Олон үзэгч түүнтэй Бусаны кино наадамд түрүүлсэн “Алсын удирдлага”-ын гол дүр Ану хэмээх бүрэг, учир битүүлэг, басхүү “аймхай” бүсгүйн төрхөөр анх танилцсан гэдэг. Миний хувьд түүнийг Н.Наранбаатар найруулагчийн “Сүүлчийн шөнө” кинонд тоглоод, нээлтийн хэвлэлийн хурлаа хийх үеэр нь анх “амьдаар” харж байв. “Сүүлчийн шөнө” киног үзээд, өнгөц харахад хайрыг хайраар золиосолж байгаа мэт боловч үнэндээ хайраар хайрыг аварч буй бүсгүйн дотоод ертөнцийг тэр амилуулж чадна гэдгийг олж харсан найруулагчийн билгийн нүдээр эрхгүй бахдаж билээ.
Дараа нь гэмгүй, цайлган Норагийн дүрээр түүнтэй дахин уулзахдаа жүжигчин болгонд тэр бүр заяагаад байдаггүй “дотор” гэдэг маш чухал өгөгдөл түүнд буйг мэдэрсэн юм. Амьдралын хатуу хүтүүг үзээгүй, цагаан цайлган, бага залуудаа гэр бүл зохиосон ч сэтгэл зүйн хувьд хүүхдээрээ учраас эргэн тойрны хүмүүс, босгосон амьдрал нь хүртэл түүнийг хүүхэлдэйн байшин шиг бодит нийгмээс тусгаарлаж байсныг хожим ойлгоод, тэндээс эрслэн зугтаж буй бүсгүй... Өнөөгийн нийгэмд ч Нора шиг “хүүхэлдэйн байшин”-д хоригдож буй олон залуу бүсгүй бий. Тэдний нүдийг нээж, алаг эрээн амьдралын хаалгыг байгаа бүхэнтэй нь өмнө нь цэлийтэл онгойлгож өгсөн билээ, тэр.
Хэний тухай ярьж буйг минь уншигч авхай та бүхэн бараг гадарлаж байгаа биз. Тийм ээ, тэр бол УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа. Норагийн дүрдээ хамгийн хайртай гэдгээ нуудаггүй тэрбээр амьдрал дээр ч гэмгүй мөрөөрөө, аливаад улангасан шунаад, эсвэл “Би чадна” гэж өөртөө эрдэж бардамнаад байдаггүй эгэл нэгэн ажээ.
Багаасаа л урлагт хайртай, жүжигчин болохыг мөрөөддөг байсан ч СУИС-д шалгалт өгөхдөө эмээн сүрдэж, “Тэнцээгүй байх, дүнгээ сонсохгүй ээ” гээд ээждээ зэмлүүлж явсан удаатай гэнэ. Хожим сургуулиа төгсөөд, телевизэд ажиллаж байхдаа УДЭТ Театр студийн ангидаа элсэлт авч буйг дуулаад, шалгалтад нь бэлдэхдээ хүртэл тэнцэнэ гэсэн итгэлгүй ч шалгуулахгүй бол харамсана гэдгээ мэдэж байсан учраас “Урлагийн ариун сүм”-ийг зорьжээ. Хэдий тийм боловч Н.Баярмаа нэгэнт хийнэ гэж зорьсон зүйлээ хийсэн шиг хийх итгэл сэтгэл, тэвчээр хатуужилтай бүсгүй аж.
Алдарт “Парисын Дарь эхийн сүм”-ийн Эсмеральда, “Кихот ноён”-ы Мариторнес, “Тэнгэрийн хүү”-гийн Шага хатан, “Жаргаагүй нар” жүжгийн Пагмадулам зэрэг олон дүрийн дотоод мөн чанарыг чадварлаг илэрхийлэн гаргасан тэрбээр өдгөө бүсгүй хүний бас нэгэн шинэ ертөнцийг бидэнд дэлгэхэд бэлэн болжээ. Тэр бол “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийн Дулмаа.
Монголын театрын урлагийн хатан хаан гэгддэг зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин Эрдэнэбатын Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан энэхүү жүжгийг УДЭТ-ын тайзнаа энэ сарын 27-ноос эхлэн тоглох гэж буй. “Би эндээс явахгүй” жүжгийг 1956 онд Э.Оюун гуай С.Нинжбадгартай хамтран бичсэн нь өнөө хэр үзэл санаа, үнэ цэнээ алдаагүй байгаа тул Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар шинэлэг хэлбэрээр орчин цагийн үзэгчдэд хүргэхээр зорьжээ. Хайр дурлал, гэр бүлийн үнэ цэнийн тухай өгүүлэх уг жүжгийн гол дүрийг бүтээсэн Н.Баярмаатай ярилцлаа.
-Жүжгийн зохиолыг анх уншаад л “Дулмаагийн дүрд тоглох юм сан” гэж бодсон гэсэн. Өөрт тань ойр дүр учраас тэр үү, эсвэл жүжигчний эрэл хайгуул уу?
-Манай театрынхан шинэ жүжиг тавихдаа жүжигчдэд дүрээ хуваарилахын өмнө зохиолоо тарааж өгөөд уншуулж, задаргаа хийж ярилцдаг юм. Тэр үед “Дулмаагийн дүрд тоглох юм сан” гэж дотроо битүүхэн хүсэж байсан минь санаснаар болсонд их баяртай байгаа. Дулмаа бол урьд нь миний ажиллаж байсан дүрүүдээс их өөр учраас жүжигчин хүнийхээ хувьд өөрийгөө шинэ зүйлд сорих, хөгжих боломжтой юм байна гэж бодсон. “Хүн чаддаг юмаа байнга хийгээд байвал өсөж дэвшихгүй. Чадахгүй зүйлээ хийх гэж оролдох хэрэгтэй” гэж манай найруулагч ч хэлдэг.
-Яг дүрээ аваад, ажиллаад эхлэхээр санаснаас өөр зүйл их байна уу?
-Шинэ дүр авсан жүжигчин болгонд янз бүрийн бэрхшээл тулгардаг л даа. Болчихмоор юм шиг санагдсан зүйл гэнэт учир нь олдохоо байгаад хаалт үүсэх нь бий. Гэхдээ ямар ч зүйлд гарц заавал байдаг учраас уран бүтээлч хүн шантралгүй тэр болгоныг давах ёстой. Тэр ч ёсоор би давах зүйлээ даваад, одоо Дулмаагийн дүрийг өөрийн болгож амжсан.
-Амьдралд юу ч тохиолдож болно гэдгийг бид ном зохиолоос уншиж, кино, жүжгээс үзэж, мэдэрдэг. Харин жүжигчид болохоор бүр дотор гүнд нь орж, бодит юм шиг мэдэрч, түүнийгээ буцаагаад илэрхийлдэг.
Жүжигт гардаг шиг “Яваад өгөөч гээд байхад явахгүй, ирээд өгөөч гээд байхад ирэхгүй тийм хайр” амьдрал дээр надад ирвэл яах вэ гэдэг хувь Баярмаагийн бодол Дулмаагийн дүрээс хэр өөр бол?
-Өөрөөсөө огт өөр хүн болж, дүрийнхээ амьдралаар амьдрах шаардлага жүжигчдэд тулгардаг. Заримдаа “Хөөх, надаас ийм араншин гардаг байх нь ээ” гэж өөрийгөө гайхдаг. Заримдаа “Аан, энэ миний сул тал юм байна шүү” гэж өөрийгөө шинээр нээж таньдгаараа бидний мэргэжил сайхан.
Дүрээ амьдруулахын тулд яалт ч үгүй өөрөөрөө мэдрэх ёстой. Энэ нь эсрэг дүрд тоглоно гээд муу зүйл хийгээд явна гэсэн үг биш. Жү жигчин хүн уйгагүй дасгал сургуулилалтын үр дүнд дотроо ургуулан бодож, дүрээ биежүүлдэг. “Хэрэв би байсан бол” гэдэг асуултыг мэргэжлийн үүднээс өөрсдөдөө зайлшгүй тавьдаг.
Театр бол нийгмийн хөтөч түүчээ гэдэг. Өнөөгийн Монголд залуу гэр бүлүүд салах үзэгдэл их түгээмэл болсон учраас нийгэмд сэрэмж дохио өгөх үүднээс энэ жүжгийг тайзнаа тоглох гэж байна. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс юу хүсдэг, эсрэгээрээ эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлог ямар байдаг, хоёр өөр хүн ойлголцож зохицож амьдрахын тулд ямар их тэвчээр, ухаан шаарддаг вэ гэхчилэн тэр бүхнийг энэ жүжигт харуулдаг.
Би ч бас залуу хүн, Дулмаагийн дүр дээр ажиллах явцдаа гэр бүлийн үнэ цэнийг илүүтэй ойлгож, мэдэрч байгаа. Гэр бүл гэдэг хээгүй хэнэггүй, хөнгөн хуумгай хандаж болохгүй, ямар эмзэг, нандин зүйл болохыг хүмүүст ойлгуулахыг хичээж байна.
-Дулмаагийн нөгөө талд “нууц амраг” нэртэй бас нэг бүсгүй бий. Магадгүй түүний хувьд ч бас хайр дурлал байж болох юм. Ингэхэд нууц амрагийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Хүн сайхан юманд дурладаг, санаа нийлж байгаа зүйлдээ татагддаг гэдэг. Гагцхүү дурлал, хайр хоёрын үнэ цэнийг ялгаж салгаад, ухаантай, хариуцлагатай байж, ямар шийдвэр гаргах вэ гэдгээс олон зүйл шалтгаалдаг байх. Нууц амраг гэсэн нэрэн дор бүгдийг нь муу хүн, эсрэг дүр гэж ойлгож болохгүй юм шиг санагддаг. Магадгүй нэгнийх нь хувьд амьдралд ганц тохиох жинхэнэ хайртайгаа хожуу учирсан байж ч болох.
Тийм сайхан хайртай цөөнгүй хүн учирсан байдаг шүү дээ. Үүгээрээ би нууц амрагтай байх нь зөв гэж байгаа юм биш. Хүнд жинхэнэ хайр хэдийд ч ирж болно гэж л хэлэх гэсэн юм. Хүний амьдралд хайр ганц л ирдэг гэдэгт би итгэдэг. Насанд ганц олдох сайхан хайртайгаа дунд сургуульдаа, оюутан ахуйдаа учраад, биенээ таньж олоод, гэр бүл зохиож, сайхан амьдарч байгаа азтай хүмүүс олон байдаг.
Тэгэхээр хүнээ зөв таньж, цор ганц тэр хүнээ үнэхээр олсон бол хэн хэн нь харилцаандаа хүндэтгэлтэй ханддаг байгаасай гэж боддог.
-Та тийм сайхан жинхэнэ хайртайгаа учирсан уу?
-Учирсаан. Үүндээ их итгэлтэй байгаа. Хүнд үнэн голоосоо хайртай болно гэдэг түүнийхээ төлөө юугаа ч зориулахад, золиослоход бэлэн байхыг хэлдэг юм байна гэдгийг мэдэрсэн (Инээв). Хайр тийм л үнэ цэнэтэй зүйл.
-Та тэр хайрынхаа төлөө өөрийгөө золиослоход бэлэн байх нь ээ?
-Тийм шүү. Миний хувьд хайртай хүнийхээ төлөө өөрийгөө ямар ч эргэлзээгүйгээр золиосолж чадна.
Гайхалтай! Энэ бол гэнэн цайлган, эрх хонгор, зөөлөн дулаан дотоод мөн чанартай Эсмеральдагийн дэврүүн үг биш. Энэ бол Баярмаа хэмээх эмзэг турьхан, энхрий ялдам, зөөлөн дөлгөөн бүсгүйн үг. Ийм хүнээс хайрын төлөө өөрийгөө золиослоход харамсахааргүй тийм эр зориг гарах хүртэл нь “донтуулсан” хайр дурлал ямар гайхалтай вэ.
Үзэсгэлэнт залуу бүсгүйн аз жаргалтай мөрөөдөл нь зүгээр л хийх дуртай юмаа хийгээд, бие болоод сэтгэл эрүүл энх, хайртай хүмүүстэйгээ элэг бүтэн амьдрах гэнэ. Эгэл хэрнээ эрхэм тэр мөрөөдөл нь хэзээд биелэх болтугай.
-Сайхан төрөх заяаных гэчихээд зарим нэгэн рүүгээ атаархлын үг чулууддаг бүсгүйчүүд бишгүй байдаг. Миний бодлоор өөртөө итгэлтэй эмэгтэй хүн болгоныг сайхан гэж хэлж болохоор санагддаг. Та юу гэж бодож байна вэ?
-Гоо сайхан төрөх гэдэг аргагүй л хувь заяаны асуудал гэдэгтэй санал нийлнэ. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, байгалиасаа гоё сайхан төрсөн хүмүүсийг би үнэхээр биширч, хүндэлдэг. Бас хөдөлмөрийнхөө үр шимээр гоо сайхныг өөртөө бий болгосон хүмүүсийг ч бас үнэлж хүндэлдэг. Яагаад гэвэл хүн болгон тэгж чадахгүй. Гагцхүү тэр гадаад гоо сайхнаа яаж үнэ цэнэтэйгээр авч явах вэ гэдэг өөр асуудал байх.
Гоо сайхан, залуу насаа хайрлаж, боломжтой үедээ аль болох олон хүнд тусалж, цөөн боловч хүний амьдралыг өөрчлөхөд анхаараасай гэж боддог юм. Цагийн эрхээр бид бүгд л эмгэн болно. Тэр үед хөөрхөн эмгэн, муухай эмгэн гэж хэн ч ялгахгүй. Бүгд л нэг бариан дээр очно.
-Үзэсгэлэн гоо дотроо байх аваас өртөхийн шалтаг, үзэсгэлэн гоо дотроо аваас үнэлэгдэхийн шалтгаан гэж Б.Лхагвасүрэн гуай шүлэглэсэн байдаг. Урлагийн эмэгтэйчүүд түмний нүдэнд өртөх нь ч их, үнэлэмж нь буурахдаа ч амархан юм шиг санагддаг. Таны хувьд хэр сэтгэлийн хаттай вэ?
-Заримдаа ч хүмүүс нэгнээ арай л муу муухайгаар хэлдэг. Тэр болгоныг тэвчээд ард нь гардаг мундаг хүмүүсээр их бахархдаг. Миний хувьд ажил, амьдралд тулгарсан бэрхшээлийг даваад гарах сэтгэлийн тэнхээтэй. Харин илт гүтгэсэн доромжлол, худал хуурмаг зүйл дээр их эмзэг хүлээж авдаг. Тийм ч учраас ажлаас бусад шалтгаанаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд яриа өгөх дургүй.
Би зүгээр л мөрөөрөө, урдах ажлаа хийгээд явахыг хүсдэг. Үе үе ажлын шаардлагаар сонин хэвлэлд яриа өгөх хэрэгтэй болдог. Тэр үедээ ч ажлаа л ярьдаг болохоос хувь амьдралаа дэлгэхийг хүсдэггүй. Миний юу идэж уух, өмсөж зүүх хэнд ч хүртээлгүй шүү дээ. Зарим найз ямар сайндаа намайг “Чи ядаж фэйсбүүк хаягаа идэвхтэй ажиллуулаач” гэж шүүмжилдэг л юм.
-Танд одоо байгаа хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ?
-Хүний бие эрүүл, сэтгэл санаа тайван байх нь маш чухал үнэ цэнэтэй зүйл юм байна гэдэг бодол сүүлийн үед хүчтэй төрөх болсон. Би өөрөө эрүүл саруул байж хайртай хүмүүсээ хайрлаж, үнэ цэнэтэй зүйлээ хамгаалах юм байна гэж боддог болоод байгаа. Тиймээс энд тэндээс муу муухай юм олж сонсоод, түүндээ хямарч сэтгэлээ үймүүлэхгүйг хичээдэг.