Эх орныхоо өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, эгэл биеэ зориулсан эр цэрэг олон. Тийм нэг хүний төлөөлөл болсон Нямдайн Дамдинжав гуайтай ярилцсанаа хүргэе. Хавар, намартаа талын түймэр бүхнийг хуйхлан их гарз хохирол учруулах явдал одоо ч байсаар. Ардын армийн 065 дугаар ангийн харьяа агаарын довтолгооноос хамгаалах 171 дүгээр салбар Халх голд байрлаж, тэнд алба хааж байсан цэргүүд түймэрт өртсөн бодит түүхийн гэрч нь энэ хүн юм.
-Сайхан өвөлжиж байна уу, та. Хоёулаа ярилцлагаа таны уугуул нутаг, эзэмшсэн мэргэжил, цэргийн албанд татагдсан үеэс тань эхэлье.
-Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын хүн, одоо ч тэндээ амьдарч байна. Хилийн цэргийн зургаан алба хаагч түймэртэй тэмцсэн, намайг Сэлэнгэ аймгийн хүн гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацсан байна лээ. МУИС-д эдийн засагч мэргэжил эзэмшин 1982 нутагтаа очиж, нэгдлийн эдийн засагчаар ажиллаж байлаа. 1983 оны хавар төрсөн дүүтэйгээ хамт цэрэгт татагдаж, хөл хүнд эхнэрээ үлдээгээд явсан юм. Дүү минь хилийн цэрэгт, би Ардын армид алба хаах болсон.
-Эхнэр нь жирэмсэн, хоёр ой хүрээгүй хүүхэдтэй, эсвэл нэг гэрийн ах, дүү хоёрыг зэрэг татдаггүй хууль журам үйлчлээгүй гэж үү?
-Тийм хууль журам бий ч надад үйлчлээгүй ээ. Бодвол ямар нэг учир байсан байлгүй. Эхнэр долоон сартай жирэмсэн үлдэж байв. Миний зан төрхтэй ч холбоотой байсан юм болов уу даа.
-Цэрэгт мэргэшсэн алба нь юу байв?
-Манай анги, салбар бол тайван цагт байлдааны тушаалтай, эх орны агаарын хилийг хамгаалж байдаг юм шүү дээ. Планшетчин, нууцын бичээч гэх зэрэг давхар алба хашиж байлаа. Их сургууль төгссөн, дээд боловсролтой гээд надаар юм юм л хариуцуулна. Манай онжавуудын олонх нь надаас дүү залуус.
Бид эх орондоо тангараг өргөснөөр амьд явах эрхээ хязгаарлуулсан гэж хэлж болно. Одоо ч онцгой үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчид маань амьд явах эрхээ хязгаарлуулж байгаа шүү дээ. “Мөнх хөх тэнгэрийн энхийн харуулд алхаад марш” гэсэн командаар үүрэг гүйцэтгэж байлаа.
-1986 оны дөрөвдүгээр сарын 7-нд чухам ямар үүрэг гүйцэтгэж байв?
-Тэр өдөр би ахлах планшетчин тушаалтай үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн өдрийн үдээс хойш ангийн байрлалаас баруун хойд зүгт Бадам-Ишийн талд түймэр асаж, манай салбарын малын өвөлжөө, хаваржаа руу ойртож байв. Тэгэхэд цэргүүдийг жолооч Ц.Ганбаатарын “ГАЗ-66” машинаар хүргэж, малын өвөлжөө, хаваржаагаа хамгаалсан. Ангийн байрлалд захирагчийн улс төрийн орлогч, Хэнтийн Батширээтийн уугуул, дэслэгч Д.Баатарчулуун тэргүүтэй, ахлах планшетчин би гээд жижүүрийн үүрэгтэй алба хаагчид үлдсэн.
Уг нь манай байрлалаас даялж өнгөрөх нь үү гэж бодож байсан юм. Гэтэл оройхон салхи гэнэт эргэж, бидний байрлалыг нөмрөөд авсан. Тухайн үед Хамар давааны дээр Жуковын командын байрны ойролцоо уулын орой хэсэгт манай салбар байрлаж байв. Нар жаргах үед салхи улам хүчтэй болдог юм билээ. Тэр үед Дорнод аймагт сууж байсан “Үнэн” сонины сурвалжлагч “Гал секундэд 40 м хурдтай, шонгийн мод дээд үзүүрээсээ эхэлж шатаж байсан” гэж бичсэн байна лээ. Тэр ч үнэн байж магадгүй. Гал анги руу ойртоод ирэхэд хүн болгон л тодорхой үүрэг хүлээсэн байсан юм.
Тухайлбал, зэвсгийн скалад (агуулах), уурын зуух, гарааш, радио станцуудыг хамгаалах гээд л. Бидний хэдэн хүн цэргийн зуны байр (казарм)-ыг хамгаалах үүрэгтэй тийшээ очицгоосон л доо. Энэ объектод очсон хүмүүс л амь нас, эрүүл мэндээрээ хохирсон юм шүү дээ. Улс төрийн орлогч түрүүлээд, жагсаалын дарга тэргүүтэй олон цэрэг очсон.
-Галд өртсөн хоёр нөхрөө аварч, өөрөө хүнд түлэгдсэн гэсэн. Улаан гал руу орж байх үед танд юу бодогдож байв?
-Нэг нь хөөрхий минь, эмнэлэгт байхдаа бурхан болсон. Тухайн үед зургаан цэрэг хүнд түлэгдсэн юм шүү дээ. Галд өртсөн хүмүүсийн дотор нэг офицер, дөрвөн хал, нэг шинэ цэрэг байлаа. Хамгийн түрүүнд эх орноо хамгаалах л тухай бодож байсан. Тэгээд ангиа, эцэст нь амиа хамгаалах талаар бодсон. Үүнийхээ хүчинд амьд үлдсэн юм болов уу даа. Эрчлэн ирж байгаа түймрийг дагаж гүйх бус, сөрж гарах ёстой гэсэн дүрэм байдаг.
Шинелиэрээ нүүрээ даран сөрөөд гартал цаад талд нь “Амь авраарай” гэж хашгираад нэг маань гүйж байв. Тэр хүн бол Хэнтий аймгийн Биндэр сумаас татагдан ирсэн Оюунбаатар гэж цэрэг л дээ. Хавар хөвөнтэй өмд (дамбаал)-өөс салаагүй, зуны хувцсанд шилжээгүй байдаг үе. Хөвөнтэй өмд, гутал нь хүртэл шатаж байв. Өөрөө өмд, гутлаа тайлах гэж оролдсон ч чадахгүй байж л дээ.
Савхин гутлынх нь түрий шатсанаас болж шилбэндээ наалдчихсан. Гал дундуур гарахад миний шинельд гал авалцсан учраас тайлж хаячихаад, кителиэрээ баруун гараа жийрэглээд, зүүн гар нүцгэн Оюунбаатарын гутал, өмдийг нь тайлсан. Шатаж байгаа нэгнээ аврах болоход бяр орчихдог юм билээ. Өмд, гутлыг нь хүү татаад л салгачихсан. Тэр үед нар ч жаргаж, харанхуй болчихсон, Оюунбаатарын шатаж байсан хувцсыг тайлж хаячихаад цааш хартал 40-50 м-ийн зайд бас нэг цэрэг шатаж байв.
Би планшетчнаар хоёр цэрэг сургасны нэг нь хөөрхий тэгээд шатаж, биеийнх нь 90 гаруй хувь нь түлэгдсэн, салгах хувцас ч үлдээгүй байж билээ. Түүнийг үүрээд, хөл нь хүнд түлэгдсэн Оюунбаатарыгаа түшээд л ангийнхаа байрлалд авчирсан.
-Түлэгдсэнээ мэдээгүй байсан юм уу?
-Тухайн үед палениел даавуу гэж байсан юм. Тийм даавуугаар хийсэн өмд, китель надад хуваарилагдаж таарсан. Тэр их сайн чанартай, галд тэсвэртэй юм билээ. Тухайн үед түлэгдсэн гэж санаа ч үгүй. Гэтэл зүүн гар, нүүр, нуруу суран бүсний ороор түлэгдчихсэн байв.
Оюунбаатарын гутал, хувцсыг тайлж байхдаа баруун гараа жийрэглэж, зүүн гартаа жийрэглэх юмгүй байсан учраас улаан гараараа л ноцолдсон хэрэг. Тухайн үед гайгүй байсан ч эмнэлэгт очиход эдгэхгүй, үхэжсэн гээд зүүн гарын хуруунуудыг минь тайрсан.
-Батлан хамгаалахын сайдын онгоцоор та нарыг Улаанбаатар руу авчирсан гэдэг байх аа. Ар гэрийнхэн нь та нарын тухай тэр үед мэдсэн байв уу?
-Биднийг тэр шөнө сумын эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийж эхэлсэн. Маргааш өглөө нь Улаанбаатараас БХЯ-ны сайд тухайн үед хурандаа генерал Ж.Ёндон гуай байсан юм. Онгоц нисгэн эмч, мэргэжилтнүүд илгээсэн. Түймэртэй, хүчтэй салхитай, үнс хийсэж байсан учраас “АН-24” онгоц буух боломжгүй, Чойбалсанд буучихаад эмч, мэргэжилтнүүд нь “УАЗ-469”-өөр Халхгол буюу Сүмбэр суманд очиж бидэнд эмчилгээ хийж байлаа.
Маргааш нь буюу 1986 оны дөрөвдүгээр сарын 9-нд онгоц бууж, биднийг авч явсан. “Эр хүн чинь амьдралдаа их олон юм үздэг юм байна, эхээс гарснаараа хот орж үзэх нь” гэхэд хамт явсан хүмүүс намайг шоолж байж билээ. Миний сэтгэл санаа ер нь их тайван байсан л даа. Цэргийн госпитальд ирээд толинд өөрийгөө хартал хуйхласан хонины толгой шиг хачин юм харагдсан. Тэнд ирсэн орой нь юм болов уу, эсвэл маргааш нь бил үү, Амангельд гэж цэрэг маань бурхан болсон.
Сүмбэрийн эмнэлэгт хоёр хонож байх үед ар гэрийнхэн хотод ирсэн байна лээ. Эмч нар удалгүй миний түлэгдэлтийг тодорхойлоод сэхээний тасаг руу шилжүүлэхээр болж, шатаар явж байтал эхнэр минь зогсож байв. Тэр тасагт нь удахгүй байх гэж бодож баярлаад эхнэртээ “Би ч удахгүй байх аа” гээд орчихсон юм. Тэгсэн эхнэр минь удахгүй бурхан болно гэж ойлгосон юм билээ. Түлэнхийн шарх, хордлого тухайн үедээ бус хэд хоногийн дараа илэрдэг юм байна.
Сэхээний өрөөнд наркозтой хэвтэж байтал өрөөнд цагаан халаадтай хүн орж ирээд “Бие нь яаж байна, гайгүй юу” гээд л юм асуугаад байх юм. Би түүнийг таньдаггүй ээ. Тэгээд “Ингэхэд та чинь хэн сэн билээ” гээд асуучихлаа. “Ёндон байна аа л” гэж байна. БХЯ-ны сайд, хурандаа генерал Ж.Ёндон гуай хэдэн цэргээ эргээд явсан нь тэр байж.
-Хэр удаан эмчилгээ хийлгэв?
-Госпитальд эмчилгээ хийлгэж эхэлснээс хойш удалгүй хамаг бие халуу дүүгээд, тэсэхгүй орилоод унана. Ингэж дөрвөн сар эмнэлэгт хэвтэж, наймдугаар сарын 4-нд цэргээс халагдаж билээ. Хөвсгөл рүү, гэр рүүгээ шууд явсан. Нүдний шил, амны хаалт зүүгээд л явна. Манай нутгийнхан ийм аймар түлэгдэлтэй хүн харж байгаагүй болохоор санаа зовдог байлаа.
Онжавууд маань тавдугаар сард халагдаад явчихсан байсан л даа. Нуруу маань бүсний ормоор түлэгдсэн учраас түүнийгээ эдгээх гэж их удсан. Түрүүлгээ хараад л хэвтдэг байлаа. Цахим хуудсанд “Зургаан хүн түлэгдсэн” гэж ташаа мэдээлэл цацсан байна лээ. Бид зургаа л хүнд түлэгдэлтэй байснаас биш, өөр хөнгөн түлэгдэлтэй хүн олон байсан.
-Төрөөс тухайн үед ямар нэг тэтгэмж авч байв уу?
-Манай улс төрийн орлогч, дэслэгч Д.Баатарчулууныг Байлдааны гавьяаны одонгоор шагнасан. Намайг МХЗЭ-ийн Төв хорооны “Цэргийн алдар” гэдэг медалиар шагнаж байсан. Дээр нь нутаг буцах зардлын мөнгө өгсөн. Анги байрлалаа дүрэлзсэн улаан галаас хамгаалахын төлөө амь нас, эрүүл мэндээ золин байж зүтгэсэн залуусыг хүн биш цэрэг гэж үздэг байсан юм уу, бусад маань халагдаад л групп тогтоолгосон, эсэх нь ч тодорхойгүй яваад өгсөн.
Би нэгдэлд 10 сар ажилласан болохоор хамгийн бага хэмжээгээр групп тогтоолгож байв. Өөр ямар ч тэтгэмж, урамшуулал аваагүй. Эх орныхоо төлөө явж байгаад эрэмдэг болсон учраас харамсдаггүй ээ. Харин ч гурван жил цэргийн алба хаасандаа баярладаг юм.
Ер нь хугацаат цэргийг гэнэтийн ослын даатгалд хамруулдаг болох нь зүйтэй гэж санадаг. Надтай хамт түймэрт өртсөн цэргүүд групп тогтоолгож чадаагүй. Нэг сонин зүйл хэлэхэд, биднийг үйлдвэрлэлийн осолд өртсөн гэж дүгнэсэн байдаг юм. Гэтэл тэнд ямар ч үйлдвэр байгаагүй шүү дээ. Бид эх орноо л хамгаалж байсан. Үйлдвэрийн осол, эх орноо хамгаалж байгаа хоёр тэс ондоо зүйл.
-Цэргээс халагдаад та юу хийв?
-Гэртээ очоод онц юм хийгээгүй ээ. Нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж, гадаад, дотоодоор явсан. Монголдоо арьс нөхөх эмчилгээ хийлгэсэн боловч тухайн үеийн эмнэлгийн хөгжил тааруу байсан болоод ч тэр үү, амжилт олоогүй. Дараа нь Москва, Арменд эмчилгээ, мэс засал хийлгэсэн. Арменд эмчилгээ хийлгэж байтал тэнд газар хөдөлж, бүх эмнэлгээ суллан, оросуудыг хөөж гаргасан атлаа намайг өөр орны гурван хүнтэй хамт байлгасан. Тэгэхэд нь би эмчлэгч эмчээсээ гуйж байгаад гадуур гарч, жилийн дараа дахин мэс засалд орох байсан боловч чадаагүй.
Ер нь тэр үед их зожиг ч болж байж, бага насны хүүхдүүд айж цочиж уйлахаас ч зүрхшээдэг болдог юм билээ, энэ нь их хэцүү. Тэгж байтал 1989 онд манай нэгдлийн эдийн засагч жирэмсний амралтаа авч, түүний оронд хэсэг ажиллаж байтал 1990 он гарч ардчилсан хувьсгал өрнөв. 1992 онд АИХ-д өрсөлдөж ч үзлээ. Би эх орныхоо төлөө одоо хүртэл санаа зовж явдаг хүн.
Тиймдээ ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, хоёр танхимтай болохыг их дэмждэг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой, оруулахаас ч өөр аргагүй. Монголд эдийн засгийн хямрал болж байна гээд хүн болгон ярих юм. Эдийн засгийн хямрал болоогүй, болох ч үндэслэл байхгүй. Харин муу засаглалаас л болж хямраад байгаа. Тиймээс засаглалаа л засах хэрэгтэй.
Хоёр танхимтай улсыг сонгодог парламенттай орон гэдэг юм байна. Гэтэл эрх баригчид хоёр танхимтай болох гэсэн санааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бололтой.
Ц.ГАНБААТАР: Хилчид, Сүмбэр сумын иргэд туслаагүй бол манай анги тэр чигтээ шатах байсан
Н.Дамдинжав гуай ач нараа асрахаар хотод өвөлжиж байгаа юм. Сургуулиас хүүхдээ авахаар явахдаа автобусны буудал дээр цэргийн нөхөр Ц.Ганбаатартайгаа 32 жилийн дараа таарчээ.
Ц.Ганбаатар гуай дээрх түймрийн үеэр цэргүүдээ нааш цааш нь зөөж, Сүмбэрийн иргэд, хилчдээс тусламж хүсэж давхисан жолооч цэрэг. Тухайн үед болсон явдлын талаар түүгээр яриуллаа.
-Түймэр дундуур машинтайгаа олон удаа явахад эвгүй байв уу?
-Би офицеруудын хүүхдүүдийг сумын төв рүү сургуульд хүргэж, авдаг үйлчилгээний зориулалттай “Газ-66” машин жолооддог байлаа. Тэр өдөр хичээл нь үдээс хойш орох хүүхдүүдийг хүргэж, өглөө орсныг нь аваад буцаж явсан. Тэгэхэд ангийн малын өвөлжөө, хаваржааны орчимд түймэр асаж байв. Хүүхдүүдийг анги руу авчирч буулгаад цэргүүдээ авч, түймэр унтраахаар мал хариулдаг цэргийн байрлал руу явсан. Ангиас 13 км зайтай байдаг юм.
Гэтэл түймэр өвөлжөө, хаваржаанаас нь нэлээд цаана гарч байв. Хүргэж очсон цэргүүд өвөлжөө, хаваржаагаа хамгаалах арга хэмжээ авч, малаа урагш, хойш нь тууж байлаа. Салхи маш хүчтэй байсан юм. Малаа, өвөлжөө, хаваржаагаа түймрээс хамгаалаад буцаад анги руу давхиад иртэл түймэр ангийн байрлал руу ойртож байсан.
Би малгайгаа норгож, шатахууны савны тагийг боогоод гал дундуур 2-3 удаа дайрч анги руу очсон. Дараа нь сонсох нь ээ түймэр 40 км өргөн, 180 км урт талбайг хамарсан гэнэ лээ. Тэр түймэр зөвхөн манай ангид хохирол учруулаад зогсохгүй. Халхголын сангийн аж ахуйн 10-аад айлын мал, хашаа, гэр шатсан юм билээ.
-Ангийн байрлалд гал орж ирэхэд та ямар үүрэг хүлээж байсан бол?
-Манай цэргийн алба хаагчид анги, объект нь түймэрт өртсөн үед өргөсөн тангаргаа биелүүлж, хамгаалах гэж байгаад зарим маань амь нас, эрүүл мэндээрээ хохирсон. Тэнд цэрэг болгон үүрэг хүлээж байсан юм. Зэвсгийн, шатахууны агуулах, зуны казарм, радио станц, локаторуудыг хамгаалах гээд тус бүртээ ногдсон үүрэгтэй. Би дизель станцын шатахууны хоолойг хамгаалах үүрэг хүлээсэн байлаа. Цэргүүдээ ангид буулгаад, талийгаач З.Батзаяа бид хоёр машинуудаа гараашт нь тавьчихаад тус тусын хамгаалах объект руу явсан.
Надтай хамт жолоо барьж байсан З.Батзаяа гэж Говь-Алтай аймгийн Гуулин (Эрдэнэ) сумын харьяат цэрэг энэ аюултай үйл явдлын үеэр нас барсан. Тэрбээр 90 гаруй хувийн түлэгдэлтэй байсан юм. Ангийн байрлалд гал ороод ирэх үед намайг дэслэгч Батболдын хамт сумын иргэдээс тусламж хүсэх, хилчдэд мэдэгдэх, хэсгийн төлөөлөгчид дуудлага өгөх, юмыг яаж мэдэх вэ гээд эмнэлгийн ажилтнуудыг бэлэн байдалтай байлгах талаар мэдээ дамжуул гэж Сүмбэр сум руу явах тушаал өгсөн. Ангийн үүдэнд 200 литрийн төмөр торхтой ус байдаг юм.
Тэрэнд бид хоёр бүх хувцастайгаа орж, хүзүүгээ хүртэл норгон, баг зүүж аваад сум руу давхисан. Нутгийн иргэд түгшүүр авч бэлэн байдалд байсныг анги руу хоёр машинтай явуулаад, эмнэлэгт очиж бэлэн байдалд ажиллах талаар хэлээд, хилийн 24 дүгээр отрядынхнаас нэмэлт хүч дуудсан. Эмнэлгээс нэг эмч, сувилагчтай явсан юм. Анги руу буцаж ирэхэд түлэгдэж гэмтсэн хүмүүс нэлээд хэд байж,тэднийг хөнжилд боон ачаад сумын эмнэлэг рүү хүргэсэн. Тэр шөнө анги, эмнэлгийн хооронд олон ч удаа давхисан даа.
Шархадсан цэргүүдээ онгоцонд суулгахад ч би явсан. Хуучин “Газ-66” жолоодож байтал түймэр гардаг өдөр эвдэрч, шинэ машин түр жолоодох болсон юм. Тэр үйл явдлын дараахан нь сумын төвөөр намайг түлэгдэж нас барсан тухай яриа гарч. Ийм яриа гарах болсон шалтгаан нь талийгаач З.Батзаяа маань өмнө нь уг машиныг жолоодож байсан юм. Миний машин үзэгдэхгүй, З.Батзаяагийн минь машин яваад байхаар тийм яриа гарч л дээ.
Хилийн цэргийнхэн шөнөжин ажиллаж байж нүүрс, мод унтрааж өгсөн. Зэвсгийн агуулах дээрээсээ шатаж байх үед дотроос нь Сүмбэрээс ирсэн иргэдийн тусламжтай зэвсэг, сум, галт хэрэгслээ яаралтай зөөж гаргасан. Миний нэг шанаа хайрагдсан ч тос түрхэж, хүнд түлэгдсэн хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлсэн. Шатаж байгаа гал дундаас би Аманбекийг үүрэн авчирч, эмч нарт хүргэж өгч байсан юм. Хилийн цэргээс тусламж ирээгүй бол манай анги тэр чигээрээ шатах байсан.