Манай улс өнгөрсөн оны долдугаар сард түүхэндээ анх удаа сансарт хиймэл дагуул хөөргөсөн билээ. “Мазаалай” нэртэй уг төхөөрөмжийг манай улсын гурван эрдэмтэн Японы технологийн тусламжтайгаар бүтээсэн. Тус багийнхан өдгөө хоёр дахь хиймэл дагуулаа зохион бүтээхээр ажиллаж байна. Анхны хиймэл дагуулын амжилт болон хэзээ хоёр дахийг нь хөөргөх талаар багийн гишүүн МУИС-ийн багш, доктор Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.
-“Мазаалай”-г хэр хугацаанд бүтээсэн бэ?
-МУИС-иас хиймэл дагуул хөөргөх санаачилга 2015 оны хавар гаргаж, энэ тухай яриа хэлэлцээр эхэлсэн юм. Тухайн оныхоо аравдугаар сараас төлөвлөгөө, төхөөрөмжийнхөө загварыг гарган, нэлээд туршиж, шалгасны дүнд 2017 оны хоёрдугаар сарын 9-нд хиймэл дагуулаа бүтээж дууссан. Жил хагасын хугацаа зарцуулсан гэсэн үг. Манай баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байв. Монгол, Япон, Гана, Нигери, Бангладеш гэсэн таван улсаас тус бүр гурван мэргэжилтэн, дээр нь багш профессор нийлсэн дөрвөн хүн ажилласан юм. Японы талаас менежментэд голлон анхаарч, маш их дэмжлэг үзүүлж байлаа. Бидэнд шинжлэх ухааны нарийн мэдлэг бий ч ямар арга барилаар хиймэл дагуул зохион бүтээхийг төдийлөн мэдэхгүй тул япончууд зааж сургасан. Анх удаа хийгээд төгс амжилтад хүрэх хэцүү, асуудал маш их байлаа. Одоо ч олон бэрхшээл бий. Манай багийнхан голдуу физик, электроникийн инженер мэргэжилтэй хүмүүс. Гэтэл яг ажиллаад эхлэнгүүт олон салбарын мэдлэг хэрэгтэй болдог юм байна. Өөрөөр хэлбэл, менежмент, хөрөнгө оруулалт, хугацаа төлөвлөлтийг зохицуулахын зэрэгцээ инженерийн үүргээ гүйцэтгэж байж цогц бүтээл бий болгох шаардлага тулгарсан. Тиймээс шинэ зүйлд дасан зохицож, сурч ажиллахад мэдэхгүй, чадахгүй зүйл маш их байв. Гэхдээ сайн зөвлөгчдийн ачаар мэдэхгүй зүйлсээ цаг тухайд нь сурч, туршлагатай хүмүүсээс заавар авсан нь бидэнд их өгөөжтэй байлаа. Монголын баг голлох үүрэг гүйцэтгэж, үндсэн системүүдийг бүтээсэн. Дээр дурдсан таван улсын инженерүүдийн зохион бүтээсэн хиймэл дагуулуудаас хамгийн амжилттай ажиллаж буй нь манай “Мазаалай”.
-“Мазаалай”-г хөөргөсний ач холбогдол, үр дүн юу байв. Одоо хэрхэн ажиллаж буй юм бол?
-“Хиймэл дагуул хөөргөх нь эдийн засгийн ямар ашигтай вэ” гэж мэргэжлийн бус хүмүүс асуудаг. “Мазаалай”-гийн эдийн засгийн ач холбогдол гэж байхгүй л дээ. Улсад эдийн засгийн ач холбогдолгүй ч бодлогоор дэмжих шаардлагатай зүйл гэж бий. Жишээлбэл, улс бүр батлан хамгаалах салбартаа хөрөнгө төсөвлөдөг. Бас нэг зүйл гэвэл хиймэл дагуул дотроо олон төрөлтэй. Харилцаа холбооны, цэргийн, байршил тогтоох, зайнаас тандан судлах буюу зураг авах зэрэг зориулалттай. Харилцаа холбооны хиймэл дагуул гэхэд 36 000 км-ийн өндөрт хөөрдөг, 2-3 тонн жинтэй, 300-500 сая ам.долларын өртөгтэй байх жишээтэй. Түүнчлэн шинжлэх ухааны буюу сансрын орчныг судалдаг жижиг хиймэл дагуул ч бий.
Манай “Мазаалай” шинжлэх ухааны туршилт хийх, боловсролын зориулалттай. Сансарт хөөргөснөөр хоёр үр дүнд хүрэхээр тооцоолсон. Эхнийх нь уг хиймэл дагуул зохион бүтээх ажлаар дамжуулан сансрын технологийн боловсон хүчнийг бэлтгэх төсөл хэрэгжүүлэх байв. Үүнийгээ амжилттай биелүүлж, манай сургууль мэргэжилтнүүдтэй боллоо. Хоёрдугаарт, “Мазаалай”-г зургаан төрлийн даалгавартай хөөргөсөн. Дөрөв нь шинжлэх ухааны, хоёр нь олон нийтэд хандсан даалгавар байв. Олон нийтэд хандсан гэдэг нь дэлхийн зургийг сансраас авах, болж өгвөл эх орныхоо газрын зургийг буулгах, нөгөөх нь сансраас Төрийн дууллаа эгшиглүүлэх байсан юм. Шинжлэх ухааны дөрвөн даалгавраа биелүүлсэн. Харин техникийн асуудлаас болоод олон нийтэд хандсан хоёр даалгаврыг одоогоор бүрэн биелүүлж чадаагүй байна.
-Иргэд “Мазаалай”-г онцгой байдал, гамшгийн үед шууд ашиглана гэж ойлгож байсан.
-Бид үүнээс л их айж байв. Уг нь гамшгийн үед сүлжээгүй газраас анхааруулах 3-4 дохиолол суулгасан. Даанч бидний хиймэл дагуулд арай л томдсон зүйл байсан юм. Гэтэл хүмүүс бүх зүйлд ашиглаж болно гээд ойлгочихжээ. Хүмүүсийн буруу биш л дээ. Ойлголтын зөрүү гарснаас л боллоо. Манай улсын хувьд анхны хиймэл дагуулаа хөөргөж, мэргэжилтнүүд ч цоо шинэ зүйл сурсан нь чухал. Бид анх Япон руу явахдаа маш том тэмүүлэлтэй байсан. Шууд л том хэмжээний хиймэл дагуул бүтээчих мэтээр бодож явав. Гэсэн ч анх удаа хийх гэж буй хүмүүс бүх зүйлийг эхнээс нь суралцаж, жижгээс эхлэх нь чухлыг ойлгосон. Энэ зөвхөн хиймэл дагуулын тухай яриа биш, бүх салбарт багаас нь эхэлж, зогсохгүй урагшлах чухал гэдгийг хэлээд буй юм.
-Багагүй хөрөнгө зарцуулсан гэсэн. Хаанаас хэчнээн төгрөгийн хөрөнгө гаргасан бэ. Ямар учраас техникийн асуудал гарав?
-Хиймэл дагуулын өөрийн өртөг нь 100 000 ам.доллар. Дээр нь 20 гаруй сая төгрөгөөр АНУ-аас газрын станцын тоног төхөөрөмж авчирсан. Манай Засгийн газар болон МУИС, ард иргэдийн хандиваар энэ хөрөнгийг гаргасан юм. МУИС-ийн багш, ажилчид биеийн тамирын тоглолт, дунд сургуулийн сургалт зэрэг олон нийтэд хандсан хандивийн үйл ажиллагаа зохион байгуулж хөрөнгө босгосонд маш их талархдаг. Бид тооцооллын алдаа гаргаснаас эрсдэлтэй тулгарсан. Газар дээр сансрын орчныг дуурайлгаж төхөөрөмжөө туршдаг юм. Сансрын орчинд ямар байдгийг сайн мэдэхгүй учраас яг адилхнаар дуурайлгаж чадаагүй байх. Нэгэнт хөөргөсөн төхөөрөмжийг буцаан авчраад засаж болохгүй. Манай 100 000 ам.долларын төхөөрөмж байтугай хэдэн сая ам.долларын өртөгтэй хиймэл дагуулд ч алдаа гардаг. Энэ удаагийн явдал бидэнд маш том туршлага боллоо.
-Их мөнгөөр тоглолоо гэх юм уу, сансарт хог хаялаа гэж олон нийт шүүмжлэх байх даа.
-Тийм ээ. Би үүнийг бүтээхийн тулд ганц ч төгрөгийн цалин аваагүй, зөвхөн бүтээх нь л чухал байсан учраас хэдийгээр алдаа гарсан ч бүхэлдээ бүтэлгүй ажил байсан мэтээр ойлгох нь ташаа гэдгийг олон нийтэд хэлэхийг хүсэж байна. “Мазаалай” даалгаврынхаа сүүлийн хоёрыг л гүйцэтгэж чадаагүй болохоос биш, шинжлэх ухааны даалгавруудаа биелүүлж, дохиогоо дамжуулсаар байгаа. Тиймээс бүрмөсөн хэрэггүй болчихлоо гэж хэлж болохгүй. Хийх ёстой ажлынхаа 70 хувийг гүйцэтгэсэн гэсэн үг. Энэ бол инженер хүний хувьд том амжилт. Тэгээд ч 400 км-ийн өндөрт хөөргөсөн, 10х10 см-ийн хэмжээтэй жижиг төхөөрөмж эвдэрвэл нэг жил орчмын дараа агаар мандалд унаж, тэр дороо шатаж алга болох учраас сансарт хог хаясан гэх асуудал үүсэхгүй.
-Хоёр дахь хиймэл дагуул “Мазаалай”- гаас юугаараа ялгаатай, давуу талтай вэ?
-50 сентиметрийн хэмжээтэй байна. “Мазаалай”-гаас 125 дахин том гэсэн үг. Үүрэг, хүчин чадал нь ч төдий чинээ нэмэгдэнэ. 3-4 камер зэрэг байрлуулах боломжтой, камерын мэргэжлийн үзүүлэлтүүд нь дэлхийд тэргүүлэх хэмжээний сайн, 590 сувгаас сонгож, нэг нанометрийн нарийвч- лалтай зураг авч чадна. Мөн түймэр илрүүлэх боломжтой, хүссэн зүг рүүгээ чиглүүлж зураг дарж болно.
-Өртөг зардал, зохион бүтээх хугацаа нь ч тэр хэрээр нэмэгдэх байх. Санхүүжилтээ хаанаас гаргахыг шийдсэн үү?
-Зохион бүтээхэд жил хагасын хугацаа шаардагдах байх. Ажиллах багийн тухайд “Мазаалай”-г зохион бүтээсэн мэргэжилтнүүд дээр манай сургуулийн магистрын ангийн таван оюутан нэмэгдэнэ. Мөн эрх зүй, хэрэглээ талын олон мэргэжилтнээр багаа өргөтгөх шаардлагатай. Өртөг нь 3-5 сая ам.доллар гэж ярьж байгаа. Гэхдээ энэ нь Японы талаас санал болгож буй үнэ. Улс нэгдсэн бодлого гаргаж, хөрөнгийг нь шийдвэрлэх болов уу гэж харж байна. Энэ удаа хиймэл дагуул хөөргөнө гэдэг талаас нь биш, хэрвээ хиймэл дагуултай болбол юунд, яаж хэрэглэх вэ гэдэгт илүү анхаарах ёстой. Манайд хиймэл дагуул зайлшгүй хэрэгтэй. Жишээ нь, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрынхан улсынхаа газар нутгийн дөнгөж 45 хувийнх нь зургийг л онгоцоор явж авч чадсан байгаа юм. Үлдсэн хувийг нь онгоцоор авах боломжгүй, зайлшгүй сансраас авах шаардлагатай гэж ярьж байна лээ. Тэгэхээр өөрсдөө хиймэл дагуултай болчихвол үүнийг дөхмөөр шийдэж болох нь. Тиймээс төрийн нэгдсэн бодлого чухал. Ихэнх улсад сансрын агентлаг гэж бий. Гэтэл манайд байхгүй. Төрөөс тогтвортой үйл ажиллагаа явуулах байгууллага бий болгож, сансрын хууль гаргаад, зорилго чиглэлээ тодорхойлбол энэ шинэ салбар манайд хөгжинө. МУИС-ийнхан хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээ хийх, технологи дээр ажиллах төлөвлөгөөтэй
-Хүний нөөц бэлтгэх ажил манайд дөнгөж эхэлж буй учир цөөнгүй бэрхшээл тулгарч байгаа болов уу?
-Манай сургууль мэргэжилтэн бэлтгэх ажлын эхлэлийг тавьчихлаа. Цаашид илүү олон мэргэжилтэн бэлтгэх боломжтой. Тулгамдаж байгаа асуудал гэвэл ерөнхий боловсролын сургууль төгсөгчид физикийн болон суурь шинжлэх ухааны чиглэлийн мэргэжил сон- гох нь эрс цөөрсөн явдал. Ганцхан сурагч л физикийн анги сонгох тохиолдол ч гарах болсон. Энэ нь суурь боловсролын түвшинд хими, физик, биологи, байгалийн ухааны чиглэлийг сайн зааж, ойлгуулаагүйтэй холбоотой. Суурь боловсролдоо юунд хэрэгтэй, ямар хичээл гэдгийг ойлгоогүй хүүхэд баклаврын түвшинд ойлгож, сонгох хэцүү. Салбар дундын шинжлэх ухаан дэлхий даяар эрчимтэй хөгжиж байхад манай сургуулийн физик электроникийн ангийг боловсролын шинэчлэл хийж байна гээд хаасан. Энэ мэт шалтгааны улмаас суурь мэдлэгтэй, чадварлаг инженер, боловсон хүчин, мэргэжилтэн бэлтгэхэд хүндрэл учирч байгаа.
Сансрын технологи гэдэг зөвхөн сансрын төхөөрөмж бүтээх тухай биш. Энэ чиглэлийн мэдлэг нь бүх шинжлэх ухаан, технологийн суурь болж чаддаг, хөгжил авчирдаг чухал салбар. Жишээ нь, “Аполло” сансрын хөлгийн төсөл хэрэгжүүлэхэд ажиллаж байсан инженер бидний байнгын хэрэглээ болсон компьютерийг үндэслэсэн. Системүүдийн инженерчлэл мэргэжил эзэмшсэн, физик, хими, байгалийн ухаан, математик дээр суурилсан инженерүүд хиймэл дагуул дээр ажилладаг. Тиймээс сансрын технологи гэдэг зөвхөн хиймэл дагуул гэсэн явцуу хүрээний асуудал биш, технологийн өргөн ойлголт, хөрвөх чадвартай салбар гэдгийг ойлгох хэрэгтэй.