Бид бүхэн энэ удаагийн дугаартаа Монгол Улсын сайхан бичигтэн, Энэтхэг улсад Хэнна судлалаар мэргэшсэн, Гандантэгчэнлин хийдийн лам Н.Балжиннямыг урьж оролцууллаа.
-Сахил санваартай лам хүн болоход тань юу нөлөөлсөн бэ?
-Би гурван охинтой айлын ганц хүү л дээ. Ээж маань намайг тогтуун томоотой лам болгох юм шүү гэж 3-р анги төгсөх жил энэ зам мөртэй холбож өгсөн. Хэдий эхэндээ миний биш ээжийн минь шийдвэр байсан ч зөв зүгээ олсон юм болов уу гэж боддог.
-Энэ жил та улсын сайхан бичигтэн болсон. Ямар бичгийн тэгийг баримтлан бичдэг вэ?
(Ярилцлагын үеэр түүний уран бичлэгээр хэрхэн бичдэг, хэнна хэрхэн зурдгийг сонирхсон юм. Зочин маань уг бүтээлээ ярилцлага авсан Ziferblat-д үлдээсэн.)
- Калиграфи бол насан туршдаа суралцдаг урлаг. Хэзээ ч өөрийнхөө зураасыг нуудаггүй. Алдаад биччихлээ гэж бодоход балруулдаж болохгүй, өөр өнгөөр дарж торгоодоггүй. Би XYII-XYIII зууны үеийн судар номын тэг хичээнгүй бичгээр бичихийг эрмэлздэг. Сүүлийн үед монгол бичиг маань урлаг соёлоор дамжин дэлгэрч байна. Хэрэгцээ шаардлага нь бараг байхгүй гэгдэх энэ үед урлаг соёлоор ч болтугай дамжин дэлгэрч байгаа нь сайшаалтай. Ер нь шашингүй газар урлаг хөгждөггүй гэдэг. Гэхдээ хүмүүс сайхан бичихээс гадна, уг сурвалжаа сайн мэддэг байх ёстой гэж боддог. Жишээлбэл зураачид монгол бичгийн үндсэн ойлголтыг ухаж үзэхгүйгээр авьяасандаа дулдуйдан би бичиж чадна гэж бардамнадаг. Хэдий мундаг зураач хүн байлаа ч гэсэн шинжлэх ухаан болгон суурь судлагдахуунтай гэдгийг ойлгох учиртай. Монголд уран бүтээлч хүний цензур гэж бараг байдаггүй. Бийр барьсан болгон уран бичээч бол биш ээ. Зотон тос барьсан болгон зураач биш. Уран бичлэг гэхээрээ л хамаа намаагүй цацаад байхын нэр бүр биш. Уг гарвал нь ямар вэ гэдгийг мэдээд дараа нь урлаг болгохын тулд явах нь зүйн хэрэг.
-Та Энэтхэг улсад Хэннагаар судалгаа хийж байгаад ирсэн гэсэн. Хэнна ч бас алдаагаа нуух боломжгүй урлаг мэт санагдлаа. Калиграфитай уялдуулах боломжтой юу?
-Тийм ээ Энэтхэг улсад үндэстний урлагийг судлахаар зорин очиж Өмнөд, Хойд Энэтхэгээр нэлээн сайн явсан. Очихоороо 5-6 сар болоод ирдэг. Хэнна арт нь миний сонирхлыг калиграфи шиг л татаж чадсан. Хоёул үндэстнийхээ онцлогийг харуулсан соёл уламжлал шүү дээ.
Энэтхэгчүүд гэрлэхийн өмнө хөл, гар, биеийнхээ аль дуртай хэсэгтээ хэнна зурдаг. Энэтхэг бүсгүйчүүдийн зүүсгэл гоёл маш арвин. Хөлийнхөө хуруунд хүртэл бөгж зүүдэг, хамраа цоолно. Зүүлт гэхэд бужигнасан их. Хэнна арт, бийрэн бичиг хоёрыг яг хослуулъя, уялдуулъя гэж бодоогүй ч гэсэн монголдоо ирэхдээ хэннагийн будаг нэлээд их оруулж ирсэн. Бийрэн бичгээ ч, хэннагаа ч хөгжүүлнэ гэж боддог. Энэ хоёр хоёулаа хүнийг олон цаг суулгаж төвлөрүүлдэг урлаг. Төвлөрөх гэдэг харин бясалгалын анхан шатны хэлбэр юм шүү дээ. Бурхын шашинд цаг хэмнэх хамгийн үр дүнтэй арга бол төвлөрөх байдаг. Бид нар нэг юмыг хийхийн тулд олон зүйлд сатаарч үр дүн муутай байдаг бол хамаг анхаарлаа төвлөрүүлсэн ажил хурдан явдаг. Бид нар хэл сурахдаа 10 минутанд 5 үг цээжилдэг байсан бол хэрвээ төвлөрч хийвэл 5 минутанд 10 үг цээжлэх жишээний. Урсаад байгаа цаг хугацаанаас зуурч төвлөрөх хэрэгтэй. Юмаа бичээд нэг суучихвал өдөрт дор хаяж хоёр гурван цаг суух бол энүүхэнд байдаг даа.
-Бурхны хутгыг хайж яваа хүмүүс Энэтхэг орныг зорьдог гэдэг. Танд тухайн орноор аялж байхад хамгийн энергийн ундаргатай сайхан газрыг хаана гэж заах вэ?
-Энэтхэг бол маш их хүн амтай орон. Дотроо бас олон шашинтай. Үндсэн шашин нь л хүн төрөлхтөний хамгийн эрний шашин гэгдэх Хинди. Хамгийн гоё газар нь хойд Энэтхэгээс хойшоо воганаар нэг хоног яваад очдог нэг газар бий. Тэнд үнэндээ нийгмийн давхарга талаасаа харвал хамгийн ядуу хэсэг. Гэвч тэнд бурхан багш бодь мод налан сууж үнэнийг олохоос нааш хэзээ ч босохгүй хэмээн гэгээрлийн хутгыг олсон байдаг. Бурханы орон чинь энд юм биш үү гэмээр сайхан байсан. Бодь модны навчийг тасдан авч болдоггүй болохоор салаатай тавчик өмссөн, орхимжоо айхтар ороосон Төвд банди нар салхи салхилж навч газар унангуут гүйлдэж гардаг. Энэ орныг урлаг талаас нь төсөөлвөл эмэгтэйчүүдийг нь ажихад дагинасын хот мэт, эрэгтэйчүүдийг нь харахад амар амагалангийн газар мэт санагддаг. Хэдий хөрөнгө чадлаараа баян орон биш ч гэлээ өөрсдийгөө хэзээ ч ядуу зүдүү байна гэж гутарч архи ууж уурлаж явдаггүй. Ертөнцийг харах өнцөг нь их гоё. Сэтгэлдээ амар амгаланг олсон хүмүүс юм болов уу даа.
-Амар амгалан байгаагийн нууц нь юундаа байдаг юм бол?
- Бурхан багш хэлсэн байдаг. Өөрөө өөртөө гэрэл болон ас. Хүн өөрөө л бурхан. Хүн маш олон төрөл дамжин явахдаа сэтгэл нь шунал, хүсэл, атаа жөтөө, нисванистай болчихсон байдаг. Мөн иддэг хоол ундтай холбоотой. Адгуус, гахай, нохой л хамаа намаагүй идэж уугаад чихээд байдаг. Ухамсарт хүн гэдэг бол арай өөр. Монголчуудын XIII-р зууны махны хэрэглээг XXI-р зууныхтай харьцуулахад сүүлийн үед айхтар их иддэг болчихсон байгаа юм. Ер нь соёотой амьтад л махчин байдаг. Амьтныг алж идэхэд асар гомдол айдсаа махандаа шингээгээд үхдэг. Тэрийг идсэн хүн тийм зэвүүцэлтэй атаатай болдог. Дэлхийн суут хүмүүсийн ихэнх нь хоолны маш нарийн дэглэмтэй байсан байдаг.
-Буддагийн хэлсэн үг байдаг. "Алим дотроосоо өтдөг шиг надаас хойш миний шавь нар сургаал номлолыг минь гуйвуулахыг үгүйсгэхгүй" гэж. Түүхэндээ буддын шашинтай байх үед монгол улс хэзээ ч өөдөлж байгаагүй гэж ярьдаг. Зам мөртөө эргэлзэх үе байсан уу?
-Буддын шашин дотроо их, бага хөлгөн гэж хуваагддаг. Монголчууд бурхны шашны их хөлгөний сургаалыг дагадаг ард түмэн. Өндөр гэгээний үед шарын шашны одоогийн уншлагын ая дан, лам хувцас хунарын хэлбэр загвар бүрдэж тогтсон гэдэг. Уншлагын ая данг бас уртын дуутай зохицолдуулж дэглэж байсан юм билээ. Ёс заншлаас нь хамаараад бурхны шашин орон оронд өөр өөр хэлбэрээр дэлгэрсэн байдаг. Тайландад сэтгэл зүй тал руугаа чиглэсэн байх жишээтэй. Буддизмыг ном уншаад суухаас илүүтэйгээр өөрийгөө засах, зөв зам мөртэй явах, тайвшрах, сэтгэлийн амар амгаланг олох зорилгоор сүсэглэдэг. Хүний мөн чанар хэт баярлаад байхаар сайхан биш, хэт гундахаар ч сайхан биш. Амар амгалан байхаараа л хамгийн сайхан байдаг. Хүн ер нь орчлон хорвоод яах гэж төрсөн, юуны тулд амьдраад байгаа юм гэх мэт асуултын хариуг хүмүүс бурхны шашнаас олж мэдсэн байх.
-Тэгвэл хүн орчлон хорвоод яах гэж төрсөн гэж та боддог вэ?
-Бид орчлон хорвоод тоотой, данстай айлчилж ирсэн. Шашныг шүтэх л ёстой юм гэнэ лээ гэж мухар сүсгээр бус өөрийнхөө оюун ухаанд баталж нотолж, шинжлэх ухаанч байдлаар шүтэх хэрэгтэй гэж н.Нямсамбуу гавж хэлсэн. Бурхны шашныг няцаах гэж явсан судлаачид эцэстээ лам болсон тохиолдол цөөнгүй байдаг юм гэнэ лээ. Тэгэхээр бурхны шашныг шинжлэх ухаанч байдлаар судлах ёстой. Бид олон асуултын хариуг олохын тулд лам нар ном хаялцаж учир начраа олдог. Бурхны шашин Ази тивийн хүн ардад хүмүүжил, төлөвшил олгодог. Барууны орныхон харин илүү баруун тархиа хөгжүүлэхэд анхаараад, "Нууц, нууцын хүч" гээд л гүйгээд байдаг.
-Говийн догшин ноён хутагт Д.Равжаагийн ичиг ичиг шүлэгт "Аяа бас, өдөр хийдэд, шөнө айл хэсэгч хуврагууд ичиг" хэмээсэн байдаг. Ичиг ичиг гээд хэлчихмээр хуврагууд байдаг уу?
-Олон янзын санаа бодолтой хүн байх боловч би сахил санваараа чандлан сахидаг мундаг нөхдөөрөө бахархдаг. Тэвчээртэй, зоригтой хүн л номын мөрөө үнэнчээр сахиж чадна. Залуу халуун насандаа яаж ийм сонирхолгүй амьдардаг байна аа гэж жирийн хүмүүс гайхдаг л даа. Гэхдээ садан ч үгүй, дайсан ч үгүй бүхнийг хайрлаж байгаа нь магадгүй жинхэнэ хайр байх. Эгэл олон миний л ээж, аав, дүү. Тэднийгээ хайрлачих юмсан гэж хэт миниймхэрч өрөөл бусдыг бага хайрладаг мэт. Хүн өөртөө хүсдгээ бусдад зориулж чаддаг, өнгөтэй өөдтэйгөө барьдаг байхын сайхныг мэдрэх хэрэгтэй.
-Залууст хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?
-Өнөө цагт бүх юм өрсөлдөөнтэй болж, бид "Холивүүд" сэтгэлгээтэй нийгэмд амьдарч байна. Тэгнэ гэсэн чинь яасан бэ, ингэнэ гэсэн чинь яалаа гэж нэгнийхээ амыг асуудаг болжээ. Хөл нүцгэн явж байсан ч тухайн хүний өөрийн хэрэг биш гэж үү. Утга учиргүй ширхэг тоос ч байдаггүй. Туйлын муу, туйлын сайн юм ч гэж бас байхгүй. Тиймээс нэгийгээ бүү шүүмжлээрэй. Бид нэгнээ хэт их шүүмжилж, хараал урсгаснаар өрөөлийн болоод өөрийн энергийг эвдэх болно. "Утгагүй үймэрлийн салхинд савчилгүй, сүмбэр уул мэт бат оршигтун" гэх үг байдаг. Энэ үгээр ярилцлагаа өндөрлөе.