Цаг хугацааны шалгуур давсан найзуудтай нөхөрлөлийн үнэ цэнэ, мөн чанар, дурсамжийнх нь тухай хөөрөлдөх “Найзууд” буландаа “Захиалгат инээд” хамтлаг байгуулан олонд танигдсан жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ, Р.Адъяа, Х.Манлайбаатар нарыг урилаа.
Тэд хамтлагаа “ZI” энтертайнмент болгон өргөжүүлсэн бөгөөд “Ах дүү гурав” уран сайхны кино бүтээснээ өнгөрсөн сараас үзэгчдэд хүргээд буй. Түүнчлэн Р.Адъяа, Ө.Мөнх-Эрдэнэ нар “MN 25 дугаар суваг” телевизийн бэлтгэдэг “21 000” шоу нэвтрүүлэгт саяхан оролцож өрсөлдсөнийг үзэгчид санаж буй биз ээ.
-Нөхөрлөлийн тань түүх хэрхэн эхэлсэн бэ?
Р.А: -Нөхөрлөөд 20 гаруй жил болжээ. Х.Манлайбаатар бид хоёр дунд сургуулийн нэг анги төгссөн шүү дээ. 1993 онд тавдугаар ангийн сурагч байхдаа анх танилцаж байлаа.
Х.М: -Ө.Мөнх-Эрдэнэ бид хоёр ах дүүсийн хүүхдүүд л дээ. Тэрсхэн болоод ч тэр үү, их дотно өссөн.
Ө.М: -Р.Адъяатай 1998 онд танилцсан. Түүнээс хойш л тасралтгүй нөхөрлөлөө.
-Та нарыг КУДС-д элсээд л анх танилцсан гэж боддог байлаа.
Ө.М: -Үгүй үгүй. Х.Манлайбаатар “Мюзик холл” тайз, дэлгэцийн сургууль төгссөн. Р.Адъяа бид хоёр КУДС-ийн төгсөгч.
Р.А: -Би найзууддаа баярладаг юм. Энэ хоёр минь надаас түрүүлж оюутан болсон. Урлагийн сургуульд сурч, гоё сайхныг нь надад ярьж, түүнийг нь дагаад би урлагт дуртай болчихсон. Ингээд л би урлагийн мэргэжил эзэмшихээр шийдсэн дээ. Зөв зүйлд уруу татагдаж дээ гэж боддог юм.
-Нэгнээ багаас нь мэдэх юм чинь хүүхэд байхдаа ямар байсан талаар нь яриач. Багынх нь зан араншин хэр өөрчлөгдсөн бэ?
Х.М: -Нэг их өөрчлөгдөөгүй байх аа. Яг л байгаагаараа зантай шүү дээ.
Р.А: -Би багадаа туранхай, дэлдэн хүү байлаа. Их жижигхэн биетэй. Х.Манлайбаатар надаас ямар өндөр байсан гэж санана. Гэтэл одоо би энэ хоёроос өндөр шүү.
-Цаг хугацааны шалгуур давж, тунаж үлдсэн, унаган багын найз хүнд цөөхөн байдаг байх. Та нар найз гэдгийг хэрхэн тодорхойлох вэ?
Р.А: -Янз бүрийн тохиолдлоор танилцсан олон найз бий. Гэхдээ тэднээс цаг хугацааны шалгуур давж, шигшигдэж үлдсэн нь андашгүй. Он удаан жилийн нөхөрлөлийг ямар ч мундаг хүн, юу ч орлохгүй, нөхөхгүй шүү дээ.
-Эрчүүдийн нөхөрлөл цаг хугацаа өнгөрч, нас ахихад хэрхэн өөрчлөгддөг вэ?
Р.А: -Нөхөрлөх явцад янз бүрийн л бэрхшээл, саад, үл ойлголцол гарна. Гол нь нэг зорилготой, нэгэндээ дэм болж, хамт зүтгэн, урагшилж чаддаг нь эрчүүдийн нөхөрлөлийн онцлог юм уу даа.
Х.М: -Зөв нөхөрлөл хүнийг зөв замд л хөтөлнө. Бид нэгнийхээ зөвхөн жаргалтай үед нь биш, зовох үед нь ч хамт байж, дэм болж чаддаг байхыг хичээдэг.
Ө.М: -Хүнтэй танилцаад, төд удалгүй үй зайгүй найзууд болж болно. Гэхдээ дэндүү сайн ойлголцдог болохын тулд цаг хугацаа л хэрэгтэй. Намайг ямар ч үйлдэл хийсэн найзууд минь ойлгоно. Эдний ямар хариу үзүүлэхийг ч би мэднэ. “Найз чинь тэгж гэнэ, ингэж гэнэ” гээд хэн нэгэн хов ярихад нэгнээ өмөөрч, тайлбарлах нь энүүхэнд.
-Та нар нэлээд олон уран бүтээл хамтран туурвисан. Найзууд, уран бүтээлийн хамтрагчид байх ялгаатай юу?
Ө.М: -Найзуудтайгаа хамтрах нь бусад уран бүтээлчтэй ажиллахаас илүү амар. Түрүүн хэлсэн шиг нэгнээ дэндүү сайн мэддэг, ойлголцдог болсонтой холбоотой. Танихгүй хүнд өөрийгөө ойлгуулах гэж оролдохоос амар шүү дээ.
Х.М: -Уран бүтээлийн шинэ санаа гаргахад ч тэр. Нэгнийхээ гаргасан санааг олон үгээр тайлбарлуулалгүй ойлгож, улам баяжуулна. “Энэ дүрд чи тогло. Чи нэг ийм зан гаргаж, үйлдэл хийдэг шүү дээ. Яг түүнийгээ л үзүүл” гэхчилэн ойлголцоно.
Р.А: -Тайзны уран бүтээлд хамт тоглох үед энэ хоёрыг хараад л “За иймэрхүү үг хэлэх нь дээ. Би ингээд хариулчихъя” гээд таамаглачих жишээтэй.
-Нэгнээ хэрхэн урамшуулж, зоригжуулдаг вэ?
Ө.М: -Манайхан тэгж сэтгэлээр унадаг хүмүүс биш. Аль болох өөдрөг байдаг. Гэхдээ амьдрал дардан биш шүү дээ. Асуудал, бэрхшээл тохиолдлоо гэхэд яаж үүнээс хурдан гарах вэ, ямар арга байна вэ гээд л гарц хурдан хайдаг.
Х.М: -Сүхбаатарын талбай дээр “Юу ч тохиолдлоо гэсэн бүхнийг хамтдаа давна шүү” гээд гар гараасаа барилцаж, нэгэндээ амлаж байлаа, бид дөрөв. Харамсалтай нь, Б.Даулетжан найз минь биднийг эрт орхичихлоо. Уйлах үе ч байлаа, инээлдэх үе ч байлаа.
Р.А: -Бэрхшээл тохиолдоход хамгийн түрүүнд л энэ хэдийгээ дууддаг. Юу ч ярихгүй байсан ч бараа нь харагдаж, дэргэд сууж байхад л уужирдаг. Дотор буглаж, шаналж буй зүйлээ энэ хэддээ ярьсны дараа сэтгэл хачин их хөнгөрчихдөг юм шүү.
-Нэгэндээ хэзээ хамгийн их баярлаж байв?
Р.А: -Би найзууддаа үргэлж баярлаж явдаг. Хоолоо олох замыг найзууд минь зааж өгсөн шүү дээ. Намайг урлагийн сургуульд оруулахаар ятгаагүй, сургууль төгсөнгүүт хамтлагтаа аваагүй бол би өдийд юу хийж ч яваа юм билээ. Найзуудынхаа чиглүүлснээр би сайхан амьдарч байна.
Ө.М: -Сүүлд гэхэд л “Ах дүү гурав” уран сайхны киногоо үзэгчдэд хүргэлээ. Нэг уран бүтээлийн ард хамт гарчихаад найзуудаа харах сайхан шүү.
Х.М: -Бид “Захиалгат инээд” нэрэндээ их хайртай. Уран бүтээлийн гараагаа эхлэхэд хэн ч биднийг дэмжээгүй. Хэний ч танихгүй хэдэн залуу хүслээрээ нэгдэж, МҮОНТ-ийн туслахаас эхлээд л ажиллаж байв. Эхэлсэн тэр цэгээс өнөөдрийг хүртэл хамт байгаад нь баярладаг. Нөхөрлөлөөрөө би бахархдаг.
Р.А: -Хамтдаа байхад шаналах зүйл үгүй. Үргэлж л нэгнээ дэмжин, урам өгч, инээлгэдэг. Нийлээд суухаараа яаж маазардаг гэж санана. Найзуудтайгаа тэгж хөгжилдөх нь аз жаргал. Бас стрессээ тайлах сайхан арга шүү. Сэтгэл жаахан тавгүй үед “Гялс нөгөө хэдтэйгээ уулзъя” л гэж бодно. Уулзангуут бухимдаж, шаналж байсан зүйлс сарничихна.
Ө.М: -Нэгнийхээ хийж буй үйлдэл, хэрхэн шантралгүй хөдөлмөрлөж байгааг харж, суралцдаг шүү. Ямар нэг асуудал, бэрхшээл тохиолдлоо гэхэд дор нь зөвлөлдөөд л гарах замыг нь олчихно. Нэг толгойгоор бодохоос гурвуулаа өөр өөрөөр бодох нь ашигтай.
-Хэр шударга найзууд вэ. Нэгнийхээ алдаа дутагдлыг нүүрэн дээр нь хэлж чаддаг уу. Нэгэндээ хатуу үг хэр олон хэлсэн бэ. Ам мурийж байсан л байлгүй?
Ө.М: -Муудалцах үе бишгүй. Нэгнийхээ болж, бүтэхгүй байгааг шууд л хэлчихдэг. Эрчүүдийн энэ чанар хамгийн сайхан, бас ойлголцоход амар.
Р.А: -Гэхдээ нударга зөрүүлж бол үзээгүй.
Х.М: -Ам мурийгаад уурлаад гараад явах үе байна. Гэхдээ булан тойроод л мартчихдаг. Төд удалгүй “Уучлаарай. Найзынх нь буруу” гээд эвлэрдэг дээ. Жинхэнэ найзууд нэгнийхээ алдааг уучилж, дэмжиж чаддаг байх ёстой гэж боддог.
-Нөхөрлөөд 20 жилийг элээлээ гэлээ. Дахиад 20 жилийн дараах нөхөрлөлөө төсөөлж үзсэн үү?
Р.А: -Бид 50 нэлээд гарчихсан байх нь. Нэгэндээ бүр л ээнэгших байх.
Х.М: -Одоо нэгэнтэйгээ уулзахгүй хэд хоноход л үгүйлдэг шүү дээ. 20 жилийн дараа бол барааг нь хараад л нулимс цийлэгнэдэг болох байлгүй.
-“MN 25 дугаар суваг” телевизийн “21 000” шоу нэвтрүүлгийн сүүлийн цувралд оролцлоо. Өмнөх цувралуудаас ч илүү олон үзэгч үзэж, сэтгэгдлээ илэрхийлсэн байна лээ. Оролцогчдын талаарх таагүй сэтгэгдэл ч их олон байсан. Эмзэглэсэн үү?
Ө.М: -Нэгдүгээрт, “21 000” бол шоу нэвтрүүлэг. Хоёрдугаарт, бид мэргэжлийн жүжигчид. Тус телевизээс нэвтрүүлэгт оролцох санал тавьсны дараа “Бид энтертайнмент, шоу нэвтрүүлэг хэрхэн бүтээдгийг мэднэ. “21 000” нэвтрүүлэгт оролцохдоо нэвтрүүлгийнх нь өнгө аясыг алдагдуулахгүйгээр өөр өөр дүр бүтээе. Хэн хэнийхээ тоглолтыг хүлээн зөвшөөрнө шүү” гэж ярилцсан. Нэвтрүүлэг эхлэхээс дуусах хүртэл кино шиг байлгахыг хүссэн.
Киноны зохиол эсрэг, эерэг дүртэй, үйл явдалтай, өрнөлтэй, дүрүүдийн уналттай, сонирхолтой төгсгөлтэй байдаг. Бид яг л энэ зарчмаар дүрд тоглосон. Нэвтрүүлгийн зургийг хэдэн сарын өмнө авсан шүү дээ. Үзэгчдэд хүргэх хугацаанд нэг нь адлагдаж, нэг нь сайшаагдана гэдгээ ч мэдэж байсан. Муу хэлүүлж байгаадаа харамсахгүй байна. Харин ч би дүрдээ сайн тогложээ гэж өөрийгөө дүгнэсэн.
Р.А: -Үзэгчдийн сэтгэгдлийг хамт суугаад л уншсан. Нэгэнт бидний төлөвлөснөөр болсон учраас инээгээд л уншсан даа. Нөгөө талаас, хүн бүрийн аливааг харах, хүлээж авах сэтгэлгээ өөр. Бидний дунд ийм, тийм хүмүүс бас байдаг шүү гэдгийг ч бидний тоглосон дүрээс харж болно. Хүний мөн чанар, тар ингэж, тэгж танигдана шүү гэдгийг ч сануулсан байх.
-Найзуудыг чинь элдвээр хэлэхийг сонсох амаргүй байв уу?
Х.М: -Хоёр найзын минь оролцсон нэвтрүүлгийг олон хүн үзсэнд баяртай байна. Би ч гэсэн орой болгон зурагтынхаа өмнө “уяуллаа”. Хүмүүс янз бүрээр л ярьж байна. Гэхдээ “Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй” гэдэг дээ. Яаж ч бодсон 10-хан хоногийн нэвтрүүлгээс болж 20 жилийн нөхөрлөлөө сэвтүүлэх хүмүүс биш шүү дээ, миний найзууд.
-Нэвтрүүлэгт оролцох явцдаа хэр зутрав?
Р.А: -Хэцүү юм билээ. Нэвтрүүлэгт оролцоод овоо хэдэн кг турсан шүү.
-Хамт байхдаа юу хийх дуртай вэ?
Ө.М: -Хөгжилдөх л дуртай. Элдэв зүйл ярьж маазрах дуртай. Тэр дундаас уран бүтээлийн шинэ санаа ч төрнө.
Р.А: -Би загасчлах хообийтой. Намайг загасанд явъя гэвэл ямар ч ажилтай байсан зохицуулаад заавал явдаг муу зантай. Энэ хоёрыг уруу татах гээд чаддаггүй. Энэ хоёр минь хөлбөмбөг тоглох дуртай.
Х.М: -Би Р.Адъяаг дагаж загасанд хааяа явдаг юм. Загас барихдаа гол нь биш, агаарт гарах нь л сайхан.
-Хамт бүтээсэн хамгийн тод үлдсэн дурсамжаас хуваалцаач?
Ө.М: -Олон сайхан дурсамж бий. Нэгнийхээ төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар болж өгвөл хамт байхыг хичээдэг. Нэгнээ гарынхаа хоолоор дайлах дуртай. Хэн нэг нь гадаад явбал тухайн орны дурсгалын зүйл заавал авчирч өгдөг.
Р.А: -Бид гурав гурвуулаа хоол сайн хийдэг. Ө.Мөнх-Эрдэнэ их нарийн, нандин хоол, Р.Манлайбаатар шорлог, хорхог гаргууд хийнэ. Гоё хоол хийчихээд л найзуудаа “Манайд хүрээд ир” гээд дуудах сайхан шүү.
Х.М: -“Захиалгат инээд” хамтлагаараа аялан тоглолтоор их явсан. Хөдөө гадаа явахад паянгүй явна гэж байхгүй. Сүүлд гэхэд л “Ах дүү гурав” киногоо Дорнод аймгийн үзэгчдэд хүргэчихээд ирсэн.
Р.А: -Зөвхөн бид гэлтгүй гэрийнхэн минь ч нөхөрлөлийг минь хэдийнэ үнэлдэг болсон. Сая Сар шинийн баяраар гэхэд л ээж минь “Ө.Мөнх-Эрдэнэд энийг, Х.Манлайбаатарт тэрийг өгнө” гээд гарын бэлгийг нь тусгайлан бэлтгэж байх жишээтэй. Нэгнийхээ ээжийн гарын хоолонд их дуртай.
-Олон жил нөхөрлөхөөр нэгэндээ уусаж, төстэй зан чанартай болдог гэж хүмүүс ярьдаг. Та нарт төстэй зан араншин бий юү?
Ө.М: -Нэлээд төстэй шүү. Нэгнээ хараад л юу хэлэх гэж, сэтгэл санаа нь ямар байгааг гадарчихна. Миний дутагдлыг найзууд минь, эдний дутагдлыг би нөхөх ёстой. Нөхөр гэдгийг би “Бие биенээ нөхөх өртэй хүн” гэж ойлгодог.
Х.М: -Нэгнийхээ муу зан, дутагдлыг нь ч хүлээн зөвшөөрчихсөн. Дэндүү сайн мэддэг, нэгэндээ ууссаны шинж биз дээ. Бусад хүнд тэр зан нь хэрхэн харагддаг, таалагддаг, эсэхийг нь мэдэхгүй.
Р.А: -Өдөрт нэгэн рүүгээ дор хаяж хоёр удаа заавал утсаар ярьдаг. Бүр дадал болчихсон. “За, юу байна. Хаана явна” гээд л. Хэн нэг нь гадаад руу, тоглолтоор явах үед ч гэсэн. Цаанаасаа л юу хийж байгаа бол гэдгийг нь мэдмээр, хөгжилдмөөр санагдаад байдаг юм.