БХЯ-ны мэдээлснээр Эх орноо хамгаалагчийн өдрийн өмнө тус байгууллагын цахим хуудсанд Зэвсэгт хүчний түүхэн ач холбогдолтой үйл явдалд зориулсан баримт бичгийг нийтэлсэн байна. Тухайлбал, 1918 оны нэгдүгээр сард Ардын комиссаруудын зөвлөлийн шийдвэрийн төсөл нийтлэгджээ. Түүнд тус зөвлөлийн дарга В.И.Ленин гараар засвар хийснийг харах боломжтой аж. Тэрчлэн ЗХУ-ын маршал Георгий Жуковын удирдсан Беларусийн нэгдүгээр фронтын штабаас 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд явуулсан, Рейхстаг орчмын байлдааны тухай мэдээлсэн түүхэн баримтыг нийтэлсэн байна. Уг мэдээлэлд Цохилтын гуравдугаар армийн анги нэгтгэлүүд Рейхстагийн барилгыг эзэлж, 1945 оны дөрөвдүгээр сарын 30-ны 14.25 цагт Ялалтын тугаа өргөсөн тухай дурджээ.