Дуурийн гоцлол дуучин, тенор, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чингис хаан, Монгол Улсын Ардын жүжигчин А.Энхтайвантай ярилцлаа. Хэнтий нутгийн уугуул, хойд хөршийн Екатеринбург хотын Уралын Консерваторид суралцаж дуурийн дуучин мэргэжил эзэмшсэн.
Сонгодог урлагийн “Алтан үе”-ийнхэнтэй дэлхийн сонгодог болон үндэсний 30 гаруй дуурийн гол болон туслах дүр бүтээсэн тэрбээр өдгөө компани удирддаг бизнесмэн. Түүний ажил, уран бүтээлийн сонин сайхнаас сонирхож хөөрөлдлөө.
-Та хоёр ч компани удирддаг юм байна. Бизнес, уран бүтээл хоёрын алинд нь илүү дуртай вэ?
-Үнэнээ хэлбэл уран бүтээл хийх дуртай. Гэхдээ бизнесийг ч гэсэн урлагтай хийвэл амттай. Аль алинд нь сэтгэлээ өгч ажилладаг. “Мон зол” группын ерөнхийлөгч Чинбат гэж найз маань байдаг юм. Би энэ найзынхаа удирдлага дор “Секрет Монголс”, “Этүгэн энтертайнмент” гэсэн хоёр компанийг нь удирдаж ажилладаг.
“Этүгэн энтертайнмент”-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь уран бүтээл. Сүүлийн жилүүдэд кино түлхүү хийлээ. Ерөнхий продюсероор нь Чинбат маань ажилладаг.
-“Мойлхон” таны анхны кино байх аа?
-Тийм ээ, 2008 оны ажил. Түүнээс хойш хэд хэдэн түүхэн болон уран сайхны кино хийлээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ы баруун, зүүн Баргынхантай нийлж “Үхэрт хүйтэн” гэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн монгол ардын бэсрэг уртын дууны түүхийг өгүүлж, домог амилуулсан кино хийсэн.
Баруун Баргаас зүүн хойш байдаг Могойтын Богд уулан дахь Үхэртийн булаг, Хүйтний нуур орчимд нутаглаж байсан Цогт гэдэг адуучин залуу, Долгор гэж бүсгүй хоёрын хайр сэтгэлийн асуудлын дундуур харуул зангийнхан нь орж амьдралыг нь бусниулж, холбоог нь тасалсан тухай гунигтай түүх байдаг.
1911-1915 оны хооронд болсон үйл явдал. Цогт гэртэйгээ шатаж үхсэн хайртай бүсгүйнхээ дурсгалд зориулж дуу зохиосон нь олны дунд алдаршсан ардын бэсрэг дуу болсон.
-Бөөгийн сэдэвтэй кино бас хийсэн. Таныг бөө шүтлэгтэй ч юм болов уу гэж бодсон.
-Би тэнгэр шүтлэгтэй. Бүх шашинд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ учрыг нь олохыг хичээдэг.
-Хангай дэлхий, уул ус, ээж аав, өвгө дээдсээ шүтдэг хүн тэнгэр шүтлэгтэй байдаг уу?
-Яг тийм. Тэнгэрээ шүтэж явахад болно доо. Бид “Тэнгэрийн хүү”-гээ бодит, Хөвсгөлийн алдарт, Улаан хоолор овгийн Дамдин зайран гэж хүний түүхээс сэдэвлэж бүтээсэн. VIII Богд өөрийнхөө дүрийг 25 хувиргаж чаддаг хүн байсан гэдэг.
Харин Дамдин зайран дүрээ 32 хувилгадаг байжээ. Социалист нийгмийн үед дарга нарын хараа хяналтад байдаг байсан ч нутгийн ардуудад зовлон бэрхшээл тохиолдоход тус хүргэсээр ирсэн тэнгэрийн их том хүн байсан юм билээ. Ер нь зайран гэдэг үгийг тодотгож хэрэглэхийн тулд бид Монголын үе үеийн том, тэнгэрийн 33 зайран, удганы тухай мэдэж байх ёстой юм байна.
Зуун жилд нэг том зайран юм уу, удган буудаг, харин түүний өмнө, эсвэл хойно том, жижиг олон зайран буюу бөө төрдөг юм байна. Их хаан Монголын тулгар төрийг 1206 онд байгуулахдаа хүртэл төрийн зайран томилж байсан. Ингэж тэнгэрийн хүн төрийн хэрэглүүр болж байсан түүх байна.
-33 тэнгэр гэж яриад байдаг нь тийм учиртай байх нь ээ?
-Бөө судлаач Пүрэв гуай номондоо ингэж бичсэнээр, тэр 33 том зайрангийн онгонд бид шүтэж явдаг юм болов уу. Тэнгэрийн онгод тэнгэрүүд монголчуудынхаа амьдардаг энэ нутагт бууж, мордож, ирж, буцаж байдаг юм байна. Энэ бүхнийг таньж мэдэх нь мэддэг, үгүй нь үгүй. Бид энэ тухай, том зайран яаж ирдэг, гардгийг тодорхойлох гэж “Тэнгэрийн хүү” гэдэг кино хийсэн.
Дараа нь шар хантаазтаны амьдралын тухай бүтээл хийсэн. Жирийн ажилчин, гудамж цэвэрлэдэг хүмүүсийн дунд ч ид шидийг харуулсан эгэлгүй хүмүүн байж л байдаг гэдгийг харуулсан.
2016 онд Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын үе үеийн уран бүтээлчид, орон нутгийн иргэдийг хамруулсан “Тэнгэр язгуур” гэдэг кино мөн хийж үзлээ. Тус аймгийн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр суманд зургийн ихэнхийг авсан. Дэлхийд “movie opera” гэж ярьдаг төрлөөр анх удаа бүтээл хийсэн маань тэр.
Одоогийн байдлаар бид 2017 оны өвөл зургийг нь авч дуусгасан, IX зууны үеийн ойн монголчууд буюу хорь түмдийн амьдралын тухай өгүүлсэн “Дангина” буюу “Дагина” гэдэг кинон дээр ажиллаж байна. Хөгжмийн зохиолын бүтээлүүд бас гаргаж байна. “Морин хуур” уралдаанд хоёр, гурван дуугаа сорилоо.
“Бор толгодын хавар”-ыг маань ДБЭТ-ын гоцлол дуучин Гомбо-Очир, Шижирболд, Батжаргал гэсэн гурван сайхан тенор хоолойтой залуус дууллаа. “Дангина”-г Хэнтий нутгийн уугуул Д.Нямдаваа гэж дуучин “амилуулж” тус уралдаанд оролцож байна.
-“Секрет Монголс” компанийн ажлыг сонирхож болох уу?
-2015 онд Засгийн газартай байгуулсан концессын гэрээгээр Тэрэлжийн Чингис хайрхан ууланд Монголын үндэсний угсаатны зүйн музейн цогцолбор байгуулахаар ажиллаж байна. Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслөө хийж дууссан, бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байна.
БСШУЯ-тай хамтарч “Монголын нууц товчоо”-ны шинэчлэн зүйлчилсэн тайлбар толь хийхээр хэсэг эрдэмтэдтэй ажиллаж байна. “Монголын нууц товчоо”-ны тухайд газар зүйн маш чухал судалгаанууд хийж ирсэн доктор О.Сүхбаатар, Монголын нэртэй угсаатны зүйч, Ардын багш С.Дулам, ШУА-ийн Хэл шинжлэлийн хүрээлэнгийн доктор Г.Билгүүдэй нарын, ганцаарчилсан бүтээлүүд гаргасан олон томоохон эрдэмтнийг хамруулан ажиллаж байна.
Монголын үе үеийн эрдэмтэд анх удаа багаар, Засгийн газартай хамтарсан шийдвэр гаргах зорилготой ажиллаж байна. Нийт таван боть судалгааны материал болох байх. Нэг боть нь газар зүйн талын бүх мэдээллийг багтаасан байх жишээтэй.
Газар зүйн байрлалыг бүгдийг шинэчлэн тогтоосон баримтат болон түүхэн уран сайхны есэн ангит кино хийнэ. Хоёр жил хагасын хугацаанд 24 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм.
-“Монголын нууц товчоо”-нд тайлбар шинээр хийх хэрэгтэй гэж үзэж байна, тийм үү?
-Түүхийн ганц энэ баримтаа өнөөдрийнх шиг ингэж хөсөрдүүлэлгүй, хүмүүс утга учрыг нь ойлгохгүйн улмаас тойрч зугтаагаад байдгийг цэглэе гэж байгаа юм. Үүний тулд монголчуудын үндэсний бичиг болох шахаад байгаа кирилл үсгээр, өнөөдрийн үг хэллэг, гаргалгаагаар нь ойлгогдохуйц хэмжээнд тайлбарлаж өгье.
Тэгснээр их, дээд сургуулийн оюутнууд төгсөх жилээ судалж, шалгалт өгдөг болог, төрийн албан хаагчдын ч гэсэн судалж, шалгуулж байвал зохих хөтөлбөрийн нэг байг гэж байгаа юм. Монголчуудын түүхийн гэрч “Нууц товчоо”-гоо хойч үе маань уншдаг, мэддэг байхын төлөө, “Би монгол хүн” гэж омогших, хашхирах эрхийг нь олгохын төлөө өнөөдөр бид нэгдэж байгаа юм.
Түүнээс биш өнөөдөр Чингис хааныхаа төрсөн он, цаг дээр хүртэл маргалдаад сууж байж болохгүй. Нэг хэсэг нь Чингис хаан 1162 оны гал морин жилийн зуны эхэн сарын тэргэл сартай өдөр төрсөн гэж байхад, нөгөө хэсэг нь өвөл төрсөн гэдэг. Эрдэмтдийн судалгаануудын энэ мэт зөрүүг гаргахаас авахуулаад маш их ажил байна. Өмнөд хөршийн эрдэмтэд “Монголын нууц товчоо”-г хятадчилах бодлого явуулж байна.
Монголын түүхийн үнэ цэнэтэй үеүд, он жилүүд, түүхэн хүмүүсийн тухай дурсгалыг Хайлаар, Хөх хот, Шилийн голд барималжуулж, биежүүлсээр байна. Тийм бүтээлч. Үүнд маш их хөрөнгө зарцуулж байна. Ингэж тэд “Монгол гэдэг чинь Хятад юм” гэж хэлэх гэсэн санаагаа гүйцээхийн төлөө зүтгэж байна. Тэгэхээр бид “Монгол нь Монголоороо байх ёстой” гэсэн уриан дор Монголдоо бүтээж хийхгүй бол хоцорно.
Хойч үе хийх ёстой гэж хойш нь тавих эрх бидэнд алга. Монголчуудад “Үүнийг хойч үе хийх ёстой” гэж хойш нь тавьдаг айхавтар дутагдал байна. Түүний оронд өнөөдөр чадлаараа хийгээд хойч үеэ цааш нь дэлгэрүүлээрэй, судлаарай гэж үлдээх ёстой юм.
Бас нэг бүтээл хийхэд бэлэн болсон. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Хэнтий аймгийн Биндэр суманд “Их Монгол” гэдэг цогцолбор барих зураг төслийг санаачилж боловсруулаад байна. Их хааны хөшөөг нэлээд өндөрт байхаар барина. Түүний цаана “Их Монгол” хэмээх, дотроо их хааны үйл хэргээс танилцуулах музей зэргийг багтаасан өргөө байх юм.
-Таны энэ тэмүүлэл Чингис хааны дүр бүтээснээс үүдэлтэй юү?
-Энэ түүхэн их хүний гэгээн дүрийг 800 жилийн дараа бүтээх хувь тохиосноор, түүний ариун цагаан сүнсэнд өртэй болж байгаа юм. Яагаад гэвэл энэ хүний дүрийг бүтээж өөрийн улсын ард түмэнд болон дэлхий дахинд хүргэсэн болохоор тэр хүний үйл хэрэг, түүх, захиасыг судалж, аливаа, дутуу орхигдуулсан байж болох орон зайд нь нөхөөс маягийн юм хийх ёстой гэж бодсон.
Өнөөдөр их хааны дүрд тоглосон Монголын олон сайхан жүжигчин хамтраад энэ их хүний ариун цагаан сүнсэнд ядаж ганц удаа тахилга өргөх ёстой байх гэж боддог.
-Та өөрийгөө томоохон дууриудад бүтээсэн дүр, эсвэл дэлгэцэнд бүтээсэн Чингис хааны дүрийн аль нэгээр төсөөлж байсан удаатай юу?
-Би өөрийгөө аливаа нэгэн хийсвэр дүрээр ер сэтгэж боддоггүй. Би бодит хүн. Дотоод сэтгэлээс гарч ирж буй дуу авиаг чагнаж, түүнийхээ дагуу хүсэл тэмүүллээрээ бүтээж, биет байдал болгохын төлөө явдаг. Энэ миний гол чанар юм болов уу. Надад шинэ санаа төрж, бүтээл хийх хүсэл төрвөл түүнийг хойш тавьдаггүй.
Яагаад гэвэл би хорвоод нэг л амьдарна, тиймээс хийх юм байвал хийх л хэрэгтэй. Хийгээгүй юм байгаа бол үлдсэн амьдралдаа хийхийн төлөө явж Энхтайван гэдэг нэрээ Монголд гишгэсэн цагаан мөртэй үлдээхийн төлөө явна. Энэ миний зорилго.
-Та дуурийн дуучин хүн. Театрт, тайзан дээр ямар нэг дүр ч юм уу, дутуу үлдээгээд гарсан зүйл бий юү?
-Монголын дуурийн урлаг намайг 1985 онд төгсөөд ирэхэд үндсэндээ 30 гаруй жил хөгжсөн байсан. Тухайн үед тайзан дээр Монголын дуурийн урлагийн “Алтан үе”-ийнхэн Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж, Д.Жаргалсайхан, А.Загдсүрэн гуай, Х.Уртнасан, гавьяат жүжигчин Д.Банди, П.Цэвэлсүрэн, А.Бүтэд, М.Найдалмаа нарын гайхамшигтай уран бүтээлчид ажиллаж, бүтээж байлаа.
Тэдэнтэй хамт дуурийн 30 гаруй дүрд тоглосон юм билээ. Эрэгтэй хүний нарийн цээл буюу тенор хоолойтой учраас зөвхөн энэ хоолойд бичсэн дүрүүдийг л бүтээдэг байв. “Алтан үе”-ийнхэнтэй нэг тайзан дээр нэг уран бүтээлд тоглож, нэг тогооноос хоол идэж байснаараа бахархдаг. Гүйцэд бүтээсэн дүр гэж байгаа эсэхийг мэдэхгүй байна.
Тухайн үеийн үзэгчид хэлэх байх. Дутуу орхисон юм бий юү гэвэл бий. Нэг дуурьт нэг удаа тоглохдоо дараачийн удаа гарахдаа ингэх юм шүү, тэгэх хэрэгтэй юм байна гэсэн шинэ бодол үргэлж төрж байдаг. Дуурь гэдэг бол кинотой адилгүй.Дуучин дүрд тоглох бүртээ өөр өөр байдаг. Бэлтгэл, сэтгэл санаа, эрүүл мэндийн байдлаас болоод өөр байдаг. Тийм болохоор би тийм дуурийн дүрийг төгс бүтээсэн дээ гэх арга байхгүй.
“Алтан үе”-ийн дуучид, жүжигчид бол зөвхөн уран бүтээлд тоглохоос гадна нийгмийн бүхий л давхаргад хүрч ажиллаж чадаж байсан, олон нийт соёлжих, гэгээрэх талд нөлөөлж байсан бие хүмүүс юм. Тэдэнтэй хамт ажиллаж байсандаа бахархдаг.
-Таныг буриад гэж боддог байлаа. Гэтэл халх юм байна.
-Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрсөн, халх, хиад боржигон хүн. Хүмүүс намайг буриад гэж боддог нь аргагүй юм. Бага байхад намайг хэсэг хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд буриад айлд хэсэг хугацаанд өргүүлж байсан тал бий. Тэр нөлөөлсөн байх, эсвэл багаасаа аавтайгаа буриадынхаа нутгаар хөндлөн гулд явж, Онон, Балжийн голоор тоглож наадаж өссөн болохоор сэтгэл тэгж хөглөгдсөн ч байх.
Буриад аялга, ёс, зан заншил, угшлыг их хүндэлдэг. Тийм ч болохоор уран бүтээлүүдэд минь буриад маягийн өнгө аяс их тааралддаг. Ялангуяа миний зохиосон дуу, хөгжимд. Дадал нутагтай холбоотой дурсамж олон бий. 1985 онд гэнэт нэг өдөр багын найз Ж.Саруулбуяндаа гүйж очин “Надад дууны шүлэг өгөөч, би хөгжим бичиж дуу болгоод өөрөө дуулъя” гэхэд “Балжийн гол” гэдэг шүлэг өгсөн.
-Тийм эрт зохиосон дуу юм уу?
-Тийм. Тухайн оны аравдугаар сард бий болсон, булган сүүлтэй дуу, би их хайртай. Өөрөө дуулах гэж зохиосон л дуу, одоо хүмүүс мэддэг болжээ. Харин 1988 онд “Ижийнхээ ачийг яалаа даа” гэдэг дуу зохиогоод Х.Уртнасан эгчээр дуулуулна гэж их зоригтой орж ноотоо өгч байснаа санадаг юм.
-Удам угсаа, уг гарвалынхаа тухай сонирхуулж болох уу?
-Хөвчийн жонон вангийн хошууны хохь тайж Намсрайжавын Агваанцэрэн гэдэг хүн миний аав. Аавыг 1929 онд хоёр настай байхад Бэрээвэнгийн хийдэд шавилж байсан лам Данзангийн Шарав гэдэг хүнд өргүүлсэн юм билээ. Одоо Хэнтий аймгийн төвд аавын төрсөн ах Жагдагийн Сандаг гэж авга маань бий. Удам угсааг нь хөөвөл тайж язгуурын хүмүүс юм билээ.
Аавын минь ээж Хөвчийн жонон вангийн хошуундаа алдартай сайхан дуулдаг, исгэрдэг, маш царайлаг Тамжид гэж авгай байсан. Би хөгшин ээжийгээ мэднэ. 1974 он хүртэл бидэнтэй нэг гэрт амьдарч байсан. Энэ утгаар яривал би Хэнтий аймгийн Хөвчийн жонон вангийн хошууны хүн. Дөтгөөр тайж Намсрайжав гээд хайхад Цэцэн ханы түүхэнд байдаг.
-Танай хүүхдүүд Монголдоо байна уу?
-Гурав нь одоогоор Америкт ажиллаж амьдарч байна. Хүү Эдинбургийн их сургуулийг банк, санхүүгийн мэргэжлээр төгссөн. Флоридад найзуудтайгаа бизнес эрхэлдэг. Хөдөлмөрч, барьж авсан л бол заавал гүйцээдэг махруу хүн болсон. Том охин Лос-Анжелест нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг.
Мөн Эдинбургийн их сургуулийг анагаахын дээдийнх нь цөмийн физикийн атомын оношлогооны анги төгссөн. Бага охин Америкт дунд сургууль төгсөөд, Бээжинд Олон улсын эдийн засгийн сургууль дүүргээд буцаад Америк явсан.Тэнд хоёр дахиа мастерын зэрэг хамгаалахаар сурч байна.
Ер нь номын, эрдмийн хүн болох шинжтэй. Миний бага хүү лам. Энэтхэгт хоёр жил сурч ирээд одоо Налайхын Сайн номун хан хийдэд ажилладаг.
-Таны гэргий уран бүтээлийн тань хамтрагч байх аа?
-Тийм ээ. Зохиолч, яруу найрагч хүн. Ихэвчлэн кино зохиолууд бичиж байна.
-Та өнөө цагийн дэггүй залуучуудад хандаж сургааль хэлээч.
-Архи битгий уугаач, шөнийн амьдралыг болиоч, цагийг дэмий бүү үрээч гэж хэлэхийг хүсч байна. Хүн гэдгээ ухаараач. Тэгвэл хүрэх зорилготой , түүндээ хүрэх тэмүүлэлтэй сайхан амьдарна.
Мөн ном уншиж байгаач. Номон дотор ухаан байдаг. Интернэтээс авах мэдээллээ авдаг л юм байгаа биз. Хайран цагийг компьютерийн ард дэмий сууж бүү өнгөрөөгөөч гэж захидаг.