СУИС-ийг 2007 онд Ардын жүжигчин Ж.Лхамхүүгийн удирдагад төгсөж, ангийнхаа залуустай нийлэн “Boom town” хамтлаг байгуулан дуулж, бүжиглэн, уран бүтээлийн гараагаа “Маск” продакшнаас эхэлсэн Э.Алдар өдгөө “Фантастик” продакшнаар овоглож яваа. Тайз, дэлгэцийн уран бүтээлийг хослуулан тоглохын зэрэгцээ кино зохиол бичиж, найруулах ажилд шамдаж буй түүнтэй ярилцлаа.
-Та Украинд өссөн юм билээ. Монголд хэдтэйдээ ирсэн юм бэ?
-Аав минь Украинд суралцахаар болж, манайх гэр бүлээрээ тийш явсан юм. Таван настайдаа яваад, 16-тайдаа Монголдоо ирсэн.
-Монголд ирснийхээ дараа их ганцаарддаг байсан уу. Бас орчны, адаглаад л сургуулийнх нь сургалтын системийн ялгаа их байсан байх.
-Эхэндээ их ганцаардсан. Дотнын найзууд, сурдаг сургууль, өссөн гэрээ тэнд үлдээчихэж байгаа юм чинь. Ямар сайндаа л хурдхан дунд сургуулиа төгсөөд буцаад явахсан гэж бодож байх вэ. Ядаж байхад найз охинтой, түүндээ үнэхээр дурлачихсан байсан болохоор орхиод ирэхэд хэцүү санагдсан. Монголоор муухан ярьдаг, бичиж чаддаггүй амьтан анх ирсэн. Харин азаар “Монгени” цогцолбор сургуулийн орос хэлний ангид орж, бүх хичээлээ оросоор үздэг байсан болохоор хэцүү санагдаагүй.
-Тэгээд буцаж явсан уу?
-Яваагүй ээ. Төрсөн нутагтаа дасаж, дунд сургуулиа төгсөөд СУИС-д элсэн, мэргэжилдээ улам дурлаж, өнөөг хүртэл тийш явсангүй. Гэхдээ багадаа найзалж байсан хүүхдүүд, ангийн найзуудтайгаа холбоотой хэвээр. Намайг “Чи Украинд ирээч. Чиний байсан үеэс ингэж, тэгж өөрчлөгдсөн” гээд урьдаг л юм. Тэгж байгаад очих санаа бий.
-Таны аав хийлч юм билээ. Аавынхаа нөлөөгөөр сонгодог урлаг сонирхоогүй, хөгжимчин болъё гэж бодоогүй юү?
-Сонирхоогүй ээ. Би дунд сургуульд байхдаа дипломатч болно гэж боддог байв. Санаа нь, их сургуулиа хурдан төгсөөд дипломатч болчихвол Украин руугаа буцах боломжтой гэж бодсоных. Хүүхдийн гэнэн бодол л юм даа. Ингээд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, СУИС-д элсэлтийн шалгалт өгч тэнцээд, урлагийн хүн болох замыг нь сонгосон доо.
-Монголд буцаж ирээгүй, Украинд амьдарч байсан бол та өдийд юу хийж яваа бол?
-Эхнэр, хүүхэдтэй болчихсон байгаа даа. Бусдыг нь төсөөлж чадахгүй нь.
-Та одоо 33-тай. Ид хийж бүтээдэг нас. Өсвөр насны хүү байхдаа энэ насанд хүрэхдээ юу хийсэн байхаар төсөөлдөг байсан бэ?
-Хүүхэд байхад 30 гарсан хүмүүсийг их хөгшин гэж хардаг байж. Арван хэдтэй хүүхдүүд одоо биднийг хараад яг тэгж л боддог байх. Гэтэл өөрөө энэ насанд хүрэхэд амьдралын ид үе байдаг юм байна. Хийж бүтээх гэсэн эрмэлзэл дүүрэн, зорилготой, түүндээ хүрэх гэж зогсолтгүй чармайдаг үе. Яг үнэндээ хүн энэ насандаа хийж бүтээснийхээ үр дүн, шанг өтөл насандаа эдэлж, хүртэнэ л гэж боддог доо.
-Тэгвэл 66-тайдаа та юу хийсэн, үлдээсэн байхыг зорьж байна вэ?
-Хөдөө амьдрах байх аа. Адуу малтай, их сайхан сэтгэл хангалуун амьдарч байна байх.
-Гадаадад өссөн гэхэд Монгол ахуй, зан заншилд ойр юм билээ?
-Монгол хүн юм чинь ойр байлгүй яах вэ. Гэхдээ үнэнийг хэлэхэд оюутан болоод л эх түүхээ, монгол ахуй, зан заншлаа судалж эхэлсэн. Одоо бол улам л ухаж судлахыг хичээж байна. Бид чинь цаг хугацаа өнгөрөх тусам уламжлалаасаа алсраад байна шүү дээ.
-Гадаадын олон орноор аялж байв уу?
-Ази, Европын ихэнх орноор аялсан. ОХУ-аар бол хөндлөн гулд явсан.
-Монголынхоо 21 аймагт бүгдэд нь очиж үзсэн үү?
-21 аймаг битгий хэл, бараг сум бүрт очсон. “Маск” продакшныхантайгаа эх орноо зургаан удаа тойрч, аялан тоглосон шүү дээ.
-Үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоцтой газар манайд бишгүй. Ямар газар таны сэтгэлд хоногшив?
-Манайх Сүхбаатар аймгаас гаралтай айл. Тиймээс өвөөгийнхөө төрсөн нутгийг бишрээд ханадаггүй. Шилийн Богдод гарч, хийморио сэргээдэг. Ховд аймагт бас байгалийн үзэсгэлэнт газар олон. Хөвсгөл нуурыг мөн нэрлэмээр байна.
-“Маск” продакшны сүүлийн тоглолтуудад оролцсонгүй. Тэндээс бүр гарчихсан юм уу?
-Үгүй, түр чөлөө авчихсан байгаа.
-Найруулагч нар танд ихэвчлэн инээдмийн, эерэг дүр оноох юм. Тоглохыг хүсдэг дүр бий биз дээ?
-Аргагүй шүү дээ. Алаг нүдтэй, ядаж байхад инээхээр хацар хонхойдог, булцгар хацартай. Хүмүүс эгдүүтэй л гэдэг юм. Хүмүүсээр үзэн ядуулсан, инээлгэсэн олон сайхан дүрд тогломоор байна. Чадахгүй зүйлдээ шунаж, чаддаг болохыг би хичээдэг.
-Хамтарч ажиллахыг хүсдэг жүжигчин, найруулагч байдаг уу?
-“Фантастик”-ийнх гэхээр л би зөвхөн найзуудтайгаа ажиллана, өөр бусад уран бүтээлчийн бүтээлд тоглохгүй гэсэн үг биш шүү дээ. Маш нээлттэй ханддаг. Би УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг ахтай хамт тоглох, Төрийн шагналт Н.Наранбаатар найруулагчтай хамтарч ажиллахыг хүсдэг. Ажиллаж үзэхийг хүсдэг уран бүтээлч олон байна аа.
-Бие даан найруулсан дэлгэцийн анхны бүтээлээ өнөөдрөөс үзэгчдэд хүргэнэ гэсэн. Уран бүтээлчдэд үзэгчид дүн тавьдаг шүү дээ. Хэр түгшиж байна даа?
-“Оne night” инээдмийн уран сайхны киноны зохиолыг бичиж, найрууллаа. Киногоо үзэгчдэд хүргэх өдөр ойртох тусам л улам түгшдэг юм байна. Айх, гайхах, сандрах гээд бүх л мэдрэмж зэрэгцээд их сонин санагдаж байна. Киноны нээлтийн өмнө хэзээ ч ингэж сандарч байсангүй. Ёслолын үеэр “Киног найруулсан Э.Алдар” гээд дуудахаар нь өөр хүн гаргачихмаар ч юм шиг. Найруулагч гэдэг үгийг нэрнийхээ урд хэлүүлэхээс эмээж байна.
-Камерын өмнө биш ард ажиллах ямар байв?
-Нэгэнт л номыг нь сонссон уран бүтээлчид юм чинь хийж чадах бүх зүйлээ шавхмаар байна. Найруулагч Б.Тамираас гадна “Фантастик” продакшны Б.Батсайхан “Дурсамж төгсгөл үгүй”, Б.Барслхагва “Том толгойтын романс” кино найруулсан. Халгаж, бэргээд л байвал хэзээ ч хийж, алдаж, онож, суралцаж, чадахгүй шүү дээ. Би ч үзээд алдахаар шийдсэн. “One night” киноныхоо санааг хоёр жилийн өмнөөс л бодож явсан юм. Ингээд өнгөрсөн хавар зохиолоо бичиж, зунаас зургаа авч эхэлсэн. “Фантастик”-ийнхан аливаа уран бүтээл хийхдээ бүгд гар бие оролцож, өөр өөрийн үүрэг гүйцэтгэдэг. Тийм болохоор жаахан ч гэсэн дөр бий. Зураг авах үеэр “Найруулагч аа” гээд дуудахаар нэг л эвгүй. Ичээд байгаа юм чинь. Ямар сайндаа л арын албаныхандаа намайг битгий ингэж дууд гэж байх вэ дээ. Жүжигчид, зураг авах багийнхан гээд олон хүнийг зангидаж, уран бүтээлийн ард гарах хэцүү. Бид киноныхоо зургийг Хөвсгөл, Булган, Төв аймагт авлаа. Хөдөө гадаа явж зураг авах үед энэ олон хүний амийг даагаад явж байгаа шүү гэж бодохоор улам л хариуцлагатай байх ёстой шүү гэж бодогдоод л. Адаглаад л даарч хөрөх вий, өлсөх вий гээд санаа зовоох зүйл мунддаггүй юм байна.
-Ажлын шаардлагаар найруулагч нарт бухимдах, уурлах үе бишгүй. “One night” киногоо бүтээх явцад арын албаныгаа хэр их аашлав?
-Бухимдах үе гардаг юм билээ. Гэхдээ би хэр барагтайд уурлаж, өөрийгөө зовоодог хүн биш. Орилж, хашхирч ажлаа урагшлуулна гэж юу байх вэ дээ. Харин ч толгойлж буй хүн нь хашхичиж, уурлаад байвал хүмүүс сэтгэл тайван ажиллаж чадахгүй шүү дээ.
-Дараа дараагийн уран бүтээлийн төлөвлөгөөнөөс хуваалцаач.
Төлөвлөсөн зүйл зөндөө бий. “Фантастик” продакшн тайзны болоод дэлгэцийн уран бүтээлийн олон санаа гаргаж, хэлэлцэж байгаа. Эхний ээлжинд “One night” киногоо хүмүүст хүргээдэхье. Араас нь ирэх гуравдугаар сард Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийн “Маш нууц-2” киног олны хүртээл болгоно.